Уран бүтээлчээс нарийн мэдрэмж, эв дүй, өндөр ур чадвар шаарддаг дүрслэх урлагийн төрөл бол хайчилбар. Энэ чиглэлээр дагнан уран бүтээл туурвидаг хүн цөөн байдгийн учир нь босго өндөртэй нь ч холбоотой байж мэднэ. Цаасан бар буюу хайчилбарын урлагийг ааваасаа өвлөж, хүүхэд ахуй наснаасаа цаас, хайчтай нөхөрлөсөн уран бүтээлч С.Төрбурамыг “Дэлхийн монголчууд” буландаа онцоллоо.
Монголын дүрслэх урлагийн түүхэнд номын чимэг зургийг уран хайчилбараар “амилуулах” эхлэлийг тавьсан хэмээн үнэлэгддэг Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Сандагдорж агсан түүний аав юм. Тэрбээр аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн, “Монголын нууц товчоо” номын чимэг зураг бүтээх уралдаанд түрүүлж, “Эзэнт гүрний туульс” хэмээх түүхэн зохиолын үйл явдлыг цаасан бараар урласан аж. Өдгөө АНУ-ын Калифорни мужид амьдарч буй түүнтэй цахим шуудангаар ярилцлаа.
-АНУ-д анх хөл тавьсан түүхээсээ хуваалцаач. Юу таныг харь орон руу хөтлөв?
-Хүн хувь тавилангийн зургаар зовж, жаргаж амьдралыг туулдаг гэж боддог. Би ч хувь тавилангийнхаа төөргөөр энд ирсэн байх. Уран бүтээлч хүний хувьд харь орны урлаг, соёлын зах зээл сонирхож, танилцах юм сан гэсэн хүсэл байлгүй яах вэ. Миний амьдралд алдаж, оносон зүйл бишгүй бий. Би эх орондоо хайртай жирийн л нэг иргэн. Хэдий би урлагийн хүн ч олонд танигдах гэж хичээж байсангүй. Хийх ёстой зүйлээ хийж бусдын адил хөдөлмөрлөж явсан.
Одоо ч тэгж амьдарч байна. Аав маань бурхан болсон нь намайг Монголд баригдаж суух хүлээснээс тавьсан байж ч мэднэ. Заримдаа “Эх орондоо байхад бүтээн туурвих урам, онгод минь одоогийнхоос илүү байжээ” гэж боддог.
-”Монголд урлагийг үнэлэх үнэлэмж муу, хүлээж авах, ойлгох хүн ч алга” гэж гомдоллох уран бүтээлчтэй цөөнгүй таарч байсан. Магадгүй энэ шалтгааны улмаас олон уран бүтээлч харийн орныг зорьдог юм шиг санагддаг.
-Тэгж өрөөсгөл ойлгож болохгүй байх. Үүнээс өөр хүчин зүйлс ч нөлөөлсөн байж болно шүү дээ. Бухимдаад байгаа хүмүүст “Гомдоллохын оронд гайхалтай сайхан бүтээл хийчих л дээ” гэж хэлмээр байна. Надад ийм дэмий зүйл бодох, зарцуулах цаг ч байгаагүй. Уран бүтээлчийн хөдөлмөр жирийн ажилчныхаас их өөр. Хар ажилчин шиг хөлсөө дуслуулан зүтгэхийг хэлдэггүй. Бидний оюун санаанд ургаж боловсорсон “үр” гялалзаж байх ёстой. Өөрөөр хэлбэл, уран бүтээлч хүн оюун бодол, зүрх сэтгэлдээ хөдөлмөрлөдөг.
Үнэнийг хэлэхэд Монголын урлаг Зөвлөлтийн нөлөөн дор хөгжиж өдий хүрсэн юм. Тэгээд эцэстээ арилжааны шинжтэй болоод, зогсонги байдалд орчихлоо. Би ахмад, дунд үеийн уран бүтээлчдийг үгүйсгэсэнгүй. Тэдний дунд авьяас, чадалтай уран бүтээлч олон бий. Тухайн үедээ үнэлэгдэж, сайшаагдаагүй ч уран бүтээлээ туурвиж, хөдөлмөрлөсөөр хорвоог орхисон нь ч олон. Өнөөгийн залуусын хамгийн том дутагдал нь бусдын санаа, бүтээлийг хуулдаг хандлага. Ямар нэгэн зүйл дуурайж, хуулах нь сургалтын арга барилд үр дүнтэй байж болох ч, уран бүтээлч хүний хувьд мөхөл юм.
