“Ням гариг” Оросын зохиолч Т.Поляковагийн “Саятан бүсгүй танилцахыг хүсэж байна” зохиолыг цувралаар хүргэж эхэллээ. Адал явдалт энэхүү бүтээлийг "Ням гариг" сонины орчуулагч Н.Энхтүвшингийн орчуулгаар таалан болгооно уу.
Эцэг эх маань намайг бага ангид байхад салсан юм. Тэд их завгүй, гэр орны бараа хардаггүй хүмүүс байж билээ. Тиймдээ ч ээж салаад явсныг би эхэндээ ойлгоогүй байх. Авга эгч Валя намайг орой унтуулахдаа “Хөөрхий охин, ээж нь амьд байсаар байтал ингэж амьдын хагацал үзэх гэж” хэмээн нулимс дуслуулахад л манай гэр бүлд нэг зүйл тохиолдож гэдгийг ойлгож билээ. Намайг Валя эгч өсгөсөн гэж болно шүү. Би ч Валя эгчдээ хайртай байсан. Тиймдээ ч “Ээж нь өөр гэр бүлтэй болсон. Чамайг хэсэг хугацааны дараа өөр дээрээ авах байх” гэж нэг өдөр аав намайг тэврэн хэлэхэд нь “Би тантай, Валя эгчтэй үлдмээр байна” гээд яваагүй билээ.
Намайг ахлах ангид орох үед аав нэлээд том компанийн эзэн болсон байлаа. Тэр цаг үе надад гунигтай сэтгэгдэл төрүүлдэг юм. Учир нь би гэртээ хамаагүй хүүхдүүд оруулж болохгүй, гадуур гарч болохгүй бас намайг өдөр болгон сургуулиас аавын туслахууд авдаг байлаа. Дээд сургуульд орсон хойноо л би хагас хоригдлын байдлаас салж чадсан юм. Гэхдээ л өөрийнхөө хувь заяаг өөрөө шийдэх тийм эрх чөлөө надад олдоогүй. Их сургуулийн хоёдугаар курст байхдаа би нөхөрт гарахаар шийдэв. Гэтэл Валя эгч ухаан алдах шахаж, аавын “Яасан ч үгүй” гэсэн эсэргүүцэлтэй тулгарах нь тэр. Би бүр гэрээсээ оргож ч, үзсэн боловч тэмцэл минь үр дүнд хүрээгүй юм. Аав намайг тэр орой л Светагийнхаас олоод авсан. Ээжийг салснаас хойш орой болгон согтуу байдаг аав, тэр орой цоо эрүүл байсан нь намайг түүний даган, гэртээ харихад нөлөөлсөн биз. Бид их л удаан ярилцсан юмдаг. Тэрбээр намайг нөхөрт гарах талаараа түр харзнахыг зөвлөхийн хажуугаар Мишаг (миний суух гээд байсан залуу) надад хань болох хүн биш гэж хавчуулахаа мартсангүй. Тэгээд намайг сэтгэл санаагаар бүр мөсөн унагахгүй гэсэндээ “Опель” машин авч өгсөн. Аавын бэлэг надад маш их таалагдсан учраас би нөхөрт гарах тухайгаа мартсан ч, Мишатай нууцаар болзсон хэвээр байлаа. Гэтэл нэг удаа Миша эцгийн минь талаар луйварчин, залилан мэхлэгч, хог хаягдлын хаан (аав минь социализмын үед хоёр дахь түүхийн эд хариуцагч байсан юм) гэх мэт таагүй үг унагахад би “Аавын зөв байж. Миша надад огт таарахгүй юм байна” гээд тэр залуугаас холбоогоо тасалсан билээ.
