“Blue moon” арт галерейд Б.Алтантуяа гэх уран бичээч үзэсгэлэнгээ дэлгэх нь гэснийг сонсоод түүнийг сураглалаа. Босоо монгол бичгээр таталган бичиж, уран бүтээл туурвидаг болохоор нь нэлээд настай хүн байх болов уу гэж бодсоор очтол дөнгөж 30 шүргэж яваа бүсгүй биднийг угтсан юм.
Тэрбээр МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийг эх бичиг судлаач, төвдөч мэргэжлээр төгссөн аж. Оюутан байхаасаа монгол бичиг, уран бичлэгт дурлаж, хообийгоо уран бүтээл болгож яваа түүний урлангаар зочиллоо.
-Бие даасан анхны үзэсгэлэнгийнхээ товыг зарласан гэж сонслоо. Ямар онцлогтой үзэсгэлэнг урлаг сонирхогчдод хүргэх гэж байна вэ?
-Хүмүүст ташаа ойлголт бий. Уран бичлэг гэхээр л хэлбэр хөөсөн байх ёстой гэх ойлголт буруу байгаа юм. Гэтэл уран бичлэгийн хамгийн гол зүйл бол хичээнгүй тиг шүү дээ. Бийрэн бичлэгийн хамгийн гол суурийг эзэмшиж байж бичлэгийн бусад хэлбэрт хувьсан өөрчлөгдөж, хөрвөх чадвартай болдог. Тийм учраас бийрийн бичлэг, хичээнгүй бичиг гэдгийг хүмүүст хүргэхийг гол зорилгоо болгосон.
-“Сүлд” үзэсгэлэндээ хэчнээн бүтээл дэлгэх вэ?
-30 гаруй бүтээлээ дэлгэнэ. Монгол бичиг бол монголчуудын өв соёл, сүлд хийморь нь юм шүү дээ. Дүрэм нь маш цэгцтэй, ухааран бодох сэтгэлгээг өөртөө давхар агуулсан байдгаараа онцлог. Тийм ч учраас монголчуудын сүлд, хийморийг даллах гэх утгаар үзэсгэлэнгээ ийн нэрлэсэн.
-Сүүлийн үеийн үзэсгэлэнгүүд уран бүтээлээ үзэгчдэд хүргэх үүднээс хөгжим, бусад зүйлсийг хоршуулж инстоляц үзүүлэх нь их болж.
-Би урлагийн мэргэжилтэй хүн биш шүү дээ. Миний хувьд үзэгчдэд бийрийн бичлэг гэж юу болох, ямар төрлүүд байдгийг л харуулах зорилготой. Магадгүй дараагийн үзэсгэлэнгээ илүү сонирхолтой, өвөрмөцөөр гаргахыг үгүйсгэхгүй.
-Уран бичихэд дэг жаяг байдаг байх аа?
-Монгол уран бичлэг бол эртний уламжлалт утга соёл, эрдэм мэдлэг, оюуны боловсрол, хүний дотоод сэтгэлийн торгон мэдрэмжийг монгол бичгийн зурлагаар илэрхийлж үзүүлдэг бийрийн урлаг юм.Бийрээр бичих нь хүмүүсийн өдөр тутмын амьдралтай холбоотой төдийгүй урлаг, гоо зүйн боловсролыг байнга хөгжүүлж байдаг. Уран бичээч хүн гол нь л монгол бичгээ маш сайн мэддэг байх хэрэгтэй.
Алдаагүй, зөв бичдэг болчихоод дараа нь гоё, сайхнаа хөөх хэрэгтэй байх л даа. Уран бичлэгийн эртний, хичээнгүй, гүйлгэн, таталган, эвхмэл, тамганы тиг, хос уянгын төрөл гэх мэт хэлбэр бий. Тиг болгон өөрийн гэсэн зурлага, бичих дүрэмтэй. Хичээнгүй бичиж сурах хэрэгтэй гээд байгаа маань л энэ.
