Найруулагч хамгийн чадварлаг жүжигчнийг “дайсан” болгодог гэсэн үг бий. Манай Ардын жүжигчин Дамчаа гуай шиг ихэвчлэн эсрэг дүр, эсвэл муу залуугийн дүрд томилогдон, түүнийгээ дэндүү гаргууд, бүр нийгэмд адлагдталаа бүтээдэг нэг нөхөр алс Америкт бий. Тэр бол Жон Малкович. “Оскар”- ын шагналыг хоёронтоо хүртсэн тэрбээр жүжиглэх урлагийн мастер төдийгүй чадварлаг найруулагч, авьяаслаг продюсер гэж байгаа. Өдгөө 63 настай ч Холливудын хатуу ертөнцөд эрэлттэй хэвээр түүнийг “Esquire” онцолсныг товчлон хүргэе.
- Жүжигчин болох сонголт хийсэн минь үнэхээр зөв байсан гэж би одоо ч бүрэн итгэлтэй хэлж чадахгүй. Уг нь надад олон боломж байсан юм. Жишээ нь, би залуудаа сургуулийн автобусны жолооч, нарийн боов, амттаны худалдагч байлаа. Бас зураач явсан үе ч бий. Дараа нь бичиг хэргийн дэлгүүрт ажилласан. Тэгээд тариалангийн талбайн хогийн ургамлыг түүж, цэвэрлэдэг байлаа. Одоо цагаас энэ бүхнийг эргэн бодохдоо би хааяа хэрэв жүжигчин болоогүй бол амьдрал минь ямар дүр төрхтэй байхыг төсөөлдөг юм. Гэхдээ нэг зүйлийг итгэлтэй мэдэж байна. Юу гэхээр, өөр хүмүүсийн дүрд хувирч амьдарсныхаа төлөө би чамлахааргүй, үгүй ээ, бүр дээд зэргийн хөлс авдаг.
- Жүжигчин байж мөнгө олж чаддаггүй хүн нэг бол уучилж боломгүй усан тэнэг, эс бөгөөс ёстой эмгэнэлтэй гэмээр азгүй амьтан гэж баттай хэлнэ.
- Дэлгэцийн урлагт хөл тавьж, кинонд тоглохоор шийдсэн хүмүүсийн олонх нь нэг бол өдөр бүр театрт ажиллахаас залхсан, эсвэл халаасаа зузаатгахыг хүссэн, үгүй гэвэл алдар нэр горилогсод л байдаг юм.
- Агуу, гайхалтай амжилт гэдэг нь тухайн цагт нь хэн ч анзаараагүй тийм л зүйл байдаг.
- Таны хийж байгаа бүхэн хэн нэгний төлөө байх ёстой. Тийм биш, бүр тодорхой хэлбэл, хүний төлөө биш бол огт хийгээгүй нь дээр.
- Бид юу хийх нь тийм чухал биш юм. Хүн юу хийж, ямар ажил эрхэлдэг нь хамаагүй, хамгийн чухал нь чин сэтгэлээсээ хандаж, түүнийгээ хангалттай сайн гүйцэтгэх хэрэгтэй гэсэн үг л дээ.
- Яг үнэнийг хэлбэл, тайзан дээр байх нь надад анхнаасаа л тун амар, тухтай байсан, яг л гэртээ байгаа мэт.
- Кино бол зохиомол ертөнц. Үйл явдал, юмс үзэгдэл, хүмүүс нь гээд бүгд зохиомол зүйл. Ингэж бодож, эргэцүүлэх юм бол та жүжигчний мэргэжил ямар утгагүй, хэрэггүй болохыг мэдэх болно. Тэгээд ийм зүйлээр дэлхийг яаж өөрчлөх юм бэ гэж асуух нь гарцаагүй. Гэхдээ тайвширсан хойноо тэр зохиомол зүйл олон юм хэлж өгдгийг эргэцүүлнэ.
- Зарим найруулагч надаас хүссэнээ шууд л нэхдэг. Зарим нь эсрэгээрээ чамайг зураг авах талбай дээр хүзүүгээ “хугалах” хүртэл чимээгүй хүлээж байдаг юм. Чиний даатгалаас хүртэнэ шүү дээ, тэд.
- Найруулагч ажлынхаа туршлагын хэрээр мэдлэг хуримтлуулж, мэдээлэл цуглуулдаг юм. Өөр хоорондоо ерөнхийдөө адилхан кинонуудын цаад шалтгаан нь энэ. Миний тоглосон олон кино тийм шүү.
- Би хийж буй зүйлийнхээ талаар маш их ярьж, тайлбарладаг хандлагатай хүн байгаа юм. Биеэ үнэлэгчид ч гэсэн гэртээ хоноогүй шалтгаанаа элдэв янзаар тайлбарладаг даа, инээдтэй байна уу.
- Миний найз нарын олонх нь эмэгтэй. Гэтэл эрчүүд тиймгүй шүү. Эмэгтэй хүний сэтгэл, оюуны хат нь намайг гайхашруулдаг. Тэд хэзээд хамгийн сайн сонсогч байж чаддаг. Бас тэд нөхцөл байдлыг хүндээр тусгаж авдаггүй гайхалтай чадвартай.
- Чамаас хавьгүй дэгжин эрийг олон сайхан хүүхэнтэй газарт дагуулж очих хэрэггүй шүү.
- Сайхан хувцаслах хүсэл минь бүр бага байхад бадарсан гэж боддог. Би нэлээд махлаг хүү байсан. Гэхдээ бэйсбол, хөлбөмбөг дажгүй тоглочихно. Аав минь “Чи талбай дээр сайн тоглогч байхаас илүүтэй сайхан харагдах нь надад таалагддаг” гэдэг байж билээ. Энэ үг үнэн шүү.
- Яг үнэндээ би спорт танхимаас хол байхыг хүсдэг. Элдэв хүчний дасгал, төмрүүд нь намайг айлгадаг юм. Гэхдээ саяхнаас аргагүйн эрхэнд дасгал хийх болсон.
- Маш сахилга баттай байж чадна л даа. Гэхдээ сахилга бат гэдэг чинь тэнэглэлийн нэг хэлбэр.
- Би тамхи татдаггүй хэрнээ архаг тамхичин байсаар ирсэн.
- Хүүхэдтэй болохоосоо өмнөх амьдралаа би бараг санадаггүй юм. Дурсамжтай сайхан үе байсан нь лав. Гэхдээ тэр бүхэн минийх гэхэд итгэхгүй.
- Би сүүлийн хэдэн жилд нэг ч удаа зодоон цохион хийгээгүй юм байна шүү.
- Өөрийн ухаанаа алдаж, биеэс оюун санаа минь үнэхээр гарах бол тэр нь зураг авах талбай л байх болов уу.
- Нэг удаа Францад явж байтал машины минь өмнө гэнэт ачааны том тэрэг хөндөлсөж зогсоод, жолооч нь үсэрч бууж ирээд, намайг хамаг хүчээрээ нульж орхидог байгаа. Тэр нөхөр яах ийхийн зуурт, маш шаламгай хөдөлсөн болохоор би юу ч таамаглаж амжилгүй, нударгынх нь амтыг мэдэрсэн. Тэгснээ нөгөөх чинь юу ч хэлэлгүй машиндаа суугаад, хөдөлчихлөө. Би араас нь хөөж гүйцээд цонх руу нь авирч, жолоог нь булаацалдангаа “Чи сонсож бай, соёлт нийгэмд ачааны машинаар хөөцөлдөж тоглохыг хүсэж байгаа бол эхлээд ухаан чинь хэвийн байгаа, эсэхийг шалгуул” гэж хашгирахад “Уучлаарай” гэдэг байгаа. Тэгэхээр нь би “Хэрэв дараа таарвал жаахан цэвэрхэн үзэлцээрэй. Үгүй бол муу л юм болно шүү” гэчихээд машиндаа суугаад давхиж байтал нөгөөх чинь дахиад л гарч ирээд огцом тоормослолоо. Энэ удаа харин гарын үсгийг минь авахаа мартсан бололтой юм.
- Би Европт 12 жил амьдрахдаа ажигласан зүйл гэвэл тэд үргэлж Америкийг өөрийн өв соёлгүй улс гэж шүүмжилдэг.
- Бүхнийг мэдэмхийрэн чалчдаг хүмүүс намайг айлгадаг.
- Хянаж чадахгүй зүйлийнхээ төлөө санаа зовох хэрэггүй гэдгийг би нэлээд эрт мэддэг болсон. Тийм зүйлд сурсан гэх үү дээ. Онгоц нэгэнт унаж байхад сандарч, санаа зовоод яах юм бэ. Чи ямар хөлгийн ахмад биш, тийм үү, үгүй юү?
- Бүтээсэн дүрүүдтэйгээ адилхан уу гэж үү. Тэр галзуу эрчүүдтэй би огт адилгүй.
- Унших шиг сайхан зүйл байхгүй. Ном бол баяр жаргал, урам зоригийн ундарга. Театр, киноноос ч чухал.
- Би өнөр гэр бүлд өссөн. Манайх үймээн шуугиангүй өнжинө гэж ёстой байхгүй дээ. Гэрийн “дэг журам” шахуу зүйл, үймээн бол. Би харин тэр зүйлээс гадуур амьтан, хүүхэлдэй, төмөр цэргээрээ л тоглож, мөрөө хөөнө. Бас номонд их хорхойтой хүүхэд байлаа.
- Ээж минь багаасаа л их сониуч байсан гэдэг. Миний төрсөн газар Иллинойсын Бентон хотын нэгэн сонин манай эхийн удмынхных юм. Тиймээс тэрбээр их боловсролтой, үргэлж шинэ номнуудын тухай ярьж өгдөг, бас их дур булаам, хар үстэй эмэгтэй байлаа. Аав маань хорват удамтай. Байгаль орчны төлөө их зүйл хийсэн, экологийн сэдвээр сэтгүүл эрхлэн гаргадаг, их хээнцэр, донжтой хувцасладаг эр байсан юм.
- Жүжигчин хүнд зохисон дүр гэж байх ёсгүй. Хүмүүс “Танд тэр дүр их зохисон, яг таарсан” гэж ярьдаг. Энэ бол жинхэнэ дутагдал. Хэрэв чи “Надад тийм л дүр зохидог” гэж ярьдаг бол жүжигчин болох яагаа ч үгүй байна.
- Би нэг удаа гэрлэж үзсэн хүн шүү дээ. Тэгэхээр дахин тийм зүйлтэй тулахад хараахан бэлэн биш байна. Гэрлэхийн мөн чанар юу юм бэ. Цаас уу? Хүнд хэцүү нөхцөл, зовлонгийн дунд тэрний хэрэг байдаг юм уу. Тамга дарсан тэр цаастай, цаасгүй би үр хүүхдүүд, хайртай хүнтэйгээ хамт байж чадна. Хайрладаг эмэгтэй минь ч тэр цаасгүй бол намайг орхиод гүйхгүйг би мэднэ.
- Шүтэн бишрэгчид дунд аймаар хүн ч байдаг. Англид намайг мөрддөг “бишрэгч” байлаа. Хаа ч явсан “наалдаастай”. Мөрөөрөө дагахгүй, үргэлж мөнгө нэхнэ. Миний зургийг авсныхаа төлөөсөнд мөнгө нэхээд байгаа юм уу, хаашаа юм.