“Нэр нэгтийн чих нэг” буландаа “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир, жүжигчин Лувсандагвын Эрдэнэ-Очир, ДБЭТ-ын гоцлол дуучин Дашноровын Эрдэнэ-Очир нарыг онцоллоо. Арлаан гуай ингээ хурааж явахдаа очир олсноо бэлгэдэж хүүдээ ийм нэр хайрласан бол дуурийн Эрдэнэ-Очирын нэрийг эх барьж авсан эмч нь өгчээ. “Солиорол” жүжгээрээ “Гэгээн муза” шагнал хүртсэн жүжигчин бүсгүйг эхийн хэвлийд байхад нь нэгэн номтой лам энэ нэрийг хайрласан байна. Тэрбээр “Очир хамгийн нягтаршилтай, бат бөх, тунгалаг чулуу юм билээ. Очрыг очроос өөр юу ч буталж дийлдэггүй гэдэг.
Тэгэхээр аливаа муу муухайд ялан дийлдэшгүй байхыг бэлгэдэж энэ нэрийг надад өгсөн юм болов уу гэж боддог” хэмээсэн. Урлагийнхан дунд тэднээс гадна хөгжмийн зохиолч Тогтмолын Эрдэнэ-Очир гэж бий. “Суварган цэнхэр уулс” киноны штабын дарга Цэндийн дүрээрээ олонд танигдсан урлагийн гавьяат зүтгэлтэн тэрбээр энэ буланд урьсан бидний хүсэлтийг хүлээн авсан ч тун завгүй явсаар амжсангүй. Хамгийн сонирхолтой нь яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучин амидай нар хамтарч “Хайрын наран жаргахгүй” дуу амилуулжээ.
Яруу найрагч Эрдэнэ-Очирт амидайнуудтайгаа хамтарч уран бүтээл хийх санаа төрж, дуучин нэр нэгтээ сураглаж л дээ. Үүнийг сонссон дуучин эр “Тийм хүндтэй хүн намайг сураглаж байхад уулзахгүй бол болохгүй” гэж үзээд Монголын зохиолчдын эвлэлийн байранд очиж түүнтэй уулзсан гэдэг. Ийн тэд хамтрахаар санал нэгдсэн ч хэн хэнийх нь ажил амжихгүй явжээ. Ингээд хөгжмийн зохиолч, дуучин хоёр нь найрагчийн санал болгосон шүлгүүдээс сонгож дуу бүтээснээ өөрт нь мэдэгдэхгүй явсаар зохион байгуулсан тоглолтынх нь үеэр үзэгчдэд толилуулж гэнэтийн бэлэг барьжээ.
Энэ үеэр шүлгийг Эрдэнэ-Очир, хөгжмийг Эрдэнэ-Очир, дуучин Эрдэнэ-Очир гэж хөтлөгч зарлахад үзэгчид ихэд шуугилдсан гэдэг. Тэд хожим “Адил нэртэй хүнээр клипээ ивээн тэтгүүлж хийе. Тэгээд жүжигчин Эрдэнэ-Очирыг тоглуулъя” гэж хошигнож байжээ.
1 Хийж бүтээсэн нь түмний өмнө ил байдаг болохоор уран бүтээлчид жирийн ажил эрхэлдэг нэгнийг бодоход хөдөлмөрөөсөө илүү таашаал авдаг болов уу. Тэгвэл өдөр бүр дадал болсон нэг ажлаа хийдэг амьдрал танд ямар санагддаг вэ?
2 “Би ер нь юу л хийгээд байна даа” гэж эргэлзэж, урлагийн замаас хазайж байв уу?
3 Өдөр тутмын амьдралаас бидэнд тулгадаг элдэв ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг дүрмээс залхдаг уу. Танд олонхынхоос өөр үзэл бодол, зуршил байдаг уу?
4 Үзэсгэлэнт байгальтай газар жижигхэн тохилог байшинтай болчихоод тавиур дүүрэн номноосоо шилж уншаад, юунд ч санаа зоволгүй хэвтэж байх сан гэх мөрөөдөл надад бий. Таныхаар ямар амьдрал хамгийн гоё вэ?
