“Guys” хамтлаг шинэ уран бүтээл болох “Good luck” дууны клипийг зургаадугаар сарын 3-нд олон нийтийн хүртээл болгох гэж байгаа тухай тус хамтлагийн гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус клип нь өнгөрсөн онд гарсан “Best of the Guys” цомогт багтсан бөгөөд клипийг “Монгол контент” ХХК-ний “Монгол дуу” төсөлтэй хамтран бүтээсэн аж.
“Guys” хамтлагийн ахлагч М.Мягмар “Өнөө цагийн залууст бахархан дууриах сэдлийг төрүүлэх, амжилт өөд уриалан дуудах, хийж буй ажил мэргэжилдээ итгэн, урмаар дүүрэн байхыг хүсч уриалсан гэгээлэг сэдэвтэй уран бүтээл юм. Энэхүү дууныхаа клипэнд Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргасан салбар бүрийн шилдэг залуусыг оролцуулсан бөгөөд тэд бүгд “Good luck” төсөлд нэгдсэн” гэлээ.
“Good luck” дууны үгийг Мийгаа буюу М.Мягмар зохиож, аяыг хамтлагийн гишүүд хамтарч хийсэн юм байна.
Хэвлэлийн хурлын үеэр тэднээс тус хамтлагтай холбоотой зарим зүйлийн талаар тодрууллаа.
-Энэ клипийг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор нээх байсан шүү дээ. Ямар шалтгааны улмаас хойшлуулсан бэ?
-Манай хамтлагийн гишүүн байсан Х.Бат-Ундралтай холбоотой сөрөг мэдээлэл гарсан учраас бид өнөөдөр нээж байна.
- “Хамтлагийн гишүүн байсан” гэж хэллээ. Х.Бат-Ундрал танай хамтлагийн гишүүн байхаа больсон хэрэг үү?
-Тийм. Guys хамтлаг гурван гишүүнтэй болоод сар гаруй хугацаа өнгөрч байна.
- Х.Бат-Ундралыг хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэж сонссон үнэн үү?
-Бидэнд тодорхой мэдээлэл байхгүй байна.
-Түүнийг хэрэгт холбогдсоноос болоод хамтлагаасаа гаргасан уу?
-Үгүй Бат-Ундрал маань өөрийн хүсэлтээр хар тамхины тухай мэдээлэл гарахаас өмнө гарчихсан байсан.