Монгол судлалынхны дунд Цээсоо багш хэмээн хүндлэгддэг Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д. Цэрэнсодномыг “Хоймор”-тоо заллаа. Монгол уран зохиол, Монголын бурхны шашны уран зохиол, “Монголын нууц товчоо” судлалаар олон ном туурвиж, ардын аман зохиол, зан заншил, соёлыг хойч үедээ өвлүүлэн, дэлхий нийтэд танилцуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан түүний бүтээлүүдийн нэрийг жагсаавал сонины нэг нүүр ч багадмаар. 2007 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн болоход нь ёслолын дараа нэгэн эмэгтэй цолныхоо үнэмлэхийг үзүүлэхийг хүсчээ. Тэрбээр гайхасхийн үнэмлэхээ дэлгэн тухтайхан үзтэл “Хөдөлмөрийн баатар цол олгосугай” хэмээн бичсэн байж. Үнэмлэхийг өнөөх бүсгүйд буцаан өгөх үед хамт байсан академич Б.Чадраа “Ганбанз пад. Хүүхдэд өгөөд явуулчихсан гэхгүй дээ” хэмээн хошигносон гэдэг. Энэ бэлгэшээлт үйл явдал бодитоор биелэхийн ерөөл тавихын ялдамд, түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Та эмээ, өвөөгийнхөө гар дээр өссөн байх аа. Аав, ээжийнхээ тухай ярихгүй юу?
-Намайг төрдөг жил эцэг минь цэрэгт мордсон юм. Тухайн үед нэгэнт цэргийн албанд татагдсан хүн тав, зургаан жилийн дараа халагддаг, заримдаа хугацаагүй явдаг байсан гэдэг. Аавыг ирээ ч үү, үгүй ч үү гээд эхийг минь өөр хүнд богтолсон юм билээ. Нагац аав минь одоогийн Сүхбаатар аймгийн Халзан сум буюу Дарьгангын хошуунд хурдан морь уралдуулдаг, үлгэр тууль ярьдаг, мод төмрийн дарх хийдэг нутагтаа нэртэй С.Далантай гэж хүн байлаа.
Өвлийн шөнийн уртад бэнсний үлгэр, тууж ярьж, тууль хайлдаг сан. Би улаан үнээний сүүлнээс гадна үлгэр домгоор угжуулж, нагац аавын гар дээр хүн болсон юм. Аавыг гурван жилийн дараа цэргээс халагдаад ирэхэд дотно танилцсан бүсгүй нь хүнийх болсон байсан учир өөр эмэгтэйтэй гэрлэсэн. Суусан эхнэрээс нь хүүхэд гараагүй.
Би ганц хүү нь болохоор ч тэр үү, нас ахисан хойноо намайг их анхаарсан. Гавьтай боловсрол эзэмшээгүй ч сум, нэгдэл, сангийн аж ахуйн даргаар 50 гаруй жил ажилласан хүн байлаа. Ээжийг төрхөмдөө айлчилж ирэхэд нь нагац аав надаас “Энэ хэн бэ” гэж асуухад “Хол ажаа” (хол байдаг эгч) гэж хариулдаг байсан гэдэг. Бүр хожим ээжтэйгээ ойртож, дотноссон доо.
-Та яагаад судлаач болсон бэ. Эйнштейн “Шинжлэх ухаанч болохыг хүсэгчдэд зогсолтгүй хөдөлмөрлөхийг л зөвлөх байна. Тэгж гэмээнэ авьяас билгийн тэнгэр ивээгээгүй байсан ч зорьсондоо хүрэх боломж бий” гэсэн удаатай. Та үүнтэй хэр санал нийлэх вэ?
-Манай Ц.Дамдинсүрэн багш уран зохиолч учир үүнтэй их төстэй хошин маягийн үг хэлсэн байдаг. “Шинжлэх ухаанд зүтгэх хүнд хавтгай бөгс хэрэгтэй” гэсэн нь алсуураа Эйнштейний хэлсэнтэй санаа нийлж байгаа юм. Миний бодлоор хүн ямар ч мэргэжилтэй бай тогтмол ажиллах хэрэгтэй. Зорьж буй ажилдаа өдөрт байнгын хоёр цаг зарцуулаад байвал хэзээ нэгэн цагт амжилт гаргана.