Эхний ээлжинд хичээнгүй тигийг сур, дараа нь өөрийнхөө сэтгэмжээр цааш үргэлжлүүлэн уран бүтээл туурвихад илүү дөхөм байх болов уу. Уран бичлэг гэдэг зүгээр л бэх цацчихдаг зүйл биш л дээ. Үндсэн мөн чанараа мэдэхгүй байж шууд л би таталж байна гээд дураараа бичиж болохгүй.
-Хэзээнээс уран бичлэг сонирхож эхэлсэн бэ?
-2006 оноос л сонирхож эхэлсэн дээ. О.Жамъянсүрэн багшаар бийрийн бичлэг заалгаж байлаа. Дунд сургуульдаа монгол бичиг үзэж байсан л даа. Гэхдээ сайн биш. Дөнгөж оюутан болсны дараа Ш.Чоймаа багш биднээс монгол бичгийн шалгалт авсан юм. Шалгалтын дараа хүүхэд бүрийг нэг бүрчлэн дуудаж, алдааг нь хэлж өгсөн. Миний ээлж болоход багш маань “Монгол бичиг гэдэг хадны сүг зураг биш шүү” гээд загнаж билээ. Тэгэхэд өмнө нь ичиж байгаагүйгээрээ ичсэн.
Ширээн доогуур шургаад орчихмоор санагдаж билээ. Ямар л олигтой бичсэн болоод хадны сүг зурагтай зүйрлэх вэ дээ. Тэр өдрөөс эхлээд л улам шамдаж, бичгийн хэвээ сайжруулахад анхаарч эхэлсэн дээ. Сүүлд гуравдугаар курст байхад О.Жамъянсүрэн багш маань бийрийн бичиг зааж эхэлсэн. Тэр үеэс улам илүү сонирхож, арай илүү сурсан байх.
-Бийрийн таталбарыг хүмүүс их л амархан бүтчихдэг бүтээл гэж ойлгодог. Гэтэл нэг үгийг бичих гэж өчнөөн удаан хугацааны сургуулилалт хийдэг.
-Хормын дотор төрчихдөг бүтээл гэж юу байх вэ. Маш олон удаа бичиж байж гартаа оруулна шүү дээ. Мянган удаа давтан бичсэн ч яг адилхан болохгүй. Бийрийн үзүүрийн үс хүртэл бичих бүрт адил байхгүй шүү дээ. Бийрийн таталбар бол нэгхэн агшин. Уран бүтээлчийн хувьд бичих тэрхэн л мөч. Бичих явцдаа алдаа гаргаж болохгүй. Хэрвээ алдаа гарвал дахиад л эхнээс нь бичих болдог.
Хааяа нөхөртөө “Ганаа чи их гоё юм. Зургаа зурж байхдаа хөгжим сонсоно, кино үзэж, хүмүүстэй “буу халж” болдог. Алдлаа гэхэд аргалаад засварлаж болдог” гэж хэлдэг юм. Надад бол тэгэх эрх байхгүй. Бүх анхаарлаа бүтээлдээ төвлөрүүлж, бодож бичнэ. Ямар нэгэн байдлаар жижигхэн алдаа гарсан ч засаж янзлаад торгоож болдоггүй. Дахиад л эхнээс нь бичиж эхэлдэг.
-Та уран бүтээлдээ юу тусгаж, сонирхогчдод юу үзүүлэхийг хүсдэг вэ?
-Эртний монгол уран бичээчид эхний бичсэн мөрийн бэх нь хатаагүй байхад, дараагийн мөрийг бичиж дуусгах, амьсгалаа тохируулж нэг амьсгаагаар бичих, жигд хэмнэлээр олон хуудас тасралтгүй бичих, өнгө өнгийн бэхээр алаглан бичих, нэг дусал бэхээр ч урлан бичдэг. Уран бичлэгээр бийрийн эрдэмд суралцсан эрдэмтэд нэг үгийг 10 мянган удаа бичиж байж сая сайн бичээч болдог гэлцдэг.
Иймээс бийрээр хичээнгүй сайхан бичихэд сэтгэл оюун, хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр чухал. Би эх бичиг судлаач хүн болохоор түүхэн сурвалжуудыг их судалдаг. Тэдгээрийн дотроос мартагдах шахсан, үүнийг л хүмүүст хүргэчих юм сан гэж бодсон үг, ишлэлийг уран бүтээлдээ түлхүү оруулахыг хичээдэг.
