Москвагийн Улаан талбайд сүр дуулиантай цэргийн жагсаал болж, улс улсаас хүрэлцэн ирсэн цэргийн хөгжимчид баярын түрлэгээ өргөж байна. Энэ бол Дэлхийн цэргийн хөгжмийн хамгийн том наадам “Спаскийн цамхаг” билээ. Өнгөрсөн жил дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойн үеэр манай цэргийн бие бүрэлдэхүүн Улаан талбайд хөл тавьж байсан. Тэгвэл энэ жил анх удаа Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид цэргийн хөгжмийн хамгийн том наадамд оролцож байна. Түүнчлэн тэдэнтэй хамт хүндэт харуулын 032 дугаар ангийн нэг салаа болон ЦДБЭЧ-ын дуучин Ч.Бадрал, "Харанга" хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш нар яваа аж.
Австри, Беларусь, Итали, Казахстан, Монгол, Сингапур, Словени, Япон зэрэг 12 орноос ирсэн 24 цэргийн хөгжмийн баг есдүгээр сарын 4 хүртэл Москвагийн төв талбай болон гудамжинд олон нийтэд зориулан тоглолт хийх юм. Ес дэх удаагаа болж байгаа “Спаскийн цамхаг”-т монголчууд 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож буй тухай Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга Ч.Гансүх ярьсан юм.