Солонгосын шилдэг дууны жагсаалтад монгол дуучны бүтээл 8-рт жагссан гэх таатай мэдээг уншигч танд хүргэе. Саяхныг хүртэл шоубизнесийн өрсөлдөөнөөр барууныхтай өрсөлддөг Солонгосын урлагийн тайз монголчуудын хувьд холын мөрөөдөл байлаа. Дөрвөн жилийн өмнөөс тус улсын “Мунтант” гэх урлагийн байгууллагад ажиллах болсон С.Гантогоогийн бие даасан уран бүтээл “At the end of the world” дуу нь энэ сарын 6-наас тус улсын томоохон хөгжмийн сайтуудаар цацагдаж эхэлсэн бөгөөд сонсогчдын хүртээл болсон даруйдаа Mnet.com сайтын шилдэг клип төрөлд наймдугаар байрт шалгарсан юм.
-Солонгосын томоохон хөгжмийн сайтуудаар таны дуу цацагдана, тэр дундаа солонгосоор дуулсан дуу гэхээр таныг багаасаа тус улсад суралцсан юм болов уу хэмээн таамаглаж байлаа. Хэдийнээс Солонгост ажиллаж байна вэ?
-Би уг нь Улсын багшийн их сургуулийг Газарзүйн байгал шинжлэлийн заах аргач буюу багш мэргэжлээр төгссөн хүн. Манайх ам бүл олуул, намайг сургууль төгссөн даруйд хоёр охин дүү маань их сургуульд элсэн орсон тул дүү нарынхаа төлбөрийг төлөх зорилгоор анх Солонгос улсыг зорьж байлаа.
-Тэгвэл ажиллах хөдөлмөрийн гэрээгээр анх тус улсыг зорьсон байх нь ээ?
-Тийм ээ. Ах бид хоёрын сургалтын төлбөрийг аав ээж минь төлж, биднийг мэргэжил эзэмшүүлсэн тул тэдэндээ тус болохсон хэмээн зорьж, төгссөн сургуульдаа багшаар ажиллах санал ирсэн боловч татгалзаж, БНСУ-д ажиллахаар ирж байсан.
-Үйлдвэрт дадлагажихаар гэрээгээр очсон залуу өдгөө тус улсын урлагт бие даасан уран бүтээл гаргасан гэдэг бахархам амжилт юм. Хэдийнээс урлагт урвасан бэ?
-Би багаасаа л дуулах дуртай байсан. Ээж минь сайхан дуулдаг хүн бий. Цэцэрлэгийн багш боловч бүх нийтийн урлагийн наадамд амжилттай оролцож, тэргүүн байрт орсон удаа ч бий. Энд үйлдвэрт ажиллаж байх хугацаандаа би Солонгост зохион байгуулагдаж буй дууны тэмцээн уралдаануудад байнга оролцож байсан.
5 жил орчим гэрээгээр ажиллаж, хоёр дүү маань ч сургуулиа дүүргэж, ажилд орж, бие даасан. Тиймээс одоо өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө зүтгэх цаг болсон гэж үзсэн хэрэг л дээ. Тухайн үед манай байгууллага олон улсын дуучдыг шалгаруулж авч байсан юм. Энэ талаар мэдсэн даруй очиж шалгуулаад тэнцэж байлаа.
-Солонгосын урлагийн салбарт өрсөлдөөн их гэдэг. Таны хувьд хэр олон өрсөлдөгч дундаас шалгарч байв?
-300 гаруй хүн шалгуулсан. Солонгост ашгийн төлөө маш олон энтертайнмент, компани үйл ажиллагаа явуулдаг. Миний ажилладаг “Мунтант”-ын хувьд олон орны уран бүтээлчдийн хамтарсан байгууллага гэдгээрээ онцлог. Түүнчлэн ашгийн төлөө гэхээсээ илүүтэй урлагаар дамжуулан олон орны ёс заншил, түүх, соёлыг таниулж, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Солонгос дахь анхны гадаад иргэдийн байгуулсан урлагийн компани гэгддэг юм. Бид тоглолт хийхээс гадна дунд болон их дээд сургуулиудад сургалт зохион байгуулж, ахмад настнуудыг идэвхжүүлэх зорилгоор урлагийн уралдаан зохиож байгуулж, дүүрэг бүрт настнуудын чуулга байгуулаад буй.
