Монголын тайз, дэлгэцийн урлагт олон арван гайхамшигтай, тэр тусмаа эсрэг дүрээр мөнхөрсөн Монгол Улсын Ардын жүжигчин Банзарын Дамчаа агсныг танихгүй, мэдэхгүй хүн Монголд үгүй. Зэлмэ овогт Банзарын Дамчаа нь олны сайн мэддэгээр бол “Мандухай сэцэн хатан” киноны Исмэл тайж. Тэрбээр хэдийгээр одоо бидний дунд байхгүй ч, олон сайхан дүрээрээ, өвөрмөц содон дуу хоолойгоороо мөнхрөн үлджээ.
Тэртээ 1932 онд тухайн үеийн Ховд аймгийн Алтай, Урианхайн хязгаар, одоогийн Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутаг Бөөрөгт гэдэг газар малчин ардын хүү болон төрсөн түүнийг хожим Монголын кино урлагт давтагдашгүй нэгэн эрхэм болохыг хэн мэдэх билээ. Тэрбээр сумандаа дунд сургууль дүүргээд, Санхүүгийн техникум, Төмөр замын машинистын курс төгсчээ. Ажлын гараагаа Баян-Өлгий аймгийн нэгдүгээр арван жилийн дунд сургуулийн нягтлан бодогчоос эхэлж, 1954-1959 онд Улаанбаатар төмөр замд машинист, 1959-1968 онд Төмөр замчдын соёлын ордонд жүжигчин, дууны багш, 1968-1990 онд Монгол кино үйлдвэрт жүжигчин, найруулагч, 1990-1994 онд кино урлагийн “Бэрс” дээд сургууль, 1998-1999 онд КУДС-д тус тус багшилж байлаа.
Б.Дамчаа агсан Төмөр замын соёлын ордонд гитар хөгжим тоглон дуулдаг болсон үеэс урлагтай амьдралаа холбожээ. Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд “Жаахан байхаасаа л Б.Дамчаа гуайг мэднэ. Төмөр замын соёлын ордонд гитар тоглож, дуулдаг ах байсан. Тэр үед манайх Төмөр замын зусланд зусдаг байв” хэмээн дурсамж сөхөв.
Төрийн шагналт, Ардын жүжигчин, найруулагч Д.Жигжид 1966 онд “Үер” хэмээх киногоороо Монголын кино урлагт эсрэг дүрийн нэгэн том жүжигчнийг товойлгон гаргаж өгчээ. Энэ бол Молом зангийн дүрээр дахин “мэндэлсэн” Б.Дамчаа хэмээх урианхай залуу байв. Тэрбээр киноны анхны дүрээ бүтээхдээ 37 настай байлаа. ХХ зуунд бүтээсэн Монголын шилдэг арван киноны нэгээр шалгарсан эл бүтээлд “Молом оо, чи үхвэл таарна даа. Гамингийн гар, Бароны боол” хэмээн зүхүүлтлээ үйл явдлын ээдрээ, зангилааг гаргаж жүжиглэнэ гэдэг үнэхээр ур чадвар.
Б.Дамчаа агсны том охин Д.Оюунхүү “Үер” кино дэлгэцэнд гарахад би нэг бил үү, хоёрдугаар анги байсан санагдана. Төмөр замын соёлын ордонд тэр киног үзээд “Манай аав ийм муу хүн юм байх даа” гэж бодож байлаа. Аавыг буудуулаад унангуут нь киногоо дуусгалгүй гараад гүйчихсэн. Хар эрчээрээ гүйгээд гэртээ иртэл аав маань сууж байлаа. Ерөөсөө санаанаас гардаггүй юм” гэв. Түүний дунд охин Д.Сувд ч аавынхаа энэ л дүрд хамгийн их хайртайгаа хэлж байсан юм. Тэрбээр аргагүй л жүжигчин бүрийн хүсэж мөрөөддөг хэрнээ амилуулж чаддаггүй эсрэг дүрийн аварга байжээ.