Нэг өдөр нь ажиллаад маргааш нь амарч болохгүй. Гэхдээ мэдээжийн хэрэг авьяас билиг амжилтын үндэс. Богд Зонхов тэргүүтэй дорно дахины мэргэд “Ном заахын тулд савыг нь хар” гэдэг байсан. Цоорхой саванд юм хийвэл тогтохгүй. Сав бохир бол хийсэн зүйлийг гашилгана. Хамгийн гол нь сав цэвэрхэн, эрдэм хүлээн авахад бэлэн байх ёстой.
-Таны сав “цэвэрхэн” байсныг анх хэн олж, мэдсэн бэ?
-Надад юм хийх жаахан сонирхол, авьяас, ажлын дөр байсан бол тэрийг олж харсан хүн нь Ц.Дамдинсүрэн багш. Миний оюутан байхдаа гаргасан “Хүрэлбаатар хүү”, “Их Жүнхэн” хатан номыг Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн багш нар редакторласан. Ц.Дамдинсүрэн багш Хэл зохиолын хүрээлэнгийн захирал байхдаа намайг сургуулиа төгсөхөд шууд эрдэм шинжилгээний дэд ажилтнаар авсан.
Туслах, дадлагажигч гэх албан тушаалыг алгасуулж, итгэл, хариуцлага хүлээлгэсэн хэрэг. Үүнээс хойш 60 гаруй жил энэ хүрээлэнд ажиллаж байна. Ямар ч байсан ургамал тарихад усалгаа, тордлого хэрэгтэй гэж би боддог. Хөрөнгөтөн оронд манайхан хөл тавих нь цөөхөн байхад Ц.Дамдинсүрэн багш ховор, чухал номыг хоёр, гурван хувь авчирч, шавь нартаа дурсгадаг байсан. (Би одоо тэр бүр тэгж чадахгүй л байгаа юм.)
Багш Германаас ирэхдээ Турфаны цуглуулгын тухай ном надад өгсөн. Тэр номондоо монгол бичгээр “Оюутан, оюунтан Цэрэнсодномд дурсгав” гэж бичжээ. Нэг үг андуураад давтаад биччихэж гэж бодоод лавлатал “Зориуд тэгсэн юм. Орос хэлний студент гэдгийг манайх оюутан гэж орчуулсан. Аспирантыг оюунтан гэж хэвшүүлээсэй. Чамайг аспирант болоосой гэж хүсэж байгаа юм шүү” гэж билээ. Сайн үг сарын хүнс. Муу үг тэр өдрийн тээр гэдэг. Манай багш нар болон томчуудын хэлсэн сайн үг сараар барахгүй, насны хүнс болж явна даа.
-60 жил нэг байгууллагадаа “алба хаасан” гэлээ. Өөр газар ажиллаж үздэг байж гэж хожим бодсон уу?
-Ийш, тийш томилогдоогүйгээ харин ч азтай хэрэг гэж боддог. МАХН-д гишүүнээр элсээгүй, хуучин уран зохиол судалдаг, Ринчен, Дамдинсүрэнгийн нөлөө орсон, үзэл суртлын хувьд тийм ч туйлбартай хүн биш гэж социализмын үед намайг дүгнэдэг байсан болохоор нэг газраа тогтвор суурьшилтай ажиллаж, юмаа хийх бололцоо бүрдсэн юм.
Надтай хамт ажиллаж байсан олон чадалтай залуучуудыг өндөр албанд томилсон шүү дээ. Тухайлбал, Сономын Лувсанванданг дэвшүүлээд сайд, Дожоогийн Цэдэвийг Монголын зохиолчдын хорооны дарга болгосон.
