Өндөр шилэн барилгын 12 дугаар давхарт, том том шилэн цонхтой тасалгаанд Э.Гансүх уран бүтээлээ туурвидаг аж. Биднийг түүний урланд очиход “Тэнгэр бүүдгэр, удахгүй цас юм уу бороогоор “уйлагнах” гээд л байх шиг. Яг л зураг зурмаар санагдаж байна” гэсээр угтсан юм. Тэрбээр1998 онд Баасандорж багшийн шавь болж сийлбэрч, 2005 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Нарангэрэл багшийнхаа удирдлаган дор төгсөж, зураач мэргэжил эзэмшжээ. Одоо уран бүтээлээ туурвихаас гадна ШУТИС-д багшилж буй.
-Шинэ үзэсгэлэнгээ дэлгэхээр бэлтгэж буй сураг дууллаа. Товыг нь гаргасан уу?
-Ирэх тавдугаар сарын 16-25-ны хооронд “Blue moon” арт галерейд бие даасан хоёр дахь үзэсгэлэнгээ гаргахаар зэхэж байна. 30-40 бүтээлээ үзүүлнэ дээ. Монгол ахуй, тэр дундаа нүүдэлчин монгол хүний төсөөллийг энэхүү үзэсгэлэнд дэлгэх бүтээлүүддээ тусгахыг хичээсэн. Жаахан хийсвэр гэсэн ч болно. “Үүрийн цолмон” хэмээх бүтээлээрээ үзэсгэлэнгээ нэрлэнэ.
-Таны өмнөх үзэсгэлэндээ дэлгэсэн бүтээлүүдийн ихэнх нь морины зураг байсан. Энэ удаад ч тийм байх шиг байна.
-Зураач хүн хамгийн их шүтдэг, мэддэг зүйлээ л уран бүтээлдээ тусгадаг байх л даа. Би багадаа хурдан морь унадаг байлаа. Ер нь морь малтай их ойр өссөн. Сүүлд морин спортоор нэг хэсэг хичээллэж явлаа. Яалт ч үгүй миний дээдэлж явдаг амьтан л даа. Тэгэхээр уран бүтээлдээ шингээхгүй байх аргагүй.
-Энд байгаа зургуудад зөөлөн, завсрын өнгө зонхилжээ. Гэтэл өмнөх үзэсгэлийн зургууд тань их хурц, тод өнгөтэй байсан санагдана.
-Хийсвэр агуулгатай бүтээл зонхилж байгаа болохоор тэр байх. Өмнөх үзэсгэлэнд нүдэнд харагдсанаа тэр чигт нь буулгасан бүтээлүүд дэлгэсэн. Харин энэ удаад би дотоод ертөнц, сэтгэлдээ төсөөлдөг төсөөллөө цаасан дээр буулгаж байгаа. Жишээлбэл, “Амар амгалан” гэж зураг бий. Морины нуруун дээр нялх хүүхэд унтаж байгааг дүрсэлсэн. Бодит амьдралд хэзээ ч байж боломгүй зүйлийг төсөөллөөрөө зурсан юм.
-ШУТИС-ийн харьяа ахлах сургуульд багшилдаг гэсэн. Багшлаад хэр удаж байгаа вэ?
-2001 оноос хойш багшилж байна. Сурагчидтай ажиллах сайхан шүү. Би оюутнуудад хичээл заах дургүй.
-Яагаад?
-Хүүхдийн хамгийн эмзэг нас нь 14-16. Хүмүүс шилжилтийн нас гэдэг. Яг энэ үед хүүхдэд урлагийн боловсрол олгох нь илүү үр дүнтэй санагддаг. Хүүхдийн мэдрэмж энэ үед хүчтэй илэрдэг. Илүү бүтээлч, эвдрээгүй, ариухан байдаг нас. Би өөрөө ч яг л тэр насандаа Ц.Дорж зураачийн урланд өнждөг байлаа. Оюутан болоод ирэхээр хүүхдүүдийн ааш их эвдэрдэг. Ааш аяг нь эвдэрсэн хүний мэдрэмжийг хөгжүүлж, хамтарч ажиллах хэцүү.
-Шавь нараа уралдаанд оролцуулдаг уу. Бүтээлүүдээр нь үзэсгэлэн гаргасан уу?
-2010 оноос өмнө хүүхдүүдээ уралдаанд оруулдаггүй байлаа. Харин 2010 оноос хойш хүүхдүүдийнхээ ур чадварыг сорьж байгаа. Сүүлийн зургаан жил миний шавь нар дүүрэг, хот, улсын хэмжээнд сурагчдын дунд зохиосон бүх л зургийн уралдаанд түрүүлсэн.
-Дуулах, жүжиглэх, бүжиглэх ур чадварыг хичээл, сургуулилалтаар хөгжүүлж болдог. Зурах авьяасыг ингэж хөгжүүлж болох уу, эсвэл байгалиас заяасан унаган авьяас байдаг уу?
