Наймаалж шиг олон гар, хөлтэй мэт хүрэхгүй газаргүй, хийхгүй ажилгүй энэ хүний эрч хүч хаанаас ундарч, хэзээ цэнэглэгддэг юм бол, ер нь цуцдаг болов уу гэж өөрийн эрхгүй боддог. Тиймээс чухам хаанаас хүчээ сэлбэж, юу бодож явдаг, ер нь “хэн бэ” гэдэг талаас нь нээхийг хүслээ. Тэрбээр нээлттэй хэрнээ бас хаалтай хүн санагдсан. Мөн нэлээд зарчимч гэдэг нь ажлын өрөөнийх нь байдлаас “цухуйсан”.
Г.Ган-Очир юу хийсэн, ямар хэмжээний уран бүтээлч вэ гэдгийг хүмүүс элдэв үггүйгээр мэддэг болсон учраас уран бүтээлийнх нь талаар бага асууснаа онцолъё.
-Та хэзээ хамгийн их баярлаж байсан бол?
-Ажлын хувьд тэгж их баярлаж байснаа мэдэхгүй юм. Харин хүн ёсныхоо хувьд хүүтэй болсондоо баярладаг. Үрийн зулай үнэрлүүлсэн хань Дэлгэрмөрөндөө туйлын их талархдаг.
-Хүмүүс таны хийснийг магтахад жаахан ч гэсэн баярлахгүй гэж үү. Сая наадмын нээлт, хаалт гайхалтай болсон талаар амтай болгон л ярьж байна. Түүнд таны хөдөлмөр, сэтгэл орсон шүү дээ?
-Магтаал сонсохоор харин ч эсрэгээрээ алдсан, гүйцээж чадаагүй зүйлүүдээ бодоод шаналчихдаг юм. Тэрнээс биш, гоё үгэнд баярлаж, онгирдог хүн би биш. Аль ч үедээ ийм л байсан. Наадмын талаар ярихад, тэр бол багийн тоглолт. Бид багаа маш сайн бүрдүүлсэн. Тэр багийн хүчирхэг нэг булчин нь би байж чадсан. Миний хүчийг зөв олж харсан багийнхандаа баярлалаа. Бид шинийг хийсэн. Тэгэх ч ёстой. Тэрнээс биш, давтах, дуурайх бол утгагүй.
-Та яавал баярлах юм бэ?
-“Үнэхээр би үүнийг чадлаа шүү” гэсэн үедээ баярлах байх.
-Тэгвэл аав, ээжийгээ хэзээ хамгийн их баярлуулсан бэ?
-Тийм үе бас л байхгүй. Би ер нь хэн нэгнийг айхтар баярлуулж яваагүй. Гэхдээ хүн баярлуулахсан гэж их хүсдэг. Харамсалтай нь, баярлуулна гэдэг бол хүсээд, хүчлээд болчихдог зүйл биш юм билээ.
-Ажилдаа хандаж байгаа байдал, ярьж байгаа сэтгэлийн тань хөөрлөөр төсөөлөхөд их романтик байж мэдэх юм.
-Урлаг, бүтээл талдаа хангалттай романтик. Харин хувь хүнийхээ талаас тийм биш. Би их дотогшоо хандсан, хатуу хүн.
-Ямар утгаараа хатуу гэж?
-Ер нь би өөртөө их хатуурхаж, чанга шаардлага тавьдаг зантай. Өөрийгөө их голдог гэсэн үг. Бусдад хатуу үг хэлэх үе зөндөө. Гэхдээ тэр бол ажлын шаардлагаас болж, зарчмын хувьд явж байгаа хэрэг шүү дээ. Түүнээс биш зорилго, хүсэл, зүрхийг нь мохоох гэж хэлээгүй гэдгийг тухайн хүн зөв ойлгох ёстой.
-Таны хувьд ямар нэгэн зүйлийг хэлж тайлбарлах нь амар уу, үйл хөдөлгөөнөөр үзүүлчихсэн нь дээр үү?
-Олон үг яриад, тайлбарлаад байхаар хүн ядардаг. Харин үйл хөдлөлийг хийх тусам хөгждөг. Бяр орж, хурцлагддаг гэх үү дээ.
