Театрын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн Муза” олон улсын наадам ирэх тавдугаар сарын 1-7-нд 13 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй. Уг наадмыг “Гэгээн Муза” академи, Олон улсын театрын институтийн Монгол дахь төв хамтран зохион байгуулж байна. Энэ жил “Гэгээн Муза” наадам драмын, хөгжимт, хүүхдийн, нэг хүний жүжиг, хүүхэд оролцоотой бүтээлийн төрөлд шилдгүүдийг шалгаруулах аж. Түүнчлэн Монгол, ОХУ, ХБНГУ, Польш, Буриад, ӨМӨЗО-ны уран бүтээлчид оролцох юм.
“Гэгээн Муза”-д өрсөлдөх уран бүтээлчдэд нэр дэвшигчийн батламжийг нь өчигдөр гардууллаа. Наадмын нэгдүгээр шатны шалгаруулалтад гадаад, дотоодын 34 бүтээл бүртгэснээс 17 бүтээлийг дараагийн шатанд шалгаруулжээ. Эдгээр 17 бүтээлд ажилласан 300 гаруй уран бүтээлчийн 90 гаруй нь тус наадмын төрлүүдэд нэр дэвшсэн байна. “Гэгээн Муза” академийн тэргүүн, Ардын жүжигчин С.Сарантуяа “Уг наадмыг цаашдаа хоёр жил тутамд зохион байгуулахаар болсон. Мөн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах зорилгоор энэ жилээс эхлэн хүүхдийн жүжгийн төрөлд нэр дэвшсэн уран бүтээлийг цомог болгон гаргахаар болсон. Энэ нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд театрын жүжгийг сонсох боломж олгох юм. Мөн нэг хүний жүжгийн төрлийг шүүх зочин шүүгчээр “Peace and respect” олон улсын театрын фестивалийн дарга, Киргиз улсын Бишкекийн драмын театрын уран сайхны удирдаач Умуралева Цэцэгма ажиллахаар боллоо. УДЭТ-аас уг наадамд “Ромео Жульетта” жүжгээ сойж байна. Уг жүжгийн уран бүтээлчид нийт долоон номинацид өрсөлдөнө” гэв.
“Гэгээн Муза” наадмын үеэр үндсэн төрлүүдээс гадна шилдэг бүтээл, шилдэг залуу уран бүтээлч, шүүгчдийн нэрэмжит шагналын эзнийг мөн шалгаруулдаг. Энэ жил ч эдгээр шагналууд эздэдээ очно. Мөн ахмад уран бүтээлчид олгодог академийн нэрэмжит “Хүндэт Муза”-г гардуулах аж.
“Гэгээн Муза-13” наадамд өрсөлдөх бүтээлүүдийг танилцуулъя.
• Драмын жүжгийн төрөлд:
-УДЭТ-ын бүтээл “Ромео Жульетта”
-Буриадын драмын театрын бүтээл “Ромео Жульетта”
-Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын бүтээл “Хайрыг хайрла”
• Хөгжимт жүжгийн төрөлд:
-ҮДБЭЧ-ын бүтээл “Оройн дээд”
-Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Гэгээн тамлан”
-Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын бүтээл “Дуун хэлхээ”
-“Анир” студийн бүтээл “Надад үлдсэн найз”
-ӨМӨЗО-ны Зүүн Сүнэд хошууны “Улаан Мөчир”-ийн бүтээл “Тэмээт нутгийн шинэ тууль”
• Хүүхдийн жүжгийн төрөлд:
-УХТ-ын бүтээл “Мял Богдын намтар”
-Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрын бүтээл “Петр Пен ба далайн дээрэмчид”
-Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын бүтээл “Мөнхийн галт цэцэг”
• Нэг хүний жүжгийн төрөлд:
-“Хатагтай Капульетта” /Монгол/
-“Хүүхэлдэйн өчил” /Монгол/
-“Эр өндөг” /Монгол/
-“Бие сэтгэл” /Монгол
-“Өвгөн тэнгис хоёр” /Буриад/
-“Кирилов бурхан” /Грек/
-“Новоченто” /ОХУ/
-“Урдаас ба ардаас” /Польш/
-“Эдит Пиаф” /ХБНГУ/
• Хүүхэд оролцоотой бүтээл төрөлд:
-Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын бүтээл “Чулуун байшин”
-Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын бүтээл “Бэлтрэг ба түүний нөхөд”
-ӨМӨЗО-ны бүтээл “Одны хүүхдүүд”