Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийг олон улсад нэрээ дуурсган, дэлхийн шилдэг бүжигчдийн тоонд багтаж, зүй ёсоор авъяасаа үнэлүүлэн эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн балетчин гэдгийг бид мэднэ. Тэгвэл өнгөрсөн таван жилийн хугацаанд хийсэн олон тоглолт, наадам түүнийг менежерийнх нь хувьд үзэгчдэд таниулж чадсан. “Night of ballet”, “Цөмөөхэй” болон яг одоо дэлхийн тайзнаа бүжиглэж байгаа оддыг эх орондоо урьж, балетын урлагийн гайхамшгийг үзэгчдэдээ мэдрүүлснээс гадна, мэргэжил нэгтнүүдийнхээ үнэлэмжийг ч өсгөж чадсан юм. Монголчууд “Бостон балет” компанид бүжиглэдэг шилдгүүдтэй хамтарч, тэднээс урмын үг сонсон, үргэлжлүүлэн уран бүтээл хийсэн жишээ нэгээр тогтохгүй. Тэгвэл залуухан гавьяат маань эрч хүчтэйгээр дараагийн ажлаа эхлүүлжээ. Монголын үндэсний балетын сургууль бол түүний маш том зорилгын суурь юм. Ирээдүйн шилдэг бүжигчид, үнэнч үзэгчид, идэвхтэй эрүүл сэтгэлгээтэй залуус эндээс төрнө гэсэн итгэлээр тэр ажиллаж байна. Олон улсад нэвтэрсэн сургалтын хөтөлбөр, агуулга, стандартыг тэрбээр нэвтрүүлж, бусдыгаа уриалж буй юм. Цаашдаа бүрэн хэмжээний хөтөлбөртэй, дагнасан сургалттай Үндэсний балетын сургууль байгуулна гэсэн. Давчуу хугацаанд ихийг амжуулахаар, цаг хугацаатай уралдан яваа гавьяатын яриаг хүргэе.
-Монголын үндэсний балетын сургуулийг та нээжээ. Мэдээж энэ том нэрийг авсан нь алсын том зорилгод хөтөлж буй болов уу?
-Тийм ээ. Би энэ мэргэжлийг эзэмшсэнээрээ бахархдаг. Бас өөрийгөө азтайд тооцдог. Монгол Улсад балетын урлаг үүсэж, хөгжөөд 60-аад жил л болж байна. Улсын маань нийслэлд сонгодог урлагийн театр нь байнгын тоглолттой ажиллаж, энэ бүхний суурийг хойд хөршийнхөн маань бат сайхан тавьж өгсөнд бас баярладаг. Тэгвэл цаашид хэрхэн, яаж авч явах нь залуус бидний үүрэг юм.
Хэдэн зууны түүхтэй, олон улсад түгсэн хамгийн түгээмэл урлагийн төрлийг эзэмшиж, энэ салбарт ажиллаж яваагийн хувьд нэлээд эртнээс л сургууль нээе гэж бодсон. Өмнөх ярилцлагууддаа ч би Монголд балетын сургууль маш олныг байгуулах хэрэгтэй гэж ярьж байсан. Японд бол буудал болгон дээр шахуу балетын сургууль бий. Тэр олон жижиг сургууль, дугуйлан хүүхдийн төлөвшил, хүмүүжилд эерэг нөлөө үзүүлдэг.
2010 онд Монголын балетын хөгжил санг байгуулснаасаа хойш хүмүүсийг балетын урлаг руу татах олон ажил хийсэн. Магадгүй цаашаа хараад огт анзаарахгүй явж байсан хүмүүсийг наашаа харуулсан нь хамгийн том үр дүн байх. Өнгөрсөн жил “Цөмөөхэй” балетад л гэхэд 500 орчим хүүхдийг хамруулсан. Балетаар хичээллэх сонирхолтой хүүхэд, багачууд, залуусын тоо нэмэгдэхийн хэрээр сургууль байгуулах нь чухал болсон.
Бид өнгөрсөн хугацааны алдааг хаяад оноог нь аваад урагшлах ёстой. Хийхгүй л бол болохгүй, эхлүүлэхгүй л бол хожимдох зурвас үе дээр бид яваа гэж харж байгаа болохоор л ийнхүү яарч, цаг хугацаатай уралдан зэрэг зэрэг ажиллаж байна. Өөрөө бүжиглэнгээ тоглолт зохион байгуулж, сургуульд багшлах амаргүй.
-Монголд балетын сургалт явуулдаг төв цөөнгүй бий. Тэдэнтэй зэрэгцээд өөр нэгэн шинэ сургалтын төв л байгуулчихаж байгаа юм уу, эсвэл арай өөр байх уу?
