“Х ТҮЦ” продакшныхан “Бид амьдралд хайртай” тоглолтоо шинэ бүрэлдэхүүнтэйгээр үзэгчдэд хүргэж буй. Тэдэн дунд таних юм шиг хэрнээ танихгүй, танихгүй гэхээр тоглосон киноны дүрүүдийг нь мэдэх нэгэн залуу жүжигчин байсан нь Б.Билэгдэмбэрэл. Намуухан хоолой, эвлэгхэн яриатай түүнийг харахад тайзны биш, дэлгэцийн урлагт илүү тохирно гэмээр. Гэтэл тайзан дээр гарахаараа тэр огт өөр. Энд тэндхийн томоохон арга хэмжээ, тоглолтуудыг чадварлаг хөтөлж, жүжиглэж буйг нь олон харсан ч, нүүр тулан уулзаж байгаагүй түүнийг энэ удаагийн зочноор урилаа.
-“Айлын том хүү учир гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээх чадвартай байх ёстой” гэж та ярилцлага эхлэхийн өмнө хэлсэн. Та хариуцлагаа хэр ухамсарлаж, үүрч явна вэ?
-Би өөрийгөө их шийдэмгий хүн гэж боддог юм. “Эр хүн хэлсэн дээ, эмээлт морь харайсан даа” гэдэг дээ. “За бол за, үгүй бол үгүй” гээд хэлж чаддаг, түүндээ хүрч чаддаг л байх хэрэгтэй. Би даахынхаа хэрээр л ачаагаа үүрч яваа.
-Төрсөн нутаг, гэр бүлийнхнийхээ тухай яриач?
-Би Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. Аав, ээж минь Өмнөговийн уугуул.
-Таны эцэг эхээс хайрласан нэрийг Б.Билэгдэмбэрэл гэдэг атал урлагийнхан Ивээл гэж дууддаг юм билээ. Яагаад?
-Билэгдэмбэрэл гэж нэрийг миний өвөө надад хайрласан юм билээ. Харин ухаан орох үеэс л манай гэрийнхэн Ивээл гэж дууддаг байлаа. Дунд, дээд сургуульдаа ч энэ нэрээрээ дуудуулсаар байгаад л төгссөн дөө. Одоо бол олонх танил маань Билэгдэмбэрэл гэдэг нэрнээс минь илүү Ивээл гэдгээр нь мэддэг болчихсон.
-Жүжигчин мэргэжлийг хаана эзэмшив. Хэн багшийн шавь бэ?
-Би 2008 онд Радио телевизийн дээд сургуулийн жүжигчин, хөтлөгчийн анги төгссөн. Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Хишгээ багшийн шавь.
-Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?
-Дунд сургуульд байхаасаа л Өмнөговийн “Говийн долгион 103.6” богино долгионы радиогийн “Өглөөний мэнд” нэвтрүүлгийг хөтөлдөг байлаа. Тэр үеэс л урлагийн мэргэжилд дурласан даа.
-Юунд нь тэгтлээ татагдаж, дурласан гэж?
-Хүмүүст аз жаргал, сэтгэлийн таашаал, инээд, ухаарал бэлэглэдэг нь хамгийн сайхан. Үзэгчдийн сэтгэл хөдөлж, талархсанаа харцаараа илэрхийлэхэд ямар сайхан санагддаг гээч. Ямар жаргалтай харц тодордог гэж санана.
-Хэрэв жүжигчин болоогүй бол өдийд хаана, юу хийж яваа бол?
-Дунд сургуульд байхдаа нийгмийн тухай мэдлэг олгох хичээлдээ их сайн байсан. Тэгэхээр хуульч болчихсон яваа байх. Тэр чиглэлээр Хилийн цэргийн дээд сургуульд нэг жил суралцсан. Гэхдээ миний сонирхол биш гэдгийг улам л ухаарч, сургуулиа орхин, урлагийн мэргэжил сонгосон. Энэ тухайгаа ээждээ хэлэхэд эсэргүүцэлгүй намайг дэмжсэн.
-“Х ТҮЦ” продакшны уран бүтээлчид “Бид амьдралд хайртай” шинэ тоглолтоо үзэгчдэд хүргээд нэлээд хэд хонолоо. Хэрхэн хүлээн авч байна вэ?
-Бид шинэ тоглолтоо өнгөрсөн сарын 19-нөөс үзэгчдэд хүргэж эхэллээ. Их сайхан хүлээж авч байна. Тоглолт ч жигдэрчихлээ.
