Эрт нэгэн цагт нүүдэллэхээс өөрийг мэддэггүй байсан хүн төрөлхтөн өдгөө эргэлт буцалтгүйгээр суурин амьдралыг сонгож, хамгийн эрс тэс, хөл хүрэмгүй гэгдэж асан газарт ч хот, суурин босгожээ. Ийм үед хотжилтын түүхийг эргэн харсан Британийн “The Guardian” сонины түүхэн цувралыг Г.Лхагвадуламын орчуулснаар долоо хоног тутамд “Ням гариг”-аар дамжуулан уншигчдадаа хүргэж байсан. Тодорхой шалтгааны улмаас “Их хотуудын цадиг” цувралыг долоо хоногт 2-3 удаа “Өнөөдөр”, “Ням гариг” сониноор дамжуулан хүргэх боллоо. Та бүхэн дэлхийн алдартай 50 хотын цадиг түүхийг уншаад, дугаар бүрийг хадгалбал нэг “ном”-той болно.
Бразилын Бразилия хот 1960-иад он гэхэд улсын нийслэлээс гадна бүс нутгийнхаа хамгийн өвөрмөц хот болов. Юу ч үгүй хоосон хөндийд ердөө дөрөвхөн жилийн дотор сүндэрлэсэн уг хот модернист төлөвлөлтийн сонгодог жишээ болжээ.
Бразилиягийн мастер төлөвлөгөөг уран барилгач Лучио Костагийн хамт гаргасан нэрт уран барилгач, дизайнер Оскар Неймэрийн хэлснээр тэд жигүүрээ дэлгэж буй шувуутай адил харагдах хот байгуулахыг зорьсон байна.
Шинэ хотын далавч нь өндөр хурдны замууд, шувууны толгой нь захиргааны байрнууд болох учиртай байж. Тус хот уран барилгач, хот төлөвлөгч бүрийн таашаалд нийцээгүй ч Бразилын улс төр, нийгмийн элит хүрээнийхэнд Өмнөд Америкийн эмх замбараагаа алдсан хот суурингуудад үлгэр жишээ болох хот хэмээн хүлээн зөвшөөрөгджээ.
Харин уг хотоос өмнөд зүгт мянга гаруй бээрийн зайд орших, хөдөө аж ахуйн муж хэмээгдэх Паранагийн нийслэл Куритиба нь Бразилиягийн загварыг турших анхны талбараар сонгогдсон байна. Хотын төвд Бразилиягийн адилаар олон эгнээ шинэ зам тавьж, тэр бүхэнд зай талбай гаргахын тулд хуучны түүхэн барилгуудыг нурааж эхлэв.
Замын түгжрэлээс сэргийлж, төв талбайгаас аварга том гүүр хүртэл татлаа. Гэтэл хотын иргэд энэхүү гэнэтийн өөрчлөлтийг эсэргүүцжээ. Тэр үед их сургуулиа дөнгөж дүүргээд байсан Куритибагийн захирагч асан Хайм Лернер иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөнийг тэргүүлж байлаа.
Уран барилгач мэргэжилтэй тэрбээр эхлээд хот төлөвлөгч, дараа нь хотын захирагчийн хувиар хотоо Бразилиягийн ердийн нэг хуулбар биш, харин Өмнөд Америкт өмнө нь байгаагүй цоо шинэ хот болгон шинэчилсэн залуусын нэг юм.
Куритиба хот эдүгээ Бразилын ногоон нийслэл, дэлхийн дээрх хамгийн байгальд ээлтэй хот, хөгжлийн түүчээ гэхчлэн нэрлэгддэг. Лернерийн хэлснээр энэ нь Куритибаг төгс сайхан газар гэж тодотгосон хэрэг биш, гагцхүү 20-иодхон жилийн дотор өвөрмөц содон хот болсныг нь онцолсон хэрэг гэнэ.
Куритиба өмнө нь нэг ч удаа өөрчлөлт шинэчлэлийн бүс байсангүй. Олон зуун жилийн турш Сан-Паулу хотыг ойролцоох жижиг суурингуудтай холбох өртөө төдий байсан уг хот нэгэн үе бүр Унтаа суурин нэртэй байж. Харин Европоос ирсэн цагаачид Бразилын өмнөд хэсэгт суурьших болсноор үржил шимт хөндийд орших Унтаа суурин сэрж эхлэв.
1830- аад онд германчууд, 1870-аад онд польш, италичууд, харин тэднээс 20-иод жилийн дараа украинчууд Куритибад ирж суурьшжээ. Тэд өмчилж авсан газартаа дор бүрнээ барилга байшин барьж, хотын төвийг хэдхэн жилийн дотор сүм дуган, дэлгүүр хоршоо, зоогийн газраар дүүргэсэн байна.