-Таныг мэдэх хүмүүс “Ган-Очир ядарч цуцахыг мэддэггүй” гэх юм билээ. Гэхдээ махан биетэй юм хойно ядардаг л байх. Та ер нь ядарсан үедээ яадаг вэ?
-Үнэхээр махан бие ядарч таарна. Гэхдээ ядаргаа чинь кайф болж хувирдаг юм.
-Өө бүр үү. Нойргүйдэж, сульдаад байхад яаж таашаал болгох юм бэ?
-Сэтгэлээрээ л бүхнийг удирдана шүү дээ. “Би ядарч үхлээ, яана аа. Сунаж уналаа” гээд сэтгэлээ эсрэг тал руу удирдаад байхын оронд нөхцөл байдлыг өөртөө таашаалтай болгохыг хичээх хэрэгтэй. Ер нь сөрөг зүйлийг хөгжүүлээд л бодоод байвал улам муухай, бүр бузар юм руу ч орж мэднэ. Би багаасаа л ийм бодолтой байсан. Сэтгэлээ тайтгаруулах тал дээр л яриад байна шүү дээ.
-Тэгвэл тийм их сэтгэлийн тэнхээг та хаанаас авч, эрч хүчээр цэнэглэгддэг юм бэ?
-Байгалиас заяасан өгөгдөл минь л ийм юм байлгүй дээ. Хорвоо бол хайраас бүтдэг шүү дээ. Тийм сайхан зүйлээс бүтсэн юм чинь эрч хүчийг харамгүй хайрладаг байх.
-Ёстой л “Фигаро энд, Фигаро тэнд...” гэдэг шиг Монголын урлаг соёлын арга хэмжээнүүд, элдэв шоу уралдаан болгонд таныг урьж, ажиллуулдаг. Ийм хүнээс завтай үедээ юу хийдэг вэ гэхээр утгагүй. Гэхдээ жаахан ч гэсэн зав гарвал хамгийн түрүүнд юу хийхийг хүсдэг вэ?
-Хөдөлгөөн, бүжиг, урлаг. Дахиад хөдөлгөөн, бүжиг, урлаг. Би ер нь үргэлж шинийг эрэлхийлж, толгойдоо элдвийг ургуулж, бодож, сэтгэж явдаг. Шинэ зүйлийг хамгийн түрүүнд мэдэж, олохыг хичээдэг. Мөнхийн эрэл, хайгуулч гэх үү дээ. Тиймээс миний хувьд урлаг бол хөгжөөгч, өдөөгч хүчин зүйл. Энэ байдлаасаа болж цаг үргэлж ажлаа, өөрийн дуртай зүйлийг боддог, гэр бүлдээ, аав, ээж, найз нөхдөдөө цаг зав гаргадаггүй гэж шүүмжлүүлдэг. Тиймээс би хайрлаж, хүндэлдэг хүмүүсээсээ цаг үргэлж уучлалт хүсдэг. “Намайг ойлгоорой. Би ийм л хүн шүү” гэдэг.
Хүн шунан дурласан зүйлдээ хэт татагдахаар энэ мэтээр хангалттай “мэрүүлдэг” юм. Миний энэ талыг өлгөж муулж, яривал “цадна” шүү.
-Баяр, наадам, тэмдэглэлт өдрүүдээр урлаг, нийтийн хоолны салбарынхан ажиллахаас аргагүй байдаг. Ажил, мэргэжлийнхээ онцлогоос болоод тэр үү, аливаа баярт дургүй гэх хүн олон. Таны хувьд баяр цэнгүүнтэй өдрүүд ямар санагддаг вэ?
-Дургүй. Магадгүй бага залуудаа баяр цэнгээнийг хэтэрхий эдэлчихсэн байх. Тиймээс одоо дургүй болчихсон байж мэднэ. Гэхдээ энэ бол “яг тэгсэн” гэдэг дүгнэлт биш л дээ. Тэгсэн ч гэсэн Шинэ жилийн баярт би дуртай. Яагаад ч юм бэ, шинэ эрин үе эхэлж байгаа мэт мэдрэмж төрдөг.
