Дэлхийн алдартай дуучдыг урьж тоглуулах амаргүй. Тэдгээр нэр хүндтэй уран бүтээлч тоглолтоо хийхийн тулд тогтсон нөхцөл, шаардлага тавьдаг. Дэлхийн жишигт нийцсэн өндөр стандартаас гадна хэний ч санаанд оромгүй, үнэхээр тэнэг гэмээр хүсэлтүүдийг ч тулгадаг гэнэ. Тэднийг ямар “гажиг” шаардлага тавьдгийг сонирхъё.
РИАННА
Элдэв маяг өнгө төрх, этгээд хэв маягаараа бусад уран бүтээлчдээс эрхгүй ялгарч чадсан Барбадосын дуучин бүсгүй. Түүний тайзны арын өрөө нь хар хөх өнгийн шийдэлтэй бөгөөд тэндээ ямар нэг өхөөрдөм амьтан байлгахыг хүсдэг ажээ. Мөн хөл нүцгэн гүйхэд ч асуудалгүй дулаан, цэвэрхэн шалтай байхыг шаарддаг байна. Түүнчлэн алтан зул цэцгийг дөрвөлжин вааранд хийж өрөөнд нь тавих ёстой гэнэ шүү.
АДЕЛЬ
Өдгөө хүчирхэг хоолойгоороо дэлхий нийтийг байлдан дагуулж буй Аделийн шаардлага бусдаасаа арай өөр. Тэрбээр тамхийг ар араас нь угсруулан татдаг төдийгүй элдэв чамин зүйлсэд дургүй нэгэн юм. Түүний хувцас солих өрөөнд нь тахианы махтай хачиртай талх, сайн чанарын улаан дарс, 20 ширхэг тамхи, боодол бохь байхад л хангалттай байдаг гэнэ шүү.
МАДОННА
Мадонна хамгийн шаардлага өндөртэйд тооцогддог бололтой. Тэрбээр 2012 онд хийсэн “MDNA” аялан тоглолтынхоо үеэр очсон улс бүрийнхээ зохион байгуулагчдаас ухаан алдаж унамаар их зүйлсийг шаардсан гэдэг. Тиймдээ ч түүнтэй хамтарч ажиллахад тун төвөгтэй гэнэ. Тэрбээр тоглолт бүрийнхээ арын албанд 200 ажилтан, туслах болон 20 хамгаалагч, хувийн тогооч, йогийн багш, эмч зэрэг бүрэлдэхүүнтэй явдаг аж. Түүний хувцас солих өрөө нь бүхэлдээ ягаан өнгөтэй, хувийн ариун цэврийн өрөөнд ч мөн ийм шаардлага тавьдаг гэнэ.
ПОЛ МАККАРТНИ
Алдарт “Битлз” хамтлагийн дуучин, хөгжимчин энэ эр амьтны эрхийн төлөө тууштай тэмцдэг, цагаан хоолтон учраас түүний эргэн тойронд амьтны гаралтай бүтээгдэхүүн байхыг тэвчдэггүй гэнэ. Түүнчлэн тайзны арын өрөөндөө цэвэр модон тавилга, ургамал гээд эко орчин бүрдүүлэхийг шаарддаг байна.
БЕЙОНСЕ
Хүчирхэг хоолой, хөдөлмөрч зан, үзэсгэлэнтэй дүр төрхөөр шүтэн бишрэгчдээ байлдан дагуулдаг дуучин бүсгүй, тайзныхаа эргэн тойронд “Кока кола” компанийн бүтээгдэхүүнүүд байлгах тун дургүй гэнэ. Тиймээс ч түүний аялан тоглолт хийж байгаа газруудад эдгээр бүтээгдэхүүний ул мөр ч байдаггүй гэхэд болно. Түүнчлэн өрөөний температур дулаан байх төдийгүй, анхилуун үнэртэй лаанууд тавьсан байх ёстой гэнэ. Тэрбээр нэг удаагийн тоглолтоо 536 мянган ам.доллароор үнэлдэг аж. Харин түүний нөхөр, алдарт реппер Жей Зи тайзны арын өрөөг маш тав тухтай, дулаахан, мөн газрын самрын орц бүхий зууш байлгахыг шаарддаг ажээ.
МЭРИЛИН МЭНСОН
Америкийн хүнд металл, рок чиглэлээр бүтээл туурвидаг, өвөрмөц төрхийг өөрийн нэрийн хуудас болгосон дуучин Мэрилин Мэнсон бусад уран бүтээлчийг бодвол арай өөр байх аж. Тэрбээр тансаг чамин, дээд зэрэглэлийн зүйлсэд дуртай ч түүний тайзны арын өрөөнд зөвхөн “резинэн чихэр” л байхад хангалттай гэж үздэг.