1990-ээд онд олны анхаарлыг татсан сайхан хүүхнүүдийн тоонд мисс, загвар өмсөгч О.Оюунтуяа яахын аргагүй ордог байлаа. Монголын мистер Баянхүүтэй хамт амьдардаг байсан энэ сайхан бүсгүйн зургаар сонин сэтгүүлүүд нүүрээ чимдэг байсан цаг саяхан. Тэгвэл О.Оюунтуяа Германы Потсдамын их сургуулийг мэдээллийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж төгсөж, тус улсад амжилттай ажиллаж байна. Тэрбээр сурахын зэрэгцээ Германы болон Олон улсын худалдан авагчдад зориулан фото зураг авахуулах, загвар үзүүлбэрт оролцох, телевизийн зар сурталчилгаа, видео клипэнд тоглож байсан аж. Түүнчлэн дүрслэх урлаг сонирхогч, уран бүтээлчийг холбодог гүүр болон ажиллаж, сүүлийн гурван жил "Норд Арт" орчин үеийн дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол уран бүтээлчдийг оролцуулж байгаа билээ.
Тэгвэл Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Болор энэ оны наймдугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон О.Оюунтуяаг хүлээн авч уулзаж, Соёлын элчийн гэрчилгээ гардуулжээ. Цаашид тэрбээр Монголын урлаг, түүх, соёл, ёс заншлыг Германы олон нийтэд сурталчлах, улмаар хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвхитэй ажиллана гэдгээ албаны хүмүүст илэрхийлсэн юм.