Соёл, урлагийг хөгжүүлэх талаар судалгаа, шинжилгээ хийж, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах чиг үүрэгтэй Соёлын бодлого зохицуулалтын газрын даргаар найруулагч Н.Болдыг томилжээ. Тэрбээр энэ албанд томилогдохоосоо өмнө Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын дэд захирлаар ажиллаж байсан юм. Олон нийтийг хамарсан баяр, наадмын арга хэмжээнээс эхлээд тайзны олон бүтээлээр өөрийнхөө чадварыг таниулсан түүний хувьд өнгөрсөн жил Соёл, урлагийн салбарынхан оролцсон хэлэлцүүлгийн үеэр цаашид Монголын соёл, урлагийн салбарыг хэрхэн хөгжүүлж, ямар байдлаар улс, эх орноо сурталчлах ёстой тухай ярьж байсан удаатай. Тэрбээр ажлаа хүлээж аваад долоо хонож байгаа бөгөөд удахгүй манай сониноор дамжуулан уншигчидтай “уулзана” гэж амалсан юм.
Түүнчлэн БСШУСЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газар цаашид таван хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж магадгүй гэнэ. Өмнө нь нэг хэлтэс, албаны даргатайгаа нийлээд 12 хүн энэ газарт ажиллаж байжээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрыг дахин байгуулах гэж байгаа учраас ийнхүү хүнээ цөөлсөн юм билээ.