Францын Ницца хотод болсон террорист халдлагын улмаас олон хүн амиа алдсанд дэлхийн алдартан, одод харамсал илэрхийлж, цахим хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлсээр буй. Тэдний нэг нь Америкийн дуучин, жүжигчин Шер. Тэрбээр твиттертээ “Би дэлхийн хамгийн сайхан газруудын нэг Ниццад очоод саяхан ирлээ. Францад амьдардаг бүх хүн, найз нөхөдтэйгөө чин сэтгэлээрээ хамт байж, уй гашууг хуваалцаж буйгаа илэрхийлье. Миний сэтгэл урагдсан мэт байна” гэжээ.
Шерилин Саркисян Лапьер Боно Оллмэн буюу Шер хэмээх нэрээр олонд танигдсан энэ хүн өнгөрсөн тавдугаар сард 70 насны босго алхсан. Гэхдээ 50 гаруй настай юм шиг л харагддаг хэмээнэ. Түүнийг “Мөнхийн залуу” гэсэн гуншин дагасаар ирсэн. Армян гаралтай Шер гайхалтай дуучин төдийгүй сайн жүжигчин, найруулагч, продюсер бөгөөд нэлээд хэдэн дуугаараа “Оскар”-т нэр дэвшсэнээс нэг удаа “алтан хүн” атгаснаас гадна “Алтан бөмбөрцөг”-ийг гурвантаа хүртсэн, мөн “Грэмми”, “Эмми” гээд ер нь урлагийн салбарын томоохон шагналуудыг “хамсан” хүн.
Дуу, хөгжмийн ертөнцөд 17 настайдаа татагдаж, тарчиг амьдралаас тансаг “диваажин”-д хүрч чадсан энэ эмэгтэйг “Армян үнсгэлжин” гэдэг юм билээ. 1960-2010 онд буюу тасралтгүй 50 жилийн турш “Billboard hot 100” жагсаалтын эхний 10-аас буугаагүй цорын ганц дуучин хэмээн түүхэнд нэрээ мөнхөлсөн ийм нэгэн уран бүтээлчийг “Esquire” онцлон сэтгэл рүү нь өнгийжээ.
- Би, үгүй ээ, ер нь хүн өөрийгөө алж, устгаж чадна.
- 16 настай гэнэн томоогүй охин байхдаа би гэрээсээ явсан. Төрж, өссөн үүрэндээ хоргодохгүй, тун амархан орхиод гарч билээ. Ээж минь “Чи амжилттай явах гэж заавал их мөнгө хуримтлуулах хэрэггүй. Зүгээр л сайхан амьдар, хүүхэд төрүүл, итгэл найдвараа орхиж болохгүй. Тэгээд гоо үзэсгэлэнгээ гээлгүй, ходоодоо хоолтой байлгахын тулд дуулж яв” гэсэн.
- Хэн нэгэн чамайг бүтээхгүй. Хүн өөрийгөө л бий болгодог юм. Илүү хүн ч гэж үгүй. Харин бусдаас арай илүү баялаг төсөөлж, сэтгэдэг нь бий.
- Би ядуу тарчиг байдлаас үхтлээ айдаг. Учир нь хүүхэд нас минь тийм аймшиг дунд өнгөрсөн юм. Одоо хэр нь миний сэтгэл дотор өлсгөлөн, гуйланчлалын айдас мэдрэгддэг.
- Миний хөх, хамар, шүд л “засвартай”. Бусад нь өөрийнхөөрөө.
- Саяхан гоо сайхны нэг салонд очиж, шивээсээ арилгууллаа. Би 27 настайдаа анх шивээс хийлгэж байлаа. Тухайн үедээ бол маш шинэлэг зүйл байхгүй юу. Бөөн юм болж, жинхэнэ ярианы сэдэв болсон доо. Харин өнөөдөр шивээс бол хүн бүрийн хэрэглээ шахуу болчихсон эд. Тэгэхээр сонирхолтой, содон зүйл байхаа больсон. Харин ч уйтгартай.
- 60 нас гараад л хүн заавал доройтож, хөгширч, хэнд ч хэрэггүй болох ёстой гэсэн хууль байгаа юм уу. Хүн бүр л бие, сэтгэлээрээ мэдэрдэг жамтай учраас хөгшрөх нь айж, цэрвээд байхаар муу зүйл биш л дээ. Гэсэн хэдий ч хөгшрөлт бол дайсан. Тиймээс түүнтэй тулалдахын оронд ярьж, тохиролцсон нь дээр дээ.