-Та энэ тоглолтод жүжиглэхээс гадна дуулах авьяасаа гайхуулж буй. Их сайхан дуулдаг юм билээ.
-Дуучдын гадаад төрхийг биш, хоолойны өнгийг дуурайх үзүүлбэр энэ тоглолтод багтаж буй.
-Тус продакшнд харьяалагдаад хэр удав?
-Хоёр жил гаруйг энэ хамт олонтойгоо өнгөрүүлж байна.
-Өмнө нь “Хувьсал” продакшнд ажиллаж байсан байх аа?
-2006-2008 онд ажилласан.
-Тэндээс яагаад гарчихсан юм бэ?
-2009 онд Швед улс руу ажиллаж, амьдрахаар явсан юм. Тэгээд л продакшнаасаа гарсан. Би айлын том хүү. Хоёр эрэгтэй дүүтэй. Тэд оюутан болж, хот руу ирсэн. Хоёрын хоёр хүүхдийн сургалтын төлбөр төлөхөд ээж минь ганцаараа хүчрэхгүй шүү дээ. Ээж Өмнөговь аймгийн нэгдүгээр дунд сургуульд биеийн тамирын багш. Тийм болохоор дүү нараа сургахын тулд би гадагшаа явж ажиллахаар шийдсэн юм. Ингээд л хүний нутагт дөрвөн жил ажилласан. Ямар ч байсан дүү нараа сургуулийг нь төгсгөж, зорилгоо биелүүлчихээд нутагтаа ирсэн.
-Харамсаагүй юү. Таныг явсны дараахнаас “Хувьсал”-ынхан дэлгэцийн таван уран бүтээл хийчихлээ. Эндээ байсан бол тэдгээрт тоглох ч байсан юм бил үү.
-Би туулж өнгөрүүлсэн амьдрал, хийсэн сонголтдоо харамсаж байгаагүй. Гадаад руу зорилготой явсан. Хэсэг хугацаанд нутгаасаа, гэр бүлийнхнээсээ, ажил мэргэжлээсээ хол байсан ч гэлээ дүү нартаа мэргэжил эзэмшүүлж чадсан. Энэ л миний тийшээ явах гол зорилго байсан шүү дээ.
-Хүний нутагт ажиллаж, амьдарч байхдаа юу ойлгов?
-Хулгай хийхээс бусдыг л хийж үзсэн. Цэвэрлэгч, угаагч гээд олдсон ажил бүрийг гололгүй хийж байлаа. Аливаа зүйлийг сэтгэлээсээ хийх нь ямар их үр өгөөжтэй вэ гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. “Харь оронд хар ажил хийхэд юугаа сурч, ойлгох юм бэ” гэж хүмүүс эгдүүцэж магадгүй. Гэхдээ тэндээс сурах юм их бий. Эх орноо санаж, гэр бүлээ үгүйлж, ямар үнэ цэнэтэйг нь хол байхдаа л хүн илүү их ойлгодог юм билээ.
-“Х ТҮЦ”-ийн босго хэр өндөр байв?
-Анх их өндөр санагдсан. Гэхдээ давахаар мацаж, давсны дараа хаалгаа нээгээд л угтдаг. Урлагийн төлөө цохилох зүрхтэй, мэргэжилдээ үнэхээр дуртай хүмүүсийг их дэмждэг хамт олон. Энэ айлын ам бүлд багтаж, нэг тогооноос хоол идэж буйгаараа бахархдаг, бас баярладаг.
И.Одончимэг эгч, Л.Баттулга, Н.Онон, Т.Бархүү ах нартаа талархаж явдгаа энэ дашрамд хэлье. Манай энэ удаагийн тоглолтод Г.Ундармаа эгч, Д.Хүрэлхүү ах урилгаар оролцож буй. Эдгээр жүжигчинтэй нэг тайзан дээр тоглож буй нь миний амьдралын гайхалтай дурсамжуудын нэг, сайхан түүх болж үлдэнэ.
-“Хувьсал”-аас “Х ТҮЦ”. Тэгэхээр дэлгэцийн уран бүтээлээс илүү тайзныхад элэгтэй хүн байх нь ээ?
-Юуны төлөө энэ мэргэжлийг эзэмшсэн билээ дээ, аль алийг нь л хослуулж ажилламаар байна. Эмээ минь урлагт их дуртай, багаас минь намайг дэмждэг байлаа. Тэр сэтгэлийг нь хөсөрдүүлэхгүй юм сан гэж үргэлж хичээдэг.
