Улс орны хөгжилд соёл, урлагийн салбарынхан тэр дундаа манай уран бүтээлчид тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байдаг билээ. Монгол Улсын Засгийн газраас уран бүтээлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор шат дараатай арга хэмжээнүүдийг авч ирсэн. Уран бүтээлчдээ дэмжих тэдний хөдөлмөрийг үнэлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай журам”, мөн “Оны шилдэг бүтээлч шалгаруулах журам”-ыг батлан хэрэгжүүлж байна. Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам“-ын дагуу шалгаруулалтыг энэ жил 8 дахь удаагаа явуулах гэж байна. Шалгаруулалтыг Тайз, дэлгэцийн найруулагч, тайз, дэлгэцийн зураач, тайз дэлгэцийн жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, биет бус соёлын өвийг өвлөн уламжлуулагчгэсэн 7-н төрлөөр явуулдаг бөгөөд шилдэгээр шалгарсан уран бүтээлчдэд тус бүр 3.0 сая төгрөгийн шагнал, “Мөнгөн мод” цом гардуулдаг юм. Тэгвэл 2015 оны "Мөнгөн мод"-ны эзэд тодорлоо.
2015 онд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдсон П.И.Чайковскийн “Шелкунчик” балетын Маша, “Франческа да Римини” балетын Франческа, “Хунт нуур” балетын Одетта, Оделлия, Б.Асафьевийн “Бахчисарайн оргилолт булаг” балетын Мария, И.Штраусын “Оргилуун дарс” балетын гол дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээж, үзэгч түмний хүртээл болгосны учир Дуурь, бүжгийн эрдмийн театрын балеын жүжигчин Д.Саруулыг “Оны шилдэг бүжигчин”-ээр шалгаруулж, “Мөнгөн мод” цом, мөнгөн шагнал, батламж гардууллаа.
Мөн энэ жилийн А.Баттүшиг, Ж.Сэнгэдорж нарын зохиол “Босуул” түүхэн уран сайхны кино, “Lovers” уран сайхны киног мэргэжлийн өндөр түвшинд найруулан тавьж, үзэгч олны хүртээл болгосны учир найруулагч Ж.Сэнгэдоржийг “Оны шилдэг тайз, дэлгэцийн найруулагч”-аар, 2015 онд Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа тавьсан П.Бадарч, Д.Төрбат нарын “Оройн дээд” үндэсний дуулалт жүжиг, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын “Мөнх тэнгэрийн Монгол” концертын тайз, зураг, чимэглэлийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсний учир Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагч Г.Ганболдыг “Оны шилдэг тайз, дэлгэцийн зураач”-аар, Францын нэрт найруулагч Жан Жак Анногийн “Чонон сүлд” уран сайхны киноны Галсмаагийн дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсний учир жүжигчин Р.Анхнямыг “Оны шилдэг тайз, дэлгэцийн жүжигчин”-ээр, Оросын Холбооны Улсад зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдаанд амжилттай оролцож, онцгой амжилт үзүүлэн дуурийн дуулаачийн төрөлд I байр, мөн уралдааны Гран-При шагнал хүртэж, ОХУ-ын “ИХ театр” болон “Мариинский театр”, Их Британий “Birmingham stage”, “Buckingham Palace”, АНУ-ын Нью-Йорк хотын “Carnegie Hall”, “Metropolitan opera” зэрэг олон улсын нэртэй томоохон театруудад уригдан тоглож Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөн учир дуурийн дуучин Г.Ариунбаатарыг “Оны шилдэг дуучин”-аар, АНУ-ын олон улсын залуучуудын оркестрт сонгогдон “Карнеги Холл”-д болсон тоглолт, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн олон улсын залуучуудын оркестрын “Энх тайвны төлөө” тоглолтод амжилттай оролцож, “Дөрвөн улирал” бие даасан тоглолтоо мэргэжлийн өндөр түвшинд тоглож үзэгч түмний хүртээл болгосны учир Улсын Филармоний хөгжимчин Х.Санчирыг “Оны шилдэг хөгжимчин”-өөр, монгол үндэстний уртын дууг судлан сурталчлах зорилгоор уртын дууны сургалтыг тогтмол зохион байгуулан 2500 гаруй хүнд зааж сурган, уртын дууг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж нийслэлийн Улаанбаатар чуулгын уртын дуучин Б.Батболдыг 2015 оны “Оны шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулагч”-аар тус тус шалгаруулж, “Мөнгөн мод” цом, мөнгөн шагнал, батламж гардууллаа.