“Ням гариг” Оросын зохиолч Т.Поляковагийн “Саятан бүсгүй танилцахыг хүсэж байна” зохиолыг цувралаар хүргэж эхэллээ. Адал явдалт энэхүү бүтээлийг "Ням гариг" сонины орчуулагч Н.Энхтүвшингийн орчуулгаар таалан болгооно уу.
Хэрэв азгүй хүмүүсийн дунд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиовол Маня Смородина дээгүүр давхих нь гарцаагүй. Нэг өдрийн дотор азгүй бүсгүйн машин нь эвдэрч, бичиг баримт,мөнгөө хулгайд алдан, бас дээрэмчдэд барьцаалагдана. Үүгээр түүний гай барцад дуусахгүй бололтой. Манягийн эргэн тойрны хүмүүсийг хэн нэгэн алах болно. Тэр алуурчин аажим аажмаар Маняд ойртсоор...
“Уучлаарай, дээрэм хийж байгаа юм уу” гэж нүүрэндээ баг зүүж, гартаа гар буу бололтой зүйл барьсан залуугаас би асуулаа. Тэрбээр их сандарсан янзтай “Бүгд элгээрээ хэвтээд” гэж байн байн хашгиран гар буугаараа хүмүүсийг чичнэ. Яг юу болоод байгааг сайн ойлгоогүй учраас л би асуусан юм л даа. Өглөөнөөс хойш бодолд дарагдаад байсан намайг чухам түүний хашгирах дуу бодит байдалд эргүүлэн авчирсан гэх үү дээ. Бас угийн сониуч зан минь ч нөлөөлсөн байж мэдэх. Дээрэм ч яах вэ. Зуухан рубльтэй надад алдаж сүйд болох зүйлгүй. Харин эдгээр залуу террорист байвал хувь тавилан надад хэцүүхэн л шалгуур бэлдэж дээ. Тэгэх тусмаа өмнө минь асуудал тулгараад байгаа цагт энэ шалгуур ёстой илүү л байна.
-Амаа тат гэж багтай этгээд хашгираад намайг түлхэн унагаав.
“Өө муу шовш чинь” гэж би амандаа бувтнаад, дөрвөн хөллөн унав. Би угийн азгүй болохоор энэ лавтайяа террорист халдлага биз. Арга хэмжээний үеэр гутлын өсгий хугарч, миний суух ёстой онгоц хойшлогдож, дугаар өмнүүр минь таслагдаж, автобус дүүрэн хүнээс хулгайч нар зөвхөн миний хэтэвчийг хулгайлах жишээтэй. Гэхдээ би өөдрөг сэтгэлээ гээхгүй байхыг хичээдэг. Хэзээ нэгэн цагт надад аз таарах л ёстой. Үгүй бол энэ хорвоо тэр чигтээ шударга биш болно биз дээ.
Өглөө ус буцалгагч минь шатаж орхисон. Дараа нь Светагийнх руу явж байтал машины дугуй муу усны нүх рүү орчихдаг байгаа. За энэ ч яах вэ, тохиолддог л зүйл. Гэтэл арай гэж хүмүүсийн тусламжтайгаар гаргаж авсан машины тэнхлэг эвдэрчээ. Засварын газарт очтол “Хоёр хоногийн дараа засаж дуусна” гэж байна. Машингүй бол би яг л өнчин ишиг шиг болдог хүн. Байсан мөнгөө засварт тушаачихаад Светагийнх руу тролейбусаар явлаа. Түрийвчийг наснаасаа олон удаа алдаж байсан би мөнгөө цүнхнийхээ дотор халаасанд хийсэн байв. Светагаас зээлсэн 500 доллараа өгөхөөр яваа минь энэ. Светагийнд ирээд мөнгөө гаргах санаатай цүнх рүү шургуулсан гар минь юунд ч торолгүй нэвт гараад ирдэг байгаа. Нэг өөдгүй новш цүнхийг юу ч үгүй зүсэж орхижээ. 500 доллар сураггүй болсон нь ойлгомжтой.
-За яах вэ. Санаа бүү зов. Хэзээ нэгэн цагт чиний энэ азгүйтэл дуусах байлгүй гээд арга нь барагдсан Света санаа алдав.
