“Ням гариг” Оросын зохиолч Т.Поляковагийн “Саятан бүсгүй танилцахыг хүсэж байна” зохиолыг цувралаар хүргэж эхэллээ. Адал явдалт энэхүү бүтээлийг "Ням гариг" сонины орчуулагч Н.Энхтүвшингийн орчуулгаар таалан болгооно уу.
Өөрийнх нь хэлснээр шинэ танилыг Стас гэдэг, 28 настай, ганц бие, 186 см өндөр, эрүүл чийрэг, царайлаг, хөгжилтэй, өрөвч сэтгэлтэй, үнэнч, сайн залуу гэнэ. Энэ сайн залуу засварчин найзынхаа тухай лав худлаа хэлсэнгүй. Хориод минутын дараа Костя гэдэг залуу ирээд миний машиныг засахаар аваад явлаа. Севаг мэдэхээс өмнө эхлээд миний унаж байсан машиныг янзлахаар шийдсэн юм. Стас намайг хүргэж өгөх замдаа үргэлжлүүлэн шалгаасаар байв.
-Бүтэн нэрийг чинь хэн гэдэг юм бэ?
-Мария Анатольевна Смородина.
-Станислав Геннадьевич Самойлов. Танилцахад таатнай байна гээд шинэ танил гар бариад
-Аав чинь нас бараад хориод хонож байгаа гэл үү гээд намайг нэг л сонин намайг харав.
-Тийм.
-Аавыг чинь Анатолий Вениаминович гэдэг байсан уу?
-Таньдаг байсан юм уу?
-Үгүй. Харин сонсож байсан юм байна. Тэгээд чи одоо хэнтэйгээ амьдардаг юм?
-Хойт эхтэйгээ
-Тэгвэл Сева хэн юм?
-Хойт эхийн найз залуу.
-Тэр танайд хэзээ ирсэн бэ?
-Хориод хоногийн өмнө.
-Ойлгомжтой.
Энэ үеэр бид манай гэрийн гадаа ирэв. Гал тогооны цонх гэрэлтэй байхыг хараад би сэтгэлээр бүр унаж орхив. Рита, Сева хоёртай хэрүүл хийх чадал надад үнэхээр үлдсэнгүй. Гэвч гэртээ орохоос өөр зам надад алга. Ямар энэ үгэнд дуртай, тэнэг залууг дагаад гэрт нь очилтой биш.
Заншсан ёсоор түлхүүрээ гэртээ мартсан тул хонх дартал Рита хаалга тайлж өгөв. Өрөөсөн гуталтай би догонцсоор ороход нүдээ бүлтийлгэн харах Ритаг амаа ангайхаас нь өмнө “Иймэрхүү байдалтай цааш үргэлжилж болохгүй гэдгийг мэдэж байна аа ” гэж хэлж амжаад шууд өрөө рүүгээ орж, хаалга түгжлээ. Өнөөдөр ёстой галзуурмаар өдөр байлаа. Сэтгэл санаа, бие махбодиороо туйлдаж гүйцсэн би дэр толгой нийлүүлэд тэр дороо нам унтав.
Өглөө утасны жингэнэх дуу намайг сэрээлээ.
-Би чамайг сэрээчихэв үү гэх эрэгтэй хүн дуугарахад би нойрондоо
-Хэн бэ гэж уцаарлангуй асуув.
-Өө, за за. Нэг зальтай бүсгүй өчигдөр машины осол гаргаад зугтчихлаа.
-Стас уу, уучлаарай утсаар таньсангүй гэв.
- Би очиж явна. Гараад ирэх үү.
-Одоохон гээд би орноосоо суга үсрэн, санд мэнд усанд орж аваад гарлаа.
Стас гэрийн гадаа хэдийнэ ирчихсэн байв. Тэрбээр мөн л маасайтал инээсээр намайг тосон
-Сайн уу гээд духан дээр минь үнсэх нь тэр.
-Сайн уу. Севагийн машин засагдчихсан уу?
-Тэгсэн. Хар гээд гар зангатал байшингийн буланд Севагийн машин цоо шинэ мэт галазах аж.
Би баярласандаа
-Урьдныхаасаа ч гоё болчихож гэж дуу алдахад
-Тийм шүү гэж Стас санал нийлэв.
-Баярлалаа Стас. Чамд би хэдийг өгөх вэ?
-Хэдийг ч биш гэсэн хариулт миний дургүйг хүргэв
-За тэгэхээр залуу минь сонс... гэж дуугаа өндөрсгөтөл Стас үгийг минь таслаад
-Энэ тухай дараа яръя. Харин одоо энэ машиныг эзэн нь мэдэхээс өмнө байранд нь тавьбал яасан юм гэх нь түүний түмэн зөв байлаа.