-Шинэ үе эхлэхийн зэрэгцээ бас дуусаж, төгсөх, сүүлчийн гэсэн тодотголтой өдөр шүү дээ.
-Яг энэ тал дээр, тодруулбал, дууслаа, төгслөө гэдэгт би арай өөр өнцгөөс ханддаг. Түүний дараа шинээр дэлгэрнэ гэж өөдрөгөөр боддог. Арай жаахан хазайгаад ярихад, хүний нөөц боломж шавхагдаж, үе нь өнгөрч, дууслаа гэж дүгнэхэд би туйлын дургүй.
-Яагаад?
-Хүн бүр давтагдашгүй. Гэхдээ тухайн хүний хийснийг өмнө нь хэн нэгэн мөн л хийж байсан, цаашид өөр нэг нь хийх л болно. Тэгэхээр ө ө р и й н х ө ө давтагдашгүй хэлбэрийг олох ёстой. Би яг тэр хэлбэрээ хайж яваа хүн. Ингэж өөрийгөө эрж, хайж, бүтээж, тэмүүлдэг хүн олон бий. Тиймээс л үе нь өнгөрсөн, дууссан гэх утгагүй.
-Та дөрвөн улирлын алинд нь илүү дуртай бол?
-Улирал гэхээсээ илүүтэй тухайн үеүдийн онцлог болсон мөч, мөчлөг нь сонин санагддаг. Жишээ нь, би Шинэ жилийн баярт яагаад дуртай гэхээр, жавар тачигнасан үед халуун дулааныг мэдрүүлдэг учраас тэр. Бусдаар бол өвлийг мэдрэхийг хүсдэггүй. Харин зуны улирлын бороотой, хөнгөн гунигтай мөчүүд сайхан санагддаг. “Хавар ирж байна даа” гэж мэдрэгддэг тийм нэг гоё үе байдаг даа. Тэр их сайхан мэдрэмж учраас дуртай. Намрын хувьд үр тариа, ургацаа хураагаад ид хөдөлгөөнд ордог үеийг илүүд үздэг. Ер нь жилийн улирлуудыг хөгжим, бүтээлээр илүү мэдрэхийг хүсдэг.
-Та ямар урсгал, чиглэлийн хөгжмийг илүү таашаадаг вэ?
-Яагаад ч юм бэ, жааз дуу, хөгжим илүү баялаг санагддаг. Энэ нь орчин үеийн сонгодог хэлбэрийн нэг юм болов уу.
-Хэнийг хамгийн их таашааж, биширдэг вэ?
-Урлагийн хувьд уу. Ер нь хийж буй зүйлдээ хэтэрхий шунан дурласан хүн учраас би хэн нэгнийг шүтэн, биширдэг гэж хэлж чадахгүй нь. Гэхдээ цаг үедээ давтагдашгүйгээр үлдсэн агуу хүмүүсийг үгүйсгэж байгаа хэрэг биш шүү.
-Таны оргилсон их хүсэл, сэтгэл, сэтгэлгээний ундарга юу бол?
-Түрүүн хэлсэн дээ, байгаль эх намайг ийм өгөгдөлтэй бүтээсэн байх. Зүгээр суудаггүй, тэсэрсэн нэг “зүйл” генд минь байгаа учраас байнга ингээд л шинэ юм руу зүтгээд, эрээд хайгаад явдаг байх. Бас нэг зүйл гэвэл, аавын маань удамд хэд хэдэн зураач байдаг юм билээ. Би ер нь сэхээтний үр удам гэдгээрээ их бахархдаг.
-Хүүхэд ахуй үеэс тань хөөгөөд үзэхээр баримлын дугуйлан, усанд сэлэлт, дуу, хөгжим гээд үргэлж л идэвхтэй хөдөлгөөнтэй байсныг гэрчлэх, тэр ч бүү хэл, усан бөмбөгийн спортыг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй үед аварга болсон түүх байдаг юм билээ. Үүнээс гадна та нэг үе хошин урлагтай холбогдсон. Юм юмыг сонирхон, оролддог нэгнийгээ зарим нь “далдгануур” гэдэг. Эсрэгээрээ бага залуудаа өөрийгөө сорьж үзэх нь зөв чигээ олж, төлөвшихөд чухал гэх нь бий. Миний бодлоор өөрийгөө сорьж, суралцаж, тэмүүлэх бүрт тодорхой хэмжээгээр туршлага хуримтлуулаад явдаг. Та энэ талаар юу гэх вэ?
