“Ням гариг” Оросын зохиолч Т.Поляковагийн “Саятан бүсгүй танилцахыг хүсэж байна” зохиолыг цувралаар хүргэж эхэллээ. Адал явдалт энэхүү бүтээлийг "Ням гариг" сонины орчуулагч Н.Энхтүвшингийн орчуулгаар таалан болгооно уу.
Кузягийн хөршийн яриа сэтгэлийг минь хөдөлгөж орхив. “Кузя минь даан ч яав даа чи. Ингэж амьдрах гэж. Уг нь чи муу залуу биш дээ” гэж өрөвдөн уйлж явлаа. Хоёр нүдийг минь нулимс бүрхээд урдах зам харагдахаа болих үед би замын хажуу руу гарч зогсов. Жолоогоо дэрлэн тайвширч аваад, машинаа асаан хөдөлтөл түс тас гээд явчихав. Хүчтэй доргилт мэдрэгдэх нь тэр. Арын толинд хараагүйгээ сая л ухаарлаа. Хүрэн улаан өнгийн “Ланд круизер”-ийн урд тал Севагийн “Ауди”-тай мөргөлдсний дараа тийм ч сайхангүй харагдах аж.
Ритагийн мэргэ төлөгчид очиж аргалуулах шаардлагатай байна гэдэг үнэн бололтой. Хувь заяа насаар минь дайжигнах нь. “Ланд”-ын хаалга онгойж, аймаар ууртай залуу гарч ирэх нь өглөөхөн барьцаалагдсан явдал түүнтэй учирахын хажууд юу ч биш болохыг илтгэх аж. Залуу машины хаалгыг онгойлгохтой зэрэгцээд би
-Би буруутай. Би буруутай. Намайг уучлаарай. Та над руу битгий ингэж хар л даа гэж дурчигнуулав.
Ууртай залуу хэлэх гэж бэлдсэн үгээ мартчихав уу, эсвэл цааш нь залгичахав уу намайг харан зогтуссанаа гэнэт мишээгээд явчихав. Үнэнийг хэлэхэд эрчүүд намайг хараад ингэх явдал гардаг юм. Аавын хэлснээр бол би гоо үзэсгэлэнгийн жишээ гэсэн. Харин надад миний хамар огт таалагддаггүй. Онцгүй, ээтэн хамар миний бүх юмыг гутаадаг. Гэхдээ Рита энэ хамар чинь ямар ч эрийг солиоруулна гэдэг юм. Естой мэдэхгүй. Ямар ч байсан би хэнийг ч солиоруулах сонирхолгүй. Өөрийнхөө солиог яая гэж байж бас дээрээс нь нэг хүн солиоруулна гэдэг арай дэндэнэ. Эрчүүд эхний хоёр өдөр энэ залуу шиг ингэж хөшиж орхидог л юм. Дараагийн өдрөөс нь миний бүтэлгүйг гайхаж эхэлдэг. Хэд хоногийн дараа надад сургааль айлддаг юм. За тэгээд долоо хоногийн дараа миний алхам бүрийг хянах гэж оролдоно. Арав дахь өдрөөс нь түүний мэдрэлийн байдал өөрчлөгдөж эхэлдэг юм даа. Миний хөдөлгөөн болгоноос цочиж, жолоо барихад бүр бэмбэгэнэтэл чичирч, цахилгаан хэрэгсэлд хүрэхэд царай нь зэвхий дагаад ирдэг. Ийм эр хүн хэнд сайхан харагдах вэ дээ. Тиймээс би энэ амьдралыг ганцаараа туулах тавилантай байх.
“Ланд”-ын залуу намайг харан маасайтал инээсэн хэвээр зогсох аж. Би түүнийг өрөвдөж орхилоо. Зөвхөн сайхан машин нь эвдэрсэнд биш. Хэрэв би энэ залууд таалагдсан бол тэр бусдын адил мэдрэл муутай нэгэн болно. Тэр маасайтал инээсэн хэвээрээ
-Энэ хөөрхөн нүд замаа харахгүй яагаав?
-Өнөөдөр их хүнд өдөр байлаа. Биш ээ, би уг нь их болгоомжтой явдаг юм л даа...