-Таныг монголчуудын сайн мэдэх “Оддын хаан” нэвтрүүлэгт оролцож байсан гэсэн. Хэр олон уралдаанд оролцож байв?
-Гадаад иргэдийн оролцож болох дууны бүх уралдаанд оролцсон гэхэд хилсдэхгүй. Энэ маань ч байгууллагынхаа сонгон шалгаруулалтад тэнцэхэд чухал нөлөө үзүүлсэн. “Super Star K” уралдаан, Бүх нийтийн дууны тэмцээнд дэд байрт шалгарч байсан. Байгууллагынхны хамтаар “Оддын хаан” нэвтрүүлэгт уригдан оролцож байсан юм.
-Харин бие даасан уран бүтээл гаргах боломж хэрхэн олдов?
-БСШУЯ-аас зохион байгуулсан “Монгол дуу дэлхийд” уралдаанд оролцохоор би Б.Сарантуяагийн “Хайрын бурхан” дууг англи хэлнээ хөрвүүлж дуулсан юм. Уралдааны эхний шат онлайнаар болсон тул танил дуучин бүсгүйн зааж өгснөөр нэгэн студид дуугаа бичүүлсэн. Ингээд л өдгөө надтай хамтран ажиллаж буй хөгжмийн найруулагч, продюсертэйгээ анх танилцаж байлаа.
Солонгост ялангуяа энэ улсын урлагийн салбарт ажиллахад хэнд ч танигдаагүй залуу уран бүтээлчийг уриалгахан дэмждэг нь надад томоохон боломж өгсөн. Манай улсад бол хэн ч танихгүй залуу дуучныг ямар ч байгууллага хүлээж авахдаа хойрго ханддаг. Харин энд бол тухайн хүний хэр зүтгэлтэй, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэж буйг голчлон хардаг. Тиймээс ч олон уралдаанд шантралгүй оролцож байсныг нь мэдэх продюсер маань надад хамтран ажиллах санал тавьсан. Түүнчлэн Солонгосын урлагийн салбарынхан гадаад уран бүтээлчдийг дэмжих хандлагатай болоод байгаа нь ч надад энэ боломжийг нээхэд нөлөөлсөн.
-Цаашдаа их олон зүйлийг хийхээр төлөвлөж, зорьж буй болов уу. Цомог гаргах төлөвлөгөө бий юү?
-Продюсер маань надад нэг цомогт хамтран ажиллах санал тавьсан. Одоогоор би “Мунтант” компанид гэрээтэй ажиллаж байгаа тул өөр студитэй гэрээ хийх боломжгүй л дээ. Түүнчлэн мэргэжлийн хичээл заалгаж үзээгүй надад дуулах чадвар, дууны талаар маш их хичээл заасан тул би энэ байгууллагаасаа яаран гарах бодолгүй байна. Алдар нэр, ашиг хонжоо харахаасаа илүүтэй зөв замаар, ямар ч байсан зогсолтгүй урагшилж, дуугаараа дамжуулан залууст эх орны үнэ цэнийг таниулах хүсэлтэй.
Одоо эхний цомгийнхоо ажилд орчихсон байгаа. Ирэн оны эхээр цомог бэлэн болчих байх. Цаашдаа энд тоглолт хийх төлөвлөгөө ч бий. Мөн эх орон, элэг нэгтнүүддээ зориулсан хэд хэдэн дуу гаргахаар төлөвлөгөө гаргаад, ажлаа эхлүүлчихээд явж байна даа.
-Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад тан шиг урлагийн салбарт зүтгэсэн монголчууд Солонгост олон бий юү?
-Ажиллах визээ урлагийн визээр солиулсан нь анхдагч хэмээн цагаачлалын албаныхан надад хэлж байсан. Харин би энэ замын өөртэйгөө адил урлагт хайртай олон хүнд нээж, туслахсан гэж зорьдог. Тиймдээ ч “Соёмбо нэгдэл” гэх ТББ байгуулаад, урлагийн салбарт хөл тавих хүсэлтэй залууст өөрийн мэдэх чадах бүхнээр туслахаар хичээж явна.