Ц.Дамдинсүрэн багш эрдэм шинжилгээний ажилдаа зориулах гэж цагаа их хайрлана. Дарга, даамлын ажилд үнэн голоосоо дургүй. Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга байхад нь “Үнэн” сонины тэргүүн нүүрний өгүүлэл бичих даалгавар иржээ. Саналыг дуртайяа хүлээж аваад “Нөхөр Ц.Дамдинсүрэн Шинжлэх ухааны хүрээлэнг олигтой удирдаж чадахгүй байна” гэж өөрийгөө шүүмжилж бичсэн.
“Үнэн” сонины тэргүүний өгүүлэлд шүүмжлүүлсэн хүн албан тушаалаасаа автоматаар халагддаг. Да багш “Халагдлаа гээд баярласан чинь Монголын зохиолчдын хорооны даргаар тавьчихдаг байгаа. Арай эрт баярласан байна” гэж билээ. Хоёр жилийн дараа өргөдөл өгч ажлаасаа чөлөөлөгдөөд МУИС-д багшилж, жаахан завтай болсон доо.
Ц.Дамдинсүрэн багшийг Хэл зохиолын хүрээлэнгийн захирал байхад хуучин юмыг хэтэрхий их судалж байна гэсэн жиг жуг яриа гарсан. Гэтэл нэг хүн гэрт нь халамцуу очоод “Чи залуучуудыг олигтой дэмжихгүй байна” гэсэн маягтай үг чулуудаж л дээ. Ц.Дамдинсүрэн гуай “Чи надад агсамнаад нэмэргүй ээ. Цаад өрөөнд унтаж байгаа орос авгай сэрээд сэргийлэхэд өгчихвөл чи л хохирно. Үнэхээр намайг ажлаас халуулмаар байвал сайхан арга зааж өгье.
“Нөхөр Ц.Дамдинсүрэн бол залуучуудыг дэмжиж, боловсон хүчин хүмүүжүүлдэггүй, шинэ цагийн юм судалдаггүй, хүрээлэнд хоёр лам ажиллуулж байна гэж бичээд Намын төв хороонд өргөдөл өгчих” гэжээ. Өнөө эр ч хэлсэн ёсоор болгож, түүний дагуу шалгалтын комисс ирж, захирлын албанаас халсан гэдэг.
Одоо сонсоход инээдэмтэй байгаа биз. Социализмыг хүн л дампууруулсан шүү дээ. Нийгмийг нийгэм өөрөө биш, түүнийг байгуулж буй улс дампууруулдаг. Одоо капитализмыг бас дампууруулж байна.
-Хоёр багшийнхаа тухай тэр бүр ярьдаггүй сайхан дурсамжаас хуваалцахгүй юу?
-1965 онд хээрийн шинжилгээний ангийнхантай хоёр сар хөдөөгүүр явж, заримдаа бараг л Ринчен гуайн өвөрт унтана. Хөдөөгийн айлд ороход Рэ багш шиг номхон томоотой хүн байхгүй. Харин сум, аймгийн төвд очихоороо ааль нь ширүүснэ дээ. Бид Увсын хязгаарт ачааны болон суудлын тэрэгтэй явсан юм.
Ачааны машиныхаа ард ховор, чухал ном цуглуулна. Ховд аймгийн төвд шөнө ачааны машин түрүүлж ирээд зочид буудлын өмнө зогслоо. Ажлын гутал, хөвөнтэй цамц, өмдтэй явсан би “Буудалд өрөө авъя” гэхэд жижүүр бүсгүй “Байхгүй ээ, байхгүй. Жолооч нарын байранд очиж хоно” гэсэн. Ринчен гуай учрыг сонсоод “Аймгийн дарга Хавдалынд очъё” гэж байна. Ийн эрэл, сурал болж тэднийд очоод багш “Бид Шинжлэх ухааны хүрээлэнгээс явж байна. Танай буудалд зай байхгүй гэнэ. Танай гэрт зай бий юү” гэсэн. Өнөө дарга ч сүйд майд болж, буудлынхан руу утас цохисон.