Тухайлбал, “Өглөө”, “Тэмцэл” кинонд бүтээсэн “Хачиг” Луузан дүрийнхээ тухай Б.Дамчаа агсан өөрөө “Луузан бол баяжихын төлөө л явж байгаа хүн. Өнөөдөр түүнийг эсрэг биш, эерэг дүр л гэнэ шүү дээ” гэж ёжилж байв. Мөн “Хүргэн хүү” киноны Хайдав бол түүний бүтээсэн орчин үеийн “дайсны” дүр. Эсрэг дүр заавал эвгүй царайтай байх албагүй гэдгийг яралзсан шүд, гэрэлтсэн инээмсэглэлтэй энэ залуугийн дүр нотолно.
“Мандухай сэцэн хатан” киноны Исмэл тайжийн дүрийнх нь тухай Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд “Эсрэг дүрийн хүчээр гол дүр товойн гардаг. Исмэл тайжийн дүр мундаг байсан болоод Мандухайг өнөөдөр хүмүүс мартаагүй байгаа. Эл бүтээлд тоглох үедээ Б.Дамчаа ах бид хоёр хоорондоо их ярилцаж, сургуулилдаг байлаа. “Энэ хэсэгт ингэе. Чи тэгээрэй” гээд л надад зөвлөдөг сөн. Үзэгчид тухайн жүжигчний тоглосон дүрд итгэж, тэр нэрээр нь дуудна гэдэг уран бүтээлчид өгч буй хамгийн том шагнал, бас дүн” гэв.
Нээрэн л түүнийг уг дүрээ бүтээсний дараа гудамжинд таарсан хүмүүс “Мандухайг алсан Исмэл тайж” хэмээн чулуу хүртэл нүүлгэж байсан гэдэг. Монголын кино урлагт давтагдашгүй энэ хүн “Дайсны цэргүүдээ сонсоцгоо”, “Ичээнд нь”, “Хөдөөгийн баясгалан”, “Газрын жигүүр”, “Хатанбаатар”, “Сахиул уу, сахиус уу”, “Зарлаагүй дайны оршил”, “Нарны унага”, “Би чамд хайртай”, “Төөрсөөр төрөлдөө”, “Ацаг шүдний зөрүү” зэрэг олон кинонд дүр “урлаж”, 400 гаруй орчуулгын кинонд дуу оруулжээ. Тэр ч бүү хэл, “Сэрүүн дуганы мөхөл” кино найруулан олон авьяасынхаа захаас цухуйлгаж, гайхуулж явсан юм.
Түүнийг гайхамшигт жүжигчин төдийгүй өгүүлэхүйн урлагийн мастер, чадварлаг найруулагч, орчуулгын киноны дуу оруулагч, сайн дуучин гэдгийг хүмүүс мэддэг ч, хөгжимчин, зураач, орос, эсперанто зэрэг гадаад хэлтэй орчуулагч, нийгмийн зүтгэлтэн байсныг тэр бүр мэддэггүй. Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн “Тэр олон эсрэг дүрд тоглосон нь “Үер” киноны Моломд тоглосноос нь л болсон байх. Миний олон ч кинонд хоёрдугаар найруулагчаар ажилласан даа. Их ч дотноссон. Авьяас гэдэг сурч олдог зүйл биш. Энэ чинь бурхнаас заяадаг эд. Б.Дамчаад бурхнаас хосгүй авьяас заяасан” гэж магтав.
Д.ТҮВШИНТӨР: ААВЫНХАА ЗАХИСНААР ХҮҮХДҮҮДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЖ БАЙНА
Амьдралынхаа 40 гаруй жилийг Монголын кино урлагт зориулсан Б.Дамчаа хэмээх агуу хүн зургаан хүүхдэдээ эгэлээс эгэл аав нь байв. Түүний дунд хүү, хөгжим урлаач, “Сеттимо” компанийн захирал Д.Түвшинтөрийн аавтайгаа өнгөрүүлсэн хүүхэд насны дурсамжийг сөхлөө.
-Таны аав бол Монголын кино урлагийн “од”. Харин хэр сайн эцэг байсан бэ?
