Шинийн 13-ны сар мэлтийж, “Гоолингоо”, “Аргагүй амраг”-ийн аялгууг ятгаар урласан яруу тансаг тоглолтыг зүлгэн дээр гишгэж, сэвшээ салхиар илбүүлэн сонслоо. Намрын орой жиндүүхэн ч, тайзнаас уянгалах аялгуу сэтгэл татам сайхан болохоор “Шөнийн музейд-Морин хуурын чуулга” тоглолтод уригдсан зочид цөм сэтгэл хангалуун сууна. Ирэх жил 25 жилийн ойн баяраа тэмдэглэх гэж байгаа Дэлхийд Монголыг таниулсан чуулгынхан энэ улирлын эхний тоглолтоо Чойжин ламын сүм музейн Ямпай хаалганы дэргэд хийж, байгаль дэлхийн уянгыг, хотын нам гүм оройтой холбон сонор мялаасан юм. Үдшийн тоглолтод уригдсан 500 зочинд Морин хуурын чуулгын тоглолт үзчихээд, Чойжин ламын сүм музейн ховор үзмэрүүдтэй танилцан, Өндөр гэгээн Г.Занабазарын мутрын урлалыг тольдох боломж олгосон нь энэ арга хэмжээний онцлог. Соёлын өв, урлагийн гайхамшгийг нэгэн дор цогцлоож, шинэ зууны үзэгчид оюуны охийг өөрөөр мэдэрч, цогцоор нь үзэх боломжтойг ойлгуулсан нь таатай.
Энэ тоглолтыг санаачлагч нь Чойжин ламын сүм музейн хамт олон. Тэд өнгөрсөн жил “Авьяаслаг азиуд” шоуны дэд байрын шагналт “Хөсөгтөн”-г шөнийн музейдээ урьж байлаа. Тэгвэл энэ жил Африк, Антрактид тивээс бусад тивд аялгуугаа түгээсэн хуурын чуулгаа залжээ. Уртын дуучин Б.Мөнхбаатарын өвөрмөц хоолой, ятгын эгшиг, хөөмийн аялгуу, ширэн цартай хуурын аялгуу хоёр цагийн турш үзэгчдийг баясгаж чадлаа. Шөнийн нам гүм дунд хуурын түрлэг “үзэсгэлэнтэй”, сонсголонтой сайхан байлаа. Мэргэжлийн урлагийн байгууллага, соёлын байгууллагатайгаа хамтран цогц туурвил бий болгосныг онцлон талархах үзэгч олон байлаа. Ядамын сүм, Өндрийн сүм, Зуугийн сүмд мөргөн залбирч, 110 жилийн түүхтэй соёлын дурсгалыг харж, цэцэрлэгт нь аялан явахдаа үзэгчид ч олныг тунгаасан биз ээ. Эргэн тойронд нь баригдсан шовх оройтой өндөр барилгуудаас ялгаран өнгөрсөн зууны түүхийн нэг хэсгийг хадгалан оршиж байгаа “өвгөн” тоосготой, уран хийцтэй энэ сүмд хүүрнэх түүх, хамгаалах өв их бийг ч сануулж чадсан үдэш боллоо.