5 Байгалиас бидэнд өгсөн хамгийн сайхан бэлгүүдийн нэг нь хязгааргүй сэтгэх чадвар. Төсөөлөлдөө хүн шувуу шиг нисэж, юуг ч хийж чадна. Тэгвэл таны дотоод ертөнцөд чухам ямар хаант улс оршдог, тэнд амьдардаг Эрдэнэ-Очир ямархуу хүн бэ?
6 Танд хоёр гар утас байдаг гэж бодъё. Нэгэн зэрэг гэр, ажлаас залгавал аль дуудлагыг нь түрүүлж авах вэ?
А.ЭРДЭНЭ-ОЧИР: ГАНЦААРДАЛ НАДАД ИХ ҮНЭТЭЙ
1. Нэгэн хэмнэлээр яваа юм шиг боловч хүний амьдралын цаг хугацаа дахин давтагдашгүй, гайхамшигтай, нандин. Би ингээд одоо цагтаа сууж байгаа нь өнгөрсөн үе рүүгээ яваа, ирээдүйгээ угтаж буй хэрэг. Уран бүтээл хийнэ гээд би өдөр бүр суудаггүй, сэтгэлийн эрх зоргыг дагадаг. Гэхдээ мэдээж уншихгүй, сонсохгүй байна гэж үгүй.
2. Нэр алдар, мөнгө төгрөгийн хойноос хөөцөлдөж уран бүтээл хийдэггүй юм. Тиймээс “Үүнийг хийгээд хэрэг байна уу” гэх эргэлзээ төрж, уран бүтээлийн замаас хазайж байсан удаагүй. Энэ бол надад ногдсон зам. Хүн заяа, тавилангаасаа зүг буруулна гэж байхгүй.
3. Би бусдыг дуурайдаггүй хүн байгаа юм. Учиргүй хүнтэй тэрсэлдэх нь юу юм бэ. Өөрийнхөө бодол, замаар л явдаг. Гэхдээ нийгэм, цаг үеийн аливаа асуудалд эмзэглэж, сэтгэл хөндүүрлэх нь улам ихэссэн. Бусдыг шүүмжлэхээр өнөөх нь ойлгохгүй, мэдрэмж муутай хандах юм. Уйлахад хүртэл тоохоо больж, нулимс ч үнэгүйдсэн. Ийм үед дотрыг нь арзганатал шоолох хэрэгтэй. Гэхдээ дээхнэ үед ёгтлоход хүмүүс эмзэглэн хүлээн авдаг байсан бол одоо шоолж, доромжлохыг тоохоо больсон нь харамсалтай. Ингэж байгалиас бидэнд өгөгдсөн, унаган мэдрэмтгий байдал алдагдахаар хүн биш болно.
4. Аг чиг газар байх сайхан шүү. Би Дорноговийн, төмөр замтай газрын хүн болоод ч тэр үү, эсвэл амьдралын хүрдийг санагдуулдаг учир тэр юм болов уу, жижигхэн өртөөнд сууж байх сан гэж хэд хэдэн удаа бодож байсан. Бас багаасаа зорчсон унаа минь болоод ч тэр юм уу, чимээ нь хүртэл их сайхан. Ганц хоёр чөдрийн морь, өөрийн гараар тарьсан модны сүүдэрт суух, дэргэдүүр өнгөрөх галт тэргийг ажиглах... Тийм дүр зургийг яагаад ч юм бэ олон удаа сэтгэлдээ зурагласан. Шинэ ном авмаар бол дуртай цагтаа хот явчихна. Ер нь өртөөнд амьдарна гэдэг хээр байгаа юм шиг хэрнээ ая зам, юм юмтай ойрхон.
5. Би нээлттэй юм шиг хэрнээ дотогшоо хүн. Гэхдээ хүмүүст нэг их мэдэгдэггүй юм шиг байна лээ. Ганцаардах дуртай, тэр нь надад их үнэтэй. Эрин цаг, хотын хурдтай би тийм ч сайн нийлдэггүй л дээ. Дотогшоо өөртэйгөө ярьж, элдвийг бодоод, заримдаа сайхныг мөрөөдөж, ирээдүйд санаа зовохоор нойр хулжчихдаг. Намайг танихад нэг бодлын амар юм шиг хэрнээ нөгөө талаар хэзээ ч тайлагдашгүй. Зүйрлэвэл уулс тэмдэгрэх, үүр цайх мөч маягийн дүр төрх шиг юм даа.