-Урлагийнхны ажил барагдах юм биш. Аав минь зургаас зургийн хооронд л ажил ихтэй гүйж явдаг сан. Гэсэн хэрнээ хүүхдүүддээ анхаарал хандуулахгүй орхино гэж байхгүй. Их сайн эцэг байсан шүү. Манай аав хүн гэдгийг хүмүүн гэж ярьдаг. Нутгийнх нь аялга юм уу, ямар ч байсан тэгж яриад сурчихсан. “Хүн өөрийнхөө тавилангаар явна. Би та нарыг хүмүүн болгож л өгье” гэнэ. Миний үүрэг энэ. Харин ямар ажил төрөл эрхэлж, яаж явах чинь та нарын өөрсдийн ухааны асуудал” гэдэг байв. Харин одоо би аавынхаа энэ үгийг хүүхдүүддээ хэлж байна даа.
-Ааваасаа “таван салаа боов” хүртэж байв уу?
-Бидэнд нэг ч удаа гар хүрч үзэлгүй өсгөсөн. Загнуулах үе байлгүй л яах вэ. Аав минь хүүхдүүдээ загнаж, зодохоос илүү ярилцаж, ойлгуулж хүмүүжүүлсэн хүн дээ. Жаахан сахилгагүйтээд, болохоо болиод ирэхээр л аав надтай гал тогооны ерөөнд орж, хаалгаа хааж аваад хоёр гурван цаг ярилцдаг байлаа. Аав нэг юм чухалчлан хэлдэг байсан. “Миний хүү сайн сайхан юм уу, эсвэл хүнд хэцүү амьдарч байгаа хүмүүсийг хараад бай. Ямар хүмүүс нь сайн сайхан, ямар нь хэцүү амьдраад байдаг юм бэ гэж хүмүүсийг ажигла, сайн хар, бод” гэнэ. Одоо бодоод байхад аав маань амьдралын ухаан зааж сургаж байжээ.
-Ааваасаа өвлөсөн авьяас, гарын ур танд бий. Аавыгаа хэзээ хамгийн их баярлуулж байв?
-Манай аав хөгжмийн зэмсгийн талаар нарийн ойлголтгүй л дээ. Тэгсэн атлаа тиймэрхүү чиглэлийн юм ярих их дуртай. Мэргэжлийн хүн биш ч хэрэгтэй зөвлөгөө өгч чаддаг байлаа. Манай хүү Италид сургууль төгсөөд ирсэн, одоо ийм ажил хийдэг гээд л найз нөхдөдөө ярьдаг байсан гэсэн. Тэнгэрт одсоных нь дараа найзуудаас нь энэ талаар сонссон. Хөөрхий минь аминдаа бахархдаг л байсан нь тэр байх. Харин би ааваараа үргэлж бахархдаг.
-Багадаа аавтайгаа хамт явахаас ичээд зугтаачихдаг байсан гэл үү, Та?
-Олон хүний хараанд өртөх чинь эвгүй шүү дээ. Манай ахыг “Моломын хүү” гэж хочилдог байлаа. Сургууль дээр багш нар “Аав чинь тийм сайхан хүн байхад чи хичээлээ хийхгүй сахилгагүйтээд” гэж ирээд л загнана. Би их бүрэг, ичимхий хүүхэд байсан юм. Аав аминдаа “Ийм сайхан хүүхдүүдтэй” гээд бахархах гэдэг юм уу, биднийг дагуулж явах, сургуульд хүргэж өгөх их дуртай. Тэгэхээр нь би түрүүлээд юм уу, хоцроод алхчихдаг байж билээ. Цуг явахаар хүмүүс “Б.Дамчаа гуай явж байна. Энэ хүүхэд нь байх” гээд л шивэр авир хийлдэнэ. Аав тоохгүй яваад байхад, би ичдэг байсан юм. Ичимхий зангаасаа болоод кинонд тоглох боломжууд ч алдаж байлаа.
-Ямар кинонд тоглуулах гэж байсан юм бэ?
-Аав намайг “Гарын таван хуруу” кинонд тоглуулахаар “Гоё шүү дээ. Хичээлээс чөлөөлөгдөөд л, буудалд байрлана” гэж зөндөө ятгаад дийлээгүй. Тэр үед Дарханд зургийг нь авах гэж байсан. Тэгээд би яваагүй. Харин манай эгч аавын ачаар олон кинонд дуу оруулсан шүү.
-Аавтайгаа өнгөрүүлсэн хөгжилтэй дурсамж зөндөө бий байх. Хуваалцаач?
