Дөрөв дэх хүүхдээ хэвлийдээ тээчихээд гурав дахь үзэсгэлэнгээ Үндэсний их баяр наадамтай зэрэгцүүлэн үзэгчдийн хүртээл болгож буй дизайнер бол Д.Майра. Түүнийг “эсгийчин” гэж тодорхойлж болно. Эмээгээсээ эсгий урлах ухааныг өвлөөд түүнийгээ баяжуулан орчин үеийн загвар, урлагийн чиг хандлагатай хослуулан бүтээл туурвидаг тэрбээр “Эсгий зулмал ширдэг” үзэсгэлэнгээ долдугаар сарын 12-нд Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээж, энэ сарын 29 хүртэл үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ.
Цасан ширхэг будруулж өвлийг сануулаад, хаврын улирлын сайхныг гайхуулж өнгөлөг чулуунуудыг тодруулсан зуны сэвшээ салхи, намрын шаргал навчистай түүний үзэсгэлэнгийн танхимд яг 10 бүтээл амилжээ. Зулмал ширдэг монголчуудын эртний уламжлалт өвийн нэг хэдий ч удтал мартагдаж, өнөөд хөрвүүлж туурвисан хүн ховор байна. 180х180 см хэмжээтэй нэг бүтээлээ тэрбээр дөрвөн туслахын хамт тав хоногийн турш хийдэг гэсэн. Бодож төлөвлөж, зорьж тэмүүлсэн өдрөөс нь гадна хоёр сарын шаргуу хөдөлмөрийн үрээр эдгээр бүтээл үзэгчдэд хүрч буй. Дээр нь хэвтэхэд зөөлхөн, ханандаа өлгөсөн ч онцгой, урлаачийн сэтгэл, гарын ур шингэсэн энэ ширдгийг гадаадын жуулчид нэлээд сонирхож, зарим нь худалдаж аваад эхэлжээ. Улс бүрийн хивсийг цуглуулж, өөрийн гэрээ чимсэн нэгэн Монголыг сануулах дурсгал энэ болог хэмээн зуныг дүрсэлсэн бүтээлийг нь худалдан авчээ.
Монгол хонины нарийн ноосыг ямар ч химийн будаг ашиглахгүйгээр өнгө алаглуулан урласан нь сонихон. Хүүхдийг муу зүйлээс хамгаалдаг эрвээхэй хээ, эртний нүүдэлчдийн бэлгэ тэмдэг, дугуй болон усан хээ гээд Д.Майрагийн бүтээлээс эрэл хайгуул нэвт “ханхална”.
Математикч аавын тоонд дуртай охин дизайнер болж, өв соёлоо алдаршуулан яваа болохоор ямар нэгэн харандаа бал ашиглаагүй түүний бүтээлүүдээс зөв харьцаа, цэгцтэй дүрслэл харагдана. Минималист бүтээл болон төлөвлөлтөд анхаарлаа хандуулж байгаа үзэгчдийн хэрэгцээг ч бас тэр хэдийнэ тооцоолсон. “Ороолт, шаахай урласаар байгаад уйдаад гэх үү” гэж хошигносон ч үргэлж шинийг эрэлхийлдэг Д.Майрагийн л хийх зүйл энэ гэж ойлголоо. Дараа нь юу хийх билээ, ямар шинэ санаа уралдуулах вэ гэж тэр одоо ч яаравчлан байгаа нь илт. Монгол хонины ноосноос энэ олон өнгийг ялгаруулж бор шарга, бор, цагаан өнгөөр алаглах ийм сайхан бүтээлийг туурвиж чадсан болохоор гайхашруулах шинэ санаа түүнээс тодрох биз ээ.
Эсгий урлалын багш, дизайнер, 1000 гаруй шавьтай, энэ чиглэлээрээ дөрвөн гарын авлага хэвлүүлж, хоёр технологи боловсруулан 20 гаруй загвараа патентжуулсан түүний шинэ бүтээлийг тольдохыг хүсвэл энэ сарын 29-нөөс урьтан Дүрслэх урлагийн музейд зочлоорой. Гурав дахь үзэсгэлэн, дөрөв дэх бяцхан эрдэнэтэйгээ тэр таныг угтаж, бүтээлээ танилцуулах болно.