Эмх замбараагүй мэдээ мэдээлэл, техник технологийн үсрэнгүй хөгжилд нүдүүлсээр нийгэмд бугшсан муу муухай, бараан бүхэнд уусчээ, бид. Олж харахаа ч байсан. Харин биднээс арай өөр сэтгэдэг зарим нь тэдгээрийг соргогоор тусган авч, уудлан илчилсээр буй. Тэдний нэг нь шог зураач Ч.Цэцэгдарь. Хурц дүрслэл, хөнгөн хошигнол бүхий түүний бүтээлүүд цаанаа л ондоо. Шог зургаар дагнасан үзэсгэлэн дэлгэсэн Монголын анхны эмэгтэй зураачтай ярилцлаа.
-Та дүрслэх урлагийн чиглэлээр суралгүй, хэвлэлийн график, дизайнер мэргэжил эзэмшсэн юм билээ. Яагаад ийм сонголт хийв. Сурах шаардлагагүй гэж үзсэн юм уу?
-Намайг цэцэрлэгт байхаасаа л цаас, харандаатай зууралдсан гэж гэрийнхэн маань ярьдаг. Дунд сургуульд байхдаа “Мундаг зураач болно” гээд итгэчихсэн, энд тэндхийн уралдаанд идэвхтэй оролцдог байлаа. Тухайн үед мэдээллийн технологийн салбар ид хөгжиж байсан болоод ч тэр үү, гэнэт л өөр чиглэлээр сурахаар шийдсэн. Гэсэн ч шог зургаа орхилгүй, зурсаар л байсан.
Тэгж яваад “Тоншуул” сэтгүүлээс зарласан уралдаанд III байрт орж, зургуудаа нийтлүүлэх болсон. Тэр уралдаан намайг шог зурагт дурлуулж, мундаг зураачидтай ойр ажиллах боломж олгосон. Надад олдсон маш том боломж гэж боддог.
120 мянга гаруй уншигчтай, нэр нөлөөтэй сэтгүүлд 17 настай охин хөл тавихад мэдэхгүй, чадахгүй зүйл олон байсан ч сайхан сэтгэлтэй хүмүүсийн тус дэм, урмын үг хүч өгсөн. Сэтгүүлд зургийг минь нийтлэхэд “хагартлаа” баярладаг байлаа. Тэр үед зурсан зурагнуудаа одоо харахаар “Яаж ийм зүйл барьчихаад хэвлээд өгөөч гэж хэлсэн юм бол” гэж боддог.
-Шог зураач С.Цогтбаяр “Ч.Цэцэгдарь бол манай эмэгтэй шог зураачдын залгамж халаа болсон ирээдүйтэй уран бүтээлч” гэж бичжээ. Ер нь Монголд эмэгтэй шог зураач хэр олон бэ?
-Бараг байхгүй гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу. 1980-аад оны үед нэг зураач байсан ч хожим зурахаа больчихсон гэсэн. Би 2006 онд “Цонх” үзэсгэлэнгээ дэлгэснээр шог зургийн бүтээлээр бие даасан үзэсгэлэн гаргасан Монголын анхны эмэгтэй зураач болсон. Тиймээс хүмүүс намайг анхдагч гэдэг. Гэхдээ тууштай уран бүтээл хийдэггүй ч шог зураг сонирхож зурдаг хүн байхыг үгүйсгэхгүй.
-Түүнээс хойш үзэсгэлэн дэлгэсэн үү?
-2011 онд Инээдмийн баяраар “Дөрөвдүгээр сарын 1” үзэсгэлэн гаргаж, 100 гаруй бүтээлээ толилуулсан.
-Мэдрэмжтэй хүмүүс л шог зураач болдог байх. Таны энэ авьяас юунаас эхтэй бол. Танай удамд урлагийн хүн бий юү?
-Би айлын хэнз хүүхэд. Ээж маань намайг 50 настайдаа төрүүлсэн. Эмээ, өвөөгөө ч харж чадаагүй болохоор ямар хүмүүс байсныг нь мэдэхгүй. Гэхдээ аавыг минь гарын дүйтэй, аливаад эвсэлтэй хүн байсан гэдэг. Тэр нь надад нөлөөлсөн байж магадгүй.
-Хамгийн анх юу зурснаа санадаг уу. Шог зураг сонирхдог хүүхдийн нүдэнд анх юу өртсөн нь сонин байна л даа.
-Бодох нь ээ, дунд сургуульд байхдаа нийгмийн хичээл дээр л элдэв шог зураг зурдаг байсан. Чухам юуг онцолж “шоглосноо” санахгүй байна. Бага ангидаа ихэвчлэн барби хүүхэлдэй зурдаг байлаа.
