Дэлхийн сонгодог урлагийн түүхэнд үнэнч хайр дурлалыг бэлгэдэн мөнхөрсөн “Ромео, Жульетта” хоёроос дутуугүй өгүүлэмжтэй, монголчуудын өв соёлыг багтаасан үндэсний сонгодог бүтээл бол “Учиртай гурван толгой”. Их зохиолч Д.Нацагдоржийн цомнолоор Б.Смирнов, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн нар үндэсний анхны дуурийг туурвисан нь өнөөг хүртэл тасралтгүй тоглосоор ирэх сарын 10-нд Төв талбайд 2419 дэх удаагаа үзэгчдэд хүрэх гэж буй. Өнгөрсөн жилээс эхлэн задгай талбайд бүхэл бүтэн дуурь тоглох шийдвэр гаргаж, монголчууд Үндэсний их баяр наадмаараа “Учиртай гурван толгой” дууриа, 10 мянгуулаа үзэж цэнгэсэн.
Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, ДБЭТ-ын гоцлооч Ш.Наранчимэг нар Юндэн, Нансалмаагийн дүрд тоглож, талбайн баруун талаас морь унан гарч ирсэн нь ч гэнэтийн бэлэг байсан. Өнгөрсөн жил мэргэжлийн шилдэг дуучдын дунд шалгаруулалт явуулж, гол дүрийн дөрвөн жүжигчнээ сонгож байсны нэгэн адил энэ удаа ч бас сонгон шалгаруулалт хийлээ. Өнөөдөр ДБЭТ-т болсон сонгон шалгаруулалтад дөрвөн Юндэн, Нансалмаа, гурван Хоролмаа, таван Балган оролцсон юм.
Гол дүрд тоглохоор шалгарсан дөрвөн дуучныг тус бүр 10 сая төгрөгөөр урамшуулах болзолтой байгааг нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл танилцуулсан. Түүнтэй хамт ДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул, Ардын жүжигчин А.Дашпэлжээ, Б.Жавзандулам, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, Гавьяат жүжигчин М.Болд, ДБЭТ-ын туслах найруулагч Е.Сарантуяа нар шүүж, дуучдыг тодруулсан юм.
Дуучдын ур чадвар, дүрээ илэрхийлэх байдал, жүжиглэлт, тайзны ур чадварыг харгалзан 100 хүртэлх оноогоор дүгнэсэн бөгөөд сонгон шалгаруулалтад оролцох дуучдад морь унаж чаддаг байх гэсэн болзол мөн тавьсан юм билээ.
Төв талбайд тоглох “Учиртай гурван толгой” дуурийн найруулагчаар А.Дашпэлжээ ажиллах бөгөөд тэрбээр “Монголчуудын гайхамшигт өв соёл, сонгодог урлагийн баялаг ур чадварыг улсынхаа иргэд болон гадаадын жуулчдад харуулах ховор боломж юм” хэмээн энэ тоглолтыг онцлоод, гол дүрийн дуучдаа сонгосны дараа бусад дүрд тоглох хүмүүсийг оноож бэлтгэлээ хийнэ гэв.
Энэ жил Гавьяат жүжигчин Ө.Уянга, М.Глинкийн уралдааны шагналт Ч.Энхтайван нараас гадна залуу дуучид сонгон шалгаруулалтад оролцож, Юндэнд Э.Бумхүү, Нансалмаад Б.Энхнаран, Хоролмаад Гавьяат жүжигчин Ө.Уянга, Балганд С.Бат-Эрдэнэ дуулах боллоо. Энэ шалгаруулалтад ДБЭТ-ын гоцлооч Э.Бумхүү Юндэн, Балган хоёрын дүрээр нэгэн зэрэг өрсөлдсөн нь олны анхаарлыг татав. Харин өнгөрсөн жил Нансалмаад дуулсан Ш.Наранчимэг энэ удаа Хоролмаа болохоор “шийджээ”. Буриадын театр болон “Сүлд” чуулгын дуучдаар хүрээгээ тэлж, зөвхөн ДБЭТ-ын дуучдаас сонгодог гэсэн ташаа ойлголтыг эвдсэн энэ удаагийн шалгаруулалт бүтэн өдрийн турш үргэлжилж, өнөөдөр орой 19.00 цагт дүнгээ гаргасан юм.
Дашрамд дуулгахад, ДБЭТ-ын уран бүтээлчид бямба гаригийн орой “Best of classic open air” тоглолтоо 5000 үзэгчдэд үнэ төлбөргүй хүргэх аж. Гурав дахь жилдээ болох гэж буй энэ тоглолтод БНСУ-д болсон олон улсын балетчдын уралдаанаас шагнал хүртсэн О.Анужин, О.Ганцоож нарын балетчид, ДБЭТ-ын шилдэг уран бүтээлчид оролцох юм. Тоглолт 21.00 цагт эхлэх юм.