Удалгүй манай гэр бүлд бас нэгэн эмэгнэлтэй явдал болов. Хамгаас хайрт Валя эгч минь нас барав. Аав бид хоёр ёстой л өнчирч хоцорсон доо. Аав өдөр шөнөгүй ууж, би өдөр шөнөгүй уйлсаар хоёр сарыг өнгөрөөж билээ. Ингээд үхсэнийхээ хойноос үхдэггүй хорвоо хойно, цааш амьдарлаа. Хамгийн түрүүнд би хоол хийж эхлэв. Загас цэвэрлэх гэж байгаад золтой л нэг хуруунаасаа салчихсангүй. Маргааш нь төмс угааж байгаад усаа хаахаа мартан, дэлгүүр гарч яваад доод айлаа усанд автуулж орхив. Аав хоолоо өөрөө хийхээр шийдсэн ч надаас долоон дор юм болж түймэр тавих шахав. Хэдэн өдөр гадуур хооллолсны дараа аав
-Ингэж амьдарч болохгүй нь. Ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гээд нэг шил шарз аваад өрөөндөө орчихов. Тэгснээ цагийн дараа гарч ирээд
-Гэрлэх хэрэгтэй юм байна. Гэрийн үйлчлэгч авч болох ч гаднын хүн гэртээ байлгамааргүй байна. Хүнтэй л суухаас гэхэд нь би зөвшөөрсөн юм.
Ингээд гурав хоногийн дараа манай гэрт Рита ирсэн юм даа. Тэрбээр, ааваас хорь гаруй насаар дүү, өмнө нь гурван удаа гэрлэж байсан ч аль аль нь бүтэлтэй зүйл болоогүй аж. Бид хоёр эхний өдрөөс л найзархаг харилцаа эхлүүлсэн. Тэрбээр өөрийнх нь хэлснээр зарчмын хувьд ажил хийдэггүй бөгөөд намайг ч мөн адил ажил хийж хэрэггүй гэж зөвлөдөг. Тэр үед аав хотынхоо нийгэм, улс төрийн нэртэй зүтгэлтэн болоод байлаа. Гэртээ үзэгдэх нь ховор бөгөөд сарын эхэнд бидэнд мөнгө өгнө, мөн түүнийгээ яаж гамтай үрэх талаар зөвлөөд л алга болж өгнө. Заримдаа бид аавыг Канарын арлуудад, эсвэл Кипрт явж байгаа сураг дуулах авч уурлана. Янз бүрийн зүйл асуухаар уурладаг тул чимээгүй л өнгөрнө. Гагцхүү түүний архи уух явдал биднийг их зовоож байлаа. Таньдаг мэддэг хүмүүс хүртэл аавыг минь эрүүл явж байхыг харахаа байлаа гэдэг болов. Сүүлийн үед аав биеийн байдлаа сайнгүй байна хэмээн ярих болсон нь Рита бид хоёрын сэтгэлийг улам түгшээж байв.
Бидний айдас нэг өдөр л биелэлээ олсон юм. Аав минь Канарын арлын хавьд согтуу далайд сэлж байгаад живчихсэн. Цогцос нь жилийн дараа олдсон бөгөөд бидэнд ердөө нэг ваартай чандруу л өгсөн билээ. Цогцос мөн бишийг таниулаагүй болохоор Рита бид хоёр тэрхүү чандрууг аавынх гэдэгт одоо болтол эргэлздэг л юм. Харин аавыг оршуулсны дараа манай гэрт ёстой хачирхалтай зүйлүүд болж эхэлсэн. Хэн нэгэн манай гэрийн тавилгын байрлалыг үе үе сольчихдог болов. Дараа нь угаалгын өрөөний хаана цөмөлчихсөн. Рита цагдаад мэдэгдсэн боловч тэд ямар ч арга хэмжээ аваагүй. Сүүлдээ Рита бид хоёр чимээ чагнан, унтаж чадахаа болив. Тиймээс Рита Севаг дагуулж ирэхэд би дургүйцээгүй билээ. Ямар ч байсан эр хүн гэрт байхад арай л тайван санагдана. Сева бол Ритагийн нууц амраг байв. Энэ тухай Рита надад өөрөө хэлсэн юм. Аав минь нэг тийм бэлэг тэмдгийн шинжтэй нөхөр байсан болохоор би Ритаг ойлгож байлаа. Гэвч Сева ааш муутай эр аж. Тэрбээр Ритагаас найм дүүгээс гадна, намайг хэд хэд удаа оролдох гэв. Энэ тухай би хөөрхий Ритаг өрөвдөөд хэлээгүй. Харин Севаг ээлжит оролдлого хийх үед нь эр хүний эмзэг газар руу нэг сайн өшиглөж өгөөд, тэгээд, надад итгээрэй, тун санамсаргүй дээрээс нь халуун ус асгачихсан. Ингэж Сева бид хоёр дайснууд болсон юм. Тэрбээр намайг алхам тутамд үгээр идэн, өөнтөглөхч, харин оролдохоо больсон. Энэ нь надад хангалттай байлаа. Хааяа Севаг их давраад байвал хэний гэрт байгааг нь сануулаад өгдөг.