-Тэгвэл гэр бүл, ойр дотнынхноо хэр их “шоглодог” вэ?
-Ер нь хөрөг зурах нь ховор. Шог зураач А.Амарсайхан ах болон аавыгаа л зурсан.
-“Шог зураг бол нийгмийг эрүүлжүүлэх зэвсэг болдог агуу урлаг” гэж тодорхойлсон нь бий. Энэ нь агуулга, утга сананаасаа хамаараад дотроо олон төрөлтэй ч өнөө үед хүмүүс хөрөг төдийхнөөр ойлгож байна. Та ямар төрөл, сэдвээр дагнаж зурдаг вэ?
-Хөрөг, аж байдлын, улс төрийн, нөхөрсөг гээд олон төрөл бий. Би аж байдлын шог зураг зурдаг. Энэ нь сэдэв, агуулгын хувьд өргөн хүрээг хамардаг. Хүмүүсийн өдөр тутмын амьдралд тулгамдаж буй асуудал бэрхшээлийг хөнддөг.
Тухайлбал, монголчууд сүүлийн үед маш олон баяр тэмдэглэдэг болсон. Энэ нь нэг талаас эерэг боловч нөгөөтэйгүүр олон сөрөг нөлөө үзүүлж буй. Энэ бүхнийг бусдаас урьтаж хараад, уран бүтээлдээ тусгах нь бидний үүрэг. Аж байдлын зурагт олон үйл явдал, санааг багтааж болдог нь онцлог.
-Шог зургийн гайхамшиг нь ямар нэгэн тайлбаргүй байлаа ч хүмүүст олон мэдээлэл нэгэн зэрэг өгч чаддаг. Бусдын олж хараагүйг хөндөж, хүмүүст мэдээлэл өгдөг нь сэтгүүлчийн ажилтай төстэй ч юм шиг.
-Санал нийлж байна. Хүссэн бүхэн шог зураг зурдаггүй. Учир нь энэ чадвар хүн бүрт заяадаггүй. Уран бүтээлч хүн мэдэрсэн зүйлээ хэрхэн амилуулах нь чухал. Нүдээр үзэж, чихээр сонссон зүйлсдээ бодол санаа, эмзэглэлээ шингээн илэрхийлдэг учраас хувь уран бүтээлчийн үзэл, ертөнцийг бас давхар нээн харуулдаг болов уу. Нэг бүтээлийг хүн бүхэн ижил түвшинд хүлээн авч, ойлгодоггүй ч тэдний мэдэрч буйг хөндөх нь их авьяас шаардсан зүйл.
-Бүтээлээрээ хоолоо олж идэх боломж шог зураачдад бий болов уу. Ер нь энэ салбар хэр хөгжиж байна вэ?
-Энэ салбарын хөгжил, дэвшлийг үнэлж дүгнэх хэмжээний мундаг уран бүтээлч би биш. Олон жил шог зураг зурсан Байды гуай, Цогтбаяр ах шиг мундагчууд үүнд хариулбал илүү тохиромжтой болов уу. Ер нь шог зураг гэлтгүй урлагийн бүх л төрөл шинэлэг өнгө аястай болчихож.
Орчин үеийн урлагийн төрлүүдээр бүтээл туурвиж буй залуучуудыг хараад өөрийн эрхгүй “Пөөх” гэж дуу алддаг. Тэдний ур чадвар дэлхийн урлагийн хөгжилтэй эн зэрэгцэхүйц хэмжээнд байгаа гэж боддог шүү.
-Эзэмшсэн мэргэжлээ сонирхолтойгоо хослуулан сонин, содон бүтээл хийх боломж танд бий. Орчин үеийн зарим зураач харандаа, муутуутай зууралдахаас тээршаан компьютероор зурдаг болж. Та яадаг вэ?
-Би аль болох гараар зурахыг л хичээдэг. Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан хүний хувьд энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлэхийг хүсэлгүй яах вэ. Заримдаа “Сонирхлоороо сурдаг байж дээ” гэж харамсдаг. Боломж олдвол одоо ч сурахад бэлэн шүү. Гэр бүлтэй болчихоор уран бүтээлтэй ноцолдох цаг үнэндээ гарахгүй юм.
-Шог зураг гэхээр л хэн нэгний марзан төрх санаанд буудаг. Монголд ийм төрлийн бүтээл түлхүү хөгжсөн болохоор тэр байх. Захиалгаар хөрөг зуруулах хүсэлтэй хүмүүс танд ханддаг уу?
