“Банш” Батааг танихгүй хүн ховор. “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлээс гараагаа эхэлж, “Х ТҮЦ” продакшнд ажиллан үзэгчдийн танил болсон жүжигчин Д.Баттөмөр өнөөдөр 35 нас хүрч байна. Өдгөө “Мөрөөдлийн театр”-т уран бүтээлээ туурвиж буй тэрбээр арван хүүхэдтэй айлын хамгийн бага хүү аж.
Бүтээсэн дүр бүхнээрээ үзэгчдийг хөгжөөж, хайрыг татдаг түүнээс төрсөн өдрийн баяраа хэрхэн тэмдэглэдэг талаар нь тодрууллаа.
-Та төрсөн өдрийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Сүүлийн үед гэр бүл, хамт олон, найз нөхөдтэйгөө тэмдэглэдэг болоод байна. Зарим үед тоглолт таарчихдаг. Багадаа ээждээ “Намайг зургадугаар сарын 1-нд төрүүлчихгүй яасан юм бэ” гэж гомдоллодог байлаа. Гэхдээ 1-нд Хүүхдийн баяраар, 2-нд нь төрсөн өдрөөрөө дахиад баярладаг байсан болохоор сайхан байжээ.
-Санаанаас тань гардаггүй төрсөн өдрийн баярын тухай дурсамжаас хуваалцаач?
-Оюутан байхдаа дотуур байранд О.Алтангэрэл гэж найзтайгаа хамт амьдардаг байв. Одоо хуульч шүү дээ. Нэгдүгээр курс төгсөж байх үед миний 19 насны төрсөн өдөр болсон юм. Анх удаа гэр бүлийнхнээсээ хол, мөнгө төгрөг хомс төрсөн өдрөө тэмдэглэсэн нь тэр. О.Алтангэрэл найз маань тэр өдөр нэг их гоё будаатай хуурга хийж өгч баярлуулсан даа. Тэр өдрийг хэзээ ч мартдаггүй.
-Ямар бэлэг авах дуртай вэ?
-Сэтгэл шингэсэн, зөвхөн надад зориулж өгсөн бэлэг бүхэн сайхан шүү дээ.
-Тэгвэл энэ өдөр авч байсан хамгийн сайхан бэлэг тань юу вэ?
-Би “Шанель”-ийн үнэртэй ус түрхэх дуртай. Яг миний түрхдэг нь Монголд их ховор. Тэр үнэртэй усыг манай нэг найз бэлэглэсэн. Сүүлийн үед хоёр охин маань зураг зурж бэлэглэдэг болсон. Их хөөрхөн. Наддаа л хамгийн үнэтэй бэлэг шүү дээ. Төрсөн өдрөөр минь охидынхоо зурж өгсөн зургуудыг хадгалдаг.
-Өнөөдөр баяраа хэрхэн тэмдэглэх вэ?
-Мөн л гэр бүл, найз нөхөдтэйгөө л баярлана. Кино урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Академи авардс” наадам миний төрсөн өдөртэй их ойрхон болдог. Өнгөрсөн жил төрсөн өдрөөрөө энэ наадамд оролцож, “Ээж ээ, надтай гэрлээч” кинонд тоглосон дүрээрээ шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн. Энэ жил ч уг наадмын шилдэг эрэгтэй гол дүр шалгаруулах номинацад “Өнөр бүл, өнөө цагт” киноны Гармаагийн дүрээрээ өрсөлдөж байгаа.