Арван минутын дараа гэхэд Севагийн машин гараашдаа юу ч болоогүй мэт цэмбийх аж. Ашгүй нэг сэтгэлийн зовлонгоос ангижирсан би
-Одоо түлхүүрийг нь байранд нь тавиад л болох нь тэр гээд уртаар амьсгаа авахад
-Зөв. Би энд хүлээж байя гэж Стас дуугарав.
-Хүлээж байя гэнэ ээ гэж гайхахад тэрбээр
-Тийм. Төлбөрийн тухай ярих юм уу, үгүй юм уу гэв.
-Тийм шүү дээ. Би одоохон гээд ичсэндээ орцруу хар хурдаараа гүйлээ.
Рита босоогүй бололтой, харин Сева гал тогооны өрөөнд өндөг шарж байсан тул намайг шургуулганд түлхүүр хийхийг хэн ч анзаарсангүй.
-За яав. Бүх юм зүгээр үү гэж Стас асуув.
-Тийм.
-Сайн байна. Тэгвэл явж өдрийн хоолоо... гэснээ тэрбээр цагаа хараад
-Арай биш юмаа, өглөөний цайгаа ууя.
-Би юм идэхгүй ээ. Тэгээд би чамд хэдийг өгөх вэ?
-Өө, би иймэрхүү зүйлийн талаар хоосон ходоодтой ярьж чаддаггүй.
Өртэй хүн өөдлөх биш, түүний үгийг дагахаас өөр яалтай билээ. Стас өглөөний цайгаа харин аятайхан газарт зооглодог аж. Ганц бие гэдэг нь үнэн болов уу. Эхнэртэй хүн юу гэж өглөө болгон гадуур цайлах вэ дээ. Гэхдээ эхнэртэй, үгүй нь надад сонин биш байна.
-За тэгэхээр би чамд хэдэн төгрөг өгөх юм бэ гэж түүнийг юмаа идэж дуусахын алдад дахин асуулаа.
-Хэдийг ч өгөөд хэрэггүй ээ. Бидний хооронд тооцоо байхгүй гэж Стас толгой сэгсрэн хариулав.
-Чи юу гээд хүний толгой эргүүлээд байгаа юм бэ гэж дургүйцэхэд
-Нэгдүгээрт, засвар их хямдхан болсон. Хоёрдугаарт, чи надад мартагдашгүй нэгэн орой бэлэглэсэн болохоор бидний тооцоо дууссан.
-Тэгвэл би найз руу чинь утасдаад өөрөө мэдчихнэ, за.
-Чи мэдэж чадахгүй ээ. Өнөөдөр хоёулаа уулзъя тэгэх үү?
-Одоо уулзаагүй яаж байгаа юм?
-Орой. Би одоо ажилдаа явах хэрэгтэй. Хэрэв чи миний саналыг зөвшөөрөхгүй бол би ажлаа хийж чадахгүй шүү.
-Би ч ажил ихтэй дээ.
-Чи юу даа?
-Тийм. Яаж байна?
-Гоо сайхан, дэлгүүр хоршоо гээд л үү. Машин чинь засварт байгаа биз дээ. Би чиний хувийн жолоочийн үүрэг гүйцэтгэж болно шүү.
-Заримдаа явган явах сайн гэж би сонссон.
-Битгий итгэ. Хүмүүсийг тархийг угааж байгаа юм. Би бас чамд гутал авч өгөх ёстой.
-Чи ер надаас юу хүсээд байгаа юм бэ. Мөнгө авахгүй, тэгсэн мөртөө тэнэг тэнэг юм яриад л...
Энэ үеэр гар утас дуугаран үгийг минь таслав.
-Би байна аа гэж танихгүй эр харилцуурын цаанаас зөөлөн дуугарахад би
-Тэгвэл энэ би байна гэж өөдөөс нь ёжлов.
-Чи намайг сурагласан байсан гэж танихгүй эрийг хэлэхэд л Кузя ярьж байна гэж би ойлгов.
Машин тэрэг гэсээр иргэний үнэмлэхийнхээ тухай таг мартаж орхижээ.
-Бид яаралтай уулзах хэрэгтэй байна гэж сандран дуугарахад Кузя
-Ажил ихтэй учир яаралтай чадахгүй нь. Ер нь юу болоод чи гэнэт миний тухай санав?
-Гэнэт байхдаа яах вэ дээ. Би чамайг таниагүй гэж бодож байна уу. Тэр иргэний үнэмлэх өгөөдөх. Надад одоо яагаад ч шинэ үнэмлэх олгохгүй. Цагдаагийн тодорхойлолт ч нэмэр болохгүй гэсэн.