-Эргэлзэхгүй байна. Машин чинь даатгалтай юу?
-Юу, аан үгүй..., биш ээ...би сайн мэдэхгүй байна.
-Хонгор минь, энэ чиний машин мөн үү гэж залуу даажигнахад миний уур хүрч
-Тэр ямар хамаатай юм бэ гээд хөмсөг зангидав.
-Тэгэхээр чиний машин биш байх нь. Нөхрийнх чинь үү?
-Үгүй.
-Нөхөргүй гэсэн үг үү, эсвэл машин нөхрийнх биш гэсэн үг үү гэж залуу маасайна.
-Тэгж сонирхоод байгаа бол би нөхөргүй. Харин энэ машин миний хойд ээжийн найз залуугийнх. Ойлгов уу?
Залуу бага зэрэг балмагдсан бололтой хэдэн хором нүдээ цавчлан дуугүй зогсож байснаа
-Өө сайн байна шүү дээ гэв.
-Юу?
-Нөхөргүй гэдэг чинь санй байна гээд залуу эргээд маасайх нь тэр.
-Би танаас уучлал гүйсан шүү дээ. Одоо тэгээд яалгах гээд...
-Цагдаа дуудах юм уу, өөрсдөө тохирох уу гэж залуу үгийг минь таслав.
Севагийн машины бичиг баримт надад байхгүйн дээр жолооны үнэмлэх миний машинтай цуг засварын газарт үлдчихсэн. Тиймээс тохиролцохоос өөр гарц байхгүй тул
-Тохиролцъё. Би хохирлыг барагдуулна. Гагцхүү одоо надад ямар ч мөнгө алга. Маргааш өдөр би танд мөнгө өгье хэмээн учирлав.
-Маргааш гэнэ ээ. Бодох хэрэгтэй юм байна гээд залуу миний машин доторхийг анхааралтай ажих аж.
-Та тэгээд хэр удаан бодох вэ?
-Байдлаас л болно доо.
-Та юу хайгаад байгаа юм бэ?
-Чиний цүнхийг.
-Та яах гэж байгаа юм гэж би гайхав.
-Чамд бичиг баримт байхгүй л бололтой. Таасан уу?
-Тэгээд юу гэж?
-Хонгор минь, чи энэ машиныг хулгайлсан юм биш биз?
-Тоглож байна уу, би тийм зүйл хийх хүн биш. Хар л даа, энэ түлхүүр нь байна гэвэл залуу маш шалмаг хөдлөн түлхүүрийг сугалж аваад
-Тэгвэл чи энэ машиныг зөвшөөрөлгүй унаж байна гэв.
-Танд ямар хамаа байна аа. Алив тэр түлхүүр өгөөдөх гэж би сандрав.
-Засварын газар руу хамт явъя. Эсвэл манайх руу явах юм уу?
-Та машин засдаг юм уу гэж асуусныхаа дараа л өөрийнхөө тэнэгийг гайхан уур минь улам хүрэх аж.
-Үгүй ээ. Би өөр бизнес хийдэг. Гэхдээ манайхаар ороод гарахад зүгээр шүү. Манай гэр их дажгүй. Унтлагын өрөөний таазандаа тольтой, ёстой догь гээд гараа мөрөн дээр тавихад би уураа барьж дийлэлгүй
-Өө муу гахай. Түлхүүр өгөөд эндээс зайл. Тэр цагдаагаа дууд гэв.
Залуу чанга инээгээд байрнаасаа хөдлөх шинжгүй зогсоно.
-Тэгвэл наад муу машинаа ав. Тэгээд хахаж үхээрэй гэж хэлээд би машинаасаа буун хотын төвийг зүглэн алхав.
Залуу тэр дороо намайг гүйцэж ирээд
-За тоглосон юм гэв.
-Яасан тоглоомтой хүн бэ, аан!
-Битгий уурла л даа. Май энэ түлхүүрээ гээд сарвахайд нь би авах санаатай өөдөөс нь нэг алхтал гуталны өсгий хугарчихав. Миний тэвчээр үнэхээр барагдав бололтой, цээжнээс халуун оргин, дээшээ нэг юм хөөрөөд ирэв. Би нүдээ анин, хөмхийгээ зуухад танихгүй залуу миний тохойноос бариад
-Чи яаж байна аа гэв.
