Цээлхэн дууг чинь хөгжим гэвэл
Эгшигт уярсан нь би билээ.
Найртай сэтгэлийг чинь нар гэвэл
Дулаацаж жаргасан нь би билээ.
Энхрий хацрыг чинь цэцэг гэвэл
Эргэлдэх эрвээхэй нь би билээ.
Ш.Сүрэнжав найрагчийг эрвээхэй “болгож” ийнхүү шүлэглэхэд хүргэсэн хүн бол энэ ярилцлагын эзэн. Шүлгийн мөр бүрийн эхний үсгийг холбохоор “Цэндээ” гэсэн нэр бүтнэ. Төрийн шагналт найрагч маань “Манай Цэндээ ярихдаа муу. Гэхдээ хоёулаа энд тэндээс нь “хатгаж”, дэмнээд өгөхөөр гайгүй ээ, ганц нэг үг хэлэх байх” гэсэн. Нөхрийнх нь тодорхойлсончлон Цэнд гуайн ам үнэхээр “үдээтэй” юм билээ.
-Яруу найраг, зохиолчид эхнэрүүддээ зориулан олон сайхан бүтээл туурвисан байдаг. Энэ утгаараа найрагчийн Муза болсон эмэгтэйчүүдэд үнэхээр атаархмаар. Танд зориулсан ямар шүлэг нь хамгийн их таалагддаг вэ?
-Өө, зөндөө шүлэг бичсэн шүү дээ, надад зориулаад. “Намуун үдэш” дууны шүлэг нь их гоё. Ер нь надад зориулж бичлээ энэ тэр гэж би сүйд болдоггүй байжээ, залуудаа. Харин нас ахих тусам сайхан санагддаг юм байна. Миний нэр бүтдэг нэг шүлэг бичсэн нь бас их сонин л санаа.
-Өрхийн толгойлогч, гэрийн эзэн нь эр хүн гэдэг ч үнэн хэрэгтээ айлын гол ачааг үүрдэг эмэгтэй хүнийг гэр бүлийн “генерал” гэчихвэл намайг загнах хүн гарахгүй болов уу.
Ш.С: Ёстой үнэн. Манай гэрийг энэ хүн л авч явж байгаа шүү.
Л.Ц: -Нээрэн л гол ачааг эхнэр хүн үүрдэг байх. Гэхдээ гэр бүлийн ноён нуруу нь гарцаагүй эр хүн.
-Зохиолч, найрагч гэдэг жирийн хүн биш. Олонх нь хэлэмгий доломгой, “явдалтай гүйдэлтэй” улс. Ийм хүнийг дэргэдээ 57 жил аргамжина гэдэг эмэгтэй хүний ухаан, сэтгэлтэй холбоотой байх.
-Манай хүн их хурц, түргэн зантай байсан шүү. Гэхдээ хуурай зомгол шиг нэг дүрсхийгээд л унтарчихдаг юм. Ер нь яруу найрагчид тийм байдаг юм болов уу. Цоодол, Цэвэлмаа, Сүрэнжав бид дөрөв Москвад амарч явлаа. Цэвэлмаа бид хоёр дэлгүүрт таваг сонирхоод зогсож байтал Цоодол “Яасан уддаг юм” гэхээр нь би “Өө, энэ Цоодол бас Сүрэнжавтай адилхан ууртай юм байна” гэхэд “Тэгэлгүй яадаг юм. Би ч бас яруу найрагч” гэдэг байгаа.
Цэвэлмаа бид хоёр баахан инээгээд “Яруу найрагчид тийм байдаг юм уу” гэж шоолоод дэлгүүрээс гарч билээ. Гэхдээ Сүрэнжав маань түргэн зантай ч сэтгэл сайтай, цагаахан амьтан.
-Сүрэнжав гуайг “ассан” үед та яаж намжаадаг байв. Ер нь танд “асах” үе байх уу?
-Манай ээж их тайван, тэвчээртэй хүн байсан. Тэр зан нь надад бий. Энэ хүн “асчихвал” би дуугүй болчихдог байлаа. Тэгэхээр “дэвхцэж” байгаад л уур нь гарчихна. Заримдаа би “асмаар” байдаг ч бас л тэвчээд өнгөрнө. Түвэг зүгээр, намайг дагаад асчихна шүү дээ. Ер нь хамтын амьдралд хүлээцтэй, тайван хандаж сурах хэрэгтэй. Тэгэхгүй хоёулаа хурц, зэрэгцээд хэрэлдээд байвал амьдралаа бүр сүйд хийгээд хаяна шүү дээ.
