Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Уран барилгач Луиз Мигель Виснер Колумбын ядуусын хамгийн том хорооллын нэг Санто Домингод 2004 онд буюу Медельиний дүүжин трамбайг ашиглалтад оруулах үед анх хөл тавьсан мөчөө одоо ч тод санадаг. Тэрбээр дээрэмдүүлэх, хэн нэгэнд баригдахаас алхам тутамдаа эмээж явжээ. Одоо бол байдал огт өөр болсон.
Санто Доминго олон сайхан дэлгүүр, зоогийн газартай, амарч тухлах уужим саруул зай талбайтай болжээ. Хамгийн гол нь энд хэн ч айж эмээлгүйгээр явах болж. Саяхныг хүртэл Медельин хот байх цэлгэр уудам хөндийд голдуу баян чинээлэг иргэд, харин хөндийг хараачлах дов толгодын дээр ядуу зүдүү хүмүүс суудаг байлаа. Харин энэхүү зааг ялгаа үгүй болсон нь уг хотын түүхэн дэх эргэлтийн цэг болжээ.
Луиз Виснерийн дурссанаар, түүний үеийнхэн бүгд л гадагш гарахаас айж болгоомжилсоор өсчээ. Олон нийтийн газарт бөмбөг тэсрэх, гудамжинд гэнэт буудалцаан болох, зам хөндлөн гарч яваад гэмт хэрэгтнүүдийн машинд дайруулах, гэртээ оройн хоол идэж суухад цонхоор тэнэсэн сум шуртхийн орж ирэх гэхчлэн зөвхөн кинонд л гардаг гэмээр зүйлс Медельинд олон жилийн турш хэвийн үзэгдэл байж.
Нэг үе дэлхийн хамгийн аюултай хот гэдэг байв. 1990-1993 онд гэхэд Медельинд жил бүр ойролцоогоор 6000 хүн гэмт этгээдийн гарт амиа алджээ. Харин уг хотыг хөгжин цэцэглэж, аюул осолгүй болоход хотын хоёр тал буюу баян, ядуу хэсгийг төлөөлөх хэд хэдэн хүн онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
Тэдний нэг нь мансууруулах бодисын наймааны томоохон сүлжээний эзэн Пабло Эскобар юм. Дэлхийн гэмт хэргийн ертөнц дэх хамгийн хэрцгий, зартай этгээдийг алсын хараатай хот төлөвлөгч гэх нь хэдий зохисгүй ч Медельиний хөгжилд оруулсан хувь нэмрийг нь харлуулбал түүх гуйвуулсан хэрэг болно.
Эскобар болон түүний хамсаатнууд Медельинийг мөхөл сүйрлийн ирмэг дээр аваачсан ч басхүү өөрчлөгдөх үндэс суурийг нь бүрдүүлж өгчээ. Эскобар 1991 онд далдуураа улс төрийн зорилготой ч энгийн иргэдэд ихээхэн ач тустай “Ядуусын хороололгүй Медельин” гэх хөтөлбөр санаачилсан байна. Энэ нь түүний хувьд нэр хүндээ өсгөх, сонгуульд өрсөлдөх замыг нь засаж өгөх, бүр цаашлаад гэмт хэрэгтэн гэх нэрийг нь цэвэрлэх том ажил байлаа.
Хэдийгээр тэрбээр 1993 оны арванхоёрдугаар сард цагдаагийнхны гарт алагдсан ч санаачилсан хөтөлбөр нь Медельиний өөрчлөлт шинэчлэлийн эхийг тавьжээ. Түүний бүлэглэл ядуу зүдүү иргэдийг зэвсэглэж, хүчирхийлэлд турхирч, улстөржүүлж байсан нь олонтаа. Гэсэн ч энэ нь нэг талаар ядуусыг нийгмийн идэвхтэй, өөрсдийнхөө төлөө тэмцэх зүрх зоригтой болгосон байна.
Колумб улсын хувьд 1990-ээд он уналт доройтлын ч, сэргэн мандалтын ч үе байлаа. Хэрэг зөрчил хэрээс хэтэрч, улс төр, эдийн засгийн хямрал даамжирсан, гэсэн ч ард иргэдийн дунд “Одоо л юм бүхнийг өөрчлөхгүй бол болохгүй нь. Сайн цаг удахгүй ирнэ” гэх итгэл найдвар төрсөн жилүүд байв.
