“Blue moon” арт галерейд залуу уран бүтээлч З.Түмэнжаргал “Тэнгэр Монгол” үзэсгэлэнгээ дэлгэжээ. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус галерейгаас зохион байгуулсан “360 градус” уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзнээр шалгарч, үзэсгэлэн гаргах эрхээр шагнуулжээ. Энэхүү үзэсгэлэн нь уг уран бүтээлчийн хоёр дахь бие даасан үзэсгэлэн аж.
“Тэнгэр Монгол” үзэсгэлэнд 20 гаруй уран зураг, инстоляц болон холимог техникийн бүтээл дэлгэжээ. Байгалийн гаралтай түүхий эд ашиглан хүн, байгалийн харилцан шүтэлцээ, тэдгээрийн холбоог бүтээлээрээ дэмжуулан харуулсан нь энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог байлаа. “Тэнгэр газрын шүтэлцээг тод илэрхийлж, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүн байгалийн шүтэлцээг хэзээ ч тасалж болохгүйн учрыг илэрхийлэх нь миний зорилго” гэж уран бүтээлч үзэсгэлэнгийнхээ нээлтийн үеэр хэлсэн. Орчин үеийн урлагийн төрөлд хамаарах түүний бүтээлүүдээс гүнзгий агуулгыг цөөн бөгөөд цогц өнгөний шийдлээр хэрхэн гайхалтай дүрсэлснийг харж болохоор байлаа. Тухайлбал, үзэсгэлэнд дэлгэсэн “Салхин дөрөв” бүтээлийг онцлохоор байв. Уг бүтээлд Монголчууд эртнээс морины толгойн дээдэлж ирсэн уламжлалыг илэрхийлэхийг зорьжээ. Мөн сумны зэвээр Монголчууд нүүдлийн соёл иргэншлээс суурин иргэншил рүү сум мэт хурдацтай шилжиж байгааг, хасаар орчлон ертөнцийн зогсолтгүй эргэх хөдөлгөөн, амьд биес байгаль дэлхийдээ эргэн шингэдэг болохыг, уг бүтээлээс үнэртэх аргал, хомоолын үнэр нь газар, тэнгэрийн харилцан шүтэлцээтэй гэсэн санааг агуулж буй юм. Үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.