“Боловсрол” телевизээс зохион байгуулсан “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч, загвар өмсөгч Э.Энхболд тун удахгүй “International fashion super model” олон улсын уралдаанд оролцохоор бэлтгэлээ хийж буй аж. Түүнээс уг уралдааны талаар тодрууллаа.
-Таныг шилдэг загвар өмсөгч шалгаруулдаг олон улсын уралдаанд өрсөлдөхөөр бэлдэж буй талаар сонслоо. “International fashion super model” уралдаанд өрсөлдөгчдийг хэрхэн шалгаруулдаг вэ?
-“Яг түүн шиг” нэвтрүүлэгт оролцож байх үед уг уралдааны урилга ирсэн. Шалгаруулах зарчим нь энгийн. Загварын шилдэг моделийг шалгаруулах учраас зургаа хэрхэн авахуулах, тайзан дээр хувцсаа хэрхэн амилуулж буйг голчлон харах байх.
-Уг уралдаан хэзээ болох вэ?
-Ирэх есдүгээр сарын 8-12-нд Хонгконгт болно.
-Энэхүү уралдаанд оролцож, шилдгээр шалгарвал гадаадын загварын агенлагуудтай гэрээ байгуулах боломжтой болох уу?
-Тэгнэ. Энэхүү уралдааныг “Solid” хувцас загварын агентлаг болон Азийн загвар өмсөгчдийн ассоциаци хамтран зохион байгуулж буй. Тэгэхээр шилдгээр шалгарвал гадаадын агентлагуудтай хамтран ажиллан боломж нээгдэнэ.
-Мөн та Хонгконгийн загварын долоо хоногт оролцохоор шалгарсан гэсэн.
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд шалгаруулалтад нь оролцоод тэнцсэн. Мөн оролцох уралдааныхаа хэвлэлийн бага хуралд оролцож, сурталчилгааны зургаа урьдчилсан байдлаар авахуулсан.