-Надад битгий хүрээд бай. Гүйцээ. Ханалаа, цадлаа. 247 долларын гутал. Аваад долоохон хонож байна. Өрөө ч өгч чадаагүй байхад шүү. Яагаад гэвэл тролейбусанд нэг новш мөнгийг минь суйлчихсан мэдэв үү. Яагаад гэвэл нэг тэнэг нь траншейны нүхийг таглаагүй учир миний машин тийш ороод эвдэрчихсэн. Тэгээд би тролейбусаар явсан юм. Дараа нь дүүрчихсэн этгээдүүд “Эмээгийн бин”-д дээрэм хийж хүн буудаад, намайг барьцаалчихсан. Түүний дараа гурав, дөрвөн цаг цагдаад тэнэг болтлоо мэдүүлэг өгсөн. Тэгээд Рита машинахаа түлхүүрийг нуучихсан болохоор би Севагийн машиныг авах болсон юм. Би явах ямар ч хэрэггүй байж. Яагаад гэвэл Славка тэртээ тэргүй гэртээ байгаагүй. Тэгээд гай болж чиний машинтай мөргөлдөж, тольтой тааз энэ тэр гэж ярьсан чамтай учирч байдаг би яасан азгүй хүүхэн бэ гэж орь дуу тавьж гарлаа.
“Ланд”-ын залуу хоёр гараа дэлгээд над руу харан миний үг болгонд толгой дохих аж. Бидний хажууд нэг “Мерседес” ирж зогсоод дотроос нь хоёр залуу биднийг гайхан харав. “Ланд”-ын залуу тэдэн рүү эргээд
-Зүгээр, зүгээр. Би найз бүсгүйтэйгээ ярьж байна гэхэд тэд аажуухан хөдлөн холдов.
Би ч жаахан тайвширч амжаад, хугарсан өсгийгөө газраас аван, машин руугаа хазганан явлаа.
-Славка гэж чиний найз залуу юм уу гэж “Ланд”-ын жолооч намайг даган үгэнд дурлахад би
-Биш ээ,биш. Тэр надад чухал хэрэг болсон юм.
-Тэгэхээр Севка чиний найз залуу байх нь. Чи машиныг нь зөвшөөрөлгүй авчихсан юм уу?
-Надад ямар ч найз залуу байхгүй. Хэрэг ч үгүй. Харин машин Севагийнх.
-Тэгэхээр чи нөхөр ч үгүй, найз залуу ч үгүй юм байна. Тийм үү?
Энэ асуултад хариулахдаа би яагаад ч юм бэ, санаа алдаж орхив.
-Тийм ээ.
-Би ч азтай юм гээд залуу бас л маасайтал инээв.
-Чиний аз ч удахгүй дээ гээд би машиндаа суутал залуу миний гараас хугарсан өсгийг аваад замын хажуу руу чулуудчихав.
-Чи чинь яаж байгаа юм бэ гэж би гайхан дуу алдахад тэр инээснээ
-Битгий санаа зов. Би шинийг аваад өгнө гэдэг байгаа.
-Хэрэггүй ээ. Ер надад чи, чиний тэр гэр, толь энэ тэр огт сонин биш байна.
-За би тоглосон юм даа, битгий уурла. Тайвшир, Манай найз засварын газартай юм. Түүнийг дуудчихъя.
-Засварын газартай юм бол шууд яваад очьё. Дуудаад яах юм.
-Чи зугтчихвал яах юм.
-Машины дугаараар дор нь олно шүү дээ.
-Чиний машин биш биз дээ. Минийх ч яах вэ, хэрлааг нь жаахан янзалчихад болно. Харин чиний Сева л боож үхэх байх даа гээд гар утсаа гаргаж ирээд
-Нээрэн, чамайг хэн гэдэг билээ?
-Маня гэж бутнахад
-Пээ, чамд аймаар зохисон нэр байна гэж дооглонгуй инээснээ, хаа нэг тийш залгав.
Үргэлжлэл бий.