“Энэ миний хайр”, “Уйлах эрхгүй хайр” гэх хайрын дуунуудаараа охидыг уярааж, “76” гэх мэт хатуу үгтэй, ширүүн дуугаараа эрх баригчдыг шүүмжлэн залуусын анхаарлыг татан, байлдан дагуулсан “Ice top” хамтлаг энэ аравдугаар сард 20 нас хүрч буй. Эрийн цээнд хүрч буй тус хамтлагийн гишүүн Ж.Бат-Оргилтой ярилцлаа.
-Хорин жилийн өмнө анх бүжгийн хамтлаг байсан гэдэг. Яагаад бүжгийн хамтлаг хип хоп дууны хамтлаг болон өөрчлөгдсөн юм бэ?
-1996 онд анх бүжгийн хамтлаг болон байгуулагдаж байлаа. Бүжиглэж байх үед “Дижитал” хамтлагийнхан ч манайд цуг байсан л даа. Дунд сургуулийн хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг аливаа уралдаан, тэмцээн бага, дунд, ахлах гэсэн насны ангилалтай байдаг. Бүжгийн тэмцээнүүд ч тэр жишгээр гурван насны ангилалтай зохион байгуулагдаж байсан. Сургуулиа төгсөн оюутан болсноор бүжгээс хип хоп дууны хамтлаг болж өөрчлөгдсөн. Бүжиглэж байсан жанр нь ч рэп, хип хоп тул энэ төрлөөр дуулахаар шийдсэн хэрэг.
1999 онд анхны “Итгэл”, “Санаа нэг”, “Хэлмэгдэгсдэд” гэх дуунуудаа гаргаж байлаа. Удалгүй “Санаа нэг” нэртэй анхны тоглолтоо хийсэн.
-Тухайн үед одоогийнх шиг мэдээллийг олон сувгаар хүлээн авах боломжгүй. Шинэ дууг фм радиогоор л сонсогчдод хүргэдэг байж.
-Тийм ээ. Биднийг анх дуулж эхэлж байх үед хоёрхон фм ажилладаг, уран бүтээлчид зөвхөн фм-ээр л дуугаа сонсогчдод хүргэдэг байлаа. Фм 104 хорооллын өндөр байранд, харин фм 102.5 Соёлын төв өргөөнд байрладаг байлаа. Шинэ дуугаа бариад л фм-үүдээр явна шүү дээ.
-Дуу бичүүлэх студи ч цөөн байв уу?
-Студи ч цөөн байсан. Аранзай ах, Төрөө ах хоёр Соёлын төв өргөөнд студитэй байсан юм. Аранзай ах аранжировшик хийнэ.
-Тухайн үед дуу бичүүлэхэд үнэтэй байсан биз дээ?
-Дуу бичүүлэхэд үнэтэй учир хоёр цагт багтаан дуугаа бичүүлж дуусгах гээд өмнө нь бэлтгэл их хийнэ. Яс тас болтол бэлтгэл хийж байгаад л бичлэгтээ ордог байлаа. Одоо бол нэг дууг хэдэн цагаар бичдэг болж, сайн сайн студиуд ч олширчээ.
-Өөрсдийн гэсэн орлогогүй оюутан залуус атал хообий, сонирхлоо хөөж үнэтэй дуу бичщлэгийн студид мөнгө зарлагадахаар гэрийнхэн эсэргүүцдэг байв уу?
-Эхэндээ ойлгодоггүй байсан ч бүр эсэргүүцэж, хорьж байсангүй. Тоглолтынхоо үеэр аав ээж нарыгаа урьж, тоглолтоо үзүүлээд л, тэдэндээ зориулсан дуугаа дуулах үед тайзны ард байрлуулсан дэлгэцэн дээр зургийг нь гаргаж байлаа. Танхим дүүрэн цугласан залуус биднийг дэмжиж байгааг хараад биднийг дэмий зүйл хийж яваагүй гэдгийг ойлгож, биднээр бахархсан болов уу. Тоглолт хийснээс хойш ар гэрийнхэн маань биднийг дэмждэг болсон.
-20 жилийн хугацаанд олон дуу гаргасан байх. Нийтэд сонордуулаагүй уран бүтээл ч цөөнгүй байгаа юу?
-20 жилийн хугацаанд нийт таван цомог гаргаж, арав гаруй тоглолт хийж, Монгол улсаа хоёр удаа тойрсон байна. Англи, Орос Хятад Солонгос гээд гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууддаа очиж, тоглолтоо толилуулж, мөн ӨМӨЗО-ны аймгуудад тоглолт хийсэн.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд урын сандаа нийт 200 гаруй дуутай болжээ. Түүний цаана сонсогчдын хүртээл болгон цацалгүй дарсан дуунууд ч цөөнгүй бий.
-Арав гаруй жилийн өмнөх “Ice top” хамтлаг “76”, “Super Bitch”, “Гаарийчид”, “За за” гээд л шүүмжилсэн, хурц үгтэй дуунууд дуулдаг байсан. Одоо харин дууны агуулга, сэдвийн хувьд багагүй өөрчлөгдөж, ихэвчлэн залуусыг уриалсан өнгө аястай уран бүтээл туурвидаг болсон юм шиг санагаддаг.
-2000-аад оны үед зөвхөн “Ice top”-ынхон ч биш Монголын ард түмэн нийтээрээ төрийн түшээд, эрх баригчид, их хурлын гишүүд, сайд дарга нарыг шүүмжилж байсан. Мөрийн хөтөлбөрөө элдэв амлалтаар дүүргэх атал төрийн эрхэнд гарсан хойноо амлалтаасаа биелүүлсэн нь цөөн байсан шүү дээ.