-Амьдралын явцад эхнэр, нөхөр хоёр бие биедээ уусдаг гэдэг. Адгуу, ааштай хүний дэргэд дандаа намбайгаад суух хэцүү дээ.
-Би ер нь нэлээд тайван зантай байсан. Одоо бол тайван биш шүү. Сүрэнжав харин нэлээд тайван болсон байх.
Ш.С: -Цэндээ надтай их сайн “хэрэлддэг” болсон шүү дээ. Өөр хүнтэй болохоор чадахгүй, наадах чинь.
-Та багш нь болохоор гаргууд сургасан байна даа. Ер нь та хоёр яаж танилцсан бэ?
Ш.С: -Би ахынх нь найз байсан юм. Тэгээд эдний хажууд амьдардаг байлаа.
Л.Ц: -Тиймээс бид багаасаа л бие биенээ мэддэг байсан. Манай хүргэн ах 1956 онд Налайх явсан юм. Тэгэхэд манайхан бүгд дагаад нүүсэн. Сүрэнжав ч дагачихсан. Бид ах дүүс шиг л тоглож, наадаж өссөн шүү дээ. Энэ хүн үлгэр их ярина аа. Заримдаа би үлгэрийг нь сонсоод айдаг. Тэгэхээр улам аймаарыг ярина. Ингэж явсаар энэ маань арав, би долдугаар анги төгслөө. Сүрэнжав их сургуульд, би анагаах ухааны дунд сургуульд орсон. Тэгээд 1959 онд намайг сургууль төгсдөг жил бид дэр нийлүүлээд, дараа жил нь хүүгээ төрүүлсэн. Гэр бүл болоод 57 жил болжээ.
-Та аль нутгийн хүн бэ?
-Би Лувсангомбо гэдэг хүний дөрвөн хүүхдийн гурав дахь нь болж 1941 онд төрсөн хүн. Төв аймгийн Угтаалцайдам сумынх. Гэхдээ аав, ээж маань намайг нялхад нийслэлд ирсэн болохоор би нутаг усныхаа тухай сайн мэдэхгүй. Уржнан жил л анх удаа төрсөн газартаа очиж үзсэн. Жигтэйхэн сайхан нутаг байна билээ. Аав маань намайг нэгдүгээр ангид ордог жил өөд болж, ээж минь дөрвөн хүүхдээ ганцаараа өсгөсөн. Цаг их хатуу байсан үед янз бүрийн л ажил хийж биднийг хүн болгосон. Улсын прокурорын газарт цэвэрлэгч хүртэл хийсэн.
Бас будаа хуурдаг газарт нормын ажилчин байлаа. Арай ахиу цалинтай болохоор хатуу хүтүү гэж голохгүй л явдаг байж. Ээжийн цалин буусан өдөр ахиу махтай хоол идэж, бусад үед нь боорцог, бинтэй л өнждөг байлаа, манайх. Айлын хүүхдүүд ч ялгаагүй тэгж л өссөн, тэр үед. Муу эгч маань сургууль соёлын мөр ч хөөлгүй ажил хийж, ээжид дэм болсон доо.
-Танайх бас дөрвөн хүүхэдтэй бил үү?
-Сүрэнжав маань ч эхээс дөрвүүл. Манайх гурван охин, ганц хүүтэй айл. Муу хүү маань тэр жил нас барсан. Өвдөж, зовоогоогүй, гэнэтхэн л явчихсан, үнэхээр хэцүү юм билээ дээ. Бизнес эрхэлдэг байсан юм. Тэр үед “Алтан гадас” одонгоор шагнуулах болсон тухайгаа аавдаа хэлсэн байдаг юм. 1992 онд депутатаар сонгогдож явсан шүү дээ, миний хүү. “Аав хүү хоёр депутат, ах дүү хоёр Төрийн шагналтай” гэж тэр үед шүлэглэж байлаа. Манай том охин Японд орчуулагч хийж байна. Сүрэнжавын бичдэг авьяасыг жаахан авсан шиг байгаа юм.
Шүлэг бичнэ, бас япон шүлэг, найраг орчуулдаг. Дараагийн охин Нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт ажилладаг, доктор байна. Бага охин маань Хятадад мөн л докторын зэрэг хамгаалсан, одоо Эрүүл мэндийн хүрээлэнд ажилладаг. Бид 10 гаруй ач, зээтэй болжээ. Тэднээс хамгийн бага нь өнгөрсөн зун Японд их сургууль төгссөн. Бүгд гараас гарцгаалаа даа. Одоо бид хоёр сайхан л байна. Өвдөж хэдэн хүүхдээ зовоочихгүй байвал болох нь тэр.