-Шведээс ирснийхээ дараа “Хувьсал” продакшндаа буцаад орж болоогүй юм уу.
-Монголдоо ирэнгүүтээ “Бондоолой” фильмийн бүтээл “Миний хайр” уран сайхны кинонд тоглосон. Уг кинонд тоглосны дараахан надад “Х ТҮЦ” продакшнаас хамтран ажиллах санал тавьсан юм. Над шиг хэн ч мэдэхгүй амьтанд ийм санал ирэхэд зөвшөөрөхгүй яах билээ. Төсөөлж ч байгаагүй гэнэтийн явдал байлаа.
2010 онд намайг Шведэд байхад “Х ТҮЦ”-ийнхэн аялан тоглолтоор ирсэн юм. Тоглолтыг нь үзээд нутгаа санаж, дууссаных нь дараа тэдэнтэй зургаа авахуулж байв. Гэтэл түүнээс дөрөвхөн жилийн дараа гэхэд би тэр хамт олны нэг болчихсон явж байна.
-Залуу жүжигчид аль нэг студи, продакшнд ажиллаж, олны танил болонгуутаа гарчихдаг шүү дээ. Тийм жишээ олныг дурдаж болно. Та хэзээ нэгэн цагт “Х ТҮЦ”-ийг орхих уу?
-Одоогоор тийм бодол байхгүй. Нэгэнт л зориглоод эхэлсэн зүйлийнхээ эцсийг үздэг шазруун зан надад бий. Үрийг нь тарьсан л юм чинь жимсээ хураах ёстой биз дээ.
-Хүнийг инээлгэх, уйлуулахын аль нь хэцүү вэ?
-Инээлгэх хэцүү.
-Тайзан дээр гараад тоглоход үзэгчид инээхгүй бол бүр ч хэцүү санагдах байх даа.
-Маш хэцүү. Хөлс цуваад л, ямар хэцүү байдаг гэж санана.
-Тийм байдалд орж үзсэн үү?
-Үзэлгүй яах вэ. Хошин урлагт хөл тавьсан л бол үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдөж, танигдахын тулд дор хаяж гурван жил хөдөлмөрлөж ёстой. Тэгэж байж яавал үзэгчид инээдэг, юу гэж хэлбэл онодог, хошин урлаг гэж ямар өөр, өвөрмөц урлаг болохыг ойлгоно. Үзэгчид шинэ жүжигчдийг тоглоход үйл явдалд хөтлөгдөж үзэхээс илүү их сонждог.
-Тоглолт эхлэх, тайзан дээр гарахын өмнө ямар мэдрэмж төрж, юу боддог вэ?
-Жүжигчид тайзан дээр алдаа гаргах эрхгүй. Кинонд тоглож байхдаа алдвал хэд дахин зургаа авахуулж, засаж болно. Гэтэл тайзан дээр гаргасан алдааг засах боломжгүй. Тийм болохоор тоглолт эхлэхийн өмнө авсан дүр, хэлэх үгээ давтана, тайзан дээр гарах дарааллаа санаж, өмсөх хувцсаа бэлдэнэ. Тайзан дээр гарахынхаа өмнө сандардаггүй, биеэ бэлддэггүй жүжигчин байхгүй.
-“Нийгэм нь туйлдаа хүртэл доройтсон орны хошин урлаг илүү хөгждөг”, “Инээх шалтгаангүй болсон хүмүүс л инээхийн тулд мөнгө төлж хошин урлагийн тоглолт үздэг” гэх мэтээр хүмүүс ярьдаг. Харин та ямар бодолтой явдаг вэ?
-Хошин урлаг бол нийгмийн толь. Амьдралд тохиолддог, болж бүтэхгүй байгаа зүйлийг л бид ёгтолж үзүүлдэг. Түүнээс биш амьдралгүй, огт байж боломгүй зүйлийг санаасаа ургуулж хүмүүсийг инээлгээд байгаа юм биш шүү дээ.
-Өнөөдрийг хүртэл хэчнээн кинонд тоглов?
-Би олон кинонд тоглоогүй. “Бондоолой” фильмийн “Миний хайр”, “Twins” фильмийн “Би ээж болмоор байна”, LVA энтертайнментийн “Мухар гудамж”, “Go” студийн “Шуугиан таригч” кино, “Найзууд” театрын “Гэнэтийн бэлэг” хөгжимт жүжигт тоглосон.
-Найруулагч нараас ихэвчлэн ямар дүрийн санал ирдэг вэ?