-Таны урланд зургийн хэрэгслээс илүүтэй номнууд өрөөтэй байх юм.
-Судлаач хүн болохоор цаг л гарвал ном уншиж судалгаа хийхийг хичээдэг юм. МУИС-ийн Эх бичиг судлалын докторант болохоор судлахаас ч аргагүй. Манай урланд ханийн маань бүтээлүүд нэлээдгүй бий. Бид дундаа нэг урлантай юм.
-Бичгийн дөрвөн эрдэнэ гэж зүйл бий. Таны хувьд хамгийн эрхэм зүйлс байх даа.
-Бийр, эх, муутуу, янтайг бичгийн дөрвөн эрдэнэ гэдэг. Гэхдээ уран бүтээл туурвихад эдгээрээс гадна тамга, тэмдэг, эсгий гээд л хэрэглэх зүйл олон.
-Зураач ханьтайгаа нэг урланд уран бүтээлээ туурвидаг гэлээ. Тэгэхээр урлан тань та хоёрын хоёр дахь гэр болжээ.
-Миний ханийг Э.Гансүх гэдэг. Уг нь бол нөхрийн маань урлан. Сүүлийн үед л би энд хамт уран бүтээлээ хийдэг болоод байна. Үнэхээр л хоёр дахь гэр шүү дээ. Нэг гэрээсээ гараад л нөгөө гэртээ ирж байгаа юм.
-Ханьтайгаа уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гаргаж болох юм байна шүү дээ. Тийм төлөвлөгөө бий юу?
-Санаа байдаг л юм. Төлөвлөсөн зүйл олон бий.
-Таны хань уран бүтээлд чинь зөвлөгөө өгдөг үү?
-Хүн бүрт өөрийн бодол, баримталдаг зарчим, уран бүтээлчийн өнцөг гэж бий. Тийм ч болохоор хэн хэнийхээ ажилд хошуу дүрэх дургүй.
-Бийрийн таталбар хийдэг зарим бичээч монгол бичгийг налуулж бичдэг. Үүнээс болж шүүмжлэлд өртөх нь ч цөөнгүй. Босоо монгол бичгийг хэвтүүлж, налуулж бичиж болно гэж үү?
-Тухайн уран бүтээлчийн л сэтгэлгээ. Заавал тийм ийм гэж шүүмжилж болохгүй байх. Босоо монгол бичиг гэхээрээ заавал босгож бичих ёстой гэсэн зүйл байхгүй л дээ. Хамгийн гол нь тэр бичгийг хаанаас нь харсан ч уншигддаг байх ёстой.
Үг, үсгийн алдаагүй, ямар ч уран хэлбэр дүрстэй бичиг байсан тэр бүтээл нүдэнд, тухайн уншигчид тээргүй уншигдах ёстой. Гэхдээ ӨМӨЗО-ы уран бичээчдийг би ташуулдаж, хэвтүүлж, цацаж бичсэн байхыг хараагүй. Манайхыг бодвол ӨМӨЗО-д уран бичээч олон бий. Мөн энэ чиглэлийн мэргэжлийн сургуультай.
-Монгол Улсын Ерөнхийлөгч, ерөнхий сайдад та монгол бичгээр баримт бичиж өгдөг гэж сонссон.
-Төрийн гурван өндөрлөг гадаадад албан ёсны айлчлал хийхэд хөтөлдөг дэвтэр гэж бий. Энэ дэвтэр дээр монгол бичгээр болон айлчилж байгаа орныхоо хэлээр айлчлалын товч мэдээллийг бичиж тэмдэглэдэг. Би уг дэвтэр дээр монгол бичгээр бичдэг болоод таван жил болж байна.
-Та МУИС-д багшилж байсан. Яагаад больчихсон юм бэ?
-МУИС-д гэрээт багшаар ажилладаг байж байгаад 2014 онд тэнхим маань татан буугдсанаас хойш ажиллаагүй.
А.ХАЛИУН