Залуучуудын анхаарлыг татдаг wool dreads hair-ыг монголчууд өөрсдөө хийжээ. Олс хэлбэрийн энэ үс эртний түүхтэй бөгөөд Египет, Грекчүүдийн түүхэн эх сурвалжид дүрслэгдсэн нь ч бий. Харин хожим нь регги хөгжмийн урсгал сонирхогчдын хэв маягийг энэ үс тодорхойлох болсон байна.
Зураач М.Болроо саяхан шинэ үзэсгэлэнгээ нээхдээ олс хэлбэрийн үс (wool dreads hair)-ээр гоёсон байлаа. Түүний энэ үсийг эсгий урлаач Д.Майра хийсэн байна. Олс хэлбэрийн үсний засалт сонирхдог залуус цахим худалдаанаас ноосон болон нийлэг материалтай үсийг өндөр үнээр худалдан авдаг бол Д.Майра 1 метрийн урттай дридлок үсийг 5000 төгрөгөөр борлуулдаг аж. Таны үсний урт 10 см байхад л хонины нарийн ноосоор хийсэн энэ үсээр гоёх боломжтой. Эхний ээлжинд хар өнгөнөөс бор, бор шаргал руу ууссан олс хэлбэрийн үс урлаад байгаа бол цаашид цэнхэр, улаан өнгө оруулсан гоёлын үс “үйлдвэрлэхээр” уран бүтээлч бүсгүй ажиллаж буй аж. Түүний урласан олс хэлбэрийн үсийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд худалдаж байгаа юм байна.