Соёл, урлагийн их сургуулийн Театр урлагийн сургуульд 2001-2005 онд суралцаж, төгссөн ангийнхныг энэ удаа “Манай ангийнхан” буландаа урилаа. 2001 онд тус сургуулийн захиргаа анх удаа хөгжимт драмын ангид оюутан элсүүлэх шийдвэр гаргаснаар тус ангийнхныг шалгаруулан авсан аж. СУИС төгссөн ч мэргэжлээрээ ажилладаггүй хүн олон. Урлагийн мэргэжил эзэмшсэн ч “боловсон үзэгч” болж төгсдөг нь харамсалтай. Нээрээ л ажаад байхад СУИС-ийн өмнөх төгсөлтийнхний нэг ангиас тав, зургаа нь мэргэжлээрээ ажиллаж байгаа харагддаг.
Харин эднийх 19-үүлээ сургуулиа төгсөж, одоо 17 нь мэргэжлээрээ ажиллаж байна. Алтан үеийнхний үргэлжлэл, дунд үеийн түүчээ болж яваа УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, “A-capella” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, Д.Мөнх-Од, Д.Төмөрчөдөр, Б.Одбаяр, “Хувьсал” продакшны жүжигчин Н.Цэнгэлжаргал, “Найзууд” театрын захирал, жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр, түүний гэргий, жүжигчин Б.Уянга, “Бондоолой” фильмийн найруулагч, зураглаач Ц.Золжаргал, загвар өмсөгч, жүжигчин Д.Пүрэвсүрэн, Ц.Энхтайван, Ш.Пүрэвсүрэн, Г.Бандицэрэн гэх мэтчилэн чадварлаг уран бүтээлч энэ ангиас төрсөн юм.
ДӨРВӨН МЭРГЭЖИЛ, НЭГ ДИПЛОМ
Хөгжимт драмын ангид тооцогддог болохоор эдний ангийнхан бусад үеийнхнээсээ илүү хүнд шалгалт өгч, элсчээ. Дуулах, бүжиглэх, жүжиглэх, хөгжимдөх гээд бүхий л авьяасаа сорьж байж энэ ангид тэнцсэн байна. Тэр ч бүү хэл тэдний нуруу туруу, хөл гарыг ч шалгасан гэнэ шүү. Ингэж л СУИС-ийн босгыг 32-уулаа давжээ.
Анги дааж төгсгөсөн ачтан нь Б.Ганхүү. “Ангийн багш маань хал нь гаднаа, хайр нь дотроо байсан шүү. Биднийг их өмөөрнө. Энэ ангийг авах санаачилгыг У.Уртнасан багш гаргасан юм билээ. Жүжигчин хүн дуулдаг, бүжиглэдэг, хөгжимддөг, бүх зүйлийг хийж чаддаг байх ёстой гэж үзсэн байх. Ингээд М.Энхбаяр багшийг урьж, анхны элсэлтээ авсан нь бид байсан” гэж ярьцгаалаа.
Эдний ангийнхан сургууль дээрээ нэг ч удаа хэл ам таталж үзээгүй аж. Харин ангийн хөвгүүд гуравдугаар курстээ сахилгагүйтэж, багш нарын хурлаар оржээ. Бүгд сандарсан гэж жигтэйхэн. Гэтэл ангийн багш нь хурлын дараа “Пөөх, манай ангид чинь хөвгүүд байдаг л юм байна” гээд инээсэн гэнэ. Хөвгүүд нь энэ явдлыг хөгжилтэйгөөр ярьцгаав.
Б.Уянга “Нэгдүгээр курст байсан шиг санагдаж байна. УДЭТ-т “Надаар тоглосон хайр” жүжиг тавигдаж байлаа. Жүжигчний ангийн оюутан юм болохоор үзмээр санагдаад болдоггүй. Гэтэл мөнгө байхгүй. Ингээд “туулайчилж” үзэхээр боллоо. Арай гэж хамгаалагчийн нүд хариулж байгаад театр руу орчихсон юм. Ариун цэврийн өрөөнд нуугдаж байгаад, яг жүжиг эхлэхэд үзвэрийн танхим руу орохоор гэтэж яваад хамгаалагчид баригдаад хөөгдчихсөн. Маргааш нь зүсээ хувиргаад дахиад очлоо. Тэр үед би нэлээд урт үстэй байлаа. Гэтэл жүжиг үзэхийн төлөө үсээ тайрчихсан. Аминдаа зүсээ хувиргаж байгаа царай нь.