Сүрэнжавынхан. 1990-ээд он
-Сүрэнжав гэдэг хүнтэй амьдралаа холбосон нь зөв болжээ гэж хамгийн их баярласан үеэ та дурсаач?
-Ер нь энэ хүнийг түшсэндээ баярлаж байсан үе зөндөө. Амьдрал баялаг шүү дээ. Гэр бүл болно гэдэг чинь хоёр биенээ дагаж баярлаж, гомдож, сэтгэлээр нэг болохыг хэлдэг. Би энэ хүнийг дагаж их олон баярласан. Сүрэнжав Ардын уран зохиолч, Төрийн шагнал хүртэхэд сайхан байсан.
-Та энэ хүнийг тэр хүртэл хөглөж, хөтөлсөн болохоор Төрийн шагналын тал нь таных байх?
-Түмэн олны л итгэл, хайр хүндлэлээр хүртсэн шагнал гэж боддог юм. Энэ хүнийг ард олноор хэлэлцүүлээд Төрийн шагнал хүртээсэн шүү дээ. Тэр үед тийм шалгуур, журамтай байсан юм.
-Тэгвэл энэ хүнийг дэмий дагалаа гэж бодож байсан тохиолдол бий юү?
-Гомдож, туних үе хэнд ч таардаг байх. Энэ хүнийг дэмий дагалаа гэж бодож байгаагүй. Манай Сүрэнжав цагаахан хүн шүү дээ. Байгаагаа харамлана гэж үгүй. Энэ хүний нэг онцлог гэвэл “Би номоо мөнгөөр зарахгүй” гэдэг юм. Бэлэглээд, тараагаад л дуусдаг. “Таксины жолооч надаас мөнгө авахгүй хүргээд өглөө” гээд гүйхээрээ орж ирээд номон дээрээ гарын үсгээ зураад тэр хүнд өгөх жишээтэй. Ийм хүн ховор доо. Тэгэхээр би зөв л хүнээ түшиж дээ гэж боддог юм.
Ер нь тухайн үедээ тэвчээртэй, хүний үгээр “хоол” хийхгүй, нэгэндээ итгээд явбал амьдрал аяндаа болдог юм. Одоогийн хүүхдүүд нэгэндээ итгэл өгөхөө больчихсон шиг байна. Хүлээцтэй хандаж чадахгүй, юм л бол уурладаг нь их буруу. Манай ээж “Ямар ч хүнд сайн зан чанар заавал байгаа. Тэрийг нь олж харах хэрэгтэй” гэж захидаг байсан.
-Гэр бүлийн хоёр нэгнийгээ авгайлах, эсвэл өхөөрдөх зэргээр янз бүрээр нэрлэж, дууддаг. Та хоёрт тийм тусгай нэр бий юү?
-Тийм сонин содон зүйл байхгүй ээ. Нэрээр нь л дууддаг.
Ш.С: -“Хайр” энэ тэр гэсэн нэр байхгүй ээ. Тийм юмаар яадаг байна, хайрын үнэ цэнэ унагаад, хогнууд.
-Та хоёр нэгнийхээ чухам юунд татагдаж, ханилсан бэ?
Ш.С: -Мэдэхгүй ээ. Цэндээ, чи өөрөө л ярь.
Л.Ц: -Би бас мэдэхгүй юм. Ер нь, ингэхэд чи миний юунд болсон юм бэ?
Ш.С: -Юунд нь болох вэ дээ, чамд л татагдчихгүй юу.
Хэлсэн үгэндээ сэтгэл тун хангалуун байгаа бололтой Сүрэнжав гуай нуг нуг хийлээ. 57 жилийг хамтдаа туулсан ханиасаа ийм хариулт сонссон Цэндээ гуай ч нүүр дүүрэн инээсэн. Үг цөөтэй гэргийнхээ амыг “татаж, чангаана” гэсэн амлалтдаа хүрч, өвгөн найрагч ярилцлагад минь хамжилцаж, үе үе “хөөрхөн” дурсамж дэлгэж байлаа.
“Нэг удаа манай ангийн Түвшин надад захиа атгуулснаа “Энийг Цэндээд өгчих” гэж гуйсан. Хэлсэн ёсоор нь би авч яваад энэ хүнд өгчихсөн…
-Өөрөө сайн байж бусдын захиаг зөөж өгсөн хэрэг үү. Цэндээгээ шалгасан юм уу?
Л.Ц: -Нээрэн, тэгсэн юм уу? (инээв).
Ш.С: -Мэдэхгүй ээ, одоо чи өөрөө ярь.
-Ер нь амьдралын явцад Сүрэнжав гуайн тухай элдэв яриа сонсоод хардах явдал гарч байсан уу?