-Авьяасаас илүү мэдрэмж хамгийн чухал. Мэдрэмж байгаа цагт авьяасыг хөгжүүлж болно. Гэхдээ ямар байдалд вэ гэдгээс их хамаарна. Би бүх хүүхэд зурах авьяастай гэж боддог. Тэрийгээ хөгжүүлж, хичээж чадсан нь л авьяастай гэж хэлүүлж байгаа юм.
-“Уран зураг бол харах яруу найраг”, “Зураг бол билэг тэмдгийн хэл юм” гэхчилэн олон янзаар тодорхойлдог. Харин таныхаар уран зураг гэж юу вэ?
-Бодол санаа, төсөөллөө бусадтай хуваалцах нэг хэлбэр.
-Бодол санаа, төсөөллөө хуваалцахаар зурсан зургийг тань хүмүүс ойлгохгүй бол эмзэглэдэг үү?
-Миний зургийг ойлгох, ойлгохгүй нь хамаа байхгүй ээ. Би хүмүүсийг гурван түвшинд ангилж үздэг. Энэ миний л бодол шүү. Хамгийн доод түвшнийхэнд амьтны хэв шинж илүү давамгай. Дараагийн түвшнийхэн сэтгэлийн өлсгөлөнд автсан хүмүүс. Харин дээд түвшнийхэн оюун ухааныг гол үнэлэмж болгосон хүмүүс. Тэд уран бүтээлийг өөр өөрийн өнцгөөсөө л харж, ойлгоно. Жишээ нь, нүцгэн эмэгтэйн зургийг доод түвшнийхэн шууд секстэй холбож, дараагийн түвшнийхэн агуулгыг нь биш, харагдах байдлаар нь, дээд түвшнийхэн зураачийн өгүүлэх гэсэн санааг шууд ойлгоно.
-Урлагийнхан их эмзэг хүмүүс шиг санагддаг. Зураач нар хэр эмзэг вэ?
-Эмзэг гэхээс илүү мэдрэмтгий хүмүүс. Энгийн хүний нүдээрээ хараад ч ойлгохгүй зүйлийг зүгээр л зөнгөөрөө мэдэрч чаддаг хүмүүс. Би саяхан нэгэн хөгжмийн зохиолч найзтайгаа аяллаар явсан юм. Тэгэхэд л би уран бүтээлчид байгалийн үзэсгэлэнг өөрийнхөөрөө мэдэрч чаддагийг илүү ойлгосон. Аяллын үеэр найз маань “Гансүх ээ, амьд сомфони эгшиглэж байна. Чи нүдээ аниад сонс доо” гэсэн. Би нүдээ аниад сонссон ч тэр хүн шиг мэдэрч чадахгүй шүү дээ.
Тэр өдрийн орой найз маань надад шинэ бүтээлээ сонсгосон юм. Гэтэл яг л тэр өглөө миний мэдэрсэн мэдрэмж тэр чигтээ сонсогдох шиг болсон. Харин би тэр үед төрсөн мэдрэмжээрээ “Сонет” зургаа зурсан.
-Таны “Сонет” бүтээл, найзын тань тэр үед зохиосон хөгжимтэй нийцсэн үү?
-Шууд л “наалдсан”. Уран бүтээлчдийн сэтгэлд буугаад, дотоод илэрхийллээр нь дамжиж гарсан бүтээл хоорондоо авцалдана шүү дээ. Ирэх сард дэлгэх үзэсгэлэнгийн бүтээлүүд яг л тийм.
-Хэзээнээс цаас, бийртэй “найзалж” эхэлсэн юм бэ?
-Ухаан орох цагаасаа л. Миний өвөө армийн зураач Л.Дамба гэж хүн байлаа. Мэдэх хүмүүс нь мэддэг л юм. Өвөөгийнхөө гал дээр төрсөн ганц ач нь би. Тосон будаг, будаг шингэлэгчийн үнэрт л би хүн болсон. Өвөө минь 2003 онд бурхан болсон юм. Гэхдээ одоо ч миний дэргэд байгаа юм шиг л санагддаг.
-Зураач хүний бүтээлдээ сонгосон өнгө, аясыг харахад л тухайн үед ямар сэтгэл хөдлөлтэй байсныг нь мэдэж болохоор санагддаг.
-Тухайн үед ямар байсан гэдгээс гадна тэр хүн юу хүсэж байгаа нь бас бүтээлд нь илэрдэг. Би хүүхдийн хорих ангид очиж хичээл заадаг юм. Нэг удаа хүүхдүүдэд тодорхой сэдэв өгөлгүйгээр зураг зурууллаа. Гэтэл тэд солонго, өнгө алагласан цэцэгс, аав ээжтэйгээ хөтлөлцөөд явж буй хүүхэд, байгаль зурсан.
Яг энэ даалгаврыг сургуулийнхаа сурагчдад өгөхөд олонх нь цус, нулимс, цус сорогч, шулам, хэрцгий алуурчин зурсан. Яг ижил насны хүүхдүүд шүү дээ. Эндээс л би хүмүүс өөрт байхгүй, хүсэж явдаг зүйлээ бүтээлдээ шингээдэг юм байна даа л гэж дүгнэсэн.