-Бид өдийг хүртэл эрсдэлтэй олон алхмыг зоригтой хийсэн. Монголын үндэсний балетын сургуулиар ч гэсэн бид ашиг олохыг зориогүй. 5-7 настай хүүхдүүдийн нэг сарын сургалтын төлбөр нь 45000 төгрөг. Энэ бол маш хямд үнэ. Энэ төлбөрөөр сургалтын бүх зардлаа хангаж, ажилчдынхаа цалин, байрны түрээс, урсгал төлбөрийг хийх боломжгүй. Тэгэхээр энэ сургуулийг байгуулж, багаас нь системтэй зөв бэлтгэсэн бүжигчдийг бий болгохын тулд ивээн тэтгэлгээр тал зардлаа бүрдүүлж байгаа. Хамгийн сайхан нь, намайг энэ тухай яриад очиход хүмүүс дэмждэг, ойлгодог.
Дэлхийн хаана ч очиж бүжиглэсэн надаас “Чи ямар сургууль төгссөн бэ” гэхэд нь би “Монголд Хөгжим бүжгийн коллеж төгссөн” гэж хариулдаг. Энэ хариултыг минь сонсоод багш нарыг маань зорьж ирээд сурсан хүн ч байна. Тэгэхдээ үргэлжлүүлж суралгүй, удаан хугацаагаар Монголд байлгүй буцсан шалтгааныг нь бас бодох цаг болжээ. Олон улсын стандартад нийцэх шаардлага зайлшгүй тулгарсан байна.
2000 онд сургууль төгссөнөөсөө хойш би есөн тэмцээнд оролцсон. Цалин бага, тэр нь бараг хоол, ундааны мөнгөнд нь зориулагддаг байсан хэдий ч би бүжиглэх асар их хүсэл тэмүүлэлтэйгээр ажиллаж эхэлсэн. Балет бол маш өндөр, нарийн зүйл шаарддаг онцгой урлаг. Түүний зэрэгцээ энэ урлаг хүн бүрт зориулагдсан. Энэ хоёр мессежийн хоорондох ойлголцлыг зөв хүргэх нь чухал юм.
ХБК-ийг төгссөн 10 хүүхэд бүжигчин болохоор театрт ирж болно. Гэхдээ түүний цаана олон мянган хүүхэд дасгал хийх дуртай, энэ урлагт хайртай байгаа. Хөгжим, тайз, гэрэл, хувцас хэрэглэл гээд бүх сайхныг нэгтгэсэн ийм урлагтай хүүхдүүдээ эртнээс танилцуулж, мэдрэмжтэй, оюун санааны хөгжилтэй хүн болгохыг хүсдэг эцэг эх ч олон.
Бэлтгэлийн хоёр заалтай, жижиг сургууль одоохондоо нээсэн ч ирээдүйд балетын бие даасан сургууль байгуулах ёстой гэж би боддог. Тэгж байж л олон улсын стандарт нэвтэрч, бүжигчид багаасаа бэлтгэгдэж, өсөж, амжилт нь ахина. Өвчлөхгүй, бэртэл багатай яаж урт удаан сайн бүжиглэхийг мэдэж чадна.
Би л гэхэд 2007 онд бэртэлтэй болоод Бостон явсан. Тэндхийн эмч нар үзээд, эмчилж чадна гэсэн учраас тийшээ очиж байлаа. Тэгж бэртэлтэй болтлоо бид ажилламааргүй байна. Хүчээр, хэт их ачаалал авч дасгал хийх ёсгүй юм билээ. Бэлтгэл хийхийн тулд оймсоо хойш, урагш нь харуулж өмсөөд найман удаа цоолох биш зориулалтын шал, хулдаасан дээр бүх хэрэглэлтэйгээ бүжиглэмээр байна. Олон хүчин зүйлээс шалтгаалж байж энэ нандин урлаг бий болдог юм шүү дээ.
-Монголын соёлын элч болсны зэрэгцээ энэ жил “Чакот” брэндийг бас Монголд оруулж иржээ. Энэ ч бас амжуулж хийх ёстой ажил байсан уу?
-Дэлхийд алдартай “Чакот” брэндийн захирлуудыг би хэдэн жилийн дараа урина гэвэл хэцүү. Яг одоо ид бүжиглэж байхдаа л хийх ёстой байсан. Үзэгчдэд баяр баясгалан, гоо сайхныг мэдрүүлэх ёстой бүжигчид, тэр дундаа эмэгтэй балетчид хамгийн сайн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, чанартай, хөлс шингээдэг хувцас өмсөх хэрэгтэй биз дээ.
Тийм болохоор зөвхөн харсан үзсэн зүйлийнхээ тухай яриад байх биш, өөрөө хийж үзүүлье, харуулъя л гэж бодсон. Яг үнэндээ Монголд энэ урлагаар хоолоо олж идэж байгаа хүн цөөн. Тэднээс гадагшаа олон улсад танигдсан нь ч тоотой хэдхэн.
Миний хувьд тэмцээн, уралдаанд оролцсон ч, аялан тоглолтоор явсан ч үзэж харснаа монголдоо бий болгох юмсан гэж дандаа л яарч, хүсэж байдаг. Ирээд энэ тухайгаа хүмүүст ярьж үзсэн. Хэн нь ч хамаагүй хийгээсэй гэж хүснэ. Удсан ч үгүй адгаад өөрөө хийгээд эхэлсэн нь энэ.
