Наймдугаар сарын 4-нд Америкийн алдарт жааз хөгжимчин, гоцлол дуучин, бүрээч Луи Армстронгийн 115 насны ойг тэмдэглэлээ. 1960-аад онд тэрбээр Африк гаралтай Америкийн хамгийн нөлөө бүхий бөгөөд анхны алдарт дуучинд тооцогддог байв. 69 наслахдаа Армстронг олон зүйлийг өөрчилж чаджээ. Тэрбээр дэлхийн хөгжим, Америкийн соёл, бүр хар арьстны эрхэнд халдах хандлагад нөлөөлсөн байна. Залуу Армстронг өргөст торны цаана суугаагүй бол бид өнөөдөр түүний дууг сонсооч бил үү, хэн мэдлээ. Ингээд ядуу гэр бүлээс гаралтай залуу ХХ зууны домог болохын тулд ямар зам туулсныг өгүүлье.
ХАР БООЛУУДЫН АЧ ХҮҮ
Армстронг төрсөн өдрөө мэддэггүй бөгөөд шинэ зууны эхлэл, АНУ-ын тусгаар тогтносон өдөр болох 1900 оны долдугаар сарын 4-нийг төрсөн өдрөөрөө сонгосон байдаг. Жил бүрийн чухамхүү энэ өдөр тэрбээр мэндчилгээ хүлээн авдаг байв. Харин таалал төгссөнийх нь дараа түүний баримт бичиг олдож, 1901 оны наймдугаар сарын 4-нд мэндэлсэн нь тодорхой болжээ.
Жирийн хар боолуудын ач хүү, ирээдүйн хөгжимчин маань АНУ-ын “тулааны талбар” гэгддэг Шинэ Орлеаны ядуусын хороололд өсчээ. “Энэ л газрыг хотын танхайчууд хутга мэс, буу шийдэмгүйгээр болдоггүй зодооноо хийхээр сонгодог байж билээ” хэмээн тэрбээр дурссан байдаг.
Дийлэнх хөршүүдийн нэгэн адил Армстронг эцэггүй өссөн. Эх нь хоёр хүүхдээ тэжээхийн тулд угаагч хийж, биеэ үнэлдэг байсан ч халамжит гэж тодорхойломгүй гэнэ. Учир нь хамаатнууддаа хүүхдүүдээ хаячихаад хэдэн өдрөөр зугаалаад алга болох нь энүүхэнд нэгэн байжээ.
Хүү өсөж, талхны мөнгөө олохын тулд ажиллах хэрэгтэй болсноор сонин түгээх, гудамжинд дуулах, нүүрс ачихаас гадна еврей айлд үйлчилдэг байв. Оросоос дүрвэгч Карновскигийн гэр бүл хар арьст хүүд сайн хандаж, түүнд анхны бүрээг нь бэлэглэсэн гэдэг. Тэр хөгжмөөр агуу хөгжимчин маань өөрөө тоглож сурчээ.
ӨРГӨСТ ТОРОН ДАХЬ ХӨГЖИМ
Үүнд итгэхэд үнэхээр бэрх боловч Армстронгийн амьдралыг сайн тал руу эргүүлсэн, хөгжмийн жинхэнэ сургууль нь өнгөт арьст хүүхдүүдийг засан хүмүүжүүлэх газар байв. 12 настай хүү дэггүйтсэний учир 1.5 жил торны цаана суужээ. 1913 оны шинэ жилийг тэмдэглэхдээ тэрбээр эхийнхээ нэг амрагийн бууг авч, агаарт хий буудаж орхисон гэнэ. “Тэр буудлага миний карьерын эхлэл болсон. Надад “том боломж”-ийг өгсөн” гэж хожим нь хөгжимчин дурссан байдаг.