6. Гэрийнхнээс залгасан дуудлагыг авах байх. Гэхдээ алийг нь түрүүлж авахад хол зөрүү байхгүй. Үүнийг нэгдүгээрт, түүнийг хоёрдугаарт дугаарлана гэсэн жагсаалт байхгүй. Тухайн цаг үед аль дуудлагыг нь авах чухал вэ гэдгээс шалтгаална. Би ахуй амьдралдаа хайхрамж муутай хүн. Гэхдээ уран бүтээлийн тухай бодохгүй, шаналахгүй цаг хугацаа надад ховорхон.
Л.ЭРДЭНЭ-ОЧИР: ЖИНХЭНЭ МӨН ЧАНАРАА ОЛОХ ГЭЖ
ӨӨРТЭЙГӨӨ ҮЗЭЛЦЭЭД Л БАЙНА
1. Бид барилгачдын барьсан байшинд амьдарч, малчдын бэлтгэсэн мах, сүүг хэрэглэдэг. Тэгэхээр бүгд бие, биенийхээ хөдөлмөрийн үр шимэнд харилцан шүтэлцээтэй амьдардаг. Урлагийнхан л зөвхөн таашаалтай амьдардаг юм биш. Гол нь юу ч хийсэн түүндээ сэтгэл хангалуун байх их чухал. Өдөр бүр нэг ажлаа давтдаг байлаа ч хийсэн нь бусдад үр шимээ өгч, урам зориг хайрлаж, амьдрал ахуйд нь хэрэг болж байвал түүнээсээ хүн сэтгэлийн таашаал авдаг болов уу. Тухайн ажилдаа үнэн голоосоо дурлаж, сэтгэлээсээ хандан, баяр баясгаланг мэдэрч байгаа хүмүүс л амьдралын жинхэнэ аз жаргалыг мэдэрдэг гэж ойлгодог.
2. Уран бүтээлээ хэсэг завсарласан үе надад бий. Гэхдээ тухайн үедээ “Би юу хийгээд л байна даа” гэж амаа барьж байгаагүй. Яагаад гэвэл дотоод сэтгэлдээ урлагаас урваж шарваагүй юм. Урлагийнхан эд материалын хувьд чинээлэг биш байдаг нь хэний ч нүдний өмнө нууц биш. Гэхдээ сэтгэлээрээ баян гэж боддог.
3. Эртнээс уламжилж ирсэн ёс заншил, бичигдээгүй хууль, ёс суртахууны хэм хэмжээст хүмүүс бид баригдаж амьдарч байгаа нь заримдаа түвэгтэй л байдаг. Гэхдээ эцсийн дүндээ бид өөрсдөө л түүнийг тогтоосон. Сөрөг гэж тодорхойлсон зүйлүүдээсээ бусдыг болгоомжлуулах гэж гаргаж ирсэн журмууд болохоор түүнийг дагахгүй бол эмх замбараагүй байдал газар авах нь дамжиггүй.
Надад олноос тэрслэх, онцгойрох хүсэл байдаггүй. Олны жишгээр, ёс суртахууны хувьд зөв л амьдрах сан гэж хичээдэг. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг дээ. Бие биетэйгээ барьцах, бусад шиг болохыг эрмэлзэх, өөрийн жинхэнэ мөн чанараа алдах, олон хүн шуурдаг хэв маяг зэрэгт би тийм ч таатай бус ханддаг.
4. Ном унших, сайхан байгалиас таашаал хүртэж суух дуртай болохоор энэ мөрөөдөл чинь надад таалагдаж байна. “Бодлын боол бололгүй бодож сур
Хүслийн боол бололгүй хүсэр сур” гэж нэгэн алдарт зохиолч шүлэглэсэн байдаг. Сайхан амьдрахыг хүсдэггүй хүн гэж байхгүй. Гагцхүү тэр амьдралд хүрэх арга зам, саад бэрхшээл нь зарим хүнийг муу муухайд хүргэдэг юм уу даа. Би юун түрүүнд зорьсон мэргэжлийнхээ үр дүнг үзэх сэн гэж хүсэж байна. Бусдад өгөөжтэй, амьдралд нь бага ч гэсэн ухаарал хайрлах, жинхэнэ өөрийгөө олоход туслах уран бүтээл хийвэл тэр үр дүндээ хүрнэ. Хүсэл хүсэл л гэнэ. Хүсэл гэдэг нэг талаараа зовлон.
