Монголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авьяаслаг уран бүтээлчид бол МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар юм. Тэд хослон дуулаад хэдийнээ хоёр жилийг үдсэн бөгөөд 2 удаагийн тайлан тоглолтоо Монголын ард түмэнд сонирхуулж байжээ. Тэгвэл тэдний гурав дахь удаагийн бие даасан тоглолт болох “Хайрын тэнгэр диваажин” тоглолт энэ сарын 23-ны өдөр болох юм. Тоглолтынхоо үеэр тэд нэгэн азтай үзэгчийг шалгаруулан “Алтан сан” цогцолбор хороололд 45м2 талбайтай 2 өрөө байрны 30 хувийн урьдчилгаатай тэнцэх 25 сая 801 мянга 440 төгрөгийн эрхийн бичгийг гардуулах аж.
Л.Сөрөлтийн хэлж буйгаар “Энэхүү тоглолтыг бид ашгийн төлөө бус бидний дуунд дуртай Монголынхоо ард түмэнд зориулж байгаа юм. Азтан шалгаруулах үйл явцаа тодруулбал, тасалбарын арын суудал, огноог бичсэн хэсгийг шилэн хоргонд үлдээж, тоглолтын үеэр үзэгчдийн дундаас нэг хүнийг сонгон авч сугалуулна. Сугалсан билетийн эзэн азтан болох юм. Харин тухайн азтан байрны зээлд хамрагдах боломжгүй бол хамтран зээлдэгч болох хүнийхээ бичиг баримттай цуг ирж шагналаа авах боломжийг бүрдүүлж байгаа юм” гэлээ.