Хүн хүний сонирхол өөр. Авсаархан гоёл чимэглэл цуглуулдаг нэгэн байхад, овор ихтэй тавилга шохоорхдог хүн ч байх. Ижил сонирхол, хообийгоороо нэгдсэн таван цуглуулагч цуглуулгынхаа дээжээс сорчлон үзэсгэлэн дэлгэжээ. Тэд автомашины модель цуглуулагчид. Автомашины модель цуглуулагчдын хамтарсан үзэсгэлэнг өчигдрөөс “Porsche show room”-д үзүүлж буй. “Эд бол тоглоом биш юм шүү” гэсээр үзэсгэлэнг зохион байгуулагчид биднийг угтсан юм. Тус үзэсгэлэнгийн хүндтэй зочин бол Монгол Улсын зөвлөх инженер, цагдаагийн хурандаа Ч.Ганбат. Тэрбээр 1986 оноос автомашины модель цуглуулж эхэлжээ. Өдгөө түүний цуглуулгад мянга хол давсан “жижиг” машин бий.
-Автомашины модель цуглуулагчдын хамтарсан үзэсгэлэн дэлгэжээ. Энд хэчнээн модель байгаа вэ. Ямар онцлогтой моделиудыг сорчлон үзүүлэхээр сонгосон бэ?
-Эл үзэсгэлэнд 500 гаруй автомашины модель бий. 2013 оноос хойш жил бүр энэ төрлийн үзэсгэлэн гаргаж байгаа.
-Тантай ижил хообийтой хэчнээн цуглуулагч байдаг вэ. Хоорондоо холбоотой байдаг уу?
-Модель сонирхогчдын фэйсбүүк групп байдаг. Уг групп 3000 гаруй гишүүнтэй. Тэдгээрийн 50 орчим нь цуглуулагч.
-Та анхны автомашины моделио хэзээ авч байв. Яагаад энэ зүйлийг шохоорхож цуглуулах болсон бэ?
-Би 1986 оноос цуглуулж эхэлсэн. Монголын анхны автомашины модель цуглуулагч. Тухайн үед би Цэргийн дээд сургуульд багшилдаг байлаа. Хичээлдээ үзүүлэн болгож ашиглахаар анхны моделио авч байсан юм. Түүнээс хойш нэг нэгээр нэмсээр өдгөө мянга гаруй болсон байна.
-Автомашины ийм модель олж авахад хүндрэлтэй юү. Таны хамгийн их эрэл сурал болж байж авсан модель ямар машиных вэ?
-Ер нь жаахан хэцүү. Хаа сайгүй дэлгүүрт худалддаг эд биш шүү дээ. Гадаад явахаараа байгаа мөнгөндөө модель авчихдаг. Энд ганц нэг хүмүүсээс сураглаж, цуглуулагч нартай холбогдож авдаг. Нэг нэгэндээ бэлэглэх ч үе бий. Жинхэнэ автомашины 18, 24, 43 дахин багасгасан хувилбаруудыг голчлон цуглуулдаг юм.
-Та моделиудаа хаана хадгалдаг вэ. Мянга гаруй цуглуулгыг гэртээ лав хадгалдаггүй байх.
-Хууль сахиулахын их сургуулийн нэг кабинетэд миний цуглуулгууд бий. Гадаадын зочид ирвэл үзүүлдэг юм. Гэртээ хадгалах ямар ч боломжгүй. Моделиудын толь, шилийг гэмтээхгүйн тулд хайрцаг, гэртэй нь хадгалах ёстой болдог юм.
-Нэлээд өртөг өндөртэй хообий юм аа. Хамгийн хямд болоод үнэтэй моделио хэдэн төгрөгөөр авч байв?
-Хамгийн энгийн модель 20 мянга, дээд тал нь гурван сая төгрөгийн модель надад бий. Нэлээд хэдэн жилийн өмнө 450 мянгааар авсан модель өнөөдөр 1.2 сая төгрөг болж өссөн байна. Энэ мэтчилэн үйлдвэрлэхээ больсон моделиудын үнэ өдөр ирэх тусам нэмэгддэг.
-Та моделиос гадна автомашинтай холбоо өөр олон зүйлс цуглуулдаг гэсэн үү?
-Надад 1960 оноос өмнө үйлдвэрлэсэн хуучны 42 автомашин бий. Тээврийн, цагдаагийн ой, автомашинтай холбоотой арга хэмжээ, жагсаал, үзэсгэлэн болоход миний машинуудаас оролцуулдаг. Мөн 1933 онд хэвлэгдсэн “Текинк эзэмшихийн төлөө”, 1944 оны “Авто техник” зэрэг автомашинтай холбоотой хуучны ном, сэтгүүл нэлээд их бий. Жолоочийн хуучин үнэмлэх, улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ гээд ховох зүйлс байдаг шүү.