Багшийн амнаас гарсан үг бүр насан туршид мартагддаггүй. Замдаа нэгэн сумын гуанзанд хоол идтэл жигтэйхэн шорвог байсан. Өлсөж явсан болохоор хоолноосоо нэг үмхээд цайнаасаа оочоод л арай гэж дуусгалаа. Гарч ирээд “Багш аа, давс нь чангадсан хоол байна. Тийм ээ” гэхэд “Харин тийм ээ. Энэ насандаа байтугай ирэх насандаа илжирхээргүй боллоо” гэж билээ.
Б.Ринчен, Ц.Дамдинсүрэнг хоорондоо зөрчилтэй, биенээ дарах маягтай байсан гэж хүмүүс ярьдаг. Миний ажигласнаар тэд биенээ хурцалж, өсгөж байсан. Дээд газраас, энд тэндээс нэг рүү нь дайрахад нөгөөх нь өмгөөлдгийг хоёр, гурван удаа ажигласан. “Үнэн” сонинд Б.Ринчен гуай руу дайрч, “Цагаачийг цагаа хатгана. Цагаан морийг ногоо хатгана” гарчигтай нийтлэл гарахад Ц.Дамдинсүрэн багш “Үнэн” сонин гэдэг үндэсний үзэлтнүүдийн тулалдааны талбар болж байна уу” гэж өчих мэх хийсэн.
Иргэнээ цагаач гэж хэлсэн нь дээд зэргийн үндэсний үзэл гаргаж байгаа хэрэг. Үүнийг бичсэн хүн, Ринчен багш хоёул үндэсний үзэлтэй юм бол “Үнэн” сонин иргэдээ хооронд нь тулалдуулж байна гэсэн санааг айхтар гаргаж байгаа биз.
-Насны нар жаргахаас өмнө амжихын төлөө шинжлэх ухаанд яардаг юм шүү гэж танд Ринчен гуай захисан гэдэг. Түүний захиасыг хэр биелүүлж байна вэ?
-Хээрийн шинжилгээний ажлаар Говь-Алтайн Шарга сумын нутагт явахад “Цэрэнсодном оо, тээр тэнд Тээхийн буудал байна. Оройн нарыг жаргахаас өмнө тэнд очих гэж бид яарч давхиж байна” гэхэд нь “Тийм байна аа” гэлээ.
“Хазгай муруй хэлснийг минь шүүмжилдэг багш минь юу гэх гээд байгаа юм бол доо” гэж дотроо бодож явтал “За хүү минь, өнөөдөр чи бид хоёрын маргаан дууссан. Оройн нарыг жаргахаас өмнө тээхийн буудалд очих гэж яарч яваа шиг насны нарыг жаргахаас өмнө шинжлэх ухаанд яардаг юм шүү” гэж билээ. Түүнээс хойш 51 жил энэ үг сэтгэлд уяатай явна. Ямар нэг хэмжээгээр надад ташуур болсон байх.
-Тэгээд төлөвлөснөө хийж амжиж байна уу?
-Яаралтай хийх ёстой зарим зүйл дараалал дайраад байх юм. Монголын бурхны шашны уран зохиолын хоёр шастир гаргалаа. Гурав дахийг нь хэвлүүлэх гэсээр найм орчим жил болчихлоо. Туслахаараа компьютерт нэлээд хэсгийг нь шивүүлсэн. Гэхдээ санаанд хүртэл боловсруулж чадаагүй байгаа. Урдуур нь өөр ажил гарч ирээд л байна.
Бид “Эх хэл, бичиг” сэтгүүл улиралд дөрвөн дугаар гаргадаг. Тэр сэтгүүл надаас их цаг хумслах жишээтэй. Зөв төлөвлөлт гэдэг ажлын 60 хувьтай тэнцдэг гэдэг. Хийхээр төлөвлөсөн юм их байна. Бурхнаас хэдэн жилийн нас хайрлавал сэтгэлдээ тээж яваа, ард түмэнд хэрэгтэй гэснээ аялуулахыг л бодно. “Монголын бурхны шашны уран зохиол” номын тэргүүн дэвтрийнхээ оршилд “Багш нарынхаа хэлж болоогүй, хийж амжаагүй ажлын нэгээхэн хэсгийг ч гэсэн биелүүлэхийн төлөө тахимдуу сэтгэлээр зүтгэж байна” гэж бичсэн.
