“Авьяаслаг монголчууд” шоунд амжилттай оролцсон бүжигчин Т.Саруултөгс “Aim4r” продакшны үүсгэн байгуулагч, “Aim4r” бүжгийн студийн захирлаар ажиллаж буй. Тэрбээр АНУ-ын алдарт дуучин Крис Брауны бүжиг дэглээчтэй хамтран ажиллахаар болжээ. Түүнээс энэ талаар тодрууллаа.
-Таныг гадаадын алдартай бүжиг дэглээчтэй хамтарч ажиллахаар болсон тухай сонслоо. Энэ тухайгаа тодруулахгүй юү?
-Дуучин Крис Брауны бүжиг дэглээчээр Ри Хата, Ди Бласт нар ажилладаг. Эхнэр, нөхөр юм билээ. Тэдгээр хүмүүстэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. “Aim4r” продакшны таван жилийн ой энэ онд тохиож б у й . Ойгоо угтан бид энэ сарын 16-18-нд “Aim4r” бүжгийн фестиваль зохион байгуулахаар ажиллаж байна. Дээрх бүжиг дэглээчид уг фестивальд оролцоно. Гудамжны бүжгийн олон улсын фестиваль гэдгээрээ онцлог. Бүжигчид гэдэг хэн нэгэн дуучны ард л бүжиглэдэг жижиг ертөнц биш, шоу бизнест хувь нэмрээ оруулдаг уран бүтээлч гэдгийг харуулах гэсэн юм. Шилдэг бүжиг дэглээчдийг даган гадаадын бүжигчид ч манай фестивалийг сонирхох байх.
-Алдартай дуучидтай хамтран ажилладаг бүжиг дэглээчдийг Монголд урихад хэр хэцүү байв. Тэдний зүгээс ямар шаардлага тавьсан бэ?
-Тэдэнтэй шууд холбогдох боломжгүй. Тийм болохоор би өнгөрсөн гуравдугаар сард Сингапур улс дахь “Jam republic” агентлагийнхантай уулзсан. Уг агентлаг биднийг тэдэнтэй холбож өгсөн. Тэд өөрсдөө Монголд ирж бүжгийн урлагийн хөгжил, энэ удаагийн фестивалийн үр дүнг харж байж цаашид хэр удаан хамтарч ажиллахаа шийдэх юм. Тэд хамгийн түрүүнд “Бид тав тухтай байх ёстой” гэсэн шаардлага л тавьдаг юм билээ. Хаашаа ч явсан менежерээ дагуулдаг. Монголд онгоцны нэгдүгээр зэрэглэлийн суудлаар нисэж ирэх, дор хаяж гурван одтой зочид буудалд байрлах гэх зэрэг шаардлага тавьсан. Энд ирээд гурав хоног бүжгийн сургалт зохион байгуулна. Уг сургалтдаа багаар бодоход 500 бүжиг сонирхогч оролцуулах ёстой гэсэн. Цалин хөлс нь ч чамгүй өндөр юм байна.
-Өнгөрсөн таван жилийн хугацаанд “Aim4r” бүжгийн студид хэчнээн хүн хичээллэсэн бэ. Гадаадын бүжиг дэглээчдийн заах сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүсийг бүртгэж эхэлсэн үү?
-Манайх давхардсан тоогоор 5000 гаруй хүүхдэд бүжиг заажээ. Одоо болох сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүс ч хангалттай бүртгүүлсэн. Ри Хата, Ди Бласт нар энэ сарын 17-нд болох “Хүннү” хөгжмийн фестивальд мөн оролцоно.
-“Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэг хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй. Уг шоунд таны шавь нараас оролцох уу?
-Өнгөрсөн жил энэ шоунд 1500 гаруй хүн оролцсон. Харин энэ жил 3000 гаруй хүн өрсөлдөх юм билээ. Үүний 800 орчим н ь бүжигчин гэсэн. “Aim4r” продакшнаас гурван хамтлаг оролцож байгаа. Эхний шалгаруулалтдаа орчихоод, шилдэг 32-т багтсан, эсэх дүнгээ хүлээж буй. Бараг л шалгарсан байх.