-Ер нь сурч, мэдэхийн төлөө, хүсэж, дурласан зүйлийнхээ төлөө алдахаас айх хэрэггүй. Буруудаад, алдаа гаргачих болов уу гэж болгоомжлоод, хаширлаад байвал яаж амжилтад хүрч, боловсорч хөгжих юм бэ. Өөрийгөө сорьж, оролдож, зүтгэснийхээ хэрээр туршлага хуримтлуулдаг гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ өөрийгөө олохоор сорьж, туршиж байна гээд нэг зүйлийг сэглээд хаях биш, туйлбартай, тууштай, үнэн сэтгэлээр зүтгэх хэрэгтэй. Тэгсэн цагт зөв, сайхан үр дүнд заавал хүрнэ. Хүмүүс чамайг хүлээн зөвшөөрдөг болно. Амжилт нэг л өдөр асгараад ирдэггүй юм. Цаг хугацааны явцад чи өөрийн салбарт танигдаж, хамтрагчидтай болж, тэд чамайг эрж хайдаг болсныг мэднэ.
-Та ийм л замаар явсан, тийм үү. Одоо таныг танихгүй, мэдэхгүй хүн бараг үгүй болсон. Тэр нь чухал биш гэвэл, Г.Ган-Очир Монголын урлагийн салбарт маш эрэлттэй “бүтээгдэхүүн” гэдэгтэй маргах хүн гарахгүй байх аа?
-Ямар ч байсан би өөрийнхөө өнөөдрийг бүтээсэн гэдгээ бардам хэлнэ. Би мэргэжлийн бүжигчин, бүжиг дэглээч биш ч гэсэн Монголд орчин үеийн бүжиг, хөдөлгөөний урлагийг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхийг хичээж ирсэн. Энэ чиглэлээр гараагаа эхэлж байх үед минь хараад, дуурайгаад, жишээ авчих зүйл манайд байгаагүй шүү дээ. Тэгэхээр би бүр тэгээс нь эхэлсэн гэж болно. Миний найз нар намайг дэмжиж, хөглөж, сэтгэл, толгойд минь буцалж байдаг тэр зүйлийг гаргахад тусалж ирсэн. Одоо ч хэвээр. Тэдэндээ баярладаг юм.
-Нөхөрлөл, анд найзын талаарх таны бодлыг сонсъё.
-Би ер нь урлагийн хүрээлэлдээ л найзлахыг хүсдэг. Тийм хүрээллээ ч бий болгосон. Харин багын анд найз гээд яривал байхгүй. Тэгэхээр энэ талаар ам халаад ярих хүн бол би биш.
-Эр хүний жудаг гэж ярьдаг. Тэр нь чухам юу юм бэ?
-Зөвхөн эр хүний гэлтгүй ер нь жудаг гэдгийг арай өөр өнцгөөс авч үзвэл энэ нь ухамсартай, ёс суртахуунтай байх гэсэн үг юм болов уу. Үүнээс өөрөөр би хэн нэгнийг, эсвэл ямар нэгэн зүйлийг дүгнэхийг хүсэхгүй байна. Ер нь бусдыг дүгнэнэ гэдэг миний хувьд жудаггүй асуудал.
-Та ямар ч ажлыг баярлан хүлээн авдаг гэсэн. Ер нь ажилдаа баяр баясгалантайгаар хандах хэрэгтэйг танаас сурсан гэх хүн ч байдаг.
-Би аливаа ажлыг ямар нэгэн даалгавар, ял мэтээр хүлээн авдаггүй. Эсвэл “Яаж хийнэ ээ” гэж огт боддоггүй. Харин ч чин сэтгэлээсээ баярладаг. Надад итгэсэн сэтгэлийн хариуг сайхан барих ёстой.
-Та ажлаас өчүүхэн ч халгаж, шантардаггүй гэж үү?
-Бэрхшээлийг сэтгэлдээ “бугшуулаад” шантарч, ухрах зам руу эргүүлэхийг би үзэн яддаг. Бэрхшээл бол зогсолт биш шүү дээ.
