Цэрэндуламын Сэвжид хэмээх энэ эрхэм хүмүүний Монголын урлаг, тэр дундаа бүжгийн урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж барашгүй. Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит ҮДБЭЧ-ын бүжигчид л гэхэд энэ хүний бүтээл туурвилыг мөнхөд үргэлжлүүлэх тангарагтай, басхүү багшийнхаа захиасыг биелүүлж, хувь амьдралаараа ч, уран бүтээлээрээ ч үлгэр үзүүлж явахыг хичээдэг.
Дэлхийд ховорхон гээд хэлчихэд хол зөрөхгүй маш өндөр таазтай, том танхим ҮДБЭЧ-д л бий. Энд 50 гаруй бүжигчин дасгал сургуулиа хийж, монголчуудыг омогшуулж, огшоох бүтээлүүдийг амилуулж байдаг. Энэ танхимын хоймрын голд залаатай байгаа хөрөг Ц.Сэвжидийнх. Тэр Монгол бүжгийг дэлхийн тавцанд гаргаж, сонгодог бүжгийн дэгээр ардын бүжгийг хөгжүүлсэн гавьяатан билээ.
“ААВ МИНЬ НАМАЙГ ХОЁР НАСТАЙ БАЙХАД НАС БАРСАН”
Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Цэрэндоржийн Сэвжид Дорноговь аймгийн Сулинхээрийн дөрөвдүгээр бригадын Хөтөл-Ус хэмээх газарт төржээ. Аавыг нь Арилдий, ээжийг нь Цэрэндулам гэдэг бөгөөд түүнийг яагаад ээжээрээ овоглох болсон тухай асуухад “1918 онд намайг хоёр настай байхад аав Арилдий нас барсан. Яагаад ээжээрээ овоглосноо би мэдэхгүй” гэсэн байдаг. Сургуульд сураагүй ч хийдэд шавилан ном сурч байсан тухайгаа дурссан нь бий.
1936 онд Дорноговь аймгийн Соёлын ордны жүжигчин болж урлагийн амьдралд хөл тавьжээ. Анх сумын клубийн галч байгаад уран сайханч, дараа нь эрхлэгч болсон түүхтэй. Аймгийн Соёлын ордны жүжигчнээр 1939 он хүртэл ажиллаад цэргийн албанд мордож, тэндээсээ Цэргийн ансамблийн жүжигчин, бүжигчин болсон байна. Өөрийн шавь, ҮДБЭЧ-ын ахмад бүжигчин А.Ёндонд “Миний хөлийг дөрөөнд хүргэсэн газар Ардын армийн дуу бүжгийн чуулга, гарыг ганзганд хүргэсэн газар бол Улсын хөгжимт драмын театр, Ардын дуу бүжгийн улсын чуулга” гэж хэлж байсан тухай нь “Монгол бүжгийн гайхамшиг” номд бичсэн байдаг. Цэргийн ансамбль, Ардын дуу бүжгийн чуулгын аль алинд нь түүний бүтээл, туурвил мөнхөрч, өнөө ч үргэлжилсээр явааг урлагийнхан төдийгүй үзэгчид мэдэх биз ээ.
“ҮЕР БОЛООД БҮХ ХҮН УРСАЖ БАЙХАД СӨРӨӨД СЭЛЖ МАГАДГҮЙ Л ХҮН”
Зарчимч, цаг баримталдаг, аливаад чин сэтгэлээсээ ханддаг, ажлаа чанартай хийдэг гээд түүний тухай дурсахдаа шавь нар, хамтран зүтгэгчид нь төгс хүний зураглал бий болгох нь гайхалтай. Энэ тухай яриаг нь сонсож суугаа надад бас эрч хүч мэдрэгдэж, итгэл үнэмшил төрсөөр л байлаа. “Ц.Сэвжидийн хоёр концертмейстр” гэгддэг Д.Нарангэрэл, Б.Дэлгэрмаа нартай уулзаж, багшийнх нь тухай яриулахад нүд нь гялалзаж, баяр хөөртэй, сэтгэл хангалуун болохыг хараад энэ хүн тэдний сэтгэлд хэр том зай эзэлдгийг түвэггүй ойлгосон. Нэг нь дурсамж эхлүүлэхэд нөгөө нь дэмнэн ярьсаар цаг гаруй болчихсон. Уг нь тэд өөрсдийгөө ярилцлага өгч чаддаггүй, дуу хураагуураас “айдаг” хүмүүс гэж тодорхойлсон юм шүү дээ.