Дээхнэ үед Чингис, шашны тухай ном бичих байтугай хамаагүй ярьж ч чадахгүй байлаа. Ямартай ч “Монголын нууц товчоо”-ны шинэ эхийг боловсруулж, эрдэм шинжилгээнийх нь орчуулгыг гаргалаа. Чоймаа, Төмөртогоо, Дашцэдэн тэргүүтэй хэд хэдэн хүнтэй хамтран “Монголын нууц товчоо”-гоо Төрийн ордонд залж, олон түмэнд үндсэн эхээс нь нэг их холдуулахгүйгээр хүргэж чадлаа. Ийм зүйл хийх юм сан гэж багш нар минь бодож явсан байх.
Тэднийхээ ачийг жаахан ч гэсэн хариуллаа гэж бодож байна. Тэд шашны уран зохиолыг “Эрдэм шинжилгээний хэрэгцээнд зориулав” зэрэг тайлбартайгаар л хэвлүүлж байж. Үүлэн чөлөөний нар шиг ийм бололцоотой үеийг судалгааны ажил хийж байгаа хүмүүс, зохиолчид сайн ашиглаасай гэж боддог. Гал ус, улс нийгмийн аюул болохгүй гэхийн баталгаа байхгүй шүү дээ.
-Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, агсан Н.Содном гуай дээхнэ үед өгсөн ярилцлагадаа “Цол хамгаалснаар эрдэмтэн болдоггүй” гэсэн байна лээ. Таны бодлоор эрдэмтэн гэж хэнийг хэлэх вэ. Хэзээнээс өөрийгөө эрдэмтэн болсон гэж тоож эхэлсэн бэ?
-Өөрийгөө одоо ч гэсэн эрдэмтэн гэж боддоггүй. Ш.Гаадамба багш “Эрдэмтэн болно гэдэг гайгүй юм шиг байна лээ, хөөцөлдөөд байвал. Хамгийн гол нь эрдэмтэй болно гэдэг л жаахан хэцүү юм шиг байна” гэсэн удаатай. Шалгалт өгч, диссертац бичээд, багш нараар гарын үсэг зуруулах гээд хөөцөлдөөд байвал “Үүнээс бушуухан салъя” гээд оюутнуудын ёсоор болгож буй жишээ олон байгаа нь нууц биш. Байгууллага, удирдлагаа, ер нь хэнийг ч хуурч болно. Эцсийн эцэст өөрийгөө л хуурмааргүй байна.
Би эрдмийн зэрэг, цол хамгаалах хуралд оролцохоо больсон. Харсаар байгаад унагаах хэцүү байдаг. “Багш аа, би цол хамгаалах гэж байгаа юм аа” гээд хөл муутай намайг гэрээс унаагаар ирээд авна. Зам зууртаа ийм, тийм шалтаг, зовлон өчнөөн юм ярина. Би хурлын үеэр төрөл арилжсан юм шиг хатуурхаж болмооргүй байдаг. Тэгээд улсын жишгийг харсхийнэ. Энэ их зовлонтой. Монгол цөөн хүн амтай болохоор аягүй бол нэг оюутны хамаатан болж таардаг. Ингэсээр бид өнгөлөн далдалж, нэгнийхээ нүдийг хуурсаар буйгаас болж улсын олон ажил чанар муутай, цалгардуу үргэлжилж байна даа.
Манай бүх шатанд цэгцтэй бодлого дутагдаж байна. Монголчууд Хүннүгийн үеэс баримталж ирсэн, улс төрийн нэг чухал бодлого бол хатууд хатуу, зөөлөнд зөөлөн хандах. Манайд одоо яг эсрэгээр нь үйлчилж байна. Хулгай дээрэм хийж, хүний амь хөнөөсөн хүнд Чингис хаан болон түүний өмнөх үеийнхэн өршөөлгүй хандаж байсан бол одоо бөөсөнд хутга бөлдгөнд жад гэдэг шиг болсон нь бодлого байхгүйн тод жишээ.