-“Үүрийн цолмон” үзэсгэлэнд тань амар амгалан, тайван байдлыг илэрхийлсэн бүтээл ч нэлээдгүй тавигдах нь. Тэгэхээр та яг одоо үүнийг л хүсэж байна гэсэн үг үү?
-Мэдээж. Өнөөгийн нийгэм ямар аймаар байгаа билээ дээ. Би энэ бүхнээс залхаж байна. Амар амгалан, тайван баймаар байна.
-Ямар үед зураг зурмаар санагддаг вэ. Онгодоо хэрхэн хөглөдөг юм бэ?
-Зураач нар харсан, барьсан, уулзсан болгоноосоо их, бага хэмжээгээр мэдрэмж аваад л байна. Тэгж тэгж тэрийгээ гадагшлуулна шүү дээ. Тэр нь л зураг зурах мөч. Тэрийг л онгод гэж нэрлээд байгаа юм.
-Тэгвэл зурж байхдаа юу мэдэрдэг вэ?
-Юу ч мэдэрдэггүй. Хажууд юу болж байгааг ч анзаарахгүй. Хэчнээн цагаар зурж сууснаа ч анзаардаггүй. Эхэлж байснаа санадаг, дуусаад амьсгаа авдаг.
-Зураач бүрт эхэлчихээд дуусгаж чаддаггүй зураг бий гэдэг. Танд ч тийм дутуу зурсан зураг байгаа биз дээ?
-Байлгүй яах вэ. Бид “мэдрэмжээ барина” гэж ярьдаг юм. Яг л тэр мөчид л мэдрэмжээ барьж, амжиж зурахгүй л бол дараа гэсэн ойлголт байхгүй. Надад зургаан жилийн өмнө эхэлчихээд одоо болтол дуусгаж чадаагүй зураг бий. Яг тэр үед мэдэрсэн мэдрэмж эргэж төрдөг гүйд л байгаа юм. Дахиад би тэр үеийнх шиг мэдрэхгүй л бол энэ зураг миний хүссэнээр дуусахгүй. Тэгсхийгээд аргалаад дуусгаж болно л доо. Тэглээ гэхэд энэ зургийг үзсэн хүн юу ч мэдрэхгүй.
-Бусдын бүтээлийг хуулбарлаж, захиалгаар зурдаг нэг хэсэг, зөвхөн өөрийнхөө дотоод мэдрэмжийг илэрхийлж зурдаг, уран бүтээлээрээ хөглөгдөж амьдардаг нөгөө хэсэг зураач бий. Аль аль нь л авьяастай, мэргэжлийн сургуулийг нь төгссөн хүмүүс. Харин хэнийг нь жинхэнэ зураач гэх юм бэ?
-Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь өсөж буй бол тэр хүн уран бүтээлч. Зүгээр л гэрэл зургаас хуулбарлаж, мөнгө хөөж зураг зурдаг зураач байгаад яах юм бэ. Миний хүүхдүүд намайг муугаар хэлэх байлгүй дээ. “Чааваас даа, миний муу аав чинь ялихгүй зураач байж дээ” гэж. Тэгснээс “Энэ хүн чинь шинэ юм хийх гээд л явж дээ” гэж хэлүүлсэн нь дээр биз дээ.
-Уран бүтээлчид “мэдрэмж барих”-аас гадна дотроо эмзэглэж явдаг, хүмүүст хэлэх гэснээ бүтээлдээ шингээдэг байх.
-Миний “Монгол” гэж зураг бий. Ганц гэр, нэг муу нохой, морь. Хүн хараад жаахан цэрвэх л байх. Гэхдээ “Бид ийм болоход ойрхон болсон байна шүү” гэж хэлмээр санагдаад л зурсан.
-Та нэлээд хуучных болов уу гэмээр молверт (зургийн тавиур) хэрэглэдэг юм байна.
-Энэ миний өвөөгийнх. Өвөөгийнхөө хэрэглэж байсан молверт дээр зурахад их хөглөгддөг. Энэ молверт дээр зурсан зургуудыг яагаад ч юм хүмүүс их үнэлдэг, бас маш үнэтэй зарагддаг. Сонин байгаа биз.
-Та зургуудаа хэр үнэлдэг вэ. Ямар зургаа хамгийн үнэтэй зарж байв?
-Зургийг зураачаас гадна галерейн үнэлгээний комиссынхон үнэлдэг. Дажгүй шүү. Гэхдээ гадаадад зураг илүү үнэ хүрдэг. Монголд таван саяар үнэлсэн зургийг Бээжинд аваачихад 10 сая, Хонконгт 50 сая болчих жишээтэй.
-Манай зураачдын бүтээлийг гадаадынхан хэр сонирхдог вэ. Монгол ахуй сонирхлыг нь их татдаг байх.
-Үнэлдэг шүү. Маш их сонирхдог. Өнгөрсөн нэгдүгээр сард урд хөршөөрөө хөндлөн гулд явж байгаад ирлээ. Эндэхээс их өөрөөр л үнэлдэг юм билээ.
А.ХАЛИУН