-Шинэ жилийн баяраар манайх сүлд модоо их сүртэй засдаг байлаа. Бараг гал тогооноосоо бусад бүх өрөөндөө засна. Коридортоо утас татаж байгаад л янз бүрийн чимэглэл өлгөөд, өвлийн өвгөн хийж тавиад л. Нэг удаа аав зузаан картонон цаасаар их том чаргатай, өвлийн өвгөн хийж, бид хүүхэд юм болохоор их баярлаж билээ.
Бүтэн сайн өдөр болгон гэр бүлээрээ банштай, шар будаатай цайгаа уугаад ширээ тойроод сууцгаана. Хүүхэд үеийнхээ дурсамжийг бидэнд ярьдаг байв. Бас аав илбэ үзүүлдэг байлаа. Дүү бид хоёрыг дагуулж музей их үздэг байсан. Улаанбаатарын хэдэн музейг багаар бодоход тав таван удаа үзсэн байх.
-Таны ямар зан чанар аавынхтайгаа төстэй вэ?
-Ер нь л байгаа байдал, ааш минь их төстэй. Манай аав их сонин гөжүүд талдаа хүн. Ямар сайндаа л Ардын жүжигчин цолоор шагнуулчихаад Төрийн ордны баруун талын хаалгаар ганцаараа гарч ирсэн шүү дээ. Уг нь шагнал авсан хүн бүр төв хаалгаар нь гарч ирдэг биз дээ. “Яагаад наанаасаа гараад ирэв ээ” гэхэд “Олон хүн шаваад түвэг” гэж билээ.
Бас ганцаараа аялах их дуртай. Хамгийн сүүлд л “Хадаг” кинонд тоглох үеэрээ Бельги, Франц, Итали орчихсон байсан. Ер нь явж үзээгүй газар ховор доо. Арай л Африкийн ширэнгээр яваагүй байх.
-Монгол кино үйлдвэр, зураг авах талбай руу аавыгаа дагаж явдаг байв уу?
-Очилгүй яах вэ. Гэхдээ надаас илүү миний дээд талын эгч аавтай их хамт явдаг байлаа.
-Та аавынхаа ямар бүтээлд хамгийн дуртай вэ. Аль дүр нь зан араншингийн хувьд таны аавтай ойролцоо бол?
-Би “Хөдөөгийн баясгалан” кинонд нь их дуртай. Тэр киноны Рагчаагийн дүр манай аавтай их ойролцоо. Бараг адилхан гэхэд болох юм байна.
-Таны аавыг гарын дүйтэй, бас их сайхан зурдаг байсан гэдэг. Одоо зурсан зургууд нь байдаг уу?
-Энгийн хүнтэй харьцуулашгүй сайн зурна. Зургууд нь бий. Гэхдээ цөөхөн. Зарим зургийг нь олоод авах санаатай хайж, сураг гаргаад л байна.
Д.Түвшинтөр аавынхаа тухай ярихаараа нүд нь гэрэлтээд л ирэх юм. Бас хэлсэн үг, хийдэг байсан үйлдлүүдийг нь эргэн санаж буй мэт хэсэг чимээгүй сууна. Алтан “од”-ын хүү, өөрөө урлагийн мэргэжилтэй хүн болохоор ч тэр үү их цэгцтэй, бас нүдэнд харагдтал дүрслэн ярьдаг аж.
Ардын жүжигчин Б.Дамчаагийн дундаршгүй авьяасыг төрөөс үнэлэн 1985 онд Гавьяат жүжигчин, 2007 онд Ардын жүжигчин цолоор мялаажээ. Тэрбээр 2009 оны зургадугаар сарын 24-нд таалал төгсчээ. Таалал төгсөхийнхөө өмнө “Тэнгэрийн ивээл” кинонд зөвлөхөөр ажиллаж, “Би чамд хайртай-2” кинонд 30-аад жилийн өмнө бүтээсэн Жигмэд багшийнхаа дүрийг дахин амилуулж амжжээ. Дэлгэцийн дүрүүд нь үзэгчдийн сэтгэлд хоногшиж, “Цэнгэлтэй үдэш”, “Эх орон” дуу түүний баргил хоолойгоор эгшиглэсээр байгаа цагт түүнийг хэзээ ч мартахгүй.