Тэд Хөгжим бүжгийн дунд сургуулийн нэг ангийн сурагчид, бас мөр зэрэгцэн энэ чуулгад 30 жил ажилласан хамтран зүтгэгчид. Эхлээд 1969 онд Б.Дэлгэрмаа, түүнээс хоёр жил гаруйн дараа Д.Нарангэрэл УАДБЧ-д(хуучнаар) ирж ажиллажээ. Гавьяаныхаа амралтыг эдлэх наснаасаа 10 гаруй жил давуулан улсад ажиллаж яваа тэдний хувьд ажлаа бүгдээс чухалчилж, өөр юунд ч сатаарахгүй улсынхаа хамгийн том урлагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр зүтгэх хүмүүжлийг багш нь өгсөн гэнэ. Тэр хүн бол Ц.Сэвжид. Хоёр концертмейстрээ дагуулаад ажил тарсны дараа гэртээ харихаар зам нийлээд алхаж явахад нь хүмүүс “Сэвжид хоёр хамгаалагчтайгаа явж байна” гэж “цаашлуулдаг” байсан гэнэ. Ажлаас гэр хүртэлх энэ замын турш хоёр шавь нь багшаараа амьдралын хичээл заалгаж, тулгарсан бэрхшээлийнхээ тухай зөвлөлддөг байжээ.
Гэр бүлээс гадуурх харилцаа, архидалт, нэгнээ хэтэрхий хөөргөдөн дарвих, айл хэсэх зэрэгт Ц.Сэвжид гуай их дургүй нэгэн байжээ. Хэн нэгний жишээн дээр тулгуурлан сургамжлан ярихаас гадна өөрөө ч тийм хүн байж чадсан хэмээн шавь нар нь ярилаа.
Өөгүй тэгш хүмүүнд ганц л сул тал бий. Тэр нь зөрүүд зан. Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай нэг удаа “Үер болоод бүх хүн урсаж байхад Сэвжид л урсгал сөрөөд сэлж мэднэ” гэж хошигнон ярьсан байдаг. Нэг удаа бүжигчид Үндэсний номын сангийн урдхан талд парк байгуулахаар ухаж овоолсон шорооны орчим цугларан цалингаасаа хувь нийлүүлж архи ууж байгаад багшдаа баригджээ. Ц.Сэвжид гуай тэднийг дагуулан уран сайхны удирдагч Л.Цогзолмаагийн өрөөнд орж “Арга хэмжээ авч өгнө үү” гэж хүссэн байна. “За за, юун сүртэй юм бэ Сэвжид ээ. Амралтын өдөр нэг юм хувааж уугаа л биз” гэсэн хариу сонсоод Ц.Сэвжид гуай нэлээд эгдүүцэж “Эдний архи уусан нь зөв юм байна. Тэгээд арга хэмжээ авах дургүй байгаа юм байна. Ангийн дарга нь удирдаад хамгийн бага нь архи зөөгөөд эд нар архидаж байна. Барьж ирсэн би буруутан юм бол намайг ажлаас халчихаарай” гээд үүд рүү алхаж байсан гэдэг. Шавь нараа нэг нэгийгээ уруу татаж буруу зүйлд хөтлөгдөх вий гэж эцгийн сэтгэлээр шийтгэх гэсэн нь энэ байлаа. Мэдээж тэд шийтгүүлж, багш нь ажлаа хийж үлдсэн. 4-5 жил дагалдан жүжигчин хийж байж жинхэлдэг байсан тухайн үед дахин дагалдан жүжигчин болно хашрахаас аргагүй шийтгэл.
Өглөөний дасгалдаа хоцордог шавь нараа цагт нь ирүүлэхийн тулд 10.00 цагт эхэлдэг байсан сургуулилалтаа 09.00, 08.00, 07.00, бүр 06.00 цаг болгож шийтгэсэн удаа ч бий. Хүн хоцрох тоолонгоор цаг ухарч байсан учраас зарим нь өглөө 06.00 цагт амжиж ирэхийн тулд тиркотойгоо унтдаг байсан тухайгаа ч дурссан нь бий. Ямартай ч бүжигчид цагтаа цуглаж чаддаг болж шийтгэлээ зөөллөн зөөллөсөөр хуучных шигээ 10.00 цагт дасгалаа хийдэг болсон гэдэг.