Тэгтэл нөгөө хамгаалагчдаа дахиад баригдчихсан. Яг хөөгдөөд зогсож байтал “Хувьсал” продакшны захирал Г.Цоггэрэл ах “Энэ юун хүүхдүүд юм” гээд асууж байна. Бид ч “СУИС-ийн оюутнууд байгаа юм аа. Жүжиг үзэх гэсэн юм” гээд үнэнээ хэлтэл хаалгаар оруулсан даа. Тэр үед Цогоо ах биднийг таньдаггүй байлаа. Их л өрөвдөлтэй харагдсан байх” гэж дурслаа. “Гудамжаар явж буй хүмүүсийн араас дагаж, хийж буй үйлдлийг нь дуурайж сахилгагүйтдэг байлаа. Сургуулилалт удаан хийдэг болохоор их өлсөнө. Гэтэл бидэнд цадталаа хооллох мөнгө байхгүй.
Тэгээд л бөөнөөрөө гараад гуйлга гуйчихна. Нэг нэгээрээ хүмүүс дээр очоод 100 төгрөг гуйна. Гуйж авсан мөнгөө нийлүүлэхээр овоо л олон пирожкины мөнгө болчихдог байсан даа” гээд тэд хөхрөлдөв. Тус ангийнхан хоорондоо эвтэй гэдгээрээ сургуульдаа гайхагддаг байж. Нэг үеийнхэн, дээд, доод ангийнхан нь завсарлагаанаар эдний ангид ороод ирдэг байсан гэхээр их л нийтэч нөхөд байсан бололтой.
“ХУВЬСАЛ”-Д ХУВЬССАН НЬ
“А-capella” хамтлагаа байгуулахад Д.Мөнхзаяа багшийнх тус их байж. Э.Мөнхтөр “Э.Ууганбаяр, Д.Мөнх-Од тэргүүтэй бидний хэсэг нөхөд хөгжмийн хичээлд дургүй байлаа. Тийм ч болохоор тэр хичээлийг хасуулахаар өргөдөл гаргав. “Жүжигчин болох хүмүүст баян хуур тоглож сурах шаардлага байхгүй” гэсээр байгаад ангийнхныгаа ч ятгачихсан. Тэр үед бид багшийгаа үнэхээр их гомдоосон доо. Гэтэл хичээлийг нь хаалгах гээд ад үзэж байсан тэр багш маань бидний уран бүтээлийн гарааг эхлүүлж, чиглүүлсэн юм шүү дээ” гэв. Э.Ууганбаяр “СУИС-ийн бусад ангийнхан манайхыг “Баячуудын анги” гэж хочилдог байлаа.
Байхгүй зүйл байдаггүй л анги байсан даа. Зарим нэг нь утасгүй, үлдсэн нь оюутны дугаартай байхад манай Д.Пүрэвсүрэн дараа төлбөрт дугаартай байлаа. Нөгөө утсыг нь бид “цагаан утас” гээд нэрлэчихсэн. “Ганц ярьчихъя, тэгэх үү” гээд л залгана. Бараг бүгд тэр утсаар нь хүмүүстэй холбоо барьдаг байсан даа. Төлбөр нь ч нэлээд их гардаг байсан байх” гэж дурсав. Энэ ангийн албан бус дарга нь Э.Ууганбаяр. Санал хурааж юм уу, багш нь томилоогүй байхад нэг л мэдэхэд ангийн дарга болчихож. Хэнхэг ангийн дарга нь оюутан болж, эрийн цээнд хүрчихсэн атлаа л эцэг эхийн хурал хийдэг байсан гэнэ шүү.
Энэ тухай Н.Цэнгэлжаргал “Нэг удаагийн эцэг эхийн хурлаар ангиас төрсөн хосуудын талаар ярьсан нь ерөөсөө санаанаас гардаггүй юм. Тэр үед Д.Мөнх-Од Ш.Пүрэвсүрэнтэй, Э.Ууганбаяр Б.Уянгатай, би Б.Одбаяртай үерхдэг байлаа. Тэр үед ээж ааваасаа их ичиж билээ. Гэхдээ одоо бодоход ичих юм юу ч байхгүй шүү дээ” гэв.
Хоёрдугаар курсээсээ тэд цалинтай золгожээ. Олон улсын байгууллагаар ивээн тэтгүүлэн богино хэмжээний жүжиг тавьж, түүнийгээ бүх хорих анги, хүүхдийн зуслан, ерөнхий боловсролын сургуулиудад очин тоглож байв. Энэ үед V сургуулийн ард подваль түрээсэлж, тэндээ сургуулилалт хийдэг байсан гэнэ. Сургуулиа төгсөх үед УДЭТ, “Хувьсал” продакшн, “Драгон” кабаре театрт ангиараа ажиллах санал тавьжээ. Тэд “Хувьсал”-ыг сонгов. Тэнд тэд “Чамайгаа алдмааргүй байна”, “Зургаан сар минь баяртай” зэрэг олон жүжгийн гол дүрд тоглосон юм.