Мансууруулах бодис наймаалагч, биеэ үнэлэгчдийн дүүргийн “аюултай” хар хүү цагдаагийн хорих газрын хаалга татаж, хөгжмөөр нухацтай хичээллээгүй бол түүнтэй юу ч тохиолдоо билээ. Засан хүмүүжүүлэх газрын сургуулийн чуулгын удирдаач болох хүн хөгжмийн анхны хичээлийг нь өгснөөр Луи 13 настай суллагдахдаа хөгжимчин болно гэсэн хүсэлтэй гарчээ.
Хөгжимтэй холбоотой анхны ажлаа Хенри Понсын клубт хийсэн гэнэ. Өдөр нь тус клубт нүүрс зөөж, шөнө нь жааз хөгжим тоглодог байв. Хар арьст хүүг аажмаар хотуудын баярын жагсаалд тоглохыг урьж, дараа нь Миссисипи мөрнөөр аялдаг уурын усан онгоцон дээр тоглодог болжээ.
Удалгүй хотын шилдэг бүрээч Кинг Оливертой танилцсанаар авьяаслаг залууг далбаан дороо авсан байна. Оливерыг Чикаго руу явахад Армстронг оркестрт нь түүний байрыг эзэлжээ.
ШИНЭ ОРЛЕАНЫ СУУТАН
Армстронгийн хөгжмийн карьер эрчимтэй өсөн дэвжиж, 1920-иод онд хотынхоо хөгжмийн ертөнцийн алдартан болсон байв. Хүмүүсийн сайн мэдэх домогт өгүүлдгээр жааз хөгжим Армстронгийн эх орон Шинэ Орлеанд бий болжээ. Энэ хотод дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн далайчид болох негр, креол, еврей, франц хүмүүс хаяа дэрлэн амьдарч, тэдний хөгжмөөс цоо шинэ жааз гэдэг урсгал үүссэн гэдэг.
Америкт ХХ зууны 20-иод он жаазын зуун болж, уг хөгжмийн нийслэл нь аажмаар Чикаго руу шилжжээ. Хар арьст олон хөгжимчин өмнөдөөс умард руу мөнгө олох найдвар өвөртлөн ирж байлаа. Тэдний дунд хоёр удаа гэрлэсэн Армстронг байв. Хоёр дахь эхнэр Лил Хардины дурсан ярьснаар тэр үед Армстронг өрөвдөлтэй нэгэн байсан бөгөөд “Яагаад ч юм багадсан хувцастай, бүдүүн гэдсэн дээрээ зохимжгүй зангиа зүүдэг. 100 давсан кг жинтэй түүнийг хөгжимчид “жижиг” Луи гэдэг байжээ”. Гаднаас нь харахад “дур булаам” биш ч Армстронг үзэгч, тайзыг маш түргэн өөрийн болгодог, гарамгай хөгжимчин байсныг Лил нотолдог. Нөхрийнхөө гадаад үзэмжид тэрбээр санаа тавьж, од болоход хялбар Нью-Йорк руу явахыг ятгажээ.
Хар арьст уран бүтээлч олон нийтэд хүлээн зөвшөөрөгдтөлөө удсан бөгөөд радио станцууд хүртэл эфирийн цагаа хязгаарладаг байв. Гэсэн ч Армстронгод Нью-Йоркийг эзэмдэхэд ердөө нэг жилийн хугацаа л шаардагджээ. Үзэгчид, хэвлэлийнхэн болон бусад хөгжимчин авьяаслаг залууд дурласан байна. “Түүний тоглохыг бид биширдэг.
Би яг түүн шиг алхаж, ярьж, бүр түүн шиг идэж, унтахыг хичээдэг. Луигийн өмсдөг шиг цагдаагийн том гутал худалдан авч, түүнийг харах гэж гэрийнх нь ойролцоо хэдэн цагаар эргэлддэг байлаа” гэж нэгэн хөгжимчин дурсчээ. Харин Армстронг өөрийгөө Шинэ Орлеаны жирийн залуу гэдгээ нэг минут ч марталгүй, гуйсан хүн бүрт мөнгө өгч тусалдаг байв. Бүр концертын дараа түүнээс мөнгө авах гэсэн таних, танихгүй хүмүүс урт дараалал үүсгэн зогсдог байжээ. “Намайг шоолох нэг нь шоолж л байг. Ядарсан хүмүүст жаахан мөнгө өгч яагаад болохгүй билээ?” гэж тэрбээр өөрийгөө зөвтгөдөг байв.