- Би төрсөн эх орноо таньж, мэдэхээргүй болсон байна лээ. Нас нэмэхийн хамгийн аймаар нь энэ юм. Яагаад гэхээр, төрсөн нутаг чинь чамд ямар ч хамаагүй мэт санагдаж байсан мэдрэмж хүртэл алга болдог юм байна.
- Би хэрхэн, яаж амьдарч ирсэн бэ гэж үү? Юуны өмнө би алдахаас, эрсдэлтэй алхам хийхээс хэзээ ч айж байгаагүй. Мөн миний тухай хүмүүс юу гэж ярьдаг бол гэдэгт хэзээ ч санаа зовж, сэтгэлээ чилээдэггүй юм.
- Ер нь хүүхэд шиг, тэнэг харагдаж байгаагаа мэдэрсэн ч эвгүйцэж, илүү хүнд нөхцөл байдал үүсгэхгүй, эвтэйхэн мултрах арга барилд сурахгүйгээр чи хэзээ ч агуу, мундаг болж чадахгүй.
- Би төрсөн өдрөөрөө уйлахыг хүсдэггүй. Гэхдээ 40 насныхаа босгон дээр уйлчихсан. Лаатай бялуу хартал нулимс юу юугүй нүд бүрхээд ирсэн. “За ингээд, залуу нас минь намайг орхижээ” гэж бодсон доо. Тэгтэл маргааш нь “Иствикийн шулмууд” кинонд Жек Николсонтой хамтран ажиллаач гэсэн урилга ирдэг юм байна. Тэр бол 1987 он шүү дээ. Тэгэхэд би “За, бүх зүйл өнгөрчихөөгүй л байна” гэж бодож, тайвширч билээ.
- Эмэгтэйчүүд бол нийгмийн архитектор байдаг. Гэхдээ тэднийг нийгэм нь үл анзаардаг.
- С.Дали надад доргиогч болсон нь үнэн. Энэ түүх их ээдрээтэй. Тэрбээр намайг, бас Сонни (Шерийн анхны нөхөр), Фрэнсис Коппол, миний найз бүсгүй Жоиг үдийн хоолонд урилаа. Бид гэрт нь очоод удаагүй байтал хажуугийн өрөөнд бөөн дуу шуу болдог юм байна. Нэлээд садар наргиан цэнгээн болж байгаа нь илт. Бүгд францаар ярьж байсан. Би сандал дээр тухлаад тэр зүгт харж байгаад хуруугаа нэг зүйлд санамсаргүй хийчихлээ. Резинэн загасанд гаргасан нүх байна. Хажууд нь нэг удирдлага ч харагдсан. Би С.Далид “Танайх хөгжилтэй, хөөрхөн тоглоомтой юм” гэхэд “Тийм шүү, наадхыгаа нуудгайдаа ойртуулахаар онцгой үйлчилгээ үзүүлдэг юм” гэж хэнэг ч үгүй хариулдаг байгаа.
- Яаж амьдрах вэ? Тэгэхээр, бусдын хэлэхийг тоолгүй босоод явах нь чухал. Үгүй бол юу ч анзаараагүй юм шиг суусан чигтээ үлд. Ер нь ямар ч үед байсан, юу ч тохиолдсон хамаагүй, бүгд л хэдэн жилийн дараа мартагддаг юм.
- Сэтгэл санаа гундуу, уйтай үед гүйхээс илүү эм гэж үгүй. Хүнээс ялгаатай нь гүйлтийн зам чамайг тайтгаруулах гэж элдэв юм чалчихгүй.
- Хүн бүр ухаалаг гар утастай болж, цахим сүлжээ хэрэглэдэг болсон энэ цагт нуугдах ямар ч аргагүй нь аймаар. Яаж ч нуугдаад нэмэргүй, зургийг минь ил гаргаад л тавьчихдаг юм.
- Миний хамгийн дуртай, бэлгэ тэмдэг шахуу зүйл бол хэлээ унжуулсан хий үзэгдэл. Би бүжиглэх үедээ яг тийм харагддаг юм.
- Хэрэв чи урагш явж чадахгүй бол буланд оч. Амьдралын зарчим уг нь ийм л энгийн юм шүү.
- Би саяхан Францын Пер-Лашезид (Парисын оршуулгын газар. Алдартнуудыг тэнд оршуулдаг) газар авсан. Гэхдээ Францын хуулиар бол тэнд тус улсын иргэд эсвэл тэнд л нас барсан хүнийг оршуулах ёстой юм билээ. Тэгэхээр би биеэ эвгүйрхээд эхэлбэл шууд л Парисын тасалбар аваад онгоцонд сууна даа.
- Би одоо ч энд байсаар. Хачин биш гэж үү.