“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй Монголын рок попын “Алдрын од” одонгийн эзнээр “Харанга” хамтлаг тодорчээ. Тус хамтлагийг “Хонхны дуу” клубийн зүгээс 100 сая төгрөгөөр шагнасан байна.
“Алдрын од” тоглолтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн тоглолт энэ сарын 30-ны өдөр Чингисийн талбайд болох юм. Энэхүү хүндэтгэлийн тоглолтын талаар өнөөдөр “Хонхны дуу” клубын тэргүүн Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг дарга С.Батболд, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, "Хонхны дуу" клубын гишүүд мэдээлэл өглөө. Энэ жилийн “Алдрын од”-ын эзнийг “Пентатоник” академийн гишүүдийн саналаар тодруулжээ. Хамгийн олон саналыг “Харанга”, “Өргөө”, “Инээмсэглэл” хамтлаг авсаныг “Хонхны дуу” клубын гишүүд мэдээллээ.
Соёлын төв өргөөний хүндэтгэлийн самбарт “Харанга” хамтлагийн зургийг байрлуулж, “Алдрын од” одонг гардуулах ёслолын ажиллагаа болох юм байна. Мөн энэ сарын 30-ны өдөр Чингисийн нэрэмжит талбайд 21.00 цагт “Харанга” хамтлагт зориулсан рок попынхны хүндэтгэлийн тоглолт болохыг албаныхан мэдэгдлээ.
Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл “Холливудад оддын гарын хээг нэртэй нь хамт газарт байрлуулж алдаршуулдаг. Харин монголчуудын хувьд газар байршуулж, алдаршуулах нь сэтгэлгээнд бууж өгөхгүй байгаа учраас хүндэтгэлийн самбар байрлуулж байгаа юм. Мөн таван хошуу монголчуудын билэгдэл биш учир очир-эрдэнээр “Алдрын од” одонгоо бүтээсэн” хэмээн тайлбарлав.
Энэ сарын 30-нд болох “Алдрын од” тоглолт үнэ төлбөргүй бөгөөд Чингисийн талбайд дөрвөн мянган хүний суудал засах юм байна. Өнгөрсөн жил “Соёл-Эрдэнэ” хамтлагийн “Алдын од” тоглолтыг 15 мянга гаруй үзэгч сонирхжээ.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд соёл урлагийн салбарын сонгодог, ардын, электро, амьд хөгжмийг дэмжсэн олон тоглолтыг зохион байгуулсан. Энэ удаа Монголын рок попын уран бүтээлчдийг дэмжсэн “Алдрын од” тоглолтыг зохион байгуулж байна. Өнгөрсөн жил рок попын эцэг гэгдэх “Соёл-Эрдэнэ ” хамтлагийг “Алдрын од”-ын эзнээр шалгаруулж байсан билээ.