Хэт ихийг хүсвэл хүн түүнийгээ биелүүлж ард нь гарах гэсээр асар их зовлон бэрхшээл туулж, жаргахтай манатай амьдардаг. Гэхдээ залхуурч суусан нь зөв гэх гэсэнгүй. Амьдралынхаа сүүлийн мөчид туулсан замаа эргэн дүгнэхэд өөртөө нэг их гомдож гутрахааргүй, бусдад гай учруулаагүй, өөрөөрөө бахархахуйц байвал боллоо гэж боддог.
5. Сэтгэж бодно, төсөөлнө гэдэг агуу зүйл гэдэг маргашгүй үнэн. Гэхдээ төсөөллөө бодит амьдралтай эн тэнцэхүйцээр хүлээн авбал ухамсарт биеэ алдах, хайран цаг хугацаагаа дэмий зүйлд үрэх зэрэг сөрөг талтай. Би ухамсраа түлхүү хөгжүүлж, дотор буй жинхэнэ мөн чанараа олох сон гэж өөртэйгөө үзэлцээд л байна. Нүүрэн дээрээ нүүр зурна гэдэг шиг би гаднаа нэг төрх бүтээчихээд дотроо бас нэг дүртэй, тайзан дээр гараад бас өөр хүн болчихдог. Ер нь хүмүүсийн олонх нь амьдралдаа олон дүрд хувирч, жинхэнэ өөрийгөө тэр дунд алдчихаад явдаг юм болов уу. Тэгэхээр би дотно гадна хүнээ нэгтгэх гээд л үзээд байна гэсэн үг.
6. Тухайн үед алинд нь илүү анхаарал хандуулах шаардлагатай үйл явдал өрнөж байгаагаас шалтгаална. Хэрвээ манайхны хэн нэгэн өвдөж, зовсон ч юм уу асуудалтай байсан бол гэр бүлийнхний, ажил эд өрнөж байгаа бол тэндээс залгасан дуудлагыг түрүүлж авна. Аль аль нь нам тайван бол ажлаас залгасан дуудлагад эхэлж хариулна даа.
Д.ЭРДЭНЭ-ОЧИР: БИ ЦАЛГАЙ ХҮН БИШ
1. Би ДБЭТ-т зургаа дахь жилдээ ажиллаж байна. Энэ том байгууллагын гоцлол дуучнаар ажиллана гэдэг хэр баргийн дуучинд олдохгүй боломж. Азаар, арын хаалгаар хийдэг ажил биш. Ажил ихтэй, төсвийн цалинтай ч дурласан мэргэжилдээ сэтгэл хангалуун байдаг. Би энэ ажлаа цалингаар хэмждэггүй. Эмч хүн хообийгоороо дуулдаг шиг би ч гэсэн үүнийхээ хажуугаар өөр чиглэлийн ажил эрхэлдэг.
Бидэн шиг хөлсөө гарган дээд өнгөөр дуулж алга ташилтаар шагнуулахын таашаалыг жирийн ажил эрхэлдэг хүн мэдэхгүй ч мөнгө олоод ч юм уу хөдөлмөрийн үр шимээсээ бас л кайф авч байгаа. Бусад хүмүүс миний л адилаар төөргөөрөө, өөрийн боломжтойгоо хийж амьдарч байгаа. Энэ бол хүний л амьдрал. Заавал хүн бүр дээд боловсрол эзэмших, дарга болох албагүй. Хэрэглээ нь тийм ч өндөр биш бол айхтар их мөнгө олох гэж улайрахын ч хэрэггүй гэж боддог.
2. Дуурийн хүрээнийхэн намайг таньдаг ч олон нийт төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс чадвар, боломжоороо хүрээгээ тэлбэл зүгээр юм болов уу гэж боддог. Ардын жүжигчин А.Долгор багш “Нийтийн дуу дуулах нь дуурийн дуучны хувьд хүйтэн цай залгихтай адил” гэж хэлж байсныг бодоход амархан бололтой. Би “Ононгийн хээр”, “Бодлын нар” зэрэг дуутай. Бүр жижиг хүрээний биш, дуучин хүний дуулах л хэмжээний хэдэн сайхан дуу хийж байгаа. Монгол дуучин байж монголчуудтайгаа ойр байхгүй, ганцхан дуурийн дуу дуулаад байж болохгүй болов уу.