1940-өөд он гэхэд Куритибагийн хүн амын өсөлт хяналтаас гарав. Паранагийн шошны үйлдвэрлэл ихээхэн алдагдал хүлээж, зогсонги байдалд орсон нь мужийн зах хязгаар нутгийн газар тариалан эрхлэгчдийг хэдэн мянгаар нь хот руу татжээ. 1940-1960 онд Куритибагийн хүн ам хоёр дахин өсөж, хууль ёсны оршин суугчдынх нь тоо 140 мянгаас 360 мянга болон нэмэгдлээ.
Хотын өнгө төрх ч Бразилын дундаж хэмжээтэй ердийн хотынхоос ялгарах юмгүй болов. Ойр орчмыг нь фавела буюу ядуусын хорооллууд хүрээлж, төв хэсэг нь зах замбараагаа алдсан автомашины түгжрэлийн цэг болжээ.
Албаны хүмүүс хотын амьдрах орчныг сайжруулж, үймж бужигнасан олныг зохион байгуулалтад оруулах гэж хичээсэн ч дорвитой үр дүнд хүрсэнгүй. 1964 оны Бразилийн цэргийн эргэлтийн дараа Куритибагийн захирагч Иво Арзуо “Маргаашийн Куритиба” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлэхээр хэдэн сарын турш чуулган, зөвлөгөөн зохион байгуулсан ч холбогдох албаны хүмүүс, мэргэжилтнүүдээр мастер төлөвлөгөө ч батлуулж дөнгөсөнгүй.
Харин үүнтэй зэрэгцэн Куритибагийн Судалгаа, хот төлөвлөлтийн хүрээлэнгийн хэсэг залуу уран барилгачид, түүн дотор Хайм Лернер хотын дахин төлөвлөлтийг боловсруулж байлаа. Тэд армийнхны бүрдүүлсэн Засгийн газар Лернерийг Куритибагийн захирагчаар томилсны дараа төлөвлөсөн бүхнээ ажил хэрэг болгох боломжтой болжээ.
Лернерийн хийсэн анхны томоохон өөрчлөлт нь 1972 онд хэрэгжүүлсэн, хотын төв зогсоол Руа Кюнзэ де Новемброг зөвхөн явган зорчигч нэвтрэх худалдааны төв болгох ажил байв. Энэ нь уг зогсоолыг бараадан худалдаа хийдэг хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарч, Лернерийг “хүчирхийлэгч” нэртэй болгосон ч Куритиба хот одоогийн дүр төрхөө олохын эхлэл байлаа.
Руа Кюнзэ де Новемброгийн жижиг, том дэлгүүр, эрээн мяраан мухлагууд л хотын төвийг машины түгжрэлтэй, бохир заваан болгоод буйг анзаарсан Лернер тэдгээр дэлгүүр, мухлагийн эздийг шүүхэд хандана гэхэд ч бодлоо өөрчилсөнгүй.
Харин гомдол гаргагчдын өргөдөл шүүхэд хүрч гэмээнэ ажил нь цалгардах тул 72 цагийн дотор буюу шүүх үүдээ барих баасан гаригийн оройгоос ажлаа эхлэх даваа гаригийн орой хүртэлх хугацаанд мөнөөх төв зогсоолыг автомашин нэвтрэхээргүй болгон засаж орхижээ.
Энэ нь “Хурдан хөдөл, дараа нь зохицуул” гэсэн бичигдээгүй дүрэм Лернерийн гол арга барил болохын эхлэл байлаа. Хэдийгээр ардчилсан биш, технократик гэгдэн шүүмжлүүлж байсан ч Лернер Куритибаг хэдхэн жилийн дотор хот төлөвлөлтийн “лаборатори” болгожээ.
1974 онд Хайм Лернер болон Куритибагийн Судалгаа, хот төлөвлөлтийн хүрээлэн дэх түүний нөхөд автобусны зогсоол хоорондын зайг холдуулах, тэгснээр нийтийн тээврийн зорчих хурдыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэв. Тэр үе бол метроны ашиг тусыг ухуулагчид олширсон, олон ч хот газар доогуурх тээврийн сүлжээтэй болсон цаг билээ.
Харин Куритибагийн захиргаа газар дээр ил зорчих тээврийг хямд төсөр, хотын амьдралыг үл бусниулах, иргэдэд аятай тухтай мэдрэмж төрүүлэх унаа гэж үзсээр иржээ. Лернер энэ тухай ярихдаа бүтээлч байх нь нэг талаар мөнгө хэмнэхийн нэр бол, тогтвортой хөгжил гэдэг нь бүр ч илүү тооцоотой, нарийн няхуур байхын нэр гэсэн юм. Ийм бодолтой учир тэрбээр метроны сүлжээнд их мөнгө зарлагадах нь утгагүй хэрэг гэж үзжээ.
Нийтийн тээврийн үйлчилгээг ийнхүү сайжруулснаар Куритибад зорчих хамгийн хямд, хамгийн түргэн унаа нь автобус болов. Харин Лернер болон түүний багийнхны сэтгэл ханасангүй. Тэрбээр 1980-аад оны сүүлчээр автобус зогсоол дээрээ хэчнээн хором саатдагийг сайтар судалж, зорчигчдын бууж, суух нь нийтийн тээврийн цагийн хуваарьт нөлөөлж буйг тогтоожээ. Ингээд дараах гурван шинэчлэлийг хийв.