“МАГТААЛД ХАРАМ Ч ҮРГЭЛЖ ТАЛАРХДАГ НЬ МЭДРЭГДДЭГ”
Концертмейстр Б.Дэлгэрмаагийн гэр ҮДБЭЧ-тай ойрхон байдаг болохоор 09.00 цагт бусдаас урьтан ажилдаа ирнэ. Харин түүний өмнө нэг л хүн гишгэчихдэг байсан нь Ц.Сэвжид гуай. “Нэг удаа ч гэсэн багшаас өмнө ирж үзэх юм сан” гэж би их хүсдэг байлаа гэж тэр ярьсан. Ажилдаа эртлэн ирээд бүжгийн заалан дотроо нааш цааш холхин элдэв бодолд дарагдан яваа нь түүнийг уран бүтээлийн шинэ санаа “ховсодсоны” шинж. “Багшийн онгод орж, бүтээлээ туурвиж байгаа тэр үед хэн ч битгий саад болоосой, юунд ч бүү сатаараасай гэсэндээ бид хоёр төгөлдөр хуурынхаа араас босохгүй 8-10 цаг суудаг байсан. Ариун цэврийн өрөө ч орохгүй сууна. Бас хөгжмийн зохиолчид ирээд багшид зохиолоо тоглож өгөхөөр “Эд нар худлаа тоглоод байдаг юм. Чи тогло” гээд хоёр концертмейстрийнхээ нэгээр нь тоглуулж байж санаа амардаг байсан. Хөгжмийн зохиолчид бүтээлээ сайхан болгох гээд импровизиац хийгээд нэмж, хачирлаад тоглочихдог болохоор тэр л дээ” хэмээн Д.Нарангэрэл эгч ярилаа. Тэр хоёр ч гэсэн хааяа багшийгаа хөглөх гээд зохиолд нь чимэг, хачир нэмж баяжуулах нь бий. Харин дараа нь нөгөө зохиолын ноотон дээр тийм өгөгдөл байхгүй болохоор энгийнээр нь тоглож байгаад багшдаа баригдана. Тэр үед “Хөөе тэнд нэг ийм юм байсан хаачаа вэ?” гээд хөгжим зогсоогоод “байцаадаг” байж. Хэдийгээр тухайн тоглооч их чухал гэж бодоогүй ч дэглээч тэр аялгуу бүрийг тооцоолон хөдөлгөөн бэлдчихсэн байдаг нь энэ ажээ.
Б.Дэлгэрмаа эгчийг 1969 онд сургууль төгсөж ирээд удаагүй байхад Ц.Сэвжид гуай “Монгол бүжгийн чуулбар”, дараа нь “Ээрүүлт”-ээ дэглэжээ. “Ээрүүлт”-ийн хөгжмийг Гончигийн Цэрэндорж бичсэн байна. Багш нь Б.Дэлгэрмаа эгчийг дагуулан хөгжмийн зохиолчийнд очоод хөгжмөө тоглуулж сонсоод хэрхэн, ямар бүжиг дэглэх тухай ярилцсан байна. Тэр үед хөгжмийн зохиолч Г.Цэрэндорж “Тайзны голд нэг том ээрүүл байрлуулаад, бүжигчид тайзны нэг талаас цувран, урсаж байгаа мэт гарч ирвэл ямар вэ” гэсэн санаа хэлсэн хэдий ч Ц.Сэвжид гуай дуугүй л чагнаад байжээ. Тэгснээ бүжгийн бэлтгэл хийх болоход хөгжмөө ч тоглуулахгүй, Үйлдвэр ангийн дарга Балчиндорж болон эрэгтэй бүжигчдээр баахан ээрүүл зөөлгөн оруулж ирээд, бүжигчин бүсгүйчүүдэд нэг нэгээр нь бариулж, яаж барих, шаланд хэрхэн зоохыг зааж өгчээ. Эхэндээ нэг нэгийнхээ араас чимээ гарган ээрүүлээ унагаж, будилж байсан хүүхнүүд учраа олж, бүжиг ч эхэлсэн байна. Г.Цэрэндорж гуайн хэлсэн санаа энэ бүжигт тусгалаа олсон нь Ц.Сэвжид юуг ч орхигдуулж, мартдаггүй гярхай хүн байсантай холбоотой. 10 гаруй жилийн өмнө Хөвсгөл аймагт уран бүтээлийн судалгаа хийж явахдаа айлд орж цайлаад, тэр айлын эзэгтэй их л урнаар утас ээрч байхыг хараад бодож олсон гэдэг.