Ш.С: -Би хардуулахаар юм хийсэн биш.
Л.Ц: -Нэг их хардаж, сэрдээд байх явдал болоогүй дээ. Би эсвэл жаахан мангардуу юм уу. Заримдаа янз бүрийн юм ярьж л байсан. Гэхдээ өөрийн нүдээр хараагүй бол хүний амаар үг хийх дэмий.
-Гэрийн хоолоо л идэхгүй бол хоолшдоггүй хүн байдаг. Сүрэнжав гуай ямар бол. Та хоёр ямар хоолонд дуртай вэ?
-Сүрэнжав хоол голдоггүй байсан юм. Хоёр, гурван жил нэлээд өвдсөнөөсөө хойш жаахан юм хэлэх гээд байдаг болж. Гурилтай хоолыг бол хэзээ ч хамаагүй дуртай иднэ. Би цуйванд их дуртай. Багадаа ээжийгээ дагаж, хятад гуанзанд цуйван их иддэг байж билээ. Ер нь хүн нас ахихаар элдэв янзын юм идэж чадахаа болиод, хоол голомхой болдог юм байна.
-Сүрэнжав гуай гал тогооны ажилд хэр тусалдаг бол?
-Одоо бол амаараа л оролцоно доо. Залуудаа гурилтай хоолыг ёстой сайн хийдэг байсан.
-Манайд настайчуудад зориулсан төрийн бодлого хангалтгүй байна, тэтгэвэрт гарчихвал тэгээд л “Баяртай” болдог гэж гомдоллох ахмад настан цөөнгүй. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Төрийн бодлого гэх үү, мэдэхгүй юм. Хэцүү амьдралтай настайчууд байна. Бид ч яах вэ, үр хүүхдүүдийнхээ буянаар сайхан л байна. Зурагтаар гарч байгааг харахад үнэндээ зовлонтой байна шүү. Талхыг дөрөв хувааж, тосыг граммаар авч байна гэсэн. Миний бодлоор тэтгэврийг зээл хэлбэрээр өгдөг буруу. Сар сардаа аваад байвал уг нь мөнгө тасрахгүй баймаар л санагдах юм. Зээл болгож аваад өөрсдөө ч хэрэглэж чадахгүй байгаа шүү дээ, үнэндээ. Гэхдээ нөгөө талаараа болохгүй учраас урьдчилж авдаг байх л даа.
-Та хаана ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан бэ?
-Би тэтгэвэрт гарахаасаа өмнө ясли, цэцэрлэгийн эрхлэгчээр олон жил ажилласан. Тэтгэвэрт суусны дараа цаг өнгөрч өгөхгүй хэцүү санагдаж, өдөржин цонхон дээрээ зогсдог байж билээ. Одоо бол өдөрт завгүй шахуу л байна. Сүрэнжавыг өвдчих вий гэж санаа зовж, өглөөнөөс эхлээд бага багаар хоол унд хийж, бөөцийлж байтал орой болчихдог.
-Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг. Найрагчийн “бөөрөнд” олон жил байсан та мөр холбоно биз?
-Өө, шүлэг бичихгүй. Харин энэ хүний анхны номноос эхлээд материалыг бүгдийг нь би бичгийн машинаар цохисон. Тэгж байхдаа саналаа хэлэхээр хүлээж авахгүй маягтай байснаа сүүлд нь “Цэндээ чиний хэлснээр засаж, янзалсан” гэдэг юм.
-Сүрэнжав гуай Москвад сурч байхдаа хийморийн сан тавиад балрах шахсан гэдэг. Та бас маани, мэгзэмтэй юү. Хэдийгээр шүтлэггүй ч хүүхэд өвдөх, айж сандрах үед өөрийн эрхгүй л “Бурхан минь” гэдэг дээ.
-Би шашин шүтээд сүйд болохгүй. Гэхдээ түрүүн чиний хэлснээр сандарсан үедээ хэлдэг ганц хоёр юм бий. Ээж маань ч “Хүүхэд өвдөхөөр Ногоон, Цагаан дарь эхийн маани уншиж байгаарай” гэдэг байсан. Манай дөрвөн хүүхдийг муу ээж минь өсгөж, өндийлгөөд, 73 настайдаа бурхан болсон юм. Ээжтэйгээ хамт амьдрах сайхан. Гэхдээ өнгөрснийх нь дараа хэн хүнээс илүү хэцүү дээ. Ээжийгээ хөдөөлүүлээд удаагүй байхдаа би нэг хөгшнийг дагаад Улаанхуаранд оччихсон байсан. Манай ээжтэй их адилхан тэр хүнийг гудамжинд хараад л дагачихсан.