-Ихэнхдээ далчиганасан, сагсуу залуугийн дүрд тоглуулахыг хүсдэг. Би гаднаасаа тийм харагддаг шиг байгаа юм. Ирсэн санал болгонд гүйж очоод байхгүй л дээ. Зохиолыг нь уншаад таалагдвал тоглодог.
-Ямар дүрд тоглохыг хүсэж байна вэ?
-Их гоё нөхөрлөлийн тухай өгүүлсэн кинонд тоглохыг хүсэж байна. Сайн найз, итгэлт андын дүрд тогломоор байна.
-Таныхаар нөхөрлөл гэж юу вэ?
-Надад атаман, архи уудаг, авлига авдаг, ааштай гээд олон найз бий. Гэхдээ нөхөрлөл хэн, юу хийдэг, ямар их мөнгө олдогоор хэмжигдэхгүй. Харин тэдний зүрх сэтгэлээр хэмжигдэж, хоорондоо гагнагддаг гэж би боддог.
-“Зуун төгрөгтэй байснаас зуун найзтай яв” гэж үг бий. Гэтэл эсрэгээр нь “Чанаргүй олноос чанартай цөөхөн найзтай байх нь дээр” ч гэлцдэг. Та алинтай нь санал нийлдэг вэ?
-Би эхнийхтэй нь санал нийлдэг. Эр хүн ноён нуруутай, сэтгэл сайтай байх хэрэгтэй. Болохгүй нэгнээ хазаарлаж, болж буй нэгэндээ урам өгч ташуурдаж чаддаг байх ёстой шүү дээ.
-Таны хамгийн том зорилго юу вэ?
-Хүндэлдэг хүмүүсээ зуурдаар тэнгэрт одоход “Амьдрал богинохон юм даа” гэсэн харамсал төрөх юм. Амьдарч буй хугацаандаа нүгэл үйлдчихгүйхэн шиг, чадах чинээгээрээ зөв амьдрахыг л хүсдэг. Б.Билэгдэмбэрэл гэж хэн байсан, юу бүтээсэн бэ гэдгээс илүү “Сайн хүн байсан даа” л гэж дурсагдахыг хүсэж байна.
-Та хэр шуналтай хүн бэ?
-Эд материалд шунахгүй. Харин хийж бүтээх шунал бий. Уран бүтээлч хүн бүрт оргилсон шунал бий.
-Та юунаас хамгийн их айдаг вэ?
-Би үхэл, хагацлаас л их айдаг.
-Нас ахих, хөгшрөхөөс айдаг уу?
-Нас бол ердөө тоо шүү дээ. Айдаггүй. Угаасаа хөгшрөх нь байгалийн жам юм чинь яалтай билээ. Гэхдээ урлагийн хүн болохоор үрчлээтэх вий гэж санаа зовж, анхаардаг. Ядаж байхад манайхан удмаараа их залуудаа үрчлээ суудаг юм.
-Эрчүүд ам мурийхаараа нударга зөрүүлэх нь энүүхэнд. Та хамгийн сүүлд хэзээ хэн нэгэнтэй нударга зөрүүлэв?
-Хамгийн сүүлд Шведэд байхдаа хүнтэй нударга зөрүүлсэн санагдаж байна. Ам мурийсан, үнэхээр тэсээгүй. Хүний нутагт нэгнээ “алж” амьдардаг монголчууд олон.
-Та хэр түргэн ууртай вэ?
-Аливаад аль болох тайван хандахыг хичээдэг. Аль болох зөвөөр шийдэх гарц хайдаг.
-Үнэхээр тэсэлгүй уурласан үедээ хэрхэн тайвширдаг вэ?
-Шууд уйлчихдаг. Уйлахаар дотор онгойчихдог юм.
-Хамгийн сүүлд хэзээ уйлж дотроо онгойлгов?
-Сайн санахгүй байна.
-Бэлтгэл сургуулилалт, тоглолтынхоо хажуугаар өөртөө чөлөөт цаг хэр гаргадаг вэ. Хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Сургуулилалттай үед өөртөө цаг гаргаж чадахгүй. Тоглолт эхлээд, жигдэрсэн хойно зав гаргаж чаддаг. Чөлөөт цагаа фитнесст их зориулдаг даа.
-Та спортод хорхойтой юм билээ. Волейболын зэрэгтэй тамирчин гэсэн үү?
-Дунд сургуульд байхаасаа воллейбол тоглосон. Сүүлийн үед сагсанбөмбөг их сонирхож буй. Тамирчин найз олонтой.