Б.Буяндэлгэртэй олон киноны нээлтийн арга хэмжээний үеэр таарч байлаа. “Өнөөдөр”, “Зургаа дахь хүсэл” гээд залуусын хайр дурлал, үерхэл нөхөрлөлийн талаар өгүүлэх хэд хэдэн киноны зохиолыг энэ бүсгүй бичжээ. Шинэхэн кино зохиолч түүнийг Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамба агсны ач охин гэдгийг мэдээд уулзах хүсэл улам ассан юм. Өвөөгөөс нь улбаалсан авьяас түүнийг бичгийн хүн болгохоор хөтөлсөн үү, эсвэл угаас сэхээтэн айлд том охин нь болж мэндэлсэн хувь заяа нь ийш залсан уу гээд түүнээс сонирхох зүйл их байлаа.
-Өнөөдрийг хүртэл хэчнээн киноны зохиол бичиж амжив?
-Кино болж дэлгэцэнд “амилсан” хоёр, удахгүй үзэгчдэд хүрэх нэг, уран бүтээлчдийн захиалгаар бичсэн, бичиж буй арван дөрвөн зохиол байна.
-Эзэмшсэн мэргэжил нь огт өөр юм билээ. Хэзээнээс кино зохиол бичиж эхэлсэн юм бэ?
-Уг нь багаасаа л бичих дуртай байсан юм. Шүлэг их бичдэг байлаа. Оюутан байхдаа кино зохиол хэрхэн бичих талаар сургалтуудад ч суралцаж байсан юм. Ханьтайгаа танилцсаны дараанаас л кино зохиол бичиж үзэхээр зориглосон доо.
Анх олон ангит киноны зохиол бичсэн. Сайндаа ч биш. Манай хүн тэр олон ангит киног найруулах байсан юм. Яг киноны зургийг авч эхлэх гэсэн чинь зохиолыг нь бичиж байсан хүн хаяад алга болчихсон. Тэгээд л тэр киноны зохиолыг үргэлжлүүлж бичсэн юм.
Түүнээс хойш болчихоор юм шиг санагдаад их урам орсон шүү. Уг нь би чинь эдийн засагч мэргэжилтэй хүн шүү дээ. Мэргэжлээрээ ч ажилладаг.
-Кино урлагт хөл тавьчихлаа. Энэ урлагт орохоос өмнөх төсөөлөл, орсны дараах сэтгэгдэл нь хэр зөрөв?
-Яг одоо кино урлаг маш их мөнгөний дарамттай, янз бүрийн хүчин зүйлээр залуу уран бүтээлчдийг хязгаарлаж байгаа юм шиг санагддаг. Ямар ч салбар ийм л байгаа байх.
-Кино зохиолчид ховордсон энэ үед танд уран бүтээлчид захиалга хэр их өгч байна вэ?
-Зохиолоо өөрөө бичээд найруулдаг найруулагч нар бий. Зохиол бичих, найруулах гэдэг чинь өөр ажил шүү дээ. Эдгээр өөр ажлыг хослуулж чадаж байгаа нь сайн хэрэг.
Жүжигчид бас кино зохиол бичих гэж оролдож байна. Тэд зохиолын агуулгыг биш, дүрийг маш сайн гаргаж бичдэг юм шиг санагддаг. Өөрсдөө дүрд тоглодог, судалдаг болохоор тэр байх л даа. “Надад тийм, ийм зохиол бичиж өгөөч” гэсэн санал тавьдаг л юм.
-Хань, гэр бүлээ танилцуулна уу?
-Миний ханийг Б.Тулгаа гэдэг. Кино найруулагч мэргэжилтэй. СУИС төгсөж, тэндээ багшилж байсан. Бид хүү, охинтой. Том охин маань Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид сурдаг. Одоо дөрөвдүгээр анги. Бага хүү маань ой гаруйтай.
-Таны хоёр ч зохиолыг хань тань найруулж, дэлгэцэнд амилуулсан шүү дээ. Хамт ажиллах үед уран бүтээлийн маргаан үүсдэг үү. Таны төсөөлж бичсэн зүйлийг арай өөрөөр буулгах үе ч гардаг байх. Тэр үед өөрийнхөө санааг хэлж, засмаар санагддаг байлгүй.