3. ДБЭТ-т ажиллахаар зарчимч болдог. Төдний өдөр тэдэн цагаас бэлтгэлтэй гэж зарласан л бол заавал цагтаа очно. 50 гаруй найрал дуучин, 60 гаруй хөгжимчин, 10-аад гоцлол дуучин намайг хүлээж байхад би хоцорч, тэдний хөдөлмөрийг шулна гэдэг бүдүүлэг хэрэг. Ер нь тэгэх ёстой, ингэх ёстой гэдэг зарчмууд хүнийг нялцанхай болохоос ангижруулдаг гэж боддог. Хийх ёстой юмыг хийх л ёстой.
Эхнэр хүүхдэдээ халамж хайраа үзүүлэх л ёстой. Би цалгай хүн биш. “Очироогоос скоч, ариун цэврийн цаас, хайч сураглахад байж л байх юм аа” гэж ажлынхан шоолдог. Би хүнээс юм гуйхыг хүсдэггүй юм. Хэрэглээгээ өөрөө хангаж, зохион байгуулах л ёстой. Ойрын хүмүүстээ ч “Юмаа бэлд, базаа” гэж үглэдэг. Хэрвээ цалгар хандвал минийхийг хуваалцана шүү дээ.
4. Хөдөлмөрч туулай гурван үүртэй байх хэрэгтэй гэдэг дээ. Заавал зайсанд байртай байх албагүй. Ажилтайгаа ойрхон гэртээ байхад хангалттай. Харин төрсөн нутаг Төв аймагтаа өөрийн гэсэн эдлэнтэй, малтай байх сан гэж боддог. “Ононгийн хээр” дууг дуулснаар надад хэд, хэдэн хүн адуу өгсөн. Зуны амралтаараа эдлэндээ очоод гүүнийхээ айргаас уудаг, өөрийн гэсэн малынхаа цагаан идээг иддэг, тэндээсээ өвлийн идшээ бэлтгэдэг болох юмсан гэж төсөөлдөг.
Би 20 жил ажиллаад тэтгэвэртээ гарах ёстой. Театрт миний хоолой хэрэгтэй байвал ажиллаж болно л доо. Гэхдээ үе залгамжлаад сайхан дуучид төрвөл ахмадууд зам тавьж өгөх хэрэгтэй. Дөнгөж 40 нас гараад тэтгэвэрт суух учир урлагийн нэг байгууллагад, магадгүй нутагтаа өөрийн чадах чинээндээ ажиллана байх.
5. Би урлагийн хүн гэхэд сэтгэлийн хөдөлгөөн багатай. Юмыг хийсвэрээр бага сэтгэдэг, бодитой, биелэх зүйлийн тухай л боддог. Миний дотно гаднах Эрдэнэ-Очир ер нь ойролцоо хүмүүс. Гэхдээ худал хуурмагийг тэвчдэггүйгээсээ болж амьдралдаа саад тотгор учруулж байсан. Тэр явдал надад туршлага болсон учир одоо доголонгийн газар доголон, сохрын газар сохор байхыг илүүд үздэг болсон.
6. Манайх хувийн албан байгууллага шиг оройн цагаар ч юм уу гэнэт дууддаггүй. Бүгд төлөвлөгөөгөөр ажилладаг учир хүний цаг, ажлыг “алдаггүй”. Тэгэхээр гадуур явж байхад ажлаас залгавал онцын чухал шаардлагагүй учир гэр бүлийнхний дуудлагыг эхэнд авна. Хүн ажиллаж, хөдөлмөрлөж нэр алдраа дуурсгах чухал л даа.
Гэхдээ аав ээж, үр хүүхэд, эхнэр нэгдүгээрт байх хэрэгтэй. Ажлаас гэр бүл илүү гэж хэлмээргүй байна. Үр хүүхэд, ээж аав хүнд дахиж хүсээд ч олддоггүй. Тэдэндээ ч би ганцхан. Харин бусад юм хоёр байх магадлалтай. Нэг инженер ажлаа таслаад явлаа гэхэд дараагийн ажилтан олдоно шүү дээ.
Б.ДӨЛГӨӨН