Манай аав зургаан байртай хүн байв. Гэхдээ бид дандаа нэг л байрандаа амьдардаг байсан. Аав бүх эд хөрөнгөө миний нэр дээр бүртгүүлдэг байсан болохоор тэр байрнаас гадна зуслангийн байшин, дөрвөн машин бүгд минийх байлаа. Харин аав үхнэ гэж төлөвлөөгүй байсан учир гэрээслэл үлдээгээгүй юм. Оршуулгын үеэр аавын хамтрагч Витя ах намайг дуудаад
-Охин минь, аав чинь өөрийнхөө нэр дээр юм бүртгүүлэх дургүй хүн байсныг чи мэдэхгүй биш. Тэгэхээр энэ компани түүнийх биш гэсэн үг. Гэхдээ чи миний хувьд охин шиг минь тул би чамд сар болгон мянган доллар өгч байна гэв.
-Рита яах болж байна гэж би асуувал Витя ах мөрөө хавчаад санаа алдсан нь хөөрхий Ритаг манай ойрын хамаатан гэж үзээгүй бололтой.
Энэ тухай Ритад дуулгатал тэрбээр
-Чи түүний саналыг зөвшөөрчихлөө гэж үү! Биднийг дээрэмдчихлээ шүү дээ, ингээд гүйлгачин болдог байж гээд зүрхээ даран уйлан бөөн юм болоход би
-За битгий тэнэглээд бай. Бидэнд таван байр байна. Нэг бүрийг нь сард зуун доллараар түрээслээд, дээрээс нь Витя ахын амласан мянган долларыг нэмэхээр сард бид хоёрт тус бүр 700 доллар оногдож байгаа биз дээ. Би намраас ажилд орчихно. Ямар ч байсан гуйлгачин болохгүй гэж түүнийг тайвшруулав.
Рита баярласандаа бас л нулимс дуслуулан намайг тэвэрч аваад
-Маня минь, чамгүй бол би яана даа...Би одоо гучин зургаатай. Гэтэл би байр ч үгүй, мөнгө ч үгүй нэг муу хуучин машинтай л үлдэх шив дээ гэв.
-За яахав, аавын машинуудыг зараад мөнгийг нь чи ав л даа гэж би өгөөмөр загнатал
-Аавтай чинь суухдаа найдаж байсан мөнгөний дэргэд юу ч биш гэлээ чамд баярлалаа гээд Рита санаа алдав.
-Зүгээр дээ.
-Надад гэр бүл байгаа нь ямар аз вэ. Миний гэр бүл чи шүү дээ.
-Сева яасан, биш гэж үү?
-Сева яах вэ дээ. Тэр ямар нэмэртэй биш. Тэгээд ч надтай гэрлэх шинжгүй.
-Гэрлэх байх аа гээд би мөрөө хавчив.
Иймэрхүү байдалтай өнөөдрийн үйл явдал болтол аж төрсөөр ирсэн юм. Бид нэг байранд хамтдаа амьдарсаар, Сева Ритад гэрлэх санал тавихгүй удсаар л...
Рита миний өмнө тавагтай хоол тавиад царай руу минь харснаа
-Ямар нэгэн юм болоо юу. Бас машинаа эвдчихсэн үү хэмээн асуув.
-Өө... сүйдтэй юм биш. Нэг жижигхэн юм салаад уначихсан.
-Салаад уначихсаан?
-Тийм
-Тэгээд машин чинь хаана байгаа юм?
-Засварт өгчихсөн.
-Чи нийтийн тээврээр явж баймаар юм.
