Дэлхийн монгол зохиолчдын холбооноос ӨМӨЗО-ы “Яруу найргийн найман шарга” төвийн гишүүдийн “Утгын хүрдэн” номын нээлт, Монголын шилдэг найрагчдын уулзалтыг өчигдөр Хүүхэлдэйн театрт зохион байгуулав.
ӨМӨЗО-ы яруу найрагч Т.Энххад, Т.Галбаатар, Н.Буянбат, Ж.Ялалт, Э.Болд, Х.Цог-Оргил, М.Цэдэнбал, Х.Дуламжав нар “Утгын хүрдэн” номонд багтсан бүтээлээсээ энэ үеэр сонордуулсан нь онцлог байлаа.
Дэлхийн монгол зохиолчдын холбоог үүсгэн байгуулагч, яруу найрагч Ц.Хулан “Манай холбоо энэ ажлыг хоёр дахь удаагаа зохион байгуулж буй. Монголчууд “Хөх судар” романаар нь сайн мэдэх, нэрт зохиолч Ванчинбалын Инжинашийн мэндэлсний 180 жилийн ойг тавдугаар сард зохион байгуулсан.
Удаах арга хэмжээ нь энэ уулзалт юм. Хэл дагаж сэтгэлгээ, сэтгэл эвдэрдэг. Үүнийг бүрэн бүтэн байлгавал улс орон тусгаар тогтноно. Энэ манаанд соргог байх ёстой хүн нь яруу найрагчид” гэж хэллээ.
Тус уулзалтад Өвөрмонголын “Тэнгэрийн ботго” яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналтан таван яруу найрагч оролцож буй аж.