Хип хоп сонирхогчид “Реп дэмбээ” уралдааныг андахгүй. Нударгаар биш, үгээр тулалдах уг уралдааныг Lil Thug-e хөтлөөд нэлээд удаж буй. Рэппер Lil Thug-e буюу Г.Төгөлдөртэй ярилцлаа.
-Анх яагаад хип хоп урсгалыг сонирхож эхэлсэн юм бэ?
-Багадаа брек бүжиглэдэг байлаа. Тэр үеэс л сонирхож эхэлсэн дээ. Ая, хэмнэл, чөлөөтэй үгэнд нь татагдсан.
-Lil Thug-e гэж юу гэсэн утгатай юм бэ. Ихэвчхэн намхан рэпперүүд нэрнийхээ урд Lil гэж залгадаг байх аа?
-Тийм ээ, бяцхан, жижигхэн гэсэн үг. Хип хоп анх сонирхож эхэлж байх үед би найзууд дундаасаа хамгийн намхан нь байсан юм. South урсгалаар уран бүтээл туурвидаг олонх рэппер lil, young гэсэн үг орсон реп нэртэй байдаг. Би ч мөн энэ урсгалаар дуу хийдэг. Харин Thug-e гэдэг нь Төгөлдөр гэсэн нэрний товчлол.
-Хүмүүсийн хип хоп урсгалд хандах хандлага ямар байдаг вэ. Шүүмжлэлд өртдөг үү?
-Хүмүүсийн олонх нь энэ урсгалыг урлаг талаас ойлгодоггүй юм шиг санагддаг. Гаднах төрх, үг хэллэг зэргээс шууд дүгнэх нь энүүхэнд. Ер нь л өрөөсгөл ойлголттой байдаг даа.
-Та ямар мэргэжилтэй вэ?
-Би МУИС-ийг биологич мэргэжлээр төгссөн.
-Мэргэжлээрээ ажиллах бодол бий юү?
-Байхгүй ээ. Нэгэнт л урлагт, тэр дундаа хип хоп урлагт татагдчихсан, уран бүтээл хийж яваа болохоор тэр.
-Анхны дуугаа бичүүлж байх үед ямар сэтгэгдэл төрсөн бол?
-Миний анхны дуу “Хүндэтгэл”. Их л сонин мэдрэмж төрж байлаа.
-Хип хоп хамтлаг, рэпперүүдийн бусдаас ялгарах гол онцлог бол дууны үгээ өөрөө бичих шүү дээ. Та ихэвчлэн юуны тухай бичдэг вэ?
-Тухайн рэппер үзэл бодлоо өөрийнхөөрөө л илэрхийлдэг. Хип хопын үндсэн чанар л энэ шүү дээ. Тийм ч болохоор дуртай.
-Үгээ яаж бичдэг вэ. Ямар нэг зүйлийг хараад төрсөн сэтгэгдлээ тэмдэглэдэг үү. Эсвэл...
-Янз бүр дээ. Заримдаа шүлгээ их амархан биччихдэг. Гэтэл хааяа ямар ч санаа орж ирэхгүй, гараас юу ч гарахгүй болчихно.
-Ер нь шүлэг, яруу найраг хэр сонирхдог вэ?
-Сонирхдог шүү. Тэр нь ч сүүл, толгой холбож шүлэг бичихэд нөлөөлсөн байх.
-Анхны гэсэн бүхэн мартагдашгүй дурсамж болоод үлддэг. Анх ямар тоглолтын тайзан дээрээс үзэгчдэд дуугаа хүргэж байсан бол. Сандарч байв уу?
-Яг ямар тоглолтод анх оролцож байснаа санахгүй байна. Сандраагүй байх.
-Олонх хип хоп хамтлаг, рэпперүүдийг мансууруулах бодис хэрэглэдэг мэтээр ярьдаг. Та хорт зуршлын тухай ямар бодолтой явдаг вэ?
-Ямар ч хэрэггүй зүйл гэж боддог. Хүн бүрт адилгүй шүү дээ. Нийтээр нь харлуулж бодох шаардлага байхгүй.
-Таны хүндэлж явдаг уран бүтээлч хэн бэ?
-Реп хийдэг бүгдийг л хүндэлж явдаг даа. Тэднээс авахаа авах, сурахаа сурах л ёстой.
-Уран бүтээл гэж таныхаар юу вэ?
-Оюун санаанаасаа зохиосон зүйл минь урт хугацаанд хүмүүст санан дурсагдаж чадвал тэр л уран бүтээл болжээ гэж бодно доо.
А.ХАЛИУН