Бүжигчин охидынхоо алхаа гишгээ, хөдөлгөөнөөс санааг нь олсон бүжиг ч олон. Болзоот хархүүтэйгээ ярилцаж зогсохдоо хөлөө шидлэн ичингүйрч зогсох нэг шавиа хараад “Гурван хүний Буриад”, намбалаг зөөлөн алхаатай Гавьяат жүжигчин Ц.Чимэдцэрэнгээс санаа авч “Хатад” бүжгээ дэглэсэн байгаа юм. Юуг ч мартдаггүй гярхайн зэрэгцээ уран бүтээл туурвихын өмнө нарийн судалгаа хийдэг зан нь түүнийг чамбай бүтээл хийхэд нөлөөлдөг байжээ. “Нэхмэлчин” бүжгийг дэглэхийн тулд Нэхмэлийн үйлдвэр дээр очиж, үйлчин бүсгүйчүүдийн хөдөлгөөн бүрийг ажиглаж ирчихээд бас л бүжигчдээрээ гар, хурууны өвөрмөц дасгал хийлгэж, хэсэг сургуулилсан гэдэг. “Анчин ба зээр”, “Хүүхэлдэй”, “Жалам хар”, “Монгол бүжгийн чуулбар”, “Адуучин залуус”, “Хөдөө нутгийн залуус” гээд олон бүтээл нь өөр өөрийн түүхтэй. Дэлхийн залуучууд оюутны их наадамд байнга оролцож, шагнуулж, магтуулж, гайхагдаж явсан уран бүтээлийн эзэн тэрбээр бүжигчиддээ ч талархаж тэднийгээ урамшуулж ярих дуртай байсан гэдэг. Тэр бүр магтаал урсгаж, хөөргөдөхгүй ч оновчтой хэдхэн үгээр л урамшуулчихдаг байжээ. 20 жил ажиллаад тэтгэвэртээ гардаг, залуу насны урлагт бие сэтгэлээ зориулсан шавь нараа тэр хэзээ ч хөсөр хаядаггүй байсан гэнэ. Тэтгэвэрт гарахад нь Ажилчны соёлын ордон, Хязгаарын цэргийн ансамбль, аймгийн соёлын ордон руу бүжгийн багшаар хуваарилан, заавал хийх юмтай болгодог байсан нь түүний онцлог. Магтаал бараг хэлдэггүй хэрнээ бүжигчдээ өөрийн хүүхэд шиг санаж, үргэлж сэтгэл чилээдэг зан нь ийн илэрнэ. Хоёр концертмейстртээ ч бас бараг л магтаал хэлдэггүй хэрнээ “Дуурийн театрт наадмын концертод бэлтгэж байхад Б.Жамъяндагва надаас “Энэ хэн тоглож байгаа юм бэ. Их сайн байна шүү” гэж хэллээ” гэх мэтээр үг дайж, Б.Жамъяндагвад магтуулдаг концертмейстр манайх шүү дээ гэсэн бахархангуй өнгө аясаа мэдрүүлчихдэг гэнэ. Магтаал хэлдэггүй багш нь ийнхүү өөрсдөөр нь бахархаж байгааг харах л тэдэнд хамгийн сайхан санагддаг байжээ.
Насан өөд болтлоо хамт олныхоо дунд байж, уран бүтээлээ туурвиж байсан түүний орон зай ҮДБЭЧ-ын бүжигчдийн дунд хүндтэй байр эзэлдэг. Залуу бүжигчид түүнийг Өвгөн багш хэмээн авгайлан дурсана. 32 жилийн өмнө тэнгэрт хальсан ч туурвил нь зуун дамжин түгсээр байгаа түүний үр хүүхэд, шавь нар, хамт олон нь нэгдэн энэ жил мэндэлснийх нь 100 жилийн ойг тэмдэглэн дурсамж нэвтрүүлэг, ном, уран бүтээлийнх нь цомог хэвлүүлж, хөшөө босгохоор төлөвлөөд байна. Мэргэжлийн бүжигчид болон бүжиг сонирхогчид хүүхдийн дунд уралдаан зохион байгуулж, бүтэн жилийн турш “Монгол бүжгийн гайхамшиг” цуврал тоглолт хийхээр болжээ. Дэлхийн бүжигчдийн өдрөөр цуврал тоглолтын эхнийх нь болох “Ардын бүжиг амьдрал минь билээ” үзэгчдийн хүртээл болоод байгаа юм.