Нэгд, автобусны буудлын тавцанг өндөрсгөж, зорчигчдыг автобусны шатаар алхуулалгүй, шууд дотогш орох замыг нь тэгшилж өглөө. Хоёрт, энгийн автобусанд олон зорчигч багтахгүй тул хоёр, гурван хэсэгтэй угсараа автобус үйлчилгээнд нэвтрүүллээ. Гуравт, нийтийн тээврийн үйлчилгээг урьдчилсан төлбөрийн системтэй болгож, зорчигч бүрээс мөнгө хурааж, тэдэнд тасалбар тараах жолоочийн ажлыг халж, илүү цаг хэмнэх болов.
Энэ бүхний ачаар Куритиба хот Түргэн автобусны сүлжээ (BRT) хэмээх дэлхийд алдартай нийтийн тээврийн тогтолцоотой болжээ.
Өдгөө хотын иргэдийн 85 хувь нь энэхүү өндөр хурдны автобусаар зорчдог бол дэлхийн 300 гаруй хот BRT-г нийтийн тээврийн үйлчилгээндээ нэвтрүүлээд байна. Хайм Лернерийн хэлснээр Лондоны метрогоор өдөрт гурван сая хүн зорчдог бол Куритибагийн автобусаар өдөрт хоёр сая хүн үйлчлүүлдэг аж.
Тэрбээр өөрийн бий болгосон энэхүү сүлжээгээр маш их бахархдаг. “Хэрэв олны амыг дагаж метро байгуулсан бол иргэд маань хотын төв хүрэх гэж одоо зарцуулдаг хугацаанаасаа 20- 25 минут илүү зорчих байсан” гэж Лернер ярив.
Куритибаг ногоон хот болгосон өөр нэг онцгой ажил нь Лернерийн туслах Николау Клюппелийн 1989 онд санаачлан хэрэгжүүлсэн Солилцооны ногоон хөтөлбөр буюу дөрвөн паунд (1.8 кг) хогийг нэг паунд бэлэн бүтээгдэхүүнээр солих хөтөлбөр юм.
Эдүгээ Куритибагийн оршин суугчдын 90 хувь нь уг хөтөлбөрт хамрагддаг. Чухам үүний үрээр тус хотод бусад газарт байдаг шиг уул овоон хог байдаггүй, харин бүх хог хаягдлын 70 хувийг дахин ашигладаг байна.
Гэхдээ хотыг хоггүй, цэвэр цэмцгэр байлгах нь нэг хэрэг. Харин зүлэгжүүлж, ногоон байгууламжаар хүрээлүүлэх нь түүнээс ч чухал болохыг Хайм Лернер сайн мэднэ. Түүнийг хотын захирагч болох үед буюу 1971 онд Куритибад ганцхан цэцэрлэгт хүрээлэн байсан бол өдгөө хотын ногоон байгууламж зөвхөн цэцэрлэгт хүрээлэнгийн тоогоор бус, нэг хүнд ногдох ногоон орчноор хэмжигдэх болжээ.
Өдгөө тус хотын нэг иргэнд дунджаар 50 ам.метр ногоон байгууламж ногддог. Гэтэл зэргэлдээх Аргентин улсын нийслэл Буэнос-Айрест энэ тоо ердөө хоёр ам.метр байдаг байна. Лернер энэ ажлаараа мөн ихэд бахархдаг.
Тэрбээр “Моджуулалт, зүлэгжүүлэлтийг хүчлэн хийж болохгүй. Ногоон байгууламж нь хотын амин судас гэдгийг иргэдэд ойлгуулах нь чухал” хэмээн ярилаа. Куритибагийн дундуур урсдаг Игуачу мөрнийг цементэн барилга байгууламжуудын дунд бүү хашигдаасай гэсэндээ хотын ногоон орчинд үргэлж анхаарч ирснээ тэрбээр мөн тайлбарлав.
Хайм Лернерийг захирагчийн суудлаас бууснаас хойш Куритибад автомашин ихсэж, унадаг дугуй болон автобусаар зорчигчдын тоо буурч, улсын дундажтай харьцуулахад гэмт хэрэг гарах нь ч нэмэгджээ. Гэвч 1970-аад оны үеийн ололт, амжилт нь тус хотын өнгөрсөн, ирээдүйг тодорхойлсон хэвээр байна.
Лернер одоо цагийн өөрчлөлтийн талаар “Бүх зүйл өөрчлөгддөг. Хүмүүс ч өөрчлөгддөг. Гэхдээ явган зорчигчдод зориулсан зам талбайг сүйтгэх, нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, барьж байгуулсан бүхнээ нурааж, 1960-аад оны хэв маяг бүхий өндөр барилга босгоно гэж зүтгэх хүн гарч ирэхгүй гэдэгт итгэж байна” гэлээ.