-Зөрчилдөөн гарна шүү. Гэхдээ их амархан ойлголцчихдог. Зохиол бичээд ном хэвлүүлчихвэл тэр зөвхөн миний бүтээл. Харин миний зохиолоор кино хийвэл тэр ганц миний биш, хамт олны бүтээл болчихно. Унших, харах хоёрын ялгаа энд л харагдана.
Зохиолыг уншихад нэг өөр, кино болсныг нь үзэхэд бас өөрөөр ойлгоно. Би ч ханьдаа найдчихдаг юм. Миний юу бодож, юу хэлэхийг хүсэж уг зохиолоо бичсэнийг ойлгож, тэр чиг шугамнаас нь хазайлгалгүйгээр найруулна гэдэгт нь итгэдэг.
-Уран бүтээлч хүний гэргий байх хэцүү юү?
-Хэцүү гэж хэлэхгүй. Гэхдээ бусдаас өөр. Надад харин ч сонирхолтой санагддаг. Манай хүн аливааг их гүнзгий мэдэрч, соргог ханддаг. Тэр нь их гоё. Манай гэрт өрнөдөг яриа хүртэл ихэнхдээ уран бүтээлийн тухай байдаг.
Хамт нэг уран бүтээлд ажиллах үед бүр их сонирхолтой. Өдөр нь хүүхдүүдийн хичээл, гэрийн ажил мундахгүй. Шөнө нь сууж зохиолоо бичнэ. Гэсэн атлаа л надад энэ амьдрал минь амттай.
-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Өөрөө өөртөө үнэнч явах юм сан л гэж боддог.
-Та Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамба, Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нарын ач охин. Анх кино зохиол бичиж, улмаар уг зохиол нь кино болж гарах үед хүмүүс таны талаар илүү их сонирхсон байж таарна.
-Өвөөгийн маань сүүдэр агуу шүү дээ. Хийсэн алхам, гишгэсэн мөр болгоны минь араас өвөөгийн маань нэр дурсагдах болохоор нэрийг нь сэвтээхгүй байх юм сан л гэж хичээдэг юм. Гэхдээ хүмүүс намайг эдгээр агуу хүний үргэлжлэл гэдгийг тэр бүр мэдэхгүй. Би ч зарлаад гүйхгүй шүү дээ.
-Монголын кино урлагт кино ремейк буюу хуучны киног шинэчлэн хийх боллоо. Хэзээ нэг цагт “Тунгалаг Тамир” киног шинэчлэхээр болбол яах вэ?
-“Тунгалаг Тамир” романы зохиогчийн эрх нь одоо манай нагац эгч нар, аавд бий. Тэд үүнийг зөвшөөрөх, эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ одоо цагт энэ зохиолыг шинэчилж хийх нь бараг боломжгүй л болов уу.
-Өвөө, эмээгийнхээ тухай олон сайхан яриа, дурсамжуудыг аав, нагац эгч нараасаа сонсож байсан байх.
-Аавыг маань 10 настайд өвөө нас барсан гэсэн. Аав, эгч нарын яриагаар бол их ажил хэрэгч хүн байсан гэдэг. Хүүхдүүдээ унтуулчихаад шөнөжингөө зохиолоо бичиж суудаг, гэр бүлтэйгээ байх цагаа ажилдаа зарцуулж хороодоггүй байсан гээд өвөөгийн тухай сайхан зүйлс сонсож л байлаа.
Эмээ маань ч их хөдөлмөрч хүн байсан гэсэн. Урлагийн хүн байсан хэрнээ л ар гэр, ажил амьдралаа хослуулаад, мундаг авч явж байсан гэхээр бахархмаар.
-Таны аав Ч.Галбадрах дипломатч хүн. Аавынхаа буянаар газар их үзсэн үү?
-Үгүй гэж хэлэхгүй. Би дунд сургуулиа БНСУ-д, АНУ-д их сургууль, дараа нь мэргэжлээ хөрвүүлж Сингапурт дахиж сургууль төгссөн.
-Яагаад ааваараа овоглодоггүй юм бэ?
-Аав, ээж маань салж, тус тусдаа амьдрал зохиосон л доо. Одоо хойт ааваараа овоглодог. Хэнээр овоглох нь тийм ч чухал биш байх.
-Өвөөгийнхөө аль зохиолд илүү их дуртай вэ?
-Жаахан байхдаа “Малгайтай чоно”, “Манай сургуулийнхан”, “Солонго” өгүүллэг, хүүхдийн жүжгүүдэд нь их дуртай байлаа. Мөн мэдээж “Тунгалаг Тамир”. Эхний боть нь үнэхээр гоё. Дүрийг хэрхэн дүрсэлж, үйл явдлыг яаж өгүүлсэн нь их мундаг.