Арьсны өнгө хөгжим тоглоход гол үүрэг гүйцэтгэдэггүйг Армстронг өөрийн амьдралаар нотолжээ. Холливудэд тоглож, радио бичлэг хийлгэж, асар олон пянз гаргаж, саятан болох мөрөөдлөө тэрбээр биелүүлсэн аж.
Түүний бүрээний хосгүй дуугаралт гоц авьяастай-бие даан суралцагч энэ эрхмийн хөгжмөө тоглохдоо уруул, хэлээ буруу байрлуулдагтай холбоотой гэж олон хүн үздэг байна. “Алдаа” нь өндөр нот авч, цэвэр дуу гаргах боломж олгодог ч үүнийхээ төлөө тэрбээр өдөр бүр өвдөлт мэдэрдэг байжээ. Бүрээний хошууг хэт их дарсны улмаас дээд уруул нь гэмтсэн гэнэ.
1959 онд зүрхний шигдээс тусаж, эмч нар сэрэмжлүүлсээр атал алдарт хөгжимчин концертоо таслаагүй байна. 12 жилийн турш тайзнаасаа буулгүй бүх тивээр аялан тоглож, хамгийн этгээд сонин орнуудад очиж үзжээ. Концертын амралтгүй хуваарь, цагийн зөрүү болоод маш бага цаг унтдаг Армстронг эрүүл мэнддээ санаа зовохгүй, жааз хөгжим тоглож байхдаа л жаргалтай байв. “Бүрээгээ тоглохоор өргөхөд л бүгд ард хоцордог. Орчноо мэдрэхээ больдог. Сая доллар, медаль хүсэхгүй. Энэ бүрээгээр л амьдарч байна” хэмээн тэрбээр ярьсан байдаг.
Амьдралын сүүлийн жилүүдэд эрүүл мэнд нь муудаж, эмч нар аль нэг концертыг сүүлчийнх болох вий хэмээн сэрэмжлүүлж байжээ. “Энэ (зөвлөмж) миний санааг огт зовоохгүй байна. Бүрээ үлээхийн тулд би амьдарч байгаа. Зүрх сэтгэл минь үүнийг л шаардаж, үзэгчид намайг хүлээж байна. Би тайзан дээр л гарах ёстой” гэж шаргуу хөгжимчин хэлж байв.
Түүний сүүлчийн хит болох, өнөөдрийн сонсогч бүрийн сайн мэдэх дуу бол “What a wonderful world” (“Энэ дэлхий ямар сайхан юм бэ”). Энэ бол гай зовлонгоос гадна энэ дэлхийд хангалттай сайхан зүйлс байдаг гэсэн өөдрөг сэтгэлийн сүлд дуулал болсон бүтээл юм.
1971 онд зүрхний ээлжит шигдээс Армстронгийг эмнэлэгт хэвтүүлжээ. Биеэ жаахан дээрдмэгц тэрбээр оркестроо бэлтгэл хийхээр цуглахыг хүссэн гэдэг. Гэвч дараа өдөр нь буюу 1971 оны долдугаар сарын 6-нд насан эцэслэв. Зүрхний дутагдал нь түүний бөөрийг ажиллагаагүй болгожээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Никсон алдарт жааз хөгжимчнийг амьсгал хураасныг мэдээд, “Армстронг Америкийн урлагийг бүтээгчдийн нэг байв” хэмээн мэдэгдсэн гэдэг. Үнэхээр түүний оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй. Хөгжмийн маш олон чиглэлийн уран бүтээлчид тэрбээр нөлөөлжээ. Хар арьст хүү даян дэлхийг эзэмдэж, өнөөг хүртэл түүний нэр “жааз” гэдэг үгтэй ижил утга илэрхийлж буй.