Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 22-нд “Өнөөдөр” сонинд Германд ажиллаж, амьдардаг монгол зураач Э.Отгонбаярын нэгэн уран бүтээлийн тухай онцлон “Монгол залуу 20.000 оцон шувуу “амилуулжээ” гарчигтай нийтлүүлснийг тус улсын урлагийн салбар, тэр дундаа уран зургаар дагнан ажилладаг сэтгүүлч, судлаачид олзуурхан, сонирхож, орчуулаад орон нутгийнхаа хэвлэлд тавьсан гэж сонслоо. Учир нь түүний “Антарктик панорам” зураг нь дэлхийгээс мөхөн арчигдах аюул нүүрлээд буй гайхамшигт нэгэн ертөнцөд хүмүүсийн анхаарлыг хандуулсан, байгаль экологийн төлөөх том хандив гэж олон улсын олон салбарын мэргэжилтнүүд анхаарч буй гэсэн. Тэгвэл Молдов улсын Үндэсний урлагийн төв музейд энэ сарын 18-нд нээсэн Э.Отгонбаярын “Отго Антарктик панорам пингвин” бие даасан үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийнх нь талаар тус улсын зураг судлаачид мөн л сайхан дүгнэлтүүдийг хэлж, түүний туурвих аргыг онцлон магтсан байна.
Тус улсын Музейн холбооны ерөнхийлөгч Тудор Збарнеа “Өнгөрсөн жил Молдовт болсон Олон улсын орчин үеийн уран зургийн наадмын тэргүүн байрын шагнал хүртсэн Монголын зураач Э.Отгонбаярт бид бие даасан үзэсгэлэн гаргах урилга гардуулсан. Манай музейн түүхэнд 35 настай залуу хүн уран бүтээлээ дэлгэж буй нь анхны тохиолдол гэдгийг онцлох ёстой. Энэ үзэсгэлэнгийн гол бүтээл “Антиарктик панорам“ нь дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлтийг хөндсөн, хүн төрөлхтөн байгаль орчинтойгоо зөв харьцахгүй бол ямар хөнөөл дагуулахыг илэрхийлсэн, хурц шийдэлтэй бүтээл болжээ” гэсэн байна. 2013 оноос хойш бүтээсэн олон зургаа тавьсан манай зураачийн үзэсгэлэн ирэх зургадугаар сарын 12 хүртэл үргэлжлэх юм байна. Түүнтэй цахим шуудангаар холбогдоход “Үзэсгэлэнгийн нээлт болон удаах өдрүүдэд нь зохион байгуулсан “Олон улсын музейн шөнө” арга хэмжээний хүрээнд 10.000-гаад хүн уран бүтээлүүдтэй минь танилцсан гэсэн тооцоо байна. 15 бүтээл дэлгэсэн байгаа. 2013-2016 онд зурсан “Нис нис” зургийг минь бас их сонирхож байна” гэж мэдээлэв.