Тэр бүхнийг ард түмэн бүгд л хэлэхийг хүсэж, бухимдан дургүйцэж байсан. Иргэдийн тэр бухимдлыг л бид уран бүтээл болгон гаргасан юм. Өнөөдөр мэдээж шүүмжлэлтэй хандах зүйлс цөөнгүй бий ч тухайн үеийнхтэй харьцуулбал хот маань сайхан хөгжиж байна. Гудамж талбайн тохижилт илт сайжирч, хотын автомашины зам өргөн, элдэв энхэл донхолгүй болсон гээд л тэр үеийнхээс хамаагүй сайхан болсон байна шүү дээ. Гэр хорооллын гудмууд бараг тэр чигтээ гэрэлтүүлэгтэй болсон байна.
Гэхдээ шүүмжлэх зүйлс байсаар л байна. Тийм ч учраас бид саяхан гаргасан “Үргээлэг” дуундаа
Харийханд элэгтэй дээдсийг үргээ үргээ
Ханилж яваад хаядаг нохдыг үргээ үргээ хэмээн дуулсан байгаа. Манай төрийн түшээдэд гадаадынханд саймширдаг, тэднийг илүүд үздэг зан байгааг шүүмжилсэн байгаа юм.
Мэдээж үүнийхээ зэрэгцээ хайр сэтгэл, гэр бүлийн тухай дуу гаргаж байгаа. Саяхан “Хань” гээд хань ижил, үр хүүхдэдээ зориулсан дуу гаргалаа. Харин бид захиалгаар уран бүтээл туурвихаас татгалздаг. Ялангуяа улс төрийн нам бүлгийнхний нэг талд үйлчилсэн дууны саналаас татгалздаг.
Залуусыг сайн сайханд уриалсан захиалгат дуунууд бий. Монголын залуус сүүлийн үед чөлөөт цагаа зөв боловсон, соёлтой өнгөрөөдөг болсон байна. Сагсан бөмбөгөөр их хичээллэдэг, сонирхдог болсон байна. Түүнд зориулж гаргасан дуу бий. Мөн дрифт гэх авто спорт сонирхогчдод зориулсан дуу гаргасан.
-20 жилийн хугацаанд таны дууны үг бичих арга барил багагүй өөрчлөгдсөн үү?
-Мэдээж өөрчлөгдсөн. Анхны дуунуудаа сонсохоор 18, 19 настай хүүхдүүдийн ээждээ зориулан бичсэн дуу өнөөдөр бидний бичиж буй үгнээс тэс өөр байдаг. Тэр үеийн дууныхаа үгийг сонсоход илүү дотно, сайхан санагддаг. Одоо бол дууны үг бичихдээ нэг үгийг л олон талаас нь бодож, энэ үгийг биччихвэл арай тохиромжгүй ч юм уу гэж ханддаг болжээ.
-Монголын урлагийн ертөнцийг шинэ залуу хамтлаг дуучдаа дэмждэггүй, залууст халгаатай хэмээн шүүмжлэх хандлага их байдаг.
-Рагу буцахынхаа өмнөхөн нэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа Монголын рок попын ертөнцийг мафийн сүлжээ шиг болчихсон гэж хэлсэн юм билээ. Миний хувьд тэгж боддоггүй. Сүүлийн үед Монголын урлагийн тайз харин ч залууст нээлттэй болж, олон янзын боломжийг нээж өгч байна. Саяхан гэхэд л Снүп Доггтой хамт дуулах шагналтай уралдаант шалгаруулалт болж өндөрлөлөө. “Mekh Zakhq” гээд хамтлагийн дүү нар маань сайхан дуулж, шалгарлаа. Шүүлт ч үзэгчдээс санал авсан тул шударга болсон.
Рок попын салбар бол тусдаа л даа. “Пентатоник” наадмын тодотгол нь хүртэл Рок поп хөгжмийн шилдэг бүтээл шалгаруулах ёслол хэмээдэг.
-20 жилийн ойгоороо сонсогчдодоо ямар бэлэг барьж байна вэ?
-20 жилийн ойд зориулж гаргасан “Хоржийлоо” “Хань” гээд хоёр дууг дүрсжүүлсэн байгаа. Мөн монгол туургатны хамтарсан уран бүтээл бэлэн болоод буй. Клипний зураг авах ажлыг өнгөрөгч зургадугаар сард эхэлж, Хэнтий, Сэлэнгэ, Архангай, Завхан, Өвөрхангай аймгуудаар явж, Монголын байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газруудад очоод буй. Скин энтертайнментийн залуус дүрсжүүлж буй уг дуунд Буриад, Халимагийн рэппэрүүдийн төлөөлөл “Дижитал”-ын Хаку, Gee гээд олон уран бүтээлчид хамтарсан.
-Өөр салбарт хүч сорих минь яав даа хэмээн харамсах үе гарч байв уу?
-Огт харамсаж байгаагүй. Бид Үүрээтэй хамтран дуулсан “Уяхан цэнхэр хавар” дуундаа энэ тухайгаа дуулсан байдаг. Багшдаа загнуулаад хичээлээс хөөгдөж байсан ч бидний сайхан дурсамжийг хэн ч унтрааж чадахгүй гэдэг шүү дээ. Бид тийм үнэ цэнэтэй дурсамжийг бүтээсэн учир огтхон ч харамсдаггүй. Цаашид ч эцсийг нь хүртэл явж, урлагаа хэзээ ч хаяхгүй гэж боддог.
-Дуулахаас гадна тус тусдаа ажил эрхэлж байгаа байх. Ямар ямар салбарт ажиллаж байна вэ?
-Оргил маань “Хөөрхөн кидс” гээд дэлгүүр ажиллуулж буй. Боогий маань нохой үржүүлгийн газартай. Би хувцасны дэлгүүр ажиллуулж байгаа.