-Та сэтгэлээр унаж, гутарч үзсэн үү?
-Үзсэн. Гэхдээ түүндээ автахгүй байх нь чухал.
-Ганцаараа байхыг хүсдэг үү. Тэр үед юу боддог вэ?
-Би цаг үргэлж хүмүүсийн дунд байдаг онцлог ажилтай хүн. Тиймээс болж өгвөл ганцаараа байхыг хүсдэг. Ганцаараа алхах дуртай. Би жолооны үнэмлэхтэй ч, машинд дургүй. Тэгээд ганцаараа байхдаа өнөөх үйл хөдлөл, бүжгээ л боддог.
-Санаанаас тань гардаггүй гомдол байдаг уу?
-Байгаа. Ганц ч биш, бүр олон бий. Гэхдээ төдийд, өдийд тэгсэн, ингэсэн гэж бодоод л явдаггүй. Ер нь аливааг сэтгэлдээ тээж явах дэмий. Тиймээс орхичихсон нь дээр.
-Биеэ тоосон гэдэг үгийг хэр сонсож байв?
-Оддын өвчин “туссан” үе надад байсан. Залуу “балчир” үедээ шүү дээ. Гэхдээ тэр үед би өөрийгөө мэдэрч, юу болоод байгааг ойлгож, ухаарсан. Юу гэхээр, тэгж явснаар би өөрийгөө л гэсгээсэн.
-Тэр үед яасан болоод “өөрийгөө гэсгээсэн” гээд байгаа юм бэ. Залуу хүмүүст сургамжтай байх үүднээс хэрхэн “өвчилсөн” тухайгаа яриач?
-Өө, дэмий. Миний алдаа, оноо надтайгаа үлдсэн нь дээр. Би өнгөрснөө эрэмбэлээд, “ингэхгүй тэгэхгүй яав даа” гэж шаналахыг хүсдэггүй. Ер нь хүн өөрийн алдааг бусдад тохох дэмий. Алдсанаараа хүнийг биш, өөрийгөө л гэсгээж байгаа хэрэг шүү дээ.
-Ямар нэгэн алдаагаа цайруулах боломж олдвол яах вэ?
-Ээжийгээ гомдоож явсан үе рүүгээ очоод уучлалт гуйна даа. Ээждээ хайртай гэж хэлдэг л дээ. Гэхдээ энэ үг дэндүү хангалтгүй санагдаад, өрөвдөхөөс өөрийг хийж чадахгүй байгаа минь үнэхээр хэцүү.
-Хэн нэгэн намайг ашиглачихлаа гэж бодож байсан уу?
-Ашиглана, ашиглуулна гэдэг чинь авах, өгөх гэсэн зарчимтай, хоёр талтай зүйл шүү дээ. Цаад талынхаа авахыг хүсэж байгааг ханатал өг. Тэгсний дараа өөрийн хүссэнийг ав. Ердөө л энэ. Тэгэхгүйгээр, хамтарч байж “ашиглуулаад байна” гэсэн бодол тээвэл утгагүй. Хэрэв тийм бол ёстой “Эвий дээ”.
-Та орчин үеийн бүжиг, үйл хөдлөлийн урлагийн хөгжилд хангалттай хувь нэмэр оруулсан. Шавь бэлтгэх тал дээр юу хийх вэ. Ямар нэгэн сургалт явуулах уу?
-Энэ талаар ярихад, юуны өмнө манайд хөдөлгөөний урлагийн өв уламжлал гэдэг зүйл байх ёстой. Одоогоор хангалттай суурь тавигдаагүй, түүнийг бэлдэж л явна гэж хэлнэ. Хэрэв одоо сургалт явуулбал би тууштай, туйлбартай, бүр тодруулбал, урлаг, байгалийн шалгарлаар гараад ирсэн хүмүүстэй л ажиллана.
-Та түрүүн “Аливаад нэгд л явахгүй бол бусад нь хэрэггүй” гэсэн. Ер нь яагаад цаг үргэлж тэргүүн эгнээний төлөө зүтгэдэг хүн бэ?
