Дэлхийн хэмжээнд авьяасаа үнэлүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа ховор хоёр мэргэжилтэнтэй уулзаж ярилцлаа. Канадын “Нарны цирк”- ийн “О” шоуны уран нугаралтын багш Ж.Эрдэнэчимэг, АНУ-ын “Ринглинг брос” циркийн уран нугаралтын багш, найруулагч Д.Ундармаа нар 427 уран нугараач нэгэн зэрэг уран нугарч, “Гиннесийн амжилтын ном”-нд бүртгүүлэх үйл ажиллагаанд оролцохоор эх орондоо ирсэн юм. Ж.Эрдэнэчимэг өдгөө 59 настай. Түүний насны эмэгтэй уран нугарч байгааг дэлхийн хэмжээнд гайхуулбал бүгд л алмайрах байх. Өдий олон жил бэлтгэлтэй байж, хэр баргийн хүний хийж чадахгүй урлагийн гайхамшгийг үзүүлж, түүнийгээ хойч үедээ зааж сургаж яваа эдгээр уран нугараач бүсгүйчүүдээр бахархахгүй байхын аргагүй. Тэд уран нугараачид болон циркийн мэргэжлийн жүжигчдэд багшлахаас гадна олимп, ДАШТ- д оролцдог уран гулгалт, усанд сэлэлт, гимнастикийн тамирчдад тусгай хичээл зааж, балетчдыг ч дасгалжуулдаг юм билээ.
-Эх орондоо ирээгүй хэр их удсан бэ?
Д.У: -Монголдоо ирээгүй 10 жил болчихоод өнгөрсөн өвөл ирсэн. АНУ-ын 100 жилийн түүхтэй “Ringling bro’s and barnum & balley” циркийн “Хөх” шоуны уран нугаралтын багшаар ажиллаж байна.
-Таныг бас найруулагч гэж танилцуулгадаа бичсэн байсан.
Д.У: -Тийм ээ. Би үзүүлбэр дэглэн, найруулж тог луулдаг. Манай цирк “Хөх”, “Улаан”, “Мөсөн дээрх Дисней”, “Мастер трок”, “Марвель” гэсэн таван шоутай.
-Одоо тэнд танаас өөр монгол жүжигчин ажиллаж байгаа юу?
Д.У: -“Улаан” шоунд 20 монгол жүжигчин ажил лаж байгаа.
-Та хоёр зөвхөн энэ уран нугаралтын үзүүл бэрт оролцохоор эх орондоо ирсэн үү. Багш болон найз нар нь тусгайлан урьсан уу?
Ж.Э: Тийм ээ, зөвхөн энэ л зорилгоор Монголдоо ирлээ. Төрийн шагналт, Ардын жүжиг чин Б.Норовсамбуу гуай над руу и-мэйл илгээж, энэ тухай хэлсэн. Биднийг ирвэл маш их баярлана, бусдадаа бас дуулгаарай гэсэн. Би Америкт байгаа бүх нугараач руугаа и-мэйл бичсэн. Маш их баяртай хүлээж авсан шүү. Эх оронд маань ийм үйл ажиллагаа болж байхад бид ирэх ёстой.
“Нарны цирк”-ийн “О” шоунд ажиллаж байгаа уран нугараач дөрвөн охиноо ч бас авчрах тухай ярилцаж, зардлынх нь хагасыг төлөх боломжтой гэж байлаа. Харамсалтай нь энэ зардал шийдэгдээгүй болохоор охид маань ирж чадаагүй. Мөн АНУ-аас уран нугараач Х.Тунгалаг, Туркээс Гавьяат жүжигчин Л.Энхцэцэг маань ирж, бид дөрөв хамт нугарлаа. Тоглолт болохоос хоёр хоногийн өмнө хамт бэлтгэл хийж, нэг өдрийн дотор хувцсаа оёулаад тайзан дээр гарсан.