Тэгээд гэрийнх нь гадаа модон дээр суугаад харж байтал нөгөө хөгшин анзаараад “Чи ямар учиртай болоод айлын гадаа эргэлдээд байгаа юм. Хулгайч уу, хэн бэ” гэж аашлахад нь би учраа хэлсэн. Тэгтэл “Ээ хөөрхий дөө, гэрт ор” гэж билээ. Намайг явахад “Манайхаар ирж байгаарай” гэсэн. Ээжийгээ санахаараа тэднийхээр орж, гардаг болсон шүү дээ, сүүлдээ.
Би анагаахын дунд сургуульд орсон жилээ сангийн аж ахуйд яваад 450 төгрөгтэй ирж билээ. Тэр үед маш их мөнгө байхгүй юу. Муу ээж минь ёстой их баярласан. Орж, гарсан хүмүүст “Миний хүү мөнгө авчирч өгсөн” гээд л байнга ярьдаг сан.
-Мөрөөдөлд хязгаар үгүй гэдэг. Танд одоо ямар хүсэл, мөрөөдөл байна вэ?
-Хэдэн хүүхдээ боловсролтой болгох хүсэл мөрөөдөл минь биелсэн. Одоо бол бүгдээрээ элэг бүтэн, эрүүл амьдрахыг л хүсэж байна даа.
-Ээжийн сургаал эрдэм. Хэдэн хүүхдэдээ юу гэж захиж, сургадаг вэ?
-Хүнд битгий муу сана. Бусадтай битгий хэрэлд. Байгаагаа хувааж идээд, эвтэй явбал болно гэдэг юм. Аав, ээж хоёр нь авдартаа алт, мөнгөгүй. Харин та дөрвийн толгойд жаахан юм хийж өгсөн шүү, хөдөлмөрч байгаарай гэж хэлдэг.
-Эрчүүд зангиа сонгох гэж бөөн юм болдог. Сүрэнжав гуай хэр вэ. Та цамц, зангиаг нь сонгож өгдөг үү?
-Залуу байхад хамтдаа яваад л сонгодог байсан. Энэ хүний сонголт дандаа хурц, тод өнгө. Би болохоор дан бараандуу өнгөнд дуртай. Тиймээс хамт явахгүй бол болохгүй. Сүүлийн үед хүүхдүүд л мэддэг болсон доо.
Цэндээ гуай хэдхэн жилийн дараа наян насны босго алхана гэсэн. Тун толиотой байгаа биз. Үр хүүхэд, ач, зээ нарынхаа ачлалыг үзэж, олон сайхан газраар явсан тухайгаа тэрбээр хуучлаад “Хоёр мөсөн далайд л очих дутуу байна гэж би хүүхдүүдээ инээлгэдэг юм” хэмээсэн. Биднийг ийнхүү хөөрөлдөх зуурт Сүрэнжав гуай “патиараа” татуулахаар зангиагаа янзалж, үсээ илж, тольдох аж.
Цэндээ гуай “Энэ хүний бэлтгэл дуусахгүй. Үсээ самнана, шилээ зүүнэ, бүр үнэртэн цацна” гэхэд өвгөн нь хажуугаас орж “Би чамин юманд дуртай” гээд үнэхээр чамин савтай үнэртэй ус халааснаасаа гаргаж үзүүлэв.
Биднийг үдэж өгөхдөө өвгөн найрагч маань “Би энэ хүнд зориулан 2005 онд “Насны ном Цэндээ. Насны хань Цэндээ” номоо бичсэн юм. Сонирхож хараад эргүүлж өгөөрэй” гэлээ.
Номын эхний нүүрний эхний мөрүүдэд “Гандан хийдэд очихоор “Цэнд” уншуул гэдэг. Энэ нь нас уртасгах увидастай ном ажээ. Тэгвэл миний насны хань Цэндээ билээ. Энэ хүний хайр халамж, түшиг тулгуурын ачаар би өдий зэрэгтэй болов” гэжээ.
Номын сүүл хэсэгт Цэндээгээс Сүрэнжавтаа бичсэн хэдэн захидлыг нийтэлсэн байна. Москвад сурч байгаа нөхөртөө Цэндээ гуай “...Чи бидэнд юм аваад өөрийгөө гаргуунд нь орхиж болохгүй шүү. Бидэнд чи л байвал болно. Үүнийг сайн ойлго. Чи бид хэдийгээр хол байгаа ч сэтгэлээр нэг гэдгийг санаж, бодож яваарай...” гэж захижээ.
Л.Цэндээ ийм нэгэн хүмүүн ажээ.