Машин ч үгүй, мөнгө ч үгүй би Светагаас 100 рубль зээлээд таксигаар харихаар шийдлээ. Даанч азгүйтэл дуусаагүй байжээ. Светагийн байрны гаднаас дөнгөж хөдлөөд л таксины дугуй хагарчихдаг байгаа. Жолооч дугуйгаа сольж байтал нөгөө дугуй нь хагардаг байна шүү. Тролебусаар явахаас.
Харин энэ удаа Замд тог тасран, тролейбус 10 минут зогссоныг эс тооцвол гэртээ ямар нэгэн асуудалгүй хүрсэн. Гэтэл гэрийнхээ үүдэнд ирсэн хойноо л түлхүүрээ ширээн дээр орхиод гарснаа санав. Рита найз залуутайгаа гараад явчихсан бололтой хаалга тайлж өгсөнгүй. Ингээд л Ритаг ирэхийг хүлээнгээ байрны хажуу дахь уушийн газарт орж аяга цай уухаар шийдлээ. “Эмээгийн шарвин” нэртэй энэ газрынхан аагтай сайхан цайгаа гоёмсог хээтэй, жинхэнэ гангар шаазанд аягалдаг юм. Мэдээж шарвин нь их амттай. Бас энд би нэг ч удаа цайгаа асгаж, эсвэл халбага сэрээгээ унагах зэргээр азгүйтэж байгаагүй болохоор сэтгэл амар тухлан суух дуртай. Тиймээс “Бүгд хэвтээд” гэж хэн нэгэн хашгирахад эхэндээ айгаагүй байх.
Би өөрийн азгүйтэлтэй бараг эвлэрсэн гэх үү дээ. Эвлээрээгүй юм гэхэд ямар ч байсан уйлдаггүй. Гэхдээ өнөөдөр арай л дэндлээ дээ. Тэгээд “Эмээгийн шарвин”-д ийм юмтай таарахдаа ч яадаг юм. Би уйлж орилоход бараг бэлэн болоод байтал дээрэмчин гэх үү, террорист гэх үү нэг нөхөр “Бүгд мөнгөө гарга” гэж орилов. Багтай нэг этгээд кассны хүүхэд гялгар уут өгөөд “Бушуул” гэж шавдуулна. Хоёр дахь этгээд “Хэтэвчнүүдээ шалан дээр тавьцгаа” гэж үйлчлүүлэгчдэд хандан хашгирахад бүгд тушаалыг нь биелүүлэв. Үүдний ойролцоо хэвтэж байсан надад танхим бүхэлдээ харагдаж байлаа.
Гэтэл танхимын голд сахалтай бүдүүн эр ширээний ард суугаад юу ч болоогүй юм шиг шарвин идэж байх нь тэр. “Хэтэвчээ” гэх багтай этгээдийн үгийг огт тоосон шинжгүй шарвингаа идсээр байх нь эргэн тойронд болж буй үйл явдал түүнд огт хамаагүй мэт. Бүгд л багтай этгээдүүдийн үгээр хөдөлж байхад энэ нөхөр л ийм тайван суухыг бодвол лавтайяа дээрэмчдийн хамсаатан, эсвэл бүр толгойлогч нь биз. Ийн бодож байтал
-Энэ чамд хамаагүй гэж бодоо юу, новш оо, хэмээн багтай этгээд сахалтай эрд хандахад нөгөөх чинь шарвингаа идэж дуусаад, амаа арчснаа
-Зайл, үзлийн амьтан гэв.
Түүний үг миний бодолтой таарах учир би сахалтай эрээр бахархаж эхлэв. Тэрбээр ширээний араас босоод
-Наад хэдэн самаркандаа (задгай мөнгө) аваад намайг уурлаагүй байгаа дээр хурдхан тонилохыг зөвлөж байна. Эс бөгөөс та нар харамсах болно шүү. Багтай болохоор нарыг олохгүй гэж бодоо юу. Хүсэхийн бол би та нарыг газар доороос ч олж чадна гээд хаалга руу зүглэтэл кассны хажууд зогсож байсан этгээд түүнийг буудаж орхив. Сахалтай эр яаж байна аа гэсэн шиг нүдээ бүлтийлгэн хэсэг ганхан зогсож байснаа шалан дээр пүдхийн унав.
Би нүдээ аниад, тэнхээ мэдэн чарлаж гарлаа. Ганц би ч биш, танхимд байсан бүх хүн л орилолдох шиг болсон. Тэр дундаа танхимын голд зогсож байсан дээрэмчин
-Чи чинь солиороо юу. Хараал ид гэж... Чи түүнийг алчихлаа шүү дээ гэж бүхнээс чанга хашгирч байх нь сонсогдов.
-Алив явъя гээд алуурчин болсон этгээд хамсаатандаа хэлээд гялгар ууттай мөнгөө барьсаар үүд хүрсэн хойноо гэнэт “Өө, чөтгөр” хэмээн амандаа хараал тавив.
Энэ үеэр би хэдийнэ орилохоо болиод хоёр этгээдийн үйл хөдлөлийг ажиглаж байлаа. Удалгүй багтай этгээдүүд яагаад үүдэнд гацаад байгаа нь ойлгомжтой болов. Зам дээр цагдаагийн машин зогсож байгаа нь хаалганы хажуу талын том цонхоор тод харагдах аж.
Сахалтай эрийг бууддаг этгээд хамсаатнаа танхимаас мөнгө цуглуулж байх хооронд гал тогооноос тогооч, угаагч нарыг туугаад ирсэн байлаа. Тэрбээр танхим руу эргэн, цагаан халааттай нэг бүдүүн авгайн дэргэд очоод
-Муу гичий, чи цагдаа дуудсан уу, хэл гэж айлгатал хөөрхий эмэгтэй юу ч хэлж амжилгүй ухаан алдан унаад өглөө.
Хоёр дахь дээрэмчин
-Одоо тэгээд яах юм бэ гэж гэж үүдний хавьцаа дэвхцэхэд нөгөөх нь
-Чимээгүй гэж муухай хашгирахад танхим нам гүм болов.
Дэвхцээд байсан этгээд ямар ч байсан хаалгыг түгжих ухаан гаргав бололтой. Ердөө хэдхэн хормын дараа хаалгыг цаанаас нь татав. Удалгүй хүчтэйхэн угзарч гарав. Үүдний дэргэд зогсож байсан дээрэмчин лааны баримал шиг хөдлөлгүй зогсож байснаа өлмий дээрээ гишгэн арагш ухраад
-Чи яах гэж түүнийг алсан юм бэ. Одоо яах болж байна аа гэж уйлан дуугарна.
Алуурчин хариу дуугарсангүй. Тэрбээр амьсгаадан хэсэг зогсож байснаа
-Барьцааны хүн хэрэгтэй гээд дэргэд ирээд хүрэмний захаас минь угзчин намайг босгох нь тэр.
-Яагаад би гэж сулхан дуугарахад хоёр дахь этгээд
-Яагаад тэр гэж гэх нь тэр.
-Амаа тат гэж алуурчин надад уу, хамсаатандаа юу, бүү мэд хэлээд манийгаа чирсээр үүд рүү дөхөв. Тэрбээр ууттай мөнгийг надад бариулаад
-Үүнийг бариад яв. Илүү хөдөлгөөн хийгээд үзээрэй. Тархийг чинь зад буудна шүү гэж аймшигтай заналхийхэд хамсаатан нь
-Наадхаа тавьчихаач дээ гэж байна.
-Наад амаа татаад дуугүй л хэлснээр минь хий гээд цоожийг мултлан үүдийг нээлээ.
Одоо ёстой бөөн буудалцаан болно доо гэж бодон би амьдралтайгаа салах ёс хийгээд нүдээ тас анив. Гэвч буун дуу гарсангүй. Алуурчин миний хүзүүгээр тэвэрсэн чигээрээ урагш түлхсээр. Өрөөсөн нүдээ нээгээд харвал, ойр хавьд нэг ч цагдаа үзэгдсэнгүй төдийгүй бүр юу вэ, өнөөх цагдаагийн машин хөдлөөд явж байдаг байгаа.
-Өө, мөн гайхалтайяа гэж намайг өмөөрөөд байсан этгээд уянгалуулан дуугарахад би буу тулгуулснаа ч умартан
-Үгүй ээ, энэ арай дэндэж байна аа гэж уцаарлав.
-Ёстой дүнхүү амьтад юм даа гэж ууртай дээрэмчин намайг дэмжснээ гэнэт
-Аа... Хараал ид гэж. Тэд бас юу вэ дээ гэв.
Би учрыг ойлгох санаатай ийш тийш харж байтал хоёр дахь этгээд
-Өө... гахайнууд гэж уулга алдан ойролцоох нарийн гудамж руу ухасхийв.
Ууртай этгээд намайг чирсээр араас нь харайлгалаа. Би чирэгдэн гүйж байхдаа нүдээрээ ийш тийш гүйлгэн харж амжив. Зуу хүрэхгүй метр зайд камертай хоёр залуу бидний дүрсийг их л олзуурхан авч байх нь тэр.
-Энэ зурагтынхан хаанаас гараад ирдэг байна аа гэж нинжин сэтгэлт (намайг өмөөрдөг этгээдийг би тэгж нэрлэхээр шийдсэн) дээрэмчин ундууцан асуухад
-Цаг уурынхан байна аа гэж би өөрийн мэдэлгүй хариулав.
-Хэн гэнэ ээ гэж ууртай этгээд лавлав.
-Цаг агаарын мэдээ авч байна. Би нэвтрүүлэгчийг нь танилаа гэвэл
-Яахаараа ингэж давхцдаг юм бэ гэж нинжин сэтгэлт амьсгаадав.
Бид гурав гүйсээр хамгийн эхний гудамж руу эргэв. Гудамж эл хуль аж. Бид цааш гүйсээр байрны дундуур орж явчихав. Тэнд нэг орцны хажууд их л зовлон үзсэн байрын “Фольксваген” машиныг нинжин сэтгэлт түлхүүрдэн онгойлгоод жолооны ард суулаа. Ууртай этгээд арын хаалгыг нээгээд намайг түлхэхэд
-Намайг тавьчихаач дээ гэж би дээрэмчдээс гуйгаад үзлээ.
Нэгдүгээрт, тэдэнтэй цуг цааш аялах хүсэл надад огт байсангүй. Хоёрдугаарт, бидний араас хэн ч хөөгөөгүй байна шүү дээ.
-Наад охиноо явуулчихаач дээ. Яах гээд байгаа юм бэ гэж нинжин сэтгэлт гуйсан аясаар дуугартал ууртай дээрэмчин
-Дуугүй машинд суу гээд араас минь буугаар ёврон, түлхэхэд үгийг нь дагахаас өөр арга байсангүй.
Би огт мэдэхгүй гудамжинд нүд дүүрэн нулимстай, нусаа татан, яах ч учраа олохгүй зогсож байв. Зарим нь гайхсан, зарим нь өрөвдсөн янзтай хараад хажуугаар өнгөрөх аж. Трико урагдаад, өвдөг минь шалбарчихаж. Аргагүй шүү дээ, багтай этгээдүүд намайг машинаасаа бараг явуут дунд түлхээд унагчихсан юм чинь. Амьд гарсан минь яамай даа. Харин цүнх дээрэмчдийн машинд үлдэчихэж. Урагдаж хэрэггүй болсон тэрийг хог дээр хаясан ч болно. Гагцхүү хоёрхон хоногийн өмнө авсан бичиг баримт минь харамсалтай байна. Хаячихаад шинийг шинээр нөхөж авах гэж бөөн ажил, явал суудал болсон юмсан. Тиймээс энэ удаа би тэсэлгүй уйлж орхисон юм.
Гэтэл гэнэт толгойд минь нэг бодол орж ирлээ. “Дээрэмчдэд миний бичиг баримт ямар ч хэрэггүй шүү дээ. Баригдах юм бол гэмт хэргийг нь нотлох баримт л болно гэсэн үг. Багтай этгээдүүд уранхай цүнх, бичиг баримт хоёроос лавтайяа ангижирахыг хичээх биз” хэмээн бодсоор байрнуудын дундуур явж шалгахаар гэлдрэв. Байрнуудын дундуур явсаар Кировын гудамжны эхээр гараад ирэв. Гэтэл өнөөх зовлон үзсэн “Фольксваген” нэгэн аркны доор, байрны дундуур ордог нарийн замыг хаагаад зогсож байдаг байгаа. Азаар дотор нь хэн ч алга. Харин ард нь зогсох саарал өнгийн “Волга”-ны жолооч дуут дохиогоо хангинуулах нь чихэнд чийртэй. Хүнгүй машин өөрөө хөдлөөд холдчих биш, дэмий юм хийж байх юм.
Би машинд аажуухан ойртож очоод хаалгыг нь таттал онгойчихлоо.
-Наад муу сэгээ холдуулаач гэж нөгөө жолооч орилоход гэнэт миний дургүй хүрч
-Хуцаад бай гэж өөдөөс нь хэдэрлээд цүнхээ хайж гарав.
Арын машины жолооч зогсоо зайгүй дохиогоо орилуулсаар. Цүнх олдсонгүй. Тэр муу уранхай цүнхээр яадаг байна. Хэн ч атаархмааргүй хувь заяандаа гомдон сууж байтал жолооч уурлаж бухимдсандаа царай нь хүрлийж, хөлс нь бурзайчихсан арын хаалгыг нээснээ
-Янз үзээд байгаа уу, хаашаа юм гээд мөрнөөс зуураад авав.
Цааш ёстой ойлгомжгүй зүйл болов.
-Бүү хөдөл, гараа өргө гэх эрэгтэй хүний дуу ард сонсогдохтой зэрэгцээд “Фоскваген”-ийг буутай хүмүүс бүслээд авах нь тэр. “Волга”-ны жолоочийн царай зэвхийснээ аажуухан гараа өргөв. Бас дээрэм үү? Хэмхэрч унах гэж байгаа “Фольскваген”-ийг л дээрэмдэх гээгүй бол эндээс авах зүйл үнэхээр байхгүй. Эсвэл “Волга”-нд санаархсан юм болов уу. Ууртай жолоочийг барьж аван машины хамар дээр нүүрээр нь доош харуулж байгаад гарт нь гав зүүхийг хараад эдгээр хүн дээрэмчид бус цагдаагийхан болохыг би сая нэг ухаарав.
-Хоёр дахь нь яасан гэж нэг цагдаа надаас асуулаа.
-Мэдэхгүй гэж үнэнээ хэлэв.
-Та зүгээр үү. Таныг гэмтээгээгүй биз гэж шаргал үстэй өөр нэг цагдаа хажуунаас орон надад сэтгэл гаргах аж.
-Юу гэж зүгээр байх юм. Миний иргэний үнэмлэхийг аваад явчихаж гэж бухимдахад
-Үнэмлэх ч яамай байнаа гэж эхний цагдаа “даварсан хүүхэн бэ” гэсэн өнгөөр хэлэв.
-Юу гэсэн үг юм. Би үнэмлэхээ дөрөв дэх удаагаа алдаж байна. Иргэний бүртгэлийн газар надад одоо яасан ч шинийг олгохгүй. Галав юүлж л таны үнэмлэх үрэгдэхгүй бол бол та дахин шинийг авна гэж бүү найдаарай гэж хатуу сануулсан.
Миний үгийг цагдаа нар огт тоосон шинжгүй,
-Хоёр дахь дээрэмчин яасан бэ гэж өөдөөс шавдуулах аж.
-Хэн мэддэг юм! Би нэг дэхийг нь ч хаачсаныг хараагүй. Энд би үнэмлэхээ хайх гэж л ирсэн.
-Юу гэж байгаа юм. Тэгвэл энэ нөхөр хэн юм бэ?
-Наад ах чинь арын машины жолооч. “Фольскваген” зам хаачихсан байгаа биз дээ.
-Өө... Энэ тэгээд дээрэмчин биш юм уу гэж цагдаа нар бүгд харамссан аястай дор дороо дуу авалцав.
Ууртай жолоочийн хамт би цагдаагийн газарт гэрчийн хувьд мэдүүлэг өгч, мянган асуултад хариулсаар байтал бараг шөнө алдад гэртээ харьлаа. Замдаа шаргал үстэй мөрдөгчийн “Багтай учир царайг нь хараагүй юм байж. Харин дуу хоолой нь танил санагдаагүй юу. Ялангуяа таныг өмөөрдөг этгээдийн” гэсэн асуулт бодлоос минь салж өгөхгүй байв.
-Яав аа, юу болов гэсэн Ритагийн дуу намайг бодлоос минь салгав.
-Яагаа ч үгүй
-Хоол идэх үү?
-Үгүй ээ.
-За за. Дараа нь битгий хоол байхгүй юм уу гээд...
-Кузин байна шүү дээ гэж би гэнэт дуу алдан буйдангаас огло харайн бостол Рита цочсондоо ухран
-Юу вэ гээд зүрхээ дарав.
Би тэр дороо биеэ барьж, тайвшраад
-Юу ч биш ээ... Толгой өвдөөд байна. Явж унтийдаа гээд өрөө рүүгээ явлаа.
Кузин, Кузин. Чи байна шүү дээ. Юу гээч болох нь энэ вэ. Кузин бол манай арван жилийн ангийн хөвгүүн. Бид хоёр нэг ширээний ард арван жил суусан сурагчид. Кузин бас над шиг азгүй нэгэн. Тэр үндсэн дээр бид нөхөрлөсөн гэх үү дээ. Кузиний зүгээс надад хайр дурлалаа илэрхийлсэн ч, би зөвшөөрөөгүй. Хоёр азгүй хүн арай дэндэнэ биз дээ. Үүний хажуугаар би түүнийг царай муутайд тооцдог байлаа. Кузя (сургуульд бүгд түүнийг ингэж дууддаг байсан) арван жилээ төгсөөд техникумд орсон боловч удалгүй хөөгдсөн юм. Муу дээр муухай, муухай дээр улцан гэдэг дээ. Кузя бас их ааш муутай хүүхэд байлаа. Багш нарын урдаас дандаа хэдэрлэх тул түүнийг хулиган хүүхдийн тоонд оруулдаг байв. Харин одоо хулиган биш, бүр дүүрсэн гэмт хэрэгтэн болж л дээ.
Би Кузятай арван жилд байхдаа авахуулсан зургаа хэсэг харж сууснаа санаа алдан цагдаад мэдэгдэхээр шийдэв. Нэгэнт түүнийг таньсан болохоор одоо яалтай билээ. Гар минь харилцуурыг хэдийн атгасан боловч залгаж нэг л зүрхэлсэнгүй. Арван жил нэг ширээний ард суусан нөхрөө... Хэрэв би андуурсан бол яах вэ. Адилхан дуу хоолотой хүн байж болно шүү дээ. Ямар ч байсан эхлээд ангийн хөвгүүнтэй уулзсан нь дээр гэж бодлоо. Хэрэв Кузя мөн бол хамгийн түрүүнд иргэний үнэмлэхээ олж авъя.
Кузя нүүгээд явчихаагүй бол би гэрийнх нь хаягийг мэднэ. Гэхдээ тэднийх хотын бараг нөгөө захад байдаг. Миний машин засварт байгаа учир нэг бол таксигаар үгүй бол нийтийн тээврээр явах нь ээ. Мөнгөгүй болохоор таксигаар явна гэдэг худлаа. Кузягийн байр тролейбусны зогсоолоос овоохон зайтай. Энэ орой болсон хойно ганцаараа явна гэдэг над шиг хүнд өөрөө өөртөө гай дуудахын нэмэр. Ритагаас мөнгө зээлдэг юм бил үү. Тэр үглээд л унана даа. Санасандаа хүрэх боломж багасах тусам миний хүсэл улам нэмэгдэх нь хачирхалтай.
Рита гал тогооны өрөөнд сав суулга тачигнуулах нь хоол хийж буй бололтой.
-Юм идмээр байна гэж хэлэхэд.
-Одоохон гэж тэрбээр хариулав.
Ширээний ард зурагт үзээд сууж байсан Сева над руу зэвүүнээр хараад
-Өөрөө хийгээд идчихэж чаддаггүй юм уу гэхэд нь миний дургүй хүрээд
-Чи яахаараа миний гэрт амьдарч байж намайг загнаад байдаг билээ гэв.
-Тэгж ярих юм бол хэмээн Сева эхэлтэл Рита хувин саваа чанга тачигнуулснаа
-Битгий л эхэлж үзээрэй. Би нэг орой ч болов хэрүүлгүй тайван баймаар байна шүү гэж дундуур орлоо.
Сева бол Ритагийн амраг. Харин Рита бол миний аавын амраг.
Үргэлжлэл бий...