-Ямар тодорхойлолт. Ямар цагдаа гэж Славка дуу алдаж байна.
-Ямар байдаг юм. Үнэмлэхээ гээгээгүй харин та нар хулгайлсан гэсэн л тодорхойлолт байхгүй юу.
-Чи солиороо юу. Би чиний үнэмлэхийг хулгайлсан байх нь уу. Гайгүй байлгүй гэж Кузя гүрийн уур хүргэв.
-Өө! эвээр ярьж болохгүй бол би урьдын нөхөрлөлөө нулимаад, цагдаад мэдэгдлээ шүү. Тэд чиний учрыг олох байлгүй.
-Би чиний үнэмлэхийг аваагүй гээд байхад!
-Албаар аваагүй байх л даа. Гэхдээ үнэмлэх цүнхэнд байсан юм. Чиний хамсаатан намайг түлхэж гаргахдаа цүнхийг минь аваад үлдчихсэн шүү дээ. Тэгээд би тэр машиныг олоход дотор нь миний цүнх байгаагүй. Надад тэр цүнх хэрэггүй. Харин үнэмлэхийг минь өгөөдөх. Би яаж бичиг баримтгүй амьдрах юм бэ. Чи ойлгож байна уу?
-Надад чиний үнэмлэх байхгүй. Б-А-Й-Х-Г-Ү-Й. Намайг тайван орхи гэж Кузя утасны цаанаас хашгирах аж.
-За яах вэ, тийм байдаг байж гэж намайг хөмхийгөө зуун хэлэхэд
-Юрка авсан юм болов уу гэж Кузягийн дуу тэр дороо намсаад ирэв.
-Сахалтай эрийг алсан нөхрийг Юра гэдэг юм уу. Цагдаагийнханд их л хэрэгтэй мэдээлэл байна. Тийм учраас хэрэв үнэмлэхийг минь алга болгосон байвал...
Кузя ам алдсандаа харамсаж байгаа бололтой
-Чөтгөв ав, чөтгөр ав гэж зогсоо зайгүй хараал тавьж байснаа
-Чи миний тухай цагдаад хэлээгүй биз дээ гэж өрөвдөлтэй асуув.
-Яалаа гэж дээ. Чи бид хоёр нэг ширээнд найман жил суусан хоёр шүү дээ. Чамайг ядарч яваа тухай би хөршөөс чинь сонссон. Чи найз нөхөд, надад хандаж болох байсан. Яаж ч ядарсан дээрэм хийж, буудалцаж болохгүй шүү дээ...
-Надад буу байгаагүй шүү дээ, Маня.
- Битгий худлаа яриад бай, би харсан юм чинь.
-Маня ер нь чи манайд хүрээд ир. Хоёулаа тайван сууж байгаад яръя.
-За тэгье гээд би утсаа таслав.
-Чи хаачих нь вэ гэх дуунаар би Стасыг саналаа.
Сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй хөндлөнгийн хүний хажууд баахан юм чалчиж орхисондоо харамсаад барахгүй юм болж.
-Би чам руу ярина аа. Хэрэв хүсвэл орой уулзсан ч болно шүү дээ гээд босох гэтэл Стас миний гараас бариад
-Маня, чи сая хэнтэй ярьсан бэ гээд нухацтай харав.
-Ангийнхаа хүүхэдтэй.
-Славка ч билүү Кузя бил үү. Тийм үү?
-Чухал хэрэг байгаа юм. Би чамд дараа нь хэлнэ гээд явах гэтэл Стас гарыг минь улам чанга атгаад
-Чи чинь галзуураагүй биз дээ гэж шивнэв.
-Чи юу болоод надтай ингэж харилцаад байгаа юм?
-Тэр ангийн чинь хүүхэд чамайг өчигдөр барьцаалсан юм биш биз?
-Юу гэж дээ.
-Маня, сонсооч. Намайг хуурах гээд хэрэггүй. Өчигдөр тэр этгээдүүд дээрэм хийж байгаад хүн алчихсан. Гэтэл одоо чи нэгтэй нь уулзах гэж байдаг. Чи гэрч гэдгээ ойлгож байна уу. Тэдний хувьд чи маш аюултай хүн. Чамайг тэд нэн даруй устгах болно.
-Славка миний ангийн анд. Тэр чадахгүй.
-Тэр хүн алсан.
-Тэр алаагүй.
-Тэр биш юм гэхэд түүний хамсаатан нь чамайг алж чадна.
-Тэгээд одоо яах юм бэ гээд би унжийж орхив.
Стас над руу бодлогошронгуй харж байснаа
-Хамт явъя даа гэв.
Үргэлжлэл бий.