-Таны амьдарч буй оронд урлаг ямар түвшинд хөгжиж байна вэ?
-Энд бүх урлаг өөрийн хэм хэмжээнд хөгжиж, тогтсон байр сууриа олсон ч хэтэрхий хаалттай, хуучинсаг юм шиг санагддаг. Нэг давуу тал нь уран бүтээлч, тойрон хүрээлэгч буюу үзэгч, урлагийн зах зээл, судлал шүүмж бүгд нэгэн цогц болон оршин тогтнодог. Өөрөөр хэлбэл, аль нэгийг нь орхигдуулдаггүй. Оросын зураач Марк Шагал “Америкийн урлагт цуурай байхгүй” гэж хэлсэн нь үнэний ортой. Энэ нь үхмэл гэсэн утгатай.
Урлагийн зах зээлд худалдаачид ноёрхож, хөгжлийг нь хойш чангаасаар ирсэн. Өнөөдөр ч тэр хэвээрээ. Худалдаачид хэзээ ч бүтээлчдийг боддоггүй юм. Харин тэдний уран бүтээлийг хэрхэн үнэд хүргэх, түүнийг яаж зарах вэ гэдэгт анхаардаг.
-АНУ-д очсоноос хойш С.Төрбурам гэдэг хувь хүний амьдрал, уран бүтээл хэр өөрчлөгдсөн бол?
-Калифорни мужид ирээд 12 жил болжээ. Энэ хугацаанд миний амьдралд олон зүйл өөрчлөгдсөн. Тэр бүгдийг ярих хэрэггүй болов уу. Мэдээж хамгийн их мэдрэгдсэн өөрчлөлт бол уран бүтээлийн арга ажиллагаа. Хийж байгаа зүйлийнхээ учир начрыг бүрэн ойлгож, илэрхийлдэг болсон болов уу гэж бодож байна. Санаагаа бүрэн, боловсронгуй илэрхийлдэг болсон гэсэн үг.
-Дүрслэх урлаг тэр дундааа хайчилбарыг гадаадынхан хэрхэн хүлээж авч байна вэ. Заалгах, шавь орох хүсэлтэй хүмүүс танд ханддаг уу?
-Америкт хайчилбар төдийлөн сайн хөгжөөгүй. Гар урлалаас хэтрэхгүй хэмжээнд байна. Учир нь, энд хайчилбарын талаарх мэдлэг, мэдээлэл хомс. Энэ чиглэлээр дагнадаг уран бүтээлч цөөхөн бий.
Хэн нэгэнд зааж сургахыг хүсэлгүй яах вэ. Гарын шавьтай болох юм сан гэж боддог ч заалгая, тууштай суръя гэсэн хүн одоохондоо ирээгүй л байна. Урлагийн хүнд “Зөвхөн би” гэсэн ялзарсан үзэл зохихгүй. Ур чадвараа хөгжүүлж, туршлага солилцон, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах нь чухал. Би энд ирснээсээ хойш 10 гаруй удаа үзэсгэлэн дэлгэж, Соёл, урлагийн төв, их, дээд сургуулиудад хайчилбарын тухай лекц уншсан.
-Та Занабазрын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс зохион байгуулж буй “Урлагийг ойлгох нь” цуврал лекцэнд хайчилбарын тухай илтгэл тавих ёстой байсан ч ирсэнгүй. Та ер нь хэзээ Монголд ирэх вэ?
-Алдаж боломгүй сайхан боломж, хүндтэй үүрэг оногдсон ч ашиглаж чадсангүй. Харамсалтай л байна. Гэхдээ дахиж ийм боломж олдоно гэж найдаж байгаа. Төдийд очно гэж тодорхой төлөвлөсөн зүйл одоогоор байхгүй.
-Таны аавыг цаасан барыг урлагийн бүтээл талаас нь монголчуудад нээн өгч, дүрслэх урлагийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан хүн гэдэг. Судалж үзэх нь ээ олон номын чимэг зураг бүтээсэн юм билээ. Таныг энэ урлагт дурлахад аав тань нөлөөлсөн байх. Аавынхаа зан чанар, ур чадвараас юуг нь өвлөсөн бэ?