-“Байгууллагынхнаа зуруулж гэнэтийн бэлэг барих гэсэн юм. Хуриман дээр ирээд зураад өгөөч” гэсэн санал байнга ирдэг. “Би хүн элэглэж, нөхөрсөг шог зурдаггүй, өөр чиглэлээр зурдаг” гэхээр их гайхдаг. Шог зураг дотроо олон төрөлтэй гэдгийг хүмүүс мэддэггүй юм билээ.
-Сайн хийж чаддаг зүйлээсээ хөндийрчихөөр зэвэрчихдэг гэдэг. Зураачдад ийм зовлон байдаг уу. Тамирчин хүн шиг байнгын бие халаалттай байх ёстой юу?
-Зэвэрч, чадваргүй болох зовлон бүх мэргэжилд хамаатай гэж боддог. Зурахгүй удчихаар гар эвлэхээ байгаад, чаддаг зүйлээ хүртэл мартчихдаг. Энэ нь ганц зураас татахад л мэдрэгддэг. Тиймээс эзэмшиж, дадсан зүйлээ орхилгүй, тууштай хичээллэж, өөрийгөө хөгжүүлэх нь чухал. Авьяасыг хөдөлмөрөөр торддог гэдэг дээ.
-Манай галерей, музейнүүдэд долоо хоног тутамд л шинэ үзэсгэлэн гарч байна. Та үздэг үү?
-Бусдын бүтээлийг үзэж л өөрийгөө цэнэглэж байна даа. Зургаан настай хүү маань ээжийнхээ авьяасыг өвлөсөн. Их гоё зурдаг. Би энэ чиглэлээр тууштай яваагүй болохоор хүүгээ зураач болоосой гэж хүсдэг. Хүүгээ дагуулаад үзэсгэлэн хэсдэг. Хүү маань хэдийгээр балчир ч гэлээ тэр бүхнийг өөрийнхөөрөө ойлгож, хүлээж авбал сайн.
-“Өнөөгийн нийгэм худал хуурмаг зүйл, дүр эсгэгчдээр дүүрэн учраас шог зураачдад сэдэв мундахгүй” гэж нэгэн уран бүтээлч хэлсэн байдаг. Та бүтээлийнхээ сэдэв, санааг хэрхэн олдог вэ?
-Нүдэнд харагдаж, чихэнд сонсогдож, сэтгэлд мэдрэгдэж буй зүйлсийг л бид зурдаг. Тийм болохоор бидний бүтээл хүмүүст ном шиг уншигддаг хэрэг. Сэдэв мундахгүй гэдэгтэй санал нийлнэ. Харин түүнийг олж харах нүд хүн бүрт заяадаггүй.
Сошиал ертөнц дэх хүмүүсийн хандлага ч шог зураг шиг болж байна. Тэд аливаа зүйлсийн алдаа дутагдлыг шүүмжилж, бухимдахын оронд нөхөрсгөөр шоглоод дөнгөчихөж байна.
-Шог зураачдад авьяас, мэдрэмжээс гадна өөр ямар чадвар байх ёстой бол?
-Монголын шог зураачдын нэртэй төлөөлөгчдийн нэг Ц.Доржготов гуай “Шог зураач оюуны маш өндөр чадамжтай байх ёстой” гэж хэлсэн байдаг. Бид санаанд орсноо сараачдаггүй, хүмүүст юу хэлэхээ бодож, бясалгадаг учраас ухаан шаарддаг. Тэгэхээр шог зураачдад авьяас, мэдрэмж, ур дүй, ухаан хамгийн чухал.
-Манай уран бүтээлчид сүүлийн үед хамтарсан үзэсгэлэн дэлгэх нь олширсон. Таны хувьд бусадтай хамтарч ажиллах, үзэсгэлэн гаргах бодол бий юү?
-Монголын шог зураачид хамтарч нэгдсэн үзэсгэлэн гаргавал сайхан. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нд ийм арга хэмжээ зохион байгуулбал би гараа өргөөд л оролцоно.
-Сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх ном гаргасан гэж дуулсан. Энэ тухай ярихгүй юү?
-Хүүгээ хөгжүүлэхийн тулд сүүлийн дөрвөн жилийн турш янз бүрийн ном, сэтгүүлтэй танилцсан. Хүүхдийн баруун, зүүн тархийг хэрхэн хөгжүүлж, анхаарал төвлөрөлтийг сайжруулах талаар судлахдаа энэ чиглэлээр ном бичихээр шийдсэн юм.
Уншиж судалж, мэдсэн бүхэндээ үндэслээд бичсэн болохоор “Мангаа” цуврал ном сургуулийн өмнөх насны жаалуудад хэрэгтэй болов уу гэж бодож байна. Үзэг, харандаагаа хэрхэн зөв барихаас эхлээд олон чухал чадвар эзэмшүүлэх дасгал энэ номонд багтсан.