-Та хоёр дуугүй болоод өгөөч, мэдээ сонсмоор байна гэж Сева хажуунаас муухай аашлав.
-Өө тэр нийтийн унаагаар чинь явсан. Тэгээд Светад өгөх ёстой байсан 500 доллараа суйлуулчихсан гэж би чанга дуугарав.
-Одоо тэгээд яана аа.
-Света хүлээхээс л гэж байна лээ.
-Галзуурмаар юм...Өөр зүйл тохиолдоогүй биз дээ?
-Аан тийн... Би бас барьцаалагдсан.
-Тоглоод байгаа юм уу гээд Рита нүдээ цавчлахад нөгөө Сева, Рита бид хоёр руу ээлжилж харснаа
-Худлаа солиорч байгаа юм гэв
-Чи дуугүй бай л даа гэж Рита залуу руу хяламхийснээ хажуу сандал дээр суугаад миний нүд рүү харав.
Энэ үеэр зурагтаар оройн мэдээ гарч эхлэв. Мэдээ юугаар эхэлсэн гээч!? Мэдээж “Эмээгийн шарвин” цайны газарт болсон дээрмийн тухай сурвалжлагаар. Нэвтрүүлэгчийн оршил үгний дараа би өнөөх багтай хоёр этгээдтэй хэлхэлдэн байгаа нь цэнхэр дэлгэцээр гарах нь тэр. Рита нүдээ бүлтийлгэн дэлгэц рүү, нэг над руу ээлжлэн харна. Тэрбээр болсон үйл явдлын тухай сурвалжлага дууссана дараа зүрхээ дараад
-Бурхан минь! Чиний байдал улам л дордоод байх юм. Хөөрхий чи минь, юу гээч аймшгийн зүйлтэй учрах нь энэ вэ гэж уулга алдаж гарав.
-Тэгээд хэнийг алчихсан юм бэ гэж Сева үгэнд дурлав
-Би яаж мэддэг юм бэ. Нэг сахалтай бүдүүн эрийг л буудчихсан гэж намайг уцаарлахад Сева
-Чөтгөр гэж гээд гэнэт бодлогоширч орхив.
-Чи таньдаг юм уу гэж энэ удаа би үгэнд дурлавал Сева сандал дээрээсээ огло үсэрч босоод
-Чи галзуураа юу! Би хэнийг алсныг хараа ч үгүй юм чинь ... хэмээн учиргүй сандарснаа өрөөнөөс гарч одоход Рита бид хоёр гайхсаар хоцров.
-Чи машинаа түр өгөөч. Хурдхан шиг юманд яваад ирье гэж би Ритагаас гуйгаад үзлээ.
-Яасан ч үгүй. Чи машиныг минь эвдэж орхино
-Би ямар өдөр болгон машинаа эвдээд байдаг биш дээ
-Минийхийг чи заавал эвдэнэ. Би мэдэж байна. Ер нь тэгээд чи нэг хэсэг гаралгүй гэртээ суусан нь дээр. Харин би нэг лам олохыг бодъё. Энэ арай л хэтэрч байна гэж Рита надад санаа зовох аж.
Рита надад машина яагаад ч өгөхгүйг би ойлгоод өрөө рүүгээ явлаа. Оройн 21.00 өнгөрч байна. Айлд очиход оройтсон нь ойлгомжтой. Гэхдээ ямааны мах халуун дээрээ гэдэг байх аа. Хэсэг хугацааны дараа би үүдний өрөө рүү гартал Рита гал тогоонд юм угааж байгаа бололтой ус гоожиж, аяга таваг хангинах нь сонсогдоно. Ритагийн машины түлхүүрийг сэмхэн авчих санаатай үүдний өрөөний шургуулгыг онгойлгоод үзвэл Ритагийнх байхгүй харин Севагийн “Ауди”-гийн түлхүүр харагдана. Сева гарах шинжгүй байсан, машиныг нь түр аваад явчихвал сүйд болохгүй биз. Сүйд болсон ч яадаг юм бэ, минийхийг зөндөө л унадаг юм чинь. Ийнхүү өөрийгөө зөвтгөөд түлхүүрийг аван сэмхэн гэрээсээ гарлаа.
Үргэлжлэл бий...