Тал нутагт салхи сэвэлзэж, морин хуур лимбэний хөг аялгуу, европын даралтат хөгжим, цахилгаан гитар, саксафонтой хөг нийлүүлэн уянгалбал догь биш гэж үү. Урлагийн зөвлөл БНСУ-ын Урлагийн зөвлөлтэй хамтран яг эл мэдрэмжийг танд төрүүлэх "Салхийг мэдэр" хамтын бүтээлийн нүүдлийн урланг энэ сарын 7 хүртэл Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт аялуулж байна. Байгалийн үзэгдлээс онгод, эрч хүч авсан хөгжимчид өөрсдийн бүтээлч сэтгэлгээнд үндэслэн чөлөөт хэлбэрээр шууд зохиомжлон хөгжимдөх тул эл арга хэмжээ бусад хөгжмийн тоглолтуудаас өөр.
“Салхийг мэдэр” нүүдлийн урланд Нийслэлийн “Улаанбаатар” чуулга, Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвийн “Сүлд” чуулгын нийт 5 уран бүтээлч, Солонгосын орчин үеийн хөгжмийн “NuMori” хамтлагийн 5 гишүүн оролцоно.
Солонгос Монгол уран бүтээлчдийн хамтарсан нүүдлийн урлангийн хаалтын арга хэмжээ энэ сарын 7-нд Улаанбаатар чуулгын тайзнаа болох юм. Тоглолтод БНСУ-ын “NuMori” хамтлагийн гишүүд Солонгосын үндэсний цохивор хөгжим, цахилгаан гитар, саксафоноор фанк жазз, блюз, уорлд фюжн зэрэг орчин үеийн урсгалын хөгжмийн бүтээлийг нийтэл толилуулах юм.