-“Монголын нууц товчоо”-ноос өөр сударт байдаг, Чингис хаан, монголчуудтай холбоотой таны анхаарлыг татдаг үйл явдал, зүйл байдаг уу?
“Монголын нууц товчоо”-г “Игорын хорооны тууж”, Рашид Ад Дины “Судрын чуулган” зэрэг үе тэнгийн зохиолтой нь харьцуулбал уран зохиол, зүйр цэцэн үг, түүх, сургаалаар илүү баялаг. Бидний тооцоолсноор 1400 мөр шүлэг бий. Одоогийнх шиг сургаал, зүйр цэцэн үг зэргээр ангилж салгаагүй, нийллэг байсан үеийн бүтээл учир тэр шинж чанараа хадгалж байгаа юм.
“Монголын нууц товчоо”-ны зарим зүйлтэй ойролцоодуу зүйл түрэг, перс хэлээр гарч байна. Рашид Ад Дины бичсэн “Судрын чуулган” болон “Монголын нууц товчоо” биенийхээ дутууг нөхдөг. Зүчи, Цагаадай зэрэг хаад өөрсдийнхөө түүхийг бичүүлсэн судрууд байж магадгүй.
Чингис хааны үр садын түүхтэй холбоотой перс, казах хэлээр бичсэн баримт ч гарч байна. Лалын ертөнц болох Самарканд, Бухар хавийн газрыг монголчууд эзэлж, араб, персчүүдэд эзэн суухдаа тэдний соёлд ууссан. Нэг мэдэх нь ээ алчуур зангидаж, өөртөө Моххамед нэр өгч, монгол хэлгүй болсон гашуун түүх бий.
Тэд түүхээ бичих гэхээр нэгэнт оройтсон учир, персээр бичсэн байх. Нарийн үзвэл Монголын түүхтэй холбоотой, персээр бичсэн сурвалж бичгүүд олдох горьдлого бий. Уг нь шинжлэх ухааныхаа бодлогыг тийш чиглүүлэх хэрэгтэй байгаа ч тийм хараатай, цараатай ажил хийж чадахгүй л байна.
-Шинэ Засгийн газар шинжлэх ухаанд чиглэсэн ямар дорвитой ажил хийгээсэй гэж хүсэж байна вэ?
-МАН “Ард түмний итгэлийг зүтгэлээр хариулна” гэсэн. Тэр үгэндээ дээд, доод албан тушаалтнууд нь бүгд эзэн болоосой. Ам, ажил нь алхам тутамдаа зөрвөл ард түмний дургүй аяндаа хүрдэг. Шинжлэх ухааны ололтыг хослуулж байж урагшлахгүй бол болохоо байсан цаг иржээ.
Хүн хэрээрээ, тэмээ тэнгээрээ гэдэг. Бид ч гэсэн хэр чадлаараа зүтгэх ёстой. Бодмоор асуудал их бий. Саяхан хонины нэхий 200 төгрөгт хүрч, малчид хэдхэн цаасны төлөө сумын төв рүү зүглэлгүй түүхий эдээ хаяж буйг устгасан тухай мэдээлэл уншсан. Энэ бол газарт мөнгө булсантай адил хэрэг.
Улс Химийн хүрээлэнтэй нийлээд үүгээр мөнгө босгох нөөц бий. Дагвадорж аварга япончуудтай хамтарч Гүүний эхэс боловсруулах үйлдвэр байгуулж, нэг ч төгрөгийн үнэгүй байсан адууны хагийг (эхэс) 25-30 мянган төгрөгт хүргэлээ. Монголд хэрэгжүүлчихээр ийм санаа өдий төдий бий.
-Та хээрийн шинжилгээ хийж, Монгол орноороо их аялсан байх. Сонин, содон зүйлтэй учирч байв уу?