-Эрдэнэчимэг эгч ээ, Та хэдэн нас хүртлээ уран нугарсан бэ. Одоо таныг 59 настай гэхэд итгэмээргүй уян налархай юм.
Ж.Э: -Би 40 нас хүртлээ мэргэжлээрээ ажиллаж, түүнээс хойш багшлахын зэрэгцээ тасралтгүй бэлтгэлээ хийж байна. Энэ тоглолтод оролцсон маань ч бас залуу үеийн жүжигчдээ урамшуулж, тэдэндээ үлгэр дуурайл болж, ийм настайдаа ч нугарч болох юм байна гэсэн итгэл төрүүлэх зорилготой байлаа.
-427 уран нугараачийг бэлтгэсэн 20 гаруй багш нар тэр тоглолтын үеэр цугласан. Харьцангуй олон багш байгаа ч тэр дунд мэргэжлийн бус хүн ч бий. Цаашид монгол уран нугаралтыг нэр хүндтэй байлгахын тулд яаж ажиллах хэрэгтэй вэ?
Ж.Э: -Одоо байгаа сургалтын дэгээ хадгалахын зэрэгцээ мэргэжлийн багш нараар хангамаар байна. Гадаадын аль ч улсад очсон уран нугаралт өндрөөр үнэлэгддэг. Урьж тоглуулах хүсэлтэй байгууллага ч олон бий. Энэ эрэлтийг дагаад хялбар байдлаар, хүүхдүүд хам хум бэлтгээд гадаад руу л явуулъя гэсэн бодол эцэг эхчүүдэд байх шиг ээ.
Мэргэжлийн бус хүмүүс бизнесийн зорилгоор олон хүүхэд авч, уран нугаралт зааж байгаа нь ч буруу. Ийм хүмүүсийн үйл ажиллагааг зогсоож, мэргэжлийн үнэмлэхтэй, багшлах эрхтэй хүмүүсээр заалгавал зөв байх.
Үзүүлбэрийн тавилт, дэглэлтээ сайжруулмаар байна. Тэгэх юм бол Монголын уран нугаралт хэзээд алдартай байж, олон улсад түгсээр байх болно. Дэлхийн тавцанд гарах боломжуудыг ахмадууд нь нээгээд, замыг нь тавьчихсан шүү дээ.
-АНУ-д ямар ямар орны жүжигчдэд хичээл заадаг вэ. Монгол охид бий юү?
Ж.Э: -Есөн настай нэг монгол шавь бий. Сая надтай хамт ирсэн. Бусад нь гадаад хүмүүс. Америк, африк, европ гээд тив бүрийн хүмүүс л уран нугарч байна. Зарим нь сайн, зарим нь тааруу. Уран нугаралтын хамгийн чухал нь сургалт. Авьяастай л бол сайн сургалтаар ямар ч орны хүн уран нугараач болж чадна. Түүнчлэн монгол уран нугараачдын бие илүү уян налархай, хүчтэй, тэнцвэртэй байдаг нь ийн алдаршихад нөлөөлсөн.
Д.У: -Надад бяцхан шавь нар байхгүй. Дандаа 20-иос дээш насныханд заадаг. Циркийнхээ жүжигчдийн сунгалт, тэнцвэрийн дасгалыг хариуцан хийлгэдэг.
-Тэгвэл зөвхөн уран нугарах гэж биш сунгалтаа сайжруулах гэж өөр мэргэжлийн жүжигчид ч хичээл заалгадаг байх нь ээ.
Д.У: -Агаарын үзүүлбэр болон акробат гээд бүх л жүжигчин сунгалтын дасгал хийдэг. Тэдэнтэй ажилладаг юм.
