Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 2016 оны 6 сарын 9-нөөс 7 сарын 9-ний хооронд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд зохион байгуулах гэж байна. Тус наадмын албан ёсны хамтрагчаар Сингапур дахь Aзи-Европын Сан (ASEF), Азийн Урлагийн Сүлжээ (ANA), Монгол дахь Гёте-Институт, Кёльн хотын Медиа урлагийн дээд сургууль, Франц Улсын АД Компани (AD Compagnie), Дижитал ажиллаж, ивээн тэтгэгчээр АНУ-ын Элчин Сайдын Яам, ХАС Банк, дэмжигчээр Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей, Үндэсний Дуу Бүжгийн Түмэн Эх чуулга, СУИС-Радио Телевизийн Дээд Сургууль, Таван Богд групп, Албан ёсны телевизээр VTV тус тус ажиллаж, анхны Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадмыг Монголын үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна.
Уг наадам нь Өрнийн соёлд өөр хоорондоо эсрэг тэсрэг гэж үздэг байгаль ба соёл, органик ба органик бус, өөрийн ба бусдын гэх мэт ойлголтууд энд батлагдахгүй. Дорнын соёл дижитал технологитой ямар хамааралтай вэ? Эсрэг тэсрэгийн тухай ойлголтыг няцаах байр суурьнаас үзвэл технологи хэрхэн уламжлалаас уг үндсээ олох вэ? гэсэн хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудлыг техник технологийн дэвшилт дээр тулгуурлан видео, фото, инстоляци, дуу, хөгжимтэй найруулан бүтээсэн нийлмэл буюу медиа урлагийг олон нийтэд танилцуулж байгаагаараа онцлог юм байна.
Наадамд Монгол, Австрали, АНУ, Герман, Дани, Малайз, Сингапур, Франц, Хятад зэрэг 9 орны 18 уран бүтээлчид оролцож байгаа ба наадмын нээлт 2016 оны 6-р сарын 9-нд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд “Уламжлал ба шинэчлэл” сэдвийн хүрээнд Францын орчин үеийн бүжгийн АД компани болон Үндэсний дуу бүжгийн “Түмэн Эх” чуулгын уран бүтээлчдийн хамтарсан цоо шинэ “Зааг” бүтээлээр нээж, олны хүртээл болгох болно. Уг бүтээл нь Монгол, Мартиникийн үндэсний хөгжим, бүжгийн урлагийг орчин үеийн урлагийн хэллэгээр илэрхийлсэн бүжиг, хөгжим, медиа хосолсон нийлэг урлагийн бүтээл юм.
Наадмын хүрээнд “Уламжлал ба орчин үе” сэдэвт үзэсгэлэн, “Мөргөлдөөн” Австрали-Америкийн уран бүтээлчдийн техник технологийн хөгжил ба уламжлалыг хослуулан бүтээсэн виртуал аялал, “Тэнцвэр” Францын орчин үеийн бүжгийн тоглолт ба Бүжгийн урлагаар анагаахуй сургалт,“Номадинк” уран бүтээлчдийн графити арт зэрэг урлагийг нэг сарын хугацаанд цувралаар олон нийтэд танилцуулан хүргэх болно.