-Увс, Ховдын хязгаар руу хамгийн олон удаа явсан. Нэг удаа Ринчен багшийн даалгавраар дөрвөдийн гэр бүрлэгийн (шинэ гэр барих) найранд очиж, шөнөжин дуу хураагчтаа тэдний дуулахыг бичсэн. Уи, уи, уи гээд л дөрвөдүүд бүх дуугаа нэг аяар дуулж байгаа юм шиг санагдаж байсан. Олон жилийн дараа бодох нь ээ, би хөгжмийн боловсролгүй учир нюансыг нь ялгаж чадаагүй аж.
Хятадууд эртний Хүннүгийн үеийн дууг чоно ульж байгаа юм шиг аятай гэдэг. Яг л тэр байсан юм билээ. Эртний дууны ая, аялгууг хадгалсан үнэтэй зүйл гэдгийг залуудаа ойлгоогүй явж. Түүнээс биш, санамсаргүйгээр элдвийн сонин содон зүйл тохиолдож байгаагүй санагдана. Газарзүйч Намнандорж гуай нэг удаа утас цохиод “Цэрэнсодном оо, “Монголын нууц товчоо”-нд гардаг Дува сохор шиг ганц нүдний оромтой гавлын яс Өмнөговиос олдлоо” гэж билээ.
-Хэдэн жилийн өмнө Улаанбаатар хотын нийтийн номын санд уншигч хүүхдүүдэд илтгэл тавих үеэрээ та “Монголчууд идэр гэдэг үгийг буруу хэрэглэдэг болжээ. Уг нь 40 гаруй насны хүнийг идэр гэдэг” хэмээн ярьсан. Үүнээс өөр буруу хэрэглэж хэвшсэн үгийг залруулж хэлнэ үү?
-Хамгийн наад зах нь хүний овог, нэрийг буруу дуудаж байна. Радио, телевизийнхэн, энд тэндхийн арга хэмжээ хөтөлж буй хүмүүс зөв дуудах ёсонд суралцмаар байна. Оросуудыг дуурайгаад л эр (Р.)Гончигдорж, эм (М.)Энхболд гэж хэлэхээр утга нь өөрчлөгдөөд байна.
Уг нь Раднаасүмбэрэлийн Гончигдорж гэх нь зөв. Олон Гончигдорж нэртэй хүн байхгүй бол овгийг нь хэлэх шаардлагагүй. Үнэхээр овгийн эхний үсгийг хэлэх шаардлагатай бол Зандаахүүгийн Энхболдыг зэ биш За гэх нь зүйтэй.
-Өчигдөр монголч эрдэмтдийн хурал эхэлсэн. Та ямар илтгэл тавьсан бэ?
-Өнгөрсөн хугацаанд олон улсын монголч эрдэмтдийн хурал 10 удаа болжээ. Би 1959 онд оюутан байхдаа анхны хуралд урилгаар очсоноос хойш тасралтгүй оролцсон байна. Энэ удаа “Монгол тууль судлалын арга зүйн асуудалд” сэдвээр илтгэл тавилаа.
Товч хэлэхэд монгол туулийг өнгөрсөн зуунаас эхлэн гадаад, дотоодын эрдэмтэд эрдэм шинжилгээний үүднээс тогтолцоотой судалсан. Гэхдээ миний ажигласнаар баатарлаг туулийн түвшинд л судалсан байна. Баатарлаг тууль давамгайлдаг ч эртний туульсад домог болон адгуусны туулийн ул мөр тод харагддаг.
Иймээс монгол туулийн арга барилыг зөвхөн баатарлагийн хэмжээнд биш, эртнийхийг хамруулж судлах хэрэгтэй гэсэн санал дэвшүүлэх гээд байгаа юм.
-Та Анагаах ухааны музейтэй байх аа?
-Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч байсан Н.Содном гуай бурхны шашны номыг монгол уншлагад хөрвүүлэх ажлыг надад даалгахад нь “Тэгж лам болоод яах вэ. Надад хийх ажил байна” гээд Анагаах ухааны музейгээ байгуулахаар болсон.