“Хувьсал” продакшн шинэ уран бүтээлчдийн даль жигүүрийг ургуулж өгчихөөд дураар нь нисгэдэг газар. Тэнд бид их зүйл сурсан” гэлцэв. Мөн “Бид хүсвэл, бас чадаж л байвал эзэмшсэн дөрвөн мэргэжлийнхээ алингаар нь ч ажиллах боломжтой. Дөрвөн хос мэргэжил эзэмшсэн хүмүүс шүү дээ” гэж онгирлоо.
“НАЙЗУУД”-ЫН АМЬДРАЛ АМТТАЙ
Энэ ангиас Соёлын тэргүүний ажилтан долоо төржээ. Тус тусдаа уран бүтээл хийж явсан нөхөд 2009 онд “Амьдралын амт” кинонд нэгдэв. Ангийн дарга Э.Ууганбаяр “Найзууд” театраа байгуулж, уран бүтээлийн гараагаа ангийнхантайгаа эхлүүлэх гэсэн нь энэ байж. Д.Мөнх-Од “Миний хамгийн хайртай уран бүтээл “Амьдралын амт”. Бараг дийлэнхийнх нь хувьд анхны бүтээл байлаа. Кино гэж юу байдгийг ч мэдэхгүй мөртлөө хийхээр зориглосон. Гэхдээ шантраагүй. Эргээд харахад алдсан зүйлүүд бий. Гэсэн ч бидний хувьд бүтээл шүү дээ. Ангиараа нэгдэж, хамтдаа хөдөлмөрлөсөн. Санаагаа гаргаж, зохиолоо өөрсдөө бичсэн.
Маш их адал явдалтай, сонирхолтой үе. Тэр үед биднийг бусад киночид “Зоригтой мангар бацаанууд” гэдэг байсан” гэж дурсамж сөхөхөд нөгөөдүүл нь ч бас зуны хөгжилтэй, хөөртэй агшнуудаа ам булаалдан ярьцгаав. Тэд 2013 онд “Гэнэтийн бэлэг” жүжгийг хамтран тавив. “Аливаа зүйлийн тохироо бүрдэнэ гэж байдаг. “Амьдралын амт”-аас хойш бүгд уран бүтээлийн саналд дарагдаж, завгүй ажилласан. Харин 2013 онд бас л бүгд цугласан юм. Бид нэг ангийнхан гэхээс илүү найзууд. Найз гэдэг амьдралын хамгийн том түшиг шүү дээ” гэлцэв.
ХҮСЭЛ БИЕЛДЭГ
СУИС төгссөний 10 жилийн ойдоо зориулан тус ангийнхан дахин нэг уран бүтээл хийхээр нэгджээ. Харин уран бүтээлийнхээ сэдвийг сонгож, санааг гаргахдаа үеийнхнээсээ дэндүү эрт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ангийн хоёр найзынхаа дурсгалд зориулахаа мартсангүй. “Боолын гэрээ”, “Сайн уу, амьдрал минь” “Амьдралын амт” зэрэг киноны дүрээр үзэгчдийн танил болсон Л.Хүдэрчулуун, “Funk beat” хамтлагийн гишүүн, реппер Ш.Далай нар ид уран бүтээл туурвих насандаа бурхны оронд оджээ. “Хүн амьдралдаа сонссон таагүй мэдээг гэр бүлийнхнээсээ урьтаж, хамгийн дотно найзуудтайгаа хуваалцдаг юм билээ.
Харин тэр үед найзууд нь хорвоогоос явахаар болсон найзынхаа бүх л хүслийг гүйцээж өгөхийг хичээнэ. Бид энэ л зүйлийг кинондоо үзүүлэхийг хичээлээ. Утга учиртай, сэтгэл хангалуун амьдрах ёстой юм шүү гэсэн санааг л хэлэхийг хүссэн. Энэ бүхэн зүгээр нэг санаанаасаа ургуулчихсан зохиол биш, бидэнд тохиолдсон гашуун үнэн юм шүү” гэж “Зургаа дахь хүсэл” киноны продюсер, зургийн даргаар ажилласан Э.Ууганбаяр хэллээ. Уг киногоо тэд энэ сарын 6-наас үзэгчдэд хүргэх юм. Тэд дараа нь үзэгчдэд тайзны уран бүтээл хүргэхээр төлөвлөжээ.
Сандруу Ц.Энхтайван, хэнэггүй Н.Цэнгэлжаргал, дуу муутай Э.Мөнхтөр, хээгүй Г.Отгонцэцэг, уран үгт Д.Мөнх-Од, тооцоолон бодогч Б.Уянга, аж ахуйч Э.Ууганбаяр, загварлаг Р.Түмэнцэцэг, хөгширдөггүй Д.Пүрэвсүрэн, өөрчлөгддөггүй А.Одбаяр гэх мэтчилэн тэд оюутан байхдаа л ангийнхаа “хамгийн, хамгийн”-уудыг тодруулчихсан. Тэр нь одоо ч хэвээрээ гэнэ.