Ж.Э: -Зөвхөн уран нугаралт сурах гэж ирдэггүй л дээ. Тамирчид, жүжигчид, энгийн хүмүүс ч гэсэн сунгалтаа сайжруулах гэж бидэнд ханддаг. Та нар өөрсдөө ийм сайхан уян хатан болсон юм чинь биднийг ч бас тийм болгож өгөөч гэж хүсдэг. Би усан спорт, гимнастик, мөсөн гулгалтын тамирчдад сунгалтын дасгал заадаг.
2008 онд Бээжингийн олимпод оролцсон АНУ-ын усанд сэлэлтийн багийнханд тусгай хичээл орж байсан. Энэ жил ч бас “Рио-2016”-д оролцож байгаа зарим тамирчинд сунгалтын дасгал заасан.
Миний шавь, 10 настай уран гимнастикч охин АНУ-д өөрийнхөө насны ангиллыг тэргүүлж байгаа. Ирэх жил залуучуудын олимпод оролцох эрхээ авчихсан. Мөн “Невада балет” компанийн бүжигчдийг бэлтгэл хийлгэдэг.
Д.У: -Олимпын хүрэл медальтай, уран гулгалтын алдартай тамирчин Сурия Боналли надаар дасгал заалгадаг.
-Америкт хэдэн монгол уран нугараач байдаг вэ?
Д.У: -Манай циркт зургаа, Лас-Вегаст хоёр гээд бодохоор нийтдээ 20 орчим уран нугараач бий.
-“Нарны цирк”, “Ринглин брос” зэрэг алдартай циркт тэнцэж ажиллахын тулд залуу жүжигчид ямар ур чадвараа сайжруулж, юунд анхаарч бэлтгэх ёстой вэ?
Ж.Э: -“Нарны цирк” бол бүх дэлхийн циркч дийн мөрөөдөл болсон газар. Энэ циркт тоглохыг хүсдэг жүжигчин олон. Гэхдээ үзүүлбэр болгоныг шууд хүлээгээд авчихдаггүй. Маш нарийн шалгууртай. Жилийн өмнөөс шинэ хөтөлбөрийн найруулагчаа сонгож, дэглэлтийг нь баталдаг. Бараг л бүрэн хэмжээний жүжиг, кино хийдэг учраас тусгай шалгаруулалтын байгууллагатай хамтран жүжигчдээ сонгодог.
“Нарны цирк”-т номын сан шиг том танхим дүүрэн хүний нөөцийн мэдээлэл бий. Жүжигчдийн зураг, танилцуулга, бичлэгийг найруулагч нь үзэж, хийж байгаа трюкийг мэргэжлийн багштай зөвлөлдөж сонгодог.
Тухайн дүрдээ нийцэх хүн байх нь чухал. Яг ижилхэн ур чадвартай ч жүжиглэлт, царай төрх, биеийн өгөгдлөөс шалтгаалж сонгох, эсэх нь шийдэгддэг.
Д.У: -Уламжлалт хэлбэрээрээ тоглодог хэдий ч “Ринглин брос”-ын хөтөлбөр энэ жилээс их өөрчлөгдсөн. Бэлгэ тэмдэг нь байсан заанаасаа татгалзаж, мөсөн цирк, Диснейн баатруудыг оруулж ирсэн. Амьтны эрхийн төлөө тэмцэгчдийн байнгын эсэргүүцэл дор өдий хүртэл ажилласан учраас ийн шийдсэн байх.
Түүнчлэн заануудаа хүмүүсийн эрүүл мэндийн төлөөх үйлсэд зориулж байгаа. Заан бол хорт хавдар тусдаггүй цор ганц амьтан. Тиймээс хорт хавдрын эмчилгээ, судалгааны ажилд заануудаа зориулахаар болсон юм билээ.
-Энд болсон тоглолтын үеэр уран нугараач хүүхдүүдээ хараад ямар сэтгэгдэл төрсөн бэ. Хэр чадварлаг байна вэ?
Д.У: Хамгийн их онцлох жүжигчин гэвэл Э.Лхагва-Очирыг хэлнэ. Техник, ур чадварын хувьд төгс байсан.