1990-ээд онд хүн бүр дуртайгаа хийх боломжтой болоход уламжлалт анагаах ухааны хуурамч эмнэлгүүд нээгдэж, бараг л модны үртсийг халуун ногоотой холиод сайн эм гэж хүмүүст өгдөг болсон. Тиймээс монголчуудынхаа уламжлалт анагаах ухааныг танин мэдэх чадавхыг сайжруулахын тулд музей байгуулахаар санаж, зүтгэсэн. Үүрэхийг нь чи, аахилахыг нь би гэдэг шиг зураач хүү Сүмбэр маань тус музейг ажиллуулдаг.
Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит шашны дээд сургуулийн нээлтийн үеэр Далай лам “Уншлагын лам бэлдэх яах вэ, шашинд хэрэгтэй. Гэхдээ хүний амьдралд барим, тавим байнга хэрэг болдог анагаах ухаан, одон зурхайд хэрэгтэй зүйл хийхээр болбол хэдий хүний нутагт цагаачилж байгаа ч гэсэн би дэмжихэд бэлэн” гэсэн.
Эцсийн эцэст эрүүл мэнд л хамгийн чухал шүү дээ. Хятадад анагаах ухаан төвд, монгол, европ болон ардынхаа эмчилгээг хослуулсан дөрвөн хөтөлгөө морьтой хөгжиж байгаа учир бид мөнгөө тийш урсгаад байна шүү дээ.
-Та хүн бүрт ямар төрмөл шинж байгаасай гэж боддог вэ?
-Хиймэл биш, өөрийнхөөрөө, илэн далангүй, хэлэх гэснээ хэлдэг байвал сайхан. Яг ямар хүн бэ гэдгээ нуугаад байх хэрэггүй. Үзэл бодол, сэтгэл санаагаараа зам нийлэх, үгүйгээ эртхэн мэдвэл хэн хэндээ амар шүү дээ. Хэрэв үнэхээр гайгүй аальтай хүн бол өөрийнхөөрөө байсан ч бусдын дургүйг хүргэхгүй.
-Хэрхэн амьдарсныг хожим юугаар хэмжих вэ?
-Зарим хүнийг “Сайн хүн байсан юм гэнэ лээ” гэж дурсдаг. Хожим ул мөрөө үлдээх юм хийж, бүтээх хэрэгтэй. Ном гэлтгүй, сайхан хатгамал, сийлбэр ч байж болно шүү дээ.
Ядаж миний ээжийн оёсон дээл, аавын минь хийсэн ширээ, нутгийн дархны урласан гэр гээд л нэг хэсэгтээ л дурсана. Энэ нь түүхэнд ямар нэг хэмжээгээр зам мөрөө үлдээж л байгаа хэрэг.
-Тэгвэл таны бүтээлүүдээс олон зуун жилийн дараа аль нь үлдэнэ гэж боддог вэ?
-Чойжи-Одсэрийг оюутан байхаасаа эхлэн судалж, ном гаргасан. Аман зохиол судлалын номнууд хэвлүүлэн, эртний уран зохиол, Турфаны цуглуулга, “Монголын нууц товчоо”-г судалсан. Хэрэв би малчин болсон бол минийх шиг судалгааг хэн хийх байсан бол гэж хааяа боддог.
Хэн нэгэн хэзээ нэгэн цагт хийх л ёстой байсан судалгаа. Минийхээс илүү, эсвэл дутуу ч байж болно. Намайг хожим дурсаасай гэж нэг их боддоггүй. Хүнд сайн, саар тал бий. Энэ нөхөр хэн юм бэ гэдгийг ойлгоосой л гэж хүсдэг.
-Залуудаа ийм судалгаа хийж, ингэдэг тэгдэг байж дээ гэж харамсдаг зүйл бий юү?
-Би нэгэнт өнгөрсний хойноос гэмшдэггүй. Тухайн үедээ алдаа гаргавал давтахгүй байх юм сан л гэж бодвол бодно. Үгүй бол үгүй. Ухаан нь би нэг болохгүй зүйлийг шүүмжилж, түүнээсээ болоод зэм шийтгэл хүртлээ гэж бодъё. Түүний хойноос сэтгэлээр унавал алдаа хийгээд хохирсон дээрээ нэмж шаналах болно.