1991 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар орон нутгийн захиргаа урьдынхаас илүү эрх мэдэлтэй боллоо. Энэ нь үндэсний эв нэгдлийн, эвслийн Засгийн газар байгуулагдсан, НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагууд Медельиний гэмт бүлэглэлүүдтэй тэмцэхээр хөндлөнгөөс оролцож эхэлсэн үетэй давхацжээ. Гэмт хэргийг зөвхөн цэрэг, цагдаагийн хүчээр бууруулахгүй гэдэг нь ч энэ үед тодорхой болоод байв.
Эрх баригчид нь хотынхоо хөгжлийг хойш чангааж, гэмт хэрэгтнүүдийн үүр ноохой болсон ядуусын хороололд олон арван хөтөлбөр шат дараатайгаар хэрэгжүүлж эхэллээ. Хот төлөвлөгчид гамшгийн хэмжээнд тулсан хүчирхийлэл, гэмт хэрэг, хүний эрхийг ноцтойгоор зөрчдөг тэгш бус байдлын тухай илүү өргөн хүрээнд ярьж, дэд бүтэц сайтай, хотын соёл хөгжсөн газарт амьдрах нь хэчнээн үр өгөөжтэй талаар ухуулах болов.
Мөн зөрчил тэмцэл, хагарал бутралын талбар болсон олон нийтийн газруудыг хөгжил дэвшил, эв нэгдлийн төв болох учиртайг иргэдэд тайлбарлах боллоо. Энэ зуур хот суурин бүр өөрийн гэх мастер төлөвлөгөөтэй байна гэсэн заалт Колумбын Үндсэн хуульд нэмэгджээ. 1998 онд хийсэн энэхүү өөрчлөлт нь баян, ядуусын хоорондох зааг ялгааг даруй үгүй хийж, хотыг хүчирхийлэл, гэмт хэргээс ангижруулах цаг ирснийг албаны хүмүүст ч, энгийн иргэдэд ч ойлгуулж өгөв.
Тэр үед хотын даргаар Сержио Фахардо, ерөнхий төлөвлөгчөөр уран барилгач Алехандро Эчиверри ажиллаж байлаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхийн тулд Медельиний захирагч уран барилгач, хот төлөвлөгч, инженер, социологич зэрэг мэргэжилтнүүдээс бүрдсэн Хотын хөгжлийн корпорац хэмээх шинэ алба байгуулжээ. Уг байгууллагын албан хаагч бүр өөрт ногдсон ажлаа гүйцэтгэхийн тулд хотын байр байдалтай газар дээр нь танилцан, иргэдийг олон нийтийн ажилд аль болох олноор нь татах үүрэг хүлээв.
Эчиверрийн ярьснаар энэ нь Медельиний дахин төлөвлөлт амжилттай болсны үндсэн шалтгаан бөгөөд хотын дарга болоод албаны хүмүүс мөнөөх “муу залуус”-тай хүртэл яриа хэлэлцээ хийж, ядуусын дунд айж эмээлгүй орсон нь хотын доторх үл үзэгдэх хана хэрмийг нураасан байна.
Хотын захирагч Фахардо гэхэд иргэдийн төлөөлөлтэй байнга уулздаг, жижиг дүүрэг, хороодын уулзалтад хүртэл очдог байжээ. Түүний бүрдүүлсэн баг ядуусын хорооллынхонд амьдрах орчин нь ямар байх ёстой талаар тодорхой ойлголт өгч, өөр хоорондоо тусгаарлагдсан захын хорооллуудыг дүүжин трамбай, гүүрээр холбох төслөө иргэдээр дэмжүүлж авав.
Хамгийн ядуу, гэмт хэрэг их гардаг хэсэгт ч номын сан, олон нийтийн болон соёлын төвүүд барихаар оршин суугчидтай тохиролцож чадлаа. Харин уран барилгач Эчиверрийн гүйцэтгэсэн гол ажил нь тэр бүх шинэ байгууламжийг холбох, хотын баян, ядуу иргэдийг ялгаж, зааглан байсан хэсэгт хоёр талын иргэдийг нэгтгэх цэцэрлэгт хүрээлэн, худалдааны төв зэргийг бий болгох байв. Энэхүү өөрчлөлтийг Эчиверри, Фахардо нар жижиг зүйлсээс эхэлжээ.
Хар бараан өнгө зонхилсон, хог шороондоо дарагдсан ядуусын хороололд тэд өнгөлөг, гоёмсог төмөр саравч, агааржуулагч, үргэлж аядуу зөөлөн хөгжим эгшиглэх өсгөгч зэргийг байрлуулав. Энэ нь ядуусыг соёлжуулна, хоёр өөр ертөнц мэт Медельиний баячууд, ядуусын хорооллуудыг нэгтгэнэ хэмээн төлөвлөж байсан Пабло Эскобарын “Ядуусын хороололгүй Медельин” хөтөлбөрөөс санаа авсан өөрчлөлтүүд байлаа.
Сержио Фахардо нэр цэвэр улстөрч байсан нь Медельиний хөгжилд мөн эергээр нөлөөлсөн байна. Улс төрийн аль нэг нам, хөдөлгөөнтэй холбоо сүлбээгүй математикч, профессор тэрбээр авлига, хээл хахуулийн элдэв хэргээр нэр хүндээ алдсан уламжлалт гэгдэх бүх намын нэр дэвшигчдийг ялж, 2003 онд хотын дарга болжээ.
Аль нэг хүчнээс хараат биш, бие даасан байдал нь түүнийг ардын хүү болгож, ядуусын хорооллоор явж, иргэдтэй уулзах болсон нь нэр хүндийг нь бүр ч өсгөсөн байна. Түүнийг хотын дарга байх үед Медельиний мансууруулах бодисын бүлэглэлийг мөн л бусдаас хараат биш, шинэ залуу “удирдагч” Дон Берна гэгч толгойлж байсан нь 2003-2009 онд тус хотын байдал харьцангуй тайван, тогтвортой байсны гол шалтгаан гэж хүмүүс үздэг.
Фахардо Хотын хөгжлийн корпорацыг байгуулснаараа төрийн гүйцэтгэх албыг бие даалгаж, Медельиний засаг захиргаанд ноёрхоод удсан хүнд суртлыг арилгажээ. Энэ нь аливаа хотын хөгжилд загвар, төлөвлөлт хариуцсан алба нь төрийн дээд байгууллагаас хараат бус байж, орон нутгийн эрх баригчидтай хамтран ажиллахын чухлыг харуулсан, олон улсад сайн үлгэр болох жишээ юм.
Хотын хөрөнгө санхүүжилтийг мөн нийтийн аж ахуй үйлчилгээний EPM хэмээх олон нийтийн компани хариуцдаг нь хотын хөгжилд ихээхэн түлхэц болжээ. Уг компани хотын захиргааны мэдэлд байх ч Колумбын бусад хот сууринг төдийгүй Өмнөд Америкийн хэд хэдэн улсыг эрчим хүчээр хангадаг, маш их хөрөнгө мөнгөтэй байгууллага юм. 1991 оны шинэ Үндсэн хуулийн зүйл заалтын дагуу EPM нийт орлогынхоо 30 хувийг Медельиний хөгжилд зарцуулах болжээ.
Нийгэмд эрх тэгш байдал тогтоох, ядуурал болоод гэмт хэрэгтэй тэмцэхэд хотжилтын ухааныг ашигласан нь эл хотыг хөгжүүлсэн өөр нэг гол шалтгаан. Ядуус гэгдэн нүд үзүүрлэгдэж байсан иргэд өөрсдийгөө амьдран суугаа хотынхоо нэг хэсэг болохыг мэдэрч, ердийн оршин суугчаас хэрэглэгч, үйлчлүүлэгч, хувьцаа эзэмшигч, сонгогч, идэвхтэн болсон нь иргэдийн сэтгэл зүй, хотын уур амьсгал, нийгэм, соёл гээд юм бүхнийг өөрчилжээ.
Сүүлийн мэдээгээр Медельинд хүн амины хэргийн гаралт 95 хувиар, нэн ядуу өрхийн тоо 66 хувиар буураад байна. Энэ нь хотыг хоёр хувааж байсан толгодын орой, бэл дэх ядуус, хормойд нь болон цэлгэр хөндийд сууж асан баячууд гэсэн ялгарал хэдийнэ үгүй болсны баталгаа юм.
Энэ оны эхээр Испанийн “Indra Sistemas” хэмээх байгууллагаас явуулсан ухаалаг хотуудын судалгаагаар Медельин Өмнөд Америкийн хотуудаас амьдрахад хамгийн таатайд шалгараад байна.
Энэ нь аюулгүй байдал, амьдрах орчны зэрэглэлээрээ тус хот Чилийн Сантъяго, Испанийн Барселон, Португалын Лисабон хоттой эн зэрэгцсэн гэсэн үг. Медельин энэ оны Ли Куан Югийн нэрэмжит Дэлхийн хотын шагналыг ч хүртжээ.