-“Тийм учраас” гэж тодорхойлж мэдэхгүй юм. Би угаасаа л тийм зантай. Үүнийгээ хүүхэд байхаасаа мэдэрсэн. Энэ бол заяагдсан зүйл.
-Өгөх сэтгэл бол агуу хайр гэдэг. Ванган гуайн анхны хайр бүтээгүй нь үрийнхээ төлөөх агуу сэтгэлтэй холбоотой гэдэг юм билээ. Та агуу хайрын төлөө золиос гаргаж чадах уу?
-Өө, би тийм агуу хүмүүс шиг байж чадахгүй шүү дээ. Хүмүүсийг хайраараа цатгаж, дайлаад л байдаг бурхан шиг байж чадахгүй, би.
Хайр дурлалын тухай ярианаас дөлж “Хайр нь аль байсан юм, дурлал нь чухам юу юм гэдгийг би ялгаж мэдэхээ больсон шүү дээ. Бүр төөрчихсөн” хэмээн тоглоом наргиа хийх энэ хүн харахад дэлгэсэн ном шиг нээлттэй мэт. Үнэн чанартаа сэтгэлийнхээ зарим хэсгийг түгжсэн, дотогш өнгийлгөхгүй гүргэр эр аж. Үүнийгээ “Хайр дурлал бол хувь хүний нандин зүйл учраас хэнийг ч нэвтрүүлэх хэрэггүй” хэмээн тун энгийнээр тайлбарлах.
Үе үе онгироо хүүхэд шиг нүдээ эргэлдүүлж, гараа савчин ярих энэ хүнийг сонжиж “Таныг гомдоохын тулд сэтгэлзүйн ямар дайралт хийвэл “нурах” бол” гэж асуулаа. “Тийм зүйлд одоо нурахгүй болсон байх аа” гээд инээх Г.Ган-Очир ам нээх бүртээ л бүжиг, ажил гээд “хадуурах” юм.
Мэргэжлийн урлаг, тэр дундаа драм, хөдөлгөөний урлаг бол амьдрал хэмээн ярих тэрбээр “Бид хөдөлгөөний урлагийн өөрийн гэсэн өв соёлыг бий болгохыг хүсдэг. Ингэхдээ хэн нэгний давтамж байхыг хүсэхгүй” гэсэн.
Үнэхээр энэ хүн өнөөдөр хэрэгтэй салбартаа өөрийн давтагдашгүй мөрийг гаргаж чадсан манай бахархалт уран бүтээлчдийн нэг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Энэ хүрэх замд өөрийг нь үргэлж ойлгож, бусдаас “этгээд” сонин санааг нь дэмжиж ирсэн хүмүүсийг тэрбээр нэгбүрчлэн нэрлэж, цаг ямагт талархаж явдгаа илэрхийлсэн.
Сониноос, УДЭТ-ын жүжигчин Б.Отгонбат түүнийг Доржсамбуу найруулагчид “гардуулж” өгснөөрөө амьдралыг нь эргүүлсэн ачтан гэсэн. Өөр нэг хүнийг онцолсон нь Н.Наранбаатар. Тэр хүн Г.Ган-Очирыг үргэлж “уудалж, ухаж” чаддаг уран бүтээлч учраас сэтгэлээсээ хүндэлж, хайрладаг найз нь гэж байсан.
-Засаг, төр солигдлоо. Монгол шиг өв соёлын уурхай болсон улс Соёлын яамтай байх ёстой гэж горьдсон нь энэ удаа мөн л бүтсэнгүй. Энэ талаарх таны бодлыг сонсъё.
-Өндөр хөгжилтэй орнуудын соёлын бодлого өндөр байдаг юм. Тийм учраас л хөгжил дэвшилд хүрсэн. Урлагаар дамжуулан юуг ч хийж, бүтээж чадна шүү дээ. Гэтэл манайд энэ агуу зүйлийг зүгээр л хэрэглүүр, хавсарга элемент болгоод байна. Урлаг бол хүч юм. Манайд хүч нь хангалттай байгаа. Улс, нийгэм, хүн урлаг соёлоор сэтгэлээ цатгаж, тайтгаруулдаг хэрнээ үүнийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа нь сул тал.
-Танд боломж олгоод, санхүүг нь шийдээд өгвөл ямар бүтээл хийх бол?
-Мюзикл төрлөөр бүтээл хийхийг хүсэж байна. Хийхээр төлөвлөсөн зүйл ч байгаа. Ер нь би үндэсний, сонгодог мюзиклтэй болоосой, тэр нь дэлхийд танигдаасай гэж хүсдэг. Энэ талын бодлого ийм тийм байх ёстой гэж би ярихгүй. Гэхдээ бодлогын хэмжээнд ярьдаг болтол нь хөгжүүлэхийн төлөө хичээж, ажиллаж, мөрөөддөг хүн. Энэ бол миний үүрэг гэж боддог. Би эрх, үүргээ маш сайн мэднэ. Энэ хоёроос үүргээ илүү биелүүлэхийг хүсдэг. Тэгсэн цагт эрхээ хангалттай эдэлнэ шүү дээ.
-Тэгвэл бодлого тодорхойлогчдоос юу хүсэх вэ?
-Хөөрхий дөө, манай урлагийнхан хүсэл, мөрөөдөл, сэтгэлээр баян хүмүүс. Урлагийнхны хөдөлмөрийг, гаргаж байгаа золиосыг нь шударгаар үнэлээч, урлагийг экспортлох бус, түүнээс суралцаж яваасай гэж л хүсэж байна. Жишээ нь би, өөрийн гэсэн хэв маягийг бий болгох гэж өдий хүртэл явсан, харин Майклыг, эсвэл өөр хэн нэгэн домгийг Монголд дуурайж, экспортлохыг хүсээгүй.
-Мюзикл гэснээс таныг энэ төрлөөр нэлээд романтик кино хийж байгаа гэж сонссон.
-Монголд анх удаа мэргэжлийн түвшинд мюзикл кино хийхээр зорьж байгаа. Үүнээс илүү ярихад арай эрт байна аа.
-Хүнд онгироо зан байх хэрэгтэй юү?
-Бага ч гэсэн байх ёстой. Гэхдээ онгироо зангийн илрэл нь цахим хуудсаар зургаа дэлгэж, элдэвлэж, зэрэг дэвээ гайхуулж байгаагаас маш өөр байх ёстой. Одоогийн ийм нэг хачин илэрхийллийг би гайхдаг. Интернэтийн мэдээллүүдийг мэдлэг, боловсрол гэж эндүүрч байгаа хүмүүс хөөрхий дөө. Ёстой л цахим боолчлолд өртчихсөн, өрөвдмөөр төрх харагдаад байдаг юм. Уг нь мэдээлэл өгч, авалцах нэг суваг төдий зүйл шүү дээ, тэр шүтээд, өөрийгөө мандуулаад, дүгнээд, дүгнүүлээд байгаа зүйл нь. Жинхэнэ шалгарал, ялгарал бол тун өөр юм.
-Нэг зүйл асууя. Танд дулдуйдсан хэрэг биш шүү. Ган-Очирт шагнал арай хоцроод, оройтоод байна гэх хүн цөөнгүй юм билээ. Энэ талаар та юу хэлэв вэ?
-Өө, тэр бол үнээн, үнэн. Би төчнөөн ширхэг юм хийлээ. Мянган хүн бүжиглүүлэн, дэвхрүүллээ, ингэсэн тэгсэн гэдэг тоон үзүүлэлт надад хэрэггүй. Тоо биш, чанарыг эрхэмлэ гэдэг зарчмаар би ажилладаг. Би чанар гэдэг тэр зүйлийг хайсаар яваа.
Өөрийгөө “эрх чөлөө” хэмээн тодорхойлж, давтагдашгүй хэлбэр, төрхөө хайсаар буй Г.Ган-Очир хэмээх энэ уран бүтээлч “Би хийчихлээ, бүтээчихлээ гэсэн онгироо зан намайг тодорхойлохгүй. Харин “Хийнэ бүтээнэ” гэсэн хүсэл минь намайг тодорхойлно” гэсэн. Энэ үгээр нь ярилцлагаа өндөрлөхийг хүслээ. Учир нь ирээдүй цаг үргэлж биднийг хөтөлдөг шүү дээ.