Ж.Э: Монгол уран нугараачдын техник хаана ч гологдохгүй. Гэхдээ гоё сайхан байх тал дээр нь анхаарч, хүнд хэцүү зүйл хийж байсан ч зовсоноо харуулахгүй байвал сайн байна. 10 хуруу тэгш байж л сайн уран бүтээл гарна.
Балетын жүжигчид шиг төгс гүйцэтгэлтэй болмоор байна. “Би ганц гар дээрээ тэнцэх ёстой”, “Ингээд давхарла гэсэн болохоор чадах ёстой” гэж гүрийж, загнуулсаар байгаад айчихсан юм шиг байдалтай уран нугарахаар үзэгчдэд гоё сайхныг өгч чадахгүй.
“Нарны цирк” ч гэсэн үзэгчдэд таашаал бэлэглэхийн тулд маш хэцүү зүйлийг гайхамшигтай сайхан, дуу алдмаар үзүүлж чаддаг байхыг л шаарддаг.
Д.У: Маш бохир, үзэмжгүй байдлаар нэг гар дээрээ тэнцсэнээс үзүүштэй сайхан мост унасан нь дээр л гэж үздэг.
-Цаашид энэ үйл ажиллагааг жил бүр хийх боломж байвал сайхан сан. Тэгвэл та хоёр дахиад ирэх үү?
Ж.Э: Цаашдаа маш өргөн цар хүрээтэйгээр энэ ажлаа үргэлжлүүлээсэй гэж хүсмээр байна. Дэлхийн олон оронд уран нугараачид бий. Тэднийг урьж, олон улсын арга хэмжээ зохион байгуулбал сайхан. Зарим хүн “Гадаадынханд өв соёл, уламжлал, техникээ заалаа” гэж буруутгадаг. Тийм биш шүү дээ. Сургалт л бол сургалт.
Балет, төгөлдөр хуур анхнаасаа Монголд байсан уу. Бид гаднаас л үүнийг сурсан шүү дээ. Сүмо ч бас ижил. Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай “Монгол хуураа бид заахгүй яах юм билээ. Дэлхий дахин хуур тоглож сураасай” гэж ярьсан байсан.
Түүн шиг дэлхий дахин уран нугараасай. Бүгд мэргэжлийнх болохгүй ч сурснаа хэрэгтэй зүйлдээ зориулна. Үгүй ядаж л зөв техникээр сунгалтаа сайжруулсан хүн эрүүл мэндээ хамгаалж чадна. Түүнийг нууцлаад байх шаардлагагүй ээ.
Монгол уран нугаралтын техникийг дэлхийн дахинд түгээж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд болсон эдгээр бүсгүйчүүд цагтаа Монголын уран нугаралтын ертөнцөд цахиур хагалж, өөр өөрийн гэсэн амжилтаа тогтоож байсан юм. “Монте карло”-гийн олон улсын циркчдийн наадмын тусгай шагналыг Х.Тунгалагтай хамтран нугарсан үзүүлбэрээрээ хүртэж, Монгол жүжигчдийг олон улсын тэмцээнд оролцох салхийг Ж.Эрдэнэчимэг хагалсан. Түүнчлэн урлагийнхнаас анх удаа эх орондоо валютын орлого оруулж, бас нэгэн амжилт тогтоосон гэдэг. Харин Д.Ундармаа 14 настайгаасаа “Тагтаатай уран нугаралт” хийж, Парисын залуу циркчдийн тэмцээний мөнгөн цомыг хүртэж байсан юм. Эх орон, ахан дүүсээ санасан сэтгэлээ дэвтээж, хэдхэн хоног нутагтаа саатахдаа манай уншигчдыг хүндэтгэн ярилцлага өгсөн дэлхийд үнэлэгдсэн авьяастнууддаа баярлалаа.