Харин тухайн цаг үеэсээ шалтгаалаад улстөржиж, хувьсгалын тухай хэт их дүрсэлж, тайлбарласан нь жаахан нуршсан мэт санагддаг юм.
-Тэгвэл хамгийн гоё дүр нь аль вэ?
-Итгэлт баяны дүр. Их юм боддог, зальтай. Гоё илэрхийлсэн дүр. Хар, цагааныг дэнсэлсэн дүр гэх юм уу даа.
-Таны зохиол бичихээр оролдож, бичиж эхэлсэн нь өвөөтэй тань холбоотой юу?
-Миний хоёр өвөөтэй холбоотой. Ээжийн маань аав МУИС-д олон жил деканаар ажилласан З.Мөнхөө гэж хүн бий. Өвөө маань зуны амралтаар унших номын жагсаалт гаргаж, авч өгдөг байлаа. Унших дуртай байсан минь бичих үндэс болсон.
-Та ямар төрлийн зохиол бичих илүү дуртай, сонирхолтой вэ?
-Би өөрөө уянгын төрөлд их дуртай. Гэхдээ найруулагч нар ихэнхдээ л инээдмийн болон уянгын киноны зохиол захиалдаг.
-Кино зохиолын санаа, дүрүүдийн зан чанаруудыг хэрхэн олж, гаргадаг вэ?
-Амьдралаас санаа авч, хүмүүсийг ажиглана. Амьдралын туршлага, үзсэн явсан газар, танилцсан хүмүүс гээд олон юмнаас л зохиолын дүрүүд гарч ирнэ. Гэхдээ хэдий чинээ их туршлага хуримтлуулна, төдий чинээ сайн зохиол туурвина гэсэн үг бас биш. Хөдөлмөрч чанар, авьяас, шинэ соргогоор хүлээн авах чадвар хэрэгтэй.
-Тун удахгүй таны “Өвлийн тууж” зохиолоор бүтсэн кино үзэгчдэд хүрэх юм билээ. Энэ киноны тухай яриач?
-Хань бид хоёрын хамтарч кино хийхээр зориглосон хамгийн анхны зохиол. Харамсалтай нь, нөхцөл боломж нь бүрдэлгүй, дундуур нь өөр кинонд ажиллаж явсаар өдий хүрсэн юм. Яагаад ч юм цуврал аллагатай кино хийж үзэх юм сан гэж хүсдэг байлаа.
Бас би зохиолын дүрүүдээ аль болох сонирхолтой байлгахыг хичээдэг юм. Муу хүн гэхээр л муу муухайгийн туйл, сайн хүн болгон гоё сайхны дээд байх албагүй. Муу хүний дотор ч сайн сайхан зүйл байдаг, сайн хүнээс ч цагаа тулахаар муу авир гардаг гэдгийг харуулахыг хүсдэг. “Өвлийн тууж” киног хань маань найруулж, гол дүрд жүжигчин Э.Мөнхтөр, Б.Хулан, Б.Батмэнд нар тоглосон.
-Манай кино урлагт цуврал аллагатай, триллер төрлийн кино зохиол бичсэн, найруулсан хүн байдаг уу?
-Сайн мэдэхгүй юм. Миний үзэж байсан кинонууд дунд лав ийм сэдэвтэй кино байхгүй. Юм хийж байгаа хүн л шүүмжлүүлдэг. Огт шүүмжлүүлэхгүй байя гэвэл юу ч хийхгүй байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Уран бүтээлчдэд зориг хэрэгтэй. Тийм ч болохоор энэ сэдвээр зохиол бичиж, кино хийхээр зориглосон. Шүүмжлэлд өртөх нь мэдээж л дээ.
-Шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Сонсолгүй яах вэ. Залуу хүн алдаж, ононо. Алдаагаа засах гэж хичээдэг.
-Нэг уран бүтээлийг гараасаа гаргачихаад дахин давардаг шүү дээ. Яг одоо таны толгойд шинэ зохиолын санаа байна уу?
-Байлгүй яах вэ. Шинэ санаа байнга л орж ирнэ. Гэхдээ хамгийн хэцүү нь зохиолоо эхлүүлэх. Бодож бодож байгаад л зориглоод эхэлдэг дээ.