-Сайхан юм олж хараад гэртээ авчрах гээд байна гэдэг ч хүний араншин шүү дээ. Магадгүй энэ араншин биднийг өөдөө тэмүүлэлтэй болгодог болов уу?
-Сонгодог урлагийн салбарт цөөн хүн ажиллаж байна. Үзсэн харсан зүйл ч бага. Бид хэтэрхий л дотооддоо байгаа юм уу даа. Ийш тийш сайн явах хэрэгтэй. Явсан нь ирээд эндээ хийж бүтээх хэрэгтэй. Энэ муулж байгаа хэрэг огт биш шүү. Анх балетын наадмаа хийхдээ бид таван тивийн бүжигчдийг авчирсан.
Үзэгчид ч сайхан хүлээж авч, манайхан тэдэнтэй хамтарч бүжиглэсэн. Олон улсын уралдаанд оролцохдоо манай бүжигчид орчин үеийн бүжгийн шалгуурт сайн үнэлгээ авч чаддаггүй байсан. Тэгвэл энд болж байгаа тоглолтууд гадаадын бүжигчид хэрхэн бүжиглэдгийг харуулж, нүд нээх боломж олгосон.
Техникийн хувьд ч тэднээс сурах юм их бий. Миний хөлний тавилт буруу. Би тэрийгээ засаж сурах гэж их зовсон. Хамаг байдгаараа хичээж, махруу шамдаж байж сурсан зүйлийг маань өөр хүн хажууд инээгээд л юу ч болоогүй юм шиг хийх бас л сонин. Гэтэл тэдний сургалтын арга техникт энэ нууц нь байсан.
Хүүхэд байхаас нь хүчлэлгүй, гэхдээ зөв суурь тавьдаг юм байна. Авьяастай, авьяасгүйдээ тэр нь гойд ялгаатай биш. Ингэж хийвэл ийм зүйлийг хийж чадна. Тэгж хийвэл ийм чадвартай болно гээд тодорхой заагаад өгчихдөг юм байна. Миний гол суурь болгон үлгэрлэж байгаа газар бол “Бостон балет”. Би захиралтайгаа байнга холбоотой байж асуух зүйлээ асуудаг.
Ирэх зун ямар ч байсан 10 хүүхдийг “Бостон балет”-ын зуны сургалтад хамруулна. Би “Бостон балет”-д ажиллаад маш их юм сурсан. Сурснаасаа эндээ хэрэгжүүлээд үр шим нь ч гарч байна. ДБЭТ-ын тайзан дээр л гэхэд манай сангийн тавьж өгсөн хулдаасан дээр балетчид бүжиглэж байгаа шүү дээ.
-Та одоо “Бостон балет”-д бүжиглэж байгаа хэвээрээ юү?
-Тийм ээ. Гэхдээ энэ жилээс гэрээгээ буцааж байгаа. Ирэх жил албан ёсоор дуусгавар болгож Монголдоо ирнэ. Тэгээд л сургуульдаа бүх анхаарлаа хандуулна. Одоо надад бүжиглэх 2-3 жил л бий. Энэ хугацаандаа бас өөр тоглолтуудад оролцоно. Сүүлийн таван жил байнга нутагтаа үйл ажиллагаа зохион байгуулахаар чөлөө авч ирдэг байсан учраас тэндхийн ажилд ч чирэгдэлтэй байлаа.
-Та энэ жил өөрөө сургуульдаа багшлах уу?
-Яг үнэндээ миний нэрээр, надаар заалгана гэж ирэх гэж байгаа бол битгий гэж хоригломоор байна. Сургалтын маш сайн хөтөлбөр баталж, тэр дагуугаа нас насны онцлогт нь тааруулж, хүүхэдтэй ажиллах чадвартай багш нарыг авч, хяналт тавин ажиллаж байна. Мэдээж наймаас дээш насны хүүхдүүдтэй тодорхой цагаар ажиллах болно. Багш чухал гэж манайхан боддог. Гэхдээ энэ бол хоёрдогч хүчин зүйл юм шүү. Хамгийн чухал нь сургалтын хөтөлбөр.
Төлөвлөж, бодсон болгоноо амжуулах гээд тэр тун завгүй. Хийх зүйл даанч их. Амжуулах хугацаа давчуу гэнэ. “Намайг хүмүүс чи хэтэрхий их юм ярих юм, чи ганцаараа Монголын балетыг төлөөлөхгүй” гэх мэтээр шүүмжилдэг. Гэхдээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа хүмүүс маань “Эх орондоо очоод үүнээс илүүг хийгээрэй” гээд сайхан бүхнийг харуулаад байхад би яаж зүгээр байх юм бэ гэж тэр ярьсан. Хурдтай, эрчтэй, залуухан гавьяатын дараагийн ажлын карьер ийн эхэлж буй бололтой.