1958 оны хавар яргуй дэлгэрэхтэй зэрэгцэн аав, ээждээ цэцэг болон ирсэн нэгэн бяцхан охин өдгөө дэлхийд танигдсан алдартай жүжигчин болсон. Тэр бол Шэрон Стоун. Америкийн жүжигчин, продюсер энэ эмэгтэй цагтаа гоо бүсгүйн уралдааны хамгийн анхаарал татсан оролцогч байж, загварын агентлагуудын урилгад дарагдаж явсан гэдэг.
Парис, Миланы загварын тайзнаа гунхаж, дэлхийн загвар зохион бүтээгчдэд ид тоогдож байхдаа тэрбээр дэлгэцийн урлагт татагдан маш том карьертаа цэг тавихад хүрчээ. Хамгийн анхны дүрээ Вуди Аллены бүтээлд мөнхөлсөн Шэрон Стоун үнэхээр од шүүрсэн бүсгүй. Үүний дараа Стивен Сигал, Арнольд Щварценеггер, Сильвестр Сталлонетой хамтран ажилласан гэдэг. Аав, ээждээ гологдон асрах газарт өсөж байсан гурван хөвгүүний амьдралд гэгээ бэлэглэн, өргөж авсан энэ эмэгтэйг “Esquire” онцолжээ.
- Хүн амьдралынхаа эхний хагаст унаган төрх, байдлаараа илэрхийлэгддэг. Харин хоёр дахь хагас нь өөрөө олж авсан төрх, байдал нь юм.
- Би хөгширч байгаа нь үнэн. Гэхдээ нас ахих нь надад таалагдаж байгаа. Би насаа нуух дургүй. Харин энэ насанд ийм зэрэгтэй харагдаж болдгийг, ер нь тийм боломжтой гэдгийг мэдрүүлсэн жирийн л эмэгтэй байхыг хүсдэг. 40 нас хүрчихээд, хөөстэй усан онгоцонд хэвтэнгээ дарс шимж суухдаа “Өдий хүртэл эвлэрч, хүлээн авч чадахгүй байсан өөрийн төрх, байдлаа хүлээн зөвшөөрөх цаг иржээ” гэж бодож билээ.
- Гол дүр бүтээсэн “Аюултай харилцаа” киногоо үзэхээс өмнө би өөрийгөө сэтгэл татам, дур булаам гэж мэддэггүй байсан гэвэл хачин уу?
- 1980 онд Вуди Аллены кинонд ганц ч үг “ган” гэдэггүй, ач холбогдол багатай дүрд анх сонгогдсон ч гэсэн тэр үеэс л “Кино урлаг бол хэзээнээс л хүсэж байсан зам минь мөн” гэдгийг ойлгосон юм.
- Амьдралынхаа эхэн үед өөрийгөө зүхэх зүйл хийж байсан, эсэх, ер нь яаж явсан нь чухал биш. Харин насныхаа хоёр дахь хагасыг гольф тоглосон шиг юу ч хийхгүй, өнгөрүүлэх нь чухал шүү.
- Би ер нь гүргэр, цуцдаггүй зантай. Ямар сайндаа л ээж маань “Чи эскимосчуудад ч мөс зарж чадна” гэдэг байсан.
- Амьдралд азтай байх нь чухал. Гэхдээ тэр нь надад байгаагүй. Эрүүл мэндийн хувьд аз тохиогүй, үр хүүхэд төрүүлэх боломжгүй байсан. Гэр бүлтэй болж, хамтын амьдрал зохиох тал дээр ч азтай байгаагүй. Гэсэн ч би амьдралаас шантраагүй.
- Амар тайван байх нь миний чухал зорилго. 2001 онд тархинд минь цус харваснаас хойш үүнийг улам мэдэрч, тайван байхыг хичээх болсон. Харвалтаас хойш хоёр жилийн турш би маш их хичээж, хөдөлмөрлөж байж хэвийн ярьдаг, алхдаг болсон доо. Тийм хүнд хэцүү зүйл амссан миний хувьд үрчлээс энэ тэр гэж маяглах инээдтэй биз дээ.
- Уинстон Черчилль “Хэрэв чамд тамыг туулах шаардлага гарвал болж өгвөл зовлонгоо хурдан дуусгах хэрэгтэй” гэж үнэхээр оновчтой хэлсэн шүү.
- Дэлхий дээр бүтэн амар амгалан гэж хэзээ ч байхгүй. Гэхдээ хүн өөрийн сэтгэл, тархинд төгс амар амгаланг бий болгож болно.
- Яг адилхан хамартай, аймаар том уруул нь хүртэл хувилсан мэт адилхан, бас үс нь хүртэл адилхан шаргал 400.000 гаруй бүсгүй Америкт бий. Тэдний шүд хүртэл адилхан танан цагаан, хацар нь ч бас адилхан. Тийм царай, төрхийг сэтгэл татам гэж хэлэх хүн олдох болов уу?
- Ава Гарднер дэлхийн хамгийн сайхан хүүхэн байсан. Тэрбээр төрсөн биеэ элдэвлэж, оролдолгүй өөрийн төрхөөр байж чадсан учраас тэр. Тэр хэзээ ч залуу охин шиг, эсвэл бусдаас хөөрхөн байх гэж шунаагүй юм.
- Өнөөдөр амьдралд минь гурван сайхан эр байна. Тэд бол миний хөвгүүд. Роэн, Лэрд, Куинн минь.
- Хүүхдүүд нь өсөж, том болохын хэрээр хүн амьдралыг, тэр дундаа өөрийгөө илүү мэдэж, танидаг юм билээ. Би ч тэгж ухаажиж байгаа нэгэн.
- Хэрэв та үр хүүхдэдээ үнэхээр хайртай бол гэртээ бэлгэвч бэлтгэж тавих хэрэгтэй. Ингээд зогсохгүй тэр зүйлийг хүүхдүүд тань хэнээс ч зоволгүй, нуулгүй авч байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой.
- Найз эмэгтэйчүүдийн минь дунд ижил хүйтснээ сонирхдог нь олон. Үүнээс болоод намайг ч бэлгийн буруу хандлагатай гэж андуурах нь бий.
- Залуу хүмүүс мөрийтэй тоглоомоос хол байж, мансууруулах бодисоос зугтаж, бэлгийн амьдрал нь асуудалтай нэгнээс зайгаа барьж явсан нь дээр.
- Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хуурамч байдаг.
- Би жигнэмэг хийх дуртай. Гэхдээ хийснээ иддэггүй. Зүгээр л түүхий бүтээгдэхүүнүүдийг барьж, имэрч, мэдэрч, харьцах нь таалагддаг юм.
- Би одоо 58 настай. Гоо сайхан гэдэг зүйл хүний дотроос ундардгийг би энэ насандаа ойлгож байна. Гоо сайхан байхын тулд хүн өөрийн хүссэнийг хийж, өдөр бүрийг таашаалтай өнгөрүүлэх хэрэгтэй. Тиймээс л би ханатлаа бүжиглэх болсон. Бүр ядартлаа зогсохгүй бүжиглэдэг дээ.
- Япончууд яагаад аз жаргалтай, урт насалдаг нууц нь их энгийн. Тэд цаг үргэлж өөрийн дуртай зүйлээ хийж амьдардаг юм.