-Миний аав Монголын соёл, урлагт өөрийн гэсэн орон зай, өнгө будаг, уур амьсгалыг бий болгохын төлөө бүхий л амьдралаа зориулсан хүн. Би аавыгаа хийж бүтээсэн зүйлээрээ л олон түмэнд танигдсан гэж боддог. Аавынхаа тухай яривал мэдээж олон сайхан дурсамж сөхөх байх. Тэр бүхнийг ярихад их цаг шаардагдана. Аавынхаа гярхай, шударга, хөдөлмөрч, дайчин шинж чанарыг өвлөсөн.
Их төрийн сүлд
-Хайчилбар хийхэд хүнээс ямар ур чадвар шаарддаг, юуг анхаарах ёстой вэ. Ер нь энэ урлагийг ямар орон сайн хөгжүүлсэн байдаг бол?
-Анх олсон санаагаа тэр хэвээр нь буулгахын тулд бодолдоо амьдруулсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, бүтээлээ хийж дуусталаа анхны санаагаа марталгүй санаж байх нь чухал. Мөн бүтээл хийх явцад төрсөн шинэ санаа, сэдлээ нэмж боловсруулах бүтээлч сэтгэлгээ шаарддаг. Хайчилбар хийдэг хүн уран барималч, яруу найрагчийн адил нарийн мэдрэмжтэй байх ёстой. Ер нь зөвхөн хайчилбар хийдэг хүн бус, урлагийнхан бүгд л арга барилаа олж, өөрийгөө таньж нээхийг хүсэж, зорьдог шүү дээ. Өөрийгөө олж чадсан хүний бүтээл ямагт ялгардаг.
Миний бодлоор хайчилбар сонирхдог, хийдэг залуус сүүлийн үед олширч байгаа юм шиг санагддаг. Чадварлаг залуус бий ч мэдлэг, чадвар дутуу хэсэг ч байна. Тэд ач холбогдол, үр нөлөө бага, чанаргүй бүтээл үйлдвэрлэж, урлагт хор учруулдаг. Мэргэжлийн байгууллагууд энэ асуудалд дорвитой анхаарч, зөв голдиролд нь оруулах сургалт, зөвлөгөөн зохион байгуулдаггүйгээс гудамжны зураачид мэргэжлийнхэнд саад болж байна.
Мэргэжлийнхэн нь ч тэдний нөлөөнд автаж, маруухан, чанаргүй бүтээл хийдэг болжээ. Миний бодлоор Швейцарьт хайчилбарын урлаг нэлээд өндөр түвшинд хөгжиж байх шиг санагддаг. Чадвартай, сайн уран бүтээлчид тэнд олон бий.
-Уран бүтээлч хүн цаг үргэлж өөрийгөө хөгжүүлж, цэнэглэх нь сайн бүтээл төрөх үндэс гэж боддог. Та үүнтэй санал нийлэх үү. Тийм бол та өөрийгөө хэрхэн хөгжүүлж, хөглөдөг вэ?
-Мэдэхгүй юм. Уран бүтээлч хүн үзэгчдэд зориулж бус, юу мэдэрч, хүсэж байгаагаа илэрхийлэх нь зүйтэй гэж боддог. Бид хүмүүсийн зүрх сэтгэлийн галыг бадраагчид байх ёстой. Хуучин санаагаа баяжуулах, бодох үе байдаг ч бүтээлээ хийхдээ ямагт шинийг илэрхийлэхийг хичээдэг.
-Номын чимэг зураг бүтээлгэх санал ирж байна уу. Түүхэн бус, орчин үеийн адал явдалт зохиол, анимэ, комикс номын чимэг зураг бүтээхэд өөрийгөө сорих бодол бий юү?
-Би өөрийгөө түүхийн зураач гэж боддог. Түүхтэй холбоотой нэлээд олон номын чимэг зураг хийжээ. Багаасаа түүх, уран зохиолын номонд шимтдэг байсан болохоор тэр байх. Энэ сонирхол минь намайг түүхийн үнэнийг олж мэдэх хүслийн далайд замчилсан болов уу. “Эзэнт гүрний туульс”, “Монголын нууц товчоо” зэрэг түүхэн бүтээлийн чимэг зургийг хийсэндээ олзуурхдаг.
Монголд байхдаа би жүжгийн зураачаар хэсэг ажилласан. Театрын зураачийн ажил амаргүй юм билээ. Өөрийгөө шинэ зүйлд сорьж үзэх хүсэл уран бүтээлч хүн бүрт байдаг. Би ч тэдэнтэй адил. Мэдээж боломж олдвол шүү дээ.
-Саяхан сэтгүүлч Ц.Галбадрах “Цаасан хөрөг” нэртэй хайчилбараас бүтсэн хөргийн ном гаргасан. Их сонин юм билээ. Танд ном бүтээх бодол бий юү?
-Хийсэн зүйлсээ эмхэлж, нийлүүлээд ном гаргах бодол бий. Даанч залхуу хойргоосоо болоод зарим чухал зүйлээ хойш тавьсан байх юм.
-Та өнгөрсөн онд Берклейд үзэсгэлэнгээ дэлгэсэн. Тэр үеэр нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа “Эдгээр ажлуудаа үзэгчдэд хүргэсний дараа арай өөр чиг хандлага, арга ажиллагаа шаардсан бүтээлд хүч үзнэ” гэсэн байна лээ. Тэр нь юу вэ?
-Сэтгэлгээний чиг хандлагаа тодорхойлоход бүтээлч хүн амьдралынхаа дийлэнх цагийг авсан байдаг. Амьдралын энэ хэв шинжээсээ болоод мухардалд орох, бүр ухрах үе ч бий. Би хүүхэд байхдаа ямар нэг зүйлийг хожиж, ялахын төлөө тэмүүлдэг, ялж л байвал боллоо гэж боддог байсан. Шинэ санааны хойноос ухаан алдах шахам хөөцөлдөж, амьдралын эгэл зүйлсийг ер анзаардаггүй байж. Бодоод байх нь ээ хүн гэдэг амьтан өчүүхэн зүйлээс амьдралын сайхныг мэдэрдэг юм байна.
Би хийсэн зүйлдээ санаа тавьдаггүй, харин хийгээгүй байгаадаа л анхаардаг. Хүний арга барил тийм ч амар өөрчлөгдөж, хувирдаг зүйл биш. Аажмаар сэтгэлгээний орон зайд уусан, нэвчдэг. Хэрхэн өөрчлөгдөж, хувирахыг цаг хугацаа л харуулах байх даа. Би бүтээлийнхээ арга ажиллагаанд санаа зовох бус, утга санаа, сэтгэлгээний эрх чөлөөг илэрхийлэх дүр дүрслэлийн эрэлд хатдаг болсон.
Сэтгэлгээний ертөнц маш өндөр түвшинд хүрсэн газар бол Америкийн кино урлаг байж болох юм. Сүүлийн үед Монголынхоо улс төр, амьдрал ахуй, нийгмийн хоцрогдлыг ажих тусам элэг эмтрэх юм. Тиймээс л монголын урлаг ямар нэгэн зүйлээр дутаж, түүнийг илэрхийлж чадах уран бүтээлчийг хүлээж байгаа гэж боддог.
-Та нүүр номондоо “Урлагийн хүн хийж байгаа зүйлээрээ бусдад танигдаж, үнэлэгдэж, хүрдгээрээ давуу талтай” гэж бичжээ. Тэгвэл эсрэгээрээ урлагийн хүний сул тал юу вэ.
-Урлагт хэн байхаас илүүтэй юу хийсэн бэ гэдэг нь чухал. Энэ хууль аль ч цаг үед үйлчилсээр ирсэн. Тухайлбал, зарим бүтээлч энэ ертөнцөд байхгүй атал бүтээл нь хүмүүсийн нүд, сэтгэлийг баясгасаар байна. Урлагийн бүтээлийг цаг хугацаа шүүж, үнэд хүргэдгийн жишээ энэ юм. Уран бүтээлч хүн өөрөөсөө ч урт настай бүтээл туурвиж, мөнхөд дурсагдах эрхтэйгээрээ бусдаас азтай мэт. Би ямар нэгэн зүйлд ач холбогдол өгч, сэтгэлээсээ хийж байхдаа онгодын нөлөөнд автдаг болоод ч тэр үү, заримдаа ертөнцөөс ангид байгаа мэт санагддаг.
Магадгүй тэр үед л сонин, содон бүтээл төрөх нөхцөл бүрддэг байж болох юм. Бүтээлч хүн цаг үргэлж эрэл хайгуул хийдэг учир бүтээл бүр нь өөр мэдрэмж, амт, илэрхийллийг хүртэгчдэд өгдөг. Тиймээс өөрийгөө эвдэхийг хичээдэг. Сэдэв, өнгө, дүрсээ ч өөрчилдөг. Гэхдээ хүний араншинг өөрчлөх амаргүй учир бүтээл нь зэнийхээ